Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Мэргэн: УИХ-ын гишүүнийг чуулганд суух эрхийг шууд долоо хоногоор хасах нь буруу

Хуульч Б.Мэргэнтэй ярилцлаа.


-УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэгдэж байх үед хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Дэгийн тухай хуулийг барьж УИХ-ын чуулганд суух эрхийг долоо хоногоор хаслаа. Дэгийн тухай хуульд энэ талаар хэрхэн заасан байдаг юм бэ?

-Өмнө хийгдэж байсан судалгаануудтай холбоотойгоор УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хууль шинэчлэн батлагдсан. Одоо энэ хоёр хуулийн өөрчлөлт хэрэгжээд явж байна. Одоо чуулганы хуралдаанууд дандаа шинэ хуулийн дагуу, шинэчилсэн найруулгын дагуу Дэгийг баримталж явж байгаа. Шинэчилсэн найруулга гэдэг өмнөх хуульд 50-иас дээш хувьд нь өөрчлөлт орж шинэчилсэн найруулга болж байгаа учраас энэ хууль бүхэлдээ шинэчлэгдсэн гэсэн үг. Шинэчлэгдэх явцад УИХ-ын гишүүний хариуцлагыг хэрхэн дээшлүүлэх асуудал хөндөгдөж яригдсан. УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй. Гэхдээ эрхийг нь олгоод байгаа юм чинь хариуцлага тооцох ёстой гэж үзсэн. УИХ-ын гишүүдийг чуулганы хуралдааны танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдэг. Угтаа чуулганы хуралдаан дээр хэлсэн ч тэр нь бусдыг гүтгээд, доромжлоод эхэлбэл хариуцлага тооцож болохуйц заалт урьд нь байсан. Гэтэл ийм заалт байхгүй мэтээр өдийг хүргэсэн. Дэгийн тухай хуулийн 17,18 дугаар зүйлд шинэчилсэн найруулгын заалт бий.

Дэгийн тухай хуулийн 17 дугаар зүйлд хуралдаан даргалагчийн эрх үүрэгтэй холбоотой заалтууд бий. Харин 18 дугаар зүйлд нь хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалтууд бий. Хуралдаан даргалагч дэг сахиулна. Гишүүн Дэгийг зөрчсөн тохиолдолд сануулах, хуралдаанд үг хэлэх эрхийг хасах, хуралдаанд оролцох эрхийг хасах заалттай. Энэ гурван хариуцлагын аль нэгийг нь ногдуулна.

-Шат дараатай явах ёстой юм байна, тийм үү?

-Тийм. Хариуцлага тооцох гэж байгаа бол шат дарааллаараа явах ёстой. Дэгийн тухай хуульд заасан заалтаараа явах ёстой юм.

Хуралдаан даргалагч өөрөө Дэгээ зөрчсөн асуудал энд үүсч байна. Хэрвээ Б.Пүрэвдорж гишүүнийг сануулахгүйгээр хариуцлага тооцох заалттай дэг зөрчсөн гэж үзвэл танхимыг орхин гарахыг шаардах ёстой. Үүнийг биелүүлэхгүй бол хугацаа заан хуралдаанд оролцох эрх хасах хуультай. Тэрнээс шууд чуулганд суух эрхийг нь хасах арга хэмжээ авах эрх байхгүй. Тухайн өдрийн хугацаанд л чуулганаас гаргаж болох болохоос биш, долоо хоногоор хуралдаанд оролцуулахгүй гэж хугацаа заах ёсгүй. Шууд долоо хоногоор хасах нь буруу.

Зарим тохиолдолд сануулахгүйгээр шууд хариуцлага тооцдог. Заримд нь сануулж байж хариуцлага тооцно. Ямар тохиолдолд ялгаатай үйлчлэх вэ гэхээр тухайн гишүүн чуулганы хуралдаанд үг хэлэхийн тулд чуулганаар хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой үг хэлэх ёстой. Гэтэл хуралдаанд хэлэлцэж байгаа асуудлаас гадуур холбогдолгүй үг хэлээд байвал эхлээд хуралдаан даргалагч сануулна. Сануулахдаа хэрвээ дахиж ийм үйлдэл гаргавал танд ийм хариуцлага хүлээлгэнэ гэдгийг давхар хэлэх ёстой. Сануулгыг хүлээж авахгүй бол үг хэлэх эрхийг нь хасна. Ингэж хасахдаа тухайн асуудлыг хэлэлцэж дуустал үг хэлэх эрхийг нь хасдаг.

Бусад гишүүд үг хэлж байхад саад учруулах, дундуур нь орж үг хэлэх, өөрийнхөө саналаа хэлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох нэр төрд нь халдаад эхэлбэл сануулахгүйгээр шууд үг хэлэх эрхийг нь хасна. Чуулганы хуралдааны хэвийн байдлыг алдагдуулбал танхимаас гаргах хариуцлага хүлээлгэнэ. Танхимаас гарахгүй байвал хугацаатайгаар танхимд орж ирэхгүй байх хэмжээний хариуцлага хүлээлгэдэг. Шинэ хуулиа гишүүд маань хэрэглэж дадаагүй юм уу гэж харж байна.

-Дэгийн тухай хуульдаа хугацаа заасан юм уу?

-Одоогоор Дэгийн тухай хуульд тодорхой хугацаа заагаагүй. Тухайн хугацааг хуралдаан даргалагчийн эрх хэмжээнд л өөрт нь сонголтоор олгочихсон. Хуульд хугацаа зааж өгнө гэсэн байдаг.

-Тэгэхээр хүссэн хугацаагаа хуралдаан даргалагч хэлж болох юм байна гэж ойлголоо. Тэгвэл бүр дөрвөн жилийн турш чуулганы хуралдаанд суулгахгүй байж болох үндэслэл байхыг үгүйсгэхгүй юм.

-Яг хуулийн үг үсгээр нь харвал тийм байж болохуйц нөхцөл байдал бий. Яагаад гэвэл хугацаа зааж өгөөгүй. Ямар ч хууль шууд төгс батлагдахгүй. Хэрэглээний явцад засч сайжраад явдаг. Энэ алдаа практик дээр гарч байгаа учраас нэмэлт өөрчлөлт оруулаад хугацаа зааж өгдөг. Дээд тал нь хэдэн өдөр, хэдэн сар байхаар зохицуулж өгөх шаардлага гарах байх. Нөгөө талаасаа хугацаа зааж өгөхгүй шийддэг улс орнууд бий. Гэхдээ энэ улсуудад эрх зүйн соёл нь олон жил яваад хөгжчихсөн, иргэдийнх нь эрх зүйн болон ёс зүйн ухамсар нь төлөвшчихсөн. Энэ тохиолдолд хууль хэрэглээгээ өөрсдөө ямар нэгэн цөөнхийн эрхийг нь хасах, улс төрийн зорилгоор ашиглахгүй гэх итгэл үнэмшил байгаа үед хуралдаан даргалагч тохиолдолд нь нийцүүлээд хариуцлага тооцдог. Манайх шиг улс оронд хугацаа тодорхой зааж өгөхгүй болохоор цөөнхийн эрхийг хасаад янз бүрийн байдлаар хэрэглэгдэж явахыг үгүйсгэхгүй.

-Зарим хүмүүс цөөнхийн хэлэх эрх, иргэдийн төлөөлөл байх эрхийг нь хаслаа хэмээн шүүмжлэл өрнөж байна…

-Зарим хуульчдын зүгээс Үндсэн хууль зөрчиж байна, Цэцэд хандах ёстой, бусдын төлөөллийн эрхийг зөрчиж байна гэх асуудал яригдаж байгаа. Гэхдээ онолын хувьд ч практик дээр ч бусад улс оронд огт байдаггүй зүйл биш. Ямар нэгэн байдлаар ихэнх улс орнууд хариуцлага тооцож явдаг. Олон улсад тухайн гишүүнд санхүүгийн торгууль, сахилгын шийтгэл, бусад төрлийн хариуцлагын механизм, ёс зүйн шийтгэл зэргээр хариуцлага тооцдог.

Б.НОМИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *