Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагваа: Хойд Солонгос цөмийн зэвсэг хэрэглэвэл хариу цохилтод гарцаагүй өртөнө

Энэ сарын есний өдөр БНАСАУ дахин цөмийн пуужин харваж дэлхий нийтийн анхаарлын төвд орсон. Солонгосын хойгийн байдлын талаар Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, Солонгос судлаач, доктор Б.Лхагваатай ярилцсаныг сонирхуулъя.

-БНАСАУ цөмийн пуужин харвасантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс энэ явдлыг эсэргүүцсэн мэдэгдэл гаргалаа. Үүнийг бүс нутгийн асуудлаарх шинжээчид юу гэж тайлбарлаж байна вэ?

-Асуудал улам ноцтой болж байна гэсэн дүгнэлт зонхилж байна. Ноцтой учраас холбогдох гол орнууд шууд л нэгдмэл байр сууринд хүрч, дэлхийн хамтын нийгэмлэг бүхэлдээ эсэргүүцэж, зэмлэн буруушааж байна. Өмнөх туршилтууд цөмийн зэвсгийг нь боловсронгуй болгоход чиглэгдэж ирсэн. Харин дараа нь тэр зэвсгийг тээх алсын тусгалтай пуужингуудын туршилтууд хийсэн бол энэ удаад тэрхүү пуужинд байрлуулах цөмийн цэнэгт хошууг туршсанд байгаа юм. Умард Солонгос 2006 оноос хойш цөмийн тав дахь, энэ он гарсаар дунд болон алсын тусгалтай пуужингийн арав гаруй туршилт хийсэн. Туршилтуудын хоорондох зай нь богиносоод хөнөөх чадвар нь ахиад байгаа нь улс орнуудыг түгшээгээд байгаа хэрэг. Энэ бол технологийн талын асуудал.

Үүнээс илүү ноцтой нь бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож буй явдал юм. Улс орнууд аль болох айх аюулгүй, тайван тогтвортой нөхцөлд хамтаараа хөгжил, дэвшилд хүрэхийн төлөө мэрийцгээж, зүйл бүрээр хамтарч ажиллаж байна. Ингэхийн хэрээр харилцан хамаарал улам гүнзгийрч байна. Гэтэл БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн алхмуудаас болоод бүс нутагт цэрэг, зэвсэглэлээр хөөцөлдөх явдал сүүлийн үед илт идэвхжиж, бүр цөмийн стратегийн орчин үеийн шинэ систем байршуулахад хүрээд байна. Бүс нутгийн зарим орнуудад цөмийн зэвсэгтэй болох асуудал ч хөндөгдөж эхэллээ. Тэртэй тэргүй Солонгосын хойг хамгийн их цэрэг, зэвсэглэл төвлөрсөн, хүйтэн дайны үеийн байдлыг хадгалж үлдсэн цэг шүү дээ. Байдал тогтворгүй болоод ирэхээр үл ойлголцол, хардалт сэрдэлт нэмэгдэх нь гарцаагүй. Энэ утгаараа Умард Солонгосын цөмийн үйлдлүүд өдөөн хатгасан, аюулгүй байдалд заналхийлсэн, итгэлцэлд ан цав суулгасан, ард түмнүүдийн аз жаргалтай амьдрал, хамтын ажиллагаанд саад тотгор учруулсан, улмаар бүс нутгийн байдлыг хурцатгасан үр дагаварт хүргээд байна гэж улс орнууд шүүмжлээд байгаа юм.

-БНАСАУ цөмийн хөтөлбөрөө өөрийн улсын аюулгүй байдлыг хангах зорилгоор, энхийн үйлсийн төлөө хийж буй зүй ёсны зорилт гэж тайлбарладаг биз дээ?

– Өнөө үед аюулгүй байдлыг цөмийн зэвсгээр биш, зузаан түрийвчээр хангадаг юм гэж манай нэг нэртэй улстөрч хэлсэн байдаг. Тэгээд ч цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж, өөрийгөө нээж, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох замаар эдийн засгаа өөд нь татаж, дэлхийн хамтын нөхөрлөлийн хариуцлагатай гишүүн байхыг холбогдох улс орнууд Пхеньянд байнга санал болгодог. Яагаад энэ замыг сонгож болохгүй гэж. Харин ч систем, засаглалаа хадгалж, аюулгүй байдлаа хангах илүү оновчтой ухаалаг арга зам болох ч юм бил үү.

Тодорхой хэлж болох нэг зүйл бол хэрвээ БНАСАУ цөмийн зэвсгээр хөөцөлдөөд байх юм бол улам ганцаардана. Одоо ч ийм байдалд орчихоод байна. Сүүлийн үеийн жишээ л гэхэд Ази, Европын орнууд, Зүүн Өмнөд Азийн орнууд, Зүүн Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтаас БНАСАУ-д хандаж цөмийн хөтөлбөрөө зогсоохыг шаардлаа. Умард Солонгосын эсрэг тавьсан хоригт нэгдсэн орнуудын тоо өмнөх жилүүдээс нэмэгдээд зогсохгүй Ази, Африкийн зарим орнуудын зүгээс БНАСАУ-тай харилцах харилцаагаа эргэж хянаж үзэх, хязгаарлах, түвшинг нь бууруулах, болгоомжлох, нүүр буруулах хандлага гаргаж буй тухай мэдээ сэлт цацагдах боллоо.

Цөмийн зэвсгээс гадна улс орны үндэсний аюулгүй байдалд эдийн засгийн өсөлт мэдээж чухал. Гэтэл хориг болон ганцаардмал байдлаас болж БНАСАУ олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, хөрөнгө оруулалт татах боломж хумигдчихаад байна. Нэг үгээр хэлэхэд, өөрийгөө боймлочихоод байна.

-Үйл явдлын цаашдын өрнөлийг ажиглагчид хэрхэн төсөөлж байна вэ?

-Энэ үйл явдалд ерөөсөө эсрэг тэсрэг хоёр л логик үйлчилж байгаа нь тодорхой байна. Нэг нь, цөмийн зэвсэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх, нөгөөх нь түүнийг үл зөвшөөрөх явдал. БНАСАУ цөмийн хөтөлбөрөөсөө одоогийн байдлаар татгалзах бодол байхгүй. Цаашид ч цөмийн технологи, чадавхиа улам сайжруулж чамбайруулна гэсэн байр суурьтай байна. АНУ, Япон, БНСУ зэрэг орнууд үүний эсрэг шийдэмгий хариу арга хэмжээ авахаар төлөвлөж, байр сууриа зохицуулж эхэллээ. Энэ зохицуулалтаар БНАСАУ-д үзүүлэх цэрэг, зэвсэглэлийн дарамт шахалт улам нэмэгдэх нь. Маргаан дагуулаад байгаа пуужин амдан сөнөөх Америкийн шинэ системийг БНСУ-д байрлуулах ажил шуударч түргэсэх шинжтэй болчихлоо. Бас тавьсан хориг арга хэмжээ чангарна. Урьд нь хоригт ороогүй байсан нефть, шатахуун зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлт, уул уурхай, эрдэс баялгийн бүтээгдэхүүний импортыг хязгаарлах, валютын санхүүжилтийн эх үүсвэрийг нь хумьж хаахаас эхлүүлээд мөнгө угааж болзошгүй найдваргүй орон, террорист үйлдлийг дэмжигч улсын жагсаалтад БНАСАУ-ыг эргүүлж оруулна. Зарим эрх баригчид, холбогдох байгууллагыг хүний эрх ноцтой зөрчсөн хэрэгт холбогдуулах хүртэл олон талын нэмэлт арга хэмжээнүүд багтаж болзошгүй. Өөрөөр хэлбэл, цөмийн өдөөн хатгалгыг нь тогтоон барих цэрэг стратегийн шахалт, эдийн засгийн хориг, хүний эрхийн асуудал, Умард Солонгосын олон нийтийг гадаад мэдээ мэдээлэл хүлээн авах боломжоор хангах замаар олон нийтэд нөлөөлөхөд чиглэгдсэн зэрэгцээ арга хэмжээнүүд авагдаж магадгүй байна. Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлнэ гэдэг шиг.

Ер нь цөмийн зэвсгийн асуудлаас болж Пхеньян өөр дээрээ гал татаад байх шиг. Хэрвээ цөмийн зэвсэг хэрэглэвэл хариу цохилтод гарцаагүй өртөнө. Амиа хорлоно л гэсэн үг. Тийм болохоор цөмийн зэвсгээр хөөцөлдөөд хожих юм юу ч байхгүй. Хожихоосоо алдах нь хавьгүй их байх болно. 1950-1953 оны Солонгосын дайнд ялагч байгаагүй, хохирол, сүйрэл л сургамж болон үлдсэн.

-Энэ онд АНУ-д, ирэх жил БНСУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болно. БНАСАУ анхааралтай ажиглаж байгаа нь мэдээж. Үүнийг яриа хэлэлцээ сэргэх боломж гэсэн утгаар асууж байна л даа.

-АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама 2009 онд гол гурван дайсантайгаа “гар барих болно” гэж мэдэгдэж байсан. Тэр гурав нь Куба, Иран, БНАСАУ байсан. Ямартай ч Кубатай хагас зуун жил тасарсан харилцаагаа сэргээчихлээ. Ираны цөмийн асуудлаар тохиролцоонд хүрээд харилцаа нь хэвийн болох тийшээ хандаж байна. Харин харамсалтай нь БНАСАУ-ын асуудал шийдвэрлэгдэхгүй үлдэх болж байх шиг байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ ч Умардад хандаж чамгүй олон санал санаачилга тавьсан.

Буланд шахахаас өөрөөр асуудлыг шийдэх хувилбарууд байлгүй яахав. Яриа хэлэлцээ зөндөө хийгдсэн. Одоо ч үүд хаалга нь нээлттэй байгаа. Харамсалтай нь үр дүн нь өнөөгийн энэ байдал. Тэгэхээр өөрөөр нь ойлгуулахын тулд эцсийг нь хүртэл буланд шахах замаар нэг хэсэгтээ үйл явдал өрнөх бололтой. Үүний хажуугаар байдлыг хэт хурцатгахгүйгээр зургаан талт яриа хэлэлцээгээ сэргээгээд явъя гэсэн санал гарч байна.

Үүнтэй холбогдуулаад эцэст нь нэг зүйлийг зориуд онцолж хэлмээр байна. Солонгосын хойгийн асуудал ямар байх нь зөвхөн Умард Солонгосынх ч юм уу эсвэл Солонгосын хоёр талын асуудал төдий зүйл биш. Пхеньян хар амиа бодох асуудал ч биш. Бас зөвхөн их гүрнүүдийн толгойны өвчин ч биш.

Энэ бол бүс нутгийн бүх улс орон, ялангуяа амьдралынх нь хамтын орон зай болсон энэ бүс нутгийн нийт ард түмэнд шууд болон шууд бус байдлаар хамаатай асуудал. Тэнд байдал тайван байвал энд хамтын ажиллагааны үр өгөөж төдий чинээ нэмэгдэнэ. Энэ нь амьдралд эергээр нөлөөлнө. Ийм болохоор Солонгосын хойгийн асуудалд энэ бүс нутгийн улс орнууд гуравдагч хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас хандаж болохгүй нь тодорхой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *