Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лхагважав: Улстөрчдийн гар хөл макро эдийн засагт орохоор Төв банкийг байхгүй болгодог DNN.mn

Эдийн засагч Б.Лхагважавтай ярилцлаа.


-Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурлын үеэр та 1992 оны Үндсэн хуулийн алдааг эрх баригчидтай холбож шүүмжилсэн. Шалтгааныг нь тайлбарлаад өгөхгүй юү?

-Зөвлөлдөх санал асуулга нэрээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх гээд байна. Ер нь ийм байдлаар нийгэм, улс төрд бий болсон хямралаас бултахаар манай эрх баригчид хөөцөлдөөд байна. Уржигдрын Төрийн ордонд болсон 100-гаад эрдэмтэд оролцсон эрдэм шинжилгээний бага хурал асуудал руугаа нарийн орохгүй гал унтраах маягтай асуудлаасаа тойрсон хурал болсон. Ялангуяа хуралдааны эхний илтгэлүүд 1992 оны Үндсэн хууль ямар ч алдаа оноогүй төгс юм шиг ярьж байна лээ. Миний хувьд үүнтэй санал нийлэхгүй байгаа. Учир нь өнөөдөр нийгэмд үүссэн асуудлууд, ядуурал, иргэдийн бухимдал Үндсэн хууль болоод эрх баригчидтай холбоотой.

Саяхан Сүхбаатарын талбай иргэдийн “бухимдлаар “дүүрлээ” ш дээ. Эрх баригчдын байдал, улс төрийн тавцан дээр гарч ирсэн үйл явц тийм ч таатай байгаагүй. Ялангуяа эрх барьж байгаа хүмүүс маш их асуудалтай орооцолдсон. Нийтийн санхүү, төрийн өмчийг шамшигдуулах, хувьдаа ашиглах, түүгээр мөнгө хийх, тэр мөнгөөрөө намаа тэтгэх, нам нь цаашаа улс төрийн эрхээр дамжуулж төрийг булингартуулах ажил хавтгай явж байна.

Идэж уусан мөнгөний дүнг нь иргэдийн тоолж чадахааргүй тоо гарч ирдэг болсон. Саяхан л сая төгрөг их мөнгө байдаг байсан бол одоо тэрбум, их наядаар ярьж байна. Их наяд ч бага тоо шиг болчихлоо.

Хэсэг бүлэг этгээдүүдийг бид яагаад нам, Үндсэн хуулиар дамжуулж төрийн энэ их санхүү, өмч рүү оруулчихав. Маш их нийтийн өмчийг хэсэг бүлэг хүмүүс улс төрөөр дамжуулж идэж байна. Дээр нь газрын хэвлийн баялаг 32 тэрбум ам.долларын барьцаанд оччихсон байна. Энэ бүгдийг сүүлийн 30 жил төрийн өндөр албан тушаалд байсан хүмүүс хийсэн. Ийм байхад 1992 оны Үндсэн хууль гайхалтай байна гэж хэлж чадахгүй. Үндсэн хууль болохгүй байгаагийн нэг илрэл нь улс төрд гарч ирсэн хүмүүсийн хөрөнгөжсөн байдал, ааш аяг, эрх мэдлээ ашиглаж хөрөнгөө нуух үйл явц. Нөгөө талаас төрийн байгууламж нь хүртэл сайн зохицуулагдаагүйн тод илрэл.

-Үүний гарц гаргалгаа нь юу вэ. Үндсэн хуульд тогтолцооны өөрчлөлт хийснээр энэ асуудлууд шийдэгдэх үү?

-1992 оны Үндсэн хуулийн бүлэг бүрд эрдэмтэн мэргэд дүн шинжилгээг хийх ёстой. Ингэж нийгэм, эдийн засаг, улс төрд ямар мухардал авч ирэв, ямар саад болж байна, эсвэл хөгжил нь ямар байв гэдгийг гаргаж ирэх хэрэгтэй. Гэтэл үүнийг хэн хийх вэ гэдэг асуудал үүсч байна. Бидэнд өнөөдөр бие даасан институт болсон их сургууль алга. Шинжлэх ухааны академи гэж 46 хүрээлэнтэй, улсаас жилд 26 тэрбум төгрөгийн төсөв авдаг байгууллага байна. Энэ байгууллага болоод МУИС төрөөс хараат болсон. Доторх эрдэмтэд нь одоо байгаа Засгийн газрыг магтан дуулах, тэдэнд таатай хандах, төсвөө тануулахгүй байх гэж л гүйдэг болчихоод байна.

Шинжлэх ухааны академийг автономит эрхтэй болгох гэж үзэж байгаа. Санхүүгээс бусад талаараа бүрэн эрх чөлөөтэй ажиллах ёстой. Мөн МУИС ч гэсэн автономит эрхтэй байх ёстой. Ингэж байж бид эрдэмтдийн бодит дүгнэлтийг гаргаж ирж чадна. Ний нуугүй хэлэхэд, Төрийн ордонд болсон уржигдрын эрдэм шинжилгээний бага хурлын зургаан илтгэлийн ихэнх нь Засгийг газрыг тэр дундаа эрх баригчдын гал унтраах ажилд тал зассан дүгнэлтүүд байна лээ. Бид ийм эрдэмтэдтэй байгаа тохиолдолд Үндсэн хуулийн 30 жилийн үйл явцад олигтой дүгнэлт өгч чадахгүй. Өнөөдрийн нөөц бололцоо оюуныг харахад монголчууд одоогийн Үндсэн хуульдаа дүгнэлт өгч чадахгүй ирээдүйд бий болох Үндсэн хуулийг хийж чадахгүй юм билээ.

-Зөвлөлдөх хурлын үеэр та төрийн өндөрлөгүүд, дарга, сайд нарыг айхтар шүүмжилж хэлэв ээ дээ?

-2008 онд Эрүүгийн хуулиар ял авч байсан этгээд өнөөдөр Ерөнхийлөгч болчихсон байна. Үүний өмнө нь Эрүүгийн хуулиар ял авах гэж байсан, янз бүрийн бизнесийн хар бор ажилд орсон нөхөр Монгол Улсын Ерөнхийлөгч болчихоод бууж байсан. Д.Ламжав гуайн “Нэг хулгайчаа нөгөө хэдэн хулгайчууд нь дэмжиж байгаад гаргачихлаа. Энэ шударга ёс уу” гэж үнэн хэлсэн байгаа юм. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр хоёр жилийн өмнө найзууд байлаа шүү дээ. Өмнөх нөхдүүдээ унагахын тулд хамтарсан тоглолт хийж байсан. Гэтэл өнөөдөр хонь, чоно болчихсон сууж байна.

Эрдэмтэд, оюуны потенциалтай хүмүүс засаг, төрд гарч ирэх бүх зам нь манайд хаалттай болчихсон. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд битгий хэл багахан агентлагийн даргад бололцооны хүн гарч ирэх боломжгүй болчихсон байна шүү дээ.

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг амьд үлдээхийн тулд Д.Амарбаясгалан гэж нөхөр ЖДҮХС-гаас 40 УИХ-ын гишүүнтэйгээ нийлж 40 тэрбум төгрөгийг хахуульд авсан. Нийтийн мөнгө ийм зүйлд зарцуулагддаг болсон. Дараа нь Хөгжлийн банкыг тонох ажил АН-ын үед ч гарсан. МАН-ын үед бүр хуулийг нь сольж байгаад албан тушаалтнуудад мөнгийг нь өгсөн. Үүнээс харахад бизнесийн ертөнцөд хүртэл шударга ёс байхгүй болчихож байгаа юм. Эрх мэдэлтэнтэй ойрхон хүмүүс л хамгийн өртөгтэй мөнгийг авдаг. Хар л даа, Хөгжлийн банкнаас маш бага хүүтэй зээлийг тэд л авсан. Цаг хэцүүдлээ гэхэд Монголбанкаар мөнгө хэвлүүлээд хүүгүй шахуу мөнгийг тэд л авдаг. Ингээд энэ нь манай эдийн засгийг авлига хээл хахуул мафийн системд оруулчихаж байгаа юм.

-Зогсоохын тулд УИХ-д ямар зохицуулалт оруулах хэрэгтэй гэж та харж байна?

-Том төсөл нэртэй том мөнгө угаалтууд яваад эхэлчихсэн. Гэтэл бид манай Үндсэн хуульд нийтийн санхүү гэж байдаггүй. Манай Үндсэн хууль өөрөө эдийн засагжаагүй. Учир нь 1992 онд чөлөөт зах зээл, нийтийн санхүүгийн зах зээлийн тухай ойлголт ер нь байхгүй байсан. Тиймээс төр буюу төрд ажиллаж байгаа өндөр албан тушаалтнуудаас нийтийн санхүүг яаж хамгаалах вэ гэдэг хамгаалалт манайд байхгүй. Нийтийн санхүү гэдэг нь төсөв, Засгийн газрын зээл, сангийн мөнгүүд, төрийн өмч, орон нутгийн өмчүүдийг хэлнэ. Энэ нь эрх мэдэлтнүүдийн тоглоом болдгийг бид сүүлийн 30 жил, тэр дундаа сүүлийн 15 жилд илүү тод харж байна. Үүнийг дагасан бизнесийн асар том бүлэглэлүүд бий болчихсон. Бизнесийн бүлэглэл нь Хөгжлийн банкны мөнгөнөөс яаж авах вэ, Төв банкийг яаж эзэгнэж мөнгө хэвлүүлж яаж нууц далдуур санхүүжүүлэх үү, гадны зээлийг яаж бүлэглэл дундаа хуваах вэ гэдэг асуудал 2013 оноос хойш маш их явагдаж байна. Үүнийг хязгаарлах, зогсоох гэсэн албан тушаалтныг Үндсэн хуулиар хамгаалах зохицуулалт манайд байдаггүй. Үүнийг Үндсэн хуульд оруулах ёстой. Үүнээс гадна мөнгө бол эдийн засгийн гол хэрэглүүр. Энэ хэрэглүүрийг зохицуулдаг ганц байгууллага нь улс болгонд Төв банк нь байдаг.

Тиймээс Төв банк ямар ч эрх мэдэлтнээс хараат бусаар ажилладаг, зөвхөн мөнгөний ерөнтөнцөө мэддэг байх ёстой.

-Улстөрчид Төв банкийг эзэрхийлдэг байдлыг яаж зогсоох вэ?

-Улстөрчдийн гар хөл макро эдийн засагт орохоор Төв банкийг байхгүй болгодог. Тиймээс Төв банкийг Үндсэн хуулийн хамгаалалтад авдаг. Эрх мэдэлтэй хүмүүс гаднаас асар их зээл авч, тэр зээлээрээ өөрийнхөө хэрэгжүүлэх гэж байгаа потенциалгүй төслийг санхүүжүүлэх гэж оролддог. Тиймээс үүнийг нь хязгаарладаг. Жишээ нь, зарим улсад гаднаас авах зээл ДНБ-ий 5.1 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалт Үндсэн хууль дотор нь байгаа шүү дээ. Мөн Ерөнхий сайдыг нийтийн санхүү буюу татвараас цугласан мөнгийг үр гамгүй, ашиггүй зарцуулах вий гэдгийг хянадаг механизмыг хийж өгдөг. Энэ нь манайд мөн л байхгүй.

Ялангуяа УИХ-ын гишүүн, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч, Ерөнхийлөгч нарыг яаж нийтийн мөнгө рүү оруулахгүй, тэндээс ашиг олбол албан тушаалаас нь огцруулдаг механизм сүүлд хийгдсэн бүх улсын Үндсэн хуульд байгаа. Манайд бас л байхгүй.

Жишээ нь, 2016 онд Эрдэнэтийн 49 хувийг улсад авсан. Тухайн үед улс төрийн маш том тоглолт хийж авсан л даа. Ингэхдээ 2016 оны зургадугаар сарын 17, 19-нд 200, 200 саяар нийт 400 сая ам.доллар авсан байдаг. Үүнээс 20 хоногийн дараа мөнгөний ханш унасан. Өөрөөр хэлбэл, манай улсын зах зээлээс 400 сая ам.долларыг гаргах, оруулах нь мөнгөний бодлогыг маш их савлуулдаг. Тэр үед улс төрийн нөхдүүдийн уран тоглолтоор Эрдэнэтийн 49 хувийг авч ирсэн. Эрдэнэтийн 49 хувь манайд шилжсэнээр ямар ашиг тус өгч байна гэхээр ОХУ руу явах байсан бүх ашгийн мөнгө манайд үлдсэн. Жишээ нь, ковидын үеэр иргэдийн нэг их наяд төгрөгийн цахилгааны мөнгийг төллөө. Тухайн үеийн улстөрчид монголчуудад тусахаар зүйл хийсэн. Үүнийг зөвхөн өндөр түвшний эрх мэдэлтнүүд хийдэг. Гэтэл саяхан үүнтэй төстэй зүйл хийлээ. Гэхдээ энэ бол нууцын зэрэглэлд байгаа зүйл л дээ. Өмнөх Ерөнхийлөгч Монголбанкнаас санхүүжилт авсан байдаг. Тэр тоог нь би харсан учраас хэлж болохгүй байна. Гэтэл тэр мөнгөө гаргаад дараа нь Эрдэнэс Таван толгойгоос мөнгө оруулаад төмөр зам барилаа. Гэтэл үүний тэрбум гаруй ам.долларууд нь манай эдийн засагт асар их савлуулж байна. Мөнгө хэвлэж гаргах, долларжуулах, дахиад татах энэ процесс дээр мөнгөний ертөнцийг доргиохгүй байх үүрэг нь Төв банкных. Тиймээс Төв банкний ерөнхийлөгч зарим хэрэггүй зүйлд “Үгүй” гэж хэлж чаддаг байх ёстой. Гэтэл манайд чихдэж аваачаад загнаад маргааш нь мөнгө хэвлэж байгаа юм.

Саяхан өмнөх төрийн гурван өндөрлөгийн хийсэн нууцын зэрэглэлтэй оффтейк гэрээнүүд ил боллоо. Энэ нь цаанаа тэрбум ам.доллараар яригдах асар их мөнгө байгаа юм.

Төгрөгийн ханш өнгөрсөн жил 20 хувиар уналаа. Үүнд иргэд, аж ахуйн нэгжийн буруу байхгүй. Зөвхөн эрх мэдэлтэй хүмүүсийн хэт тансаглаж, зах зээлээс гэнэт мөнгө татаж өөр юм руу хийсэн л үйл явц байгаа юм. Энэ бүрт эдийн засагчид, санхүүч нар, хараат бус эрдэмтэд юм дуугарч хэлж байх ёстой. Ялангуяа МУИС-ийн эдийн засгийн тэнхим ч гэдэг юмуу. Эсвэл Монголбанкны эдийн засагчид. Гэтэл тэд бүгд үг хэлэх эрхгүй. Нууц гэсэн нэрээр бүгд хаалттай болсон. Эрх мэдэлтнүүдийг нийтийн санхүү рүү орох юмыг хязгаарлах арга хэмжээ авч байхгүй бол бид улсаараа сүйрэх гээд байгаа юм.

Өнөөдөр инфляци 15 хувь, төгрөгийн ханш 20 хувиар унасан нь сүүлийн зургаан жилийн хугацаанд төрийн өндөр албан тушаалтнуудын хийсэн ажлын гор.

Энэ бүр дээр чимээгүй байгаа эрдэмтдээр 1992 оны Үндсэн хууль зөв байна уу, буруу байна уу гэдгийг дүгнүүлэх хэцүү. Ийм их алдаануудыг олж харж хэлэхгүй байна шүү дээ. Би бол “Өдрийн сонин”-д байнга л энэ асуудлыг хэлж байсан. Мань мэт нь л ийм юм боллоо гэж чимээ өгч, чихнээс нь хонх уяж байгаа юм. Гэтэл үүнийг Үндсэн хуулиар тас цохидог, хариуцлага үүрүүлдэг ямар ч систем алга. Үндсэн хуулийн Цэц ч ажиллаж чадахгүй байна. Хүчний байгууллага ч хяналт тавьж чадахгүй байна.

-Том төсөл нэртэй мөнгө угаалт их явж байна гэлээ. Үүнийг тодруулахгүй юу?

-Асар том дүнтэй гол гол оффтейк гэрээнүүд гараагүй. Хятадын талын аж ахуйн нэгж нь манай төрийг аргандаа оруулчихсан. Тэрийг хэлбэл бид зөвшөөрөхгүй гэх шиг. Бизнесийн гэрээг ил гаргаж тавихад ямар ч асуудал байхгүй шүү дээ. Тэр гэрээг манай одоогийн эрх барьж байгаа нөхдүүд өөрсдөө хийчихсэн болохоор бантаад байгаа юм.

Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нар тав зургаан жилийн өмнөх АН-ын нөхдүүдийг тодруулж барьж гүйгээд байгаа болохоос өөрсдийн хийсэн “нүглээ” гаргаж ирэхгүй байна. Тэдний хийсэн нүгэлд маш их юм байгаа. Мэдээж бид газрын хэвлийн баялгаа ашиглаж мөнгө босгох хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Гэхдээ энэ нь зөв системтэй, ил тод байх ёстой. Ирээдүйд хүүхдүүд маань төлөх мөнгө шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *