Categories
мэдээ нийгэм

​Б.Жавзан: Хаврын улиралд хүний сэтгэл зүйд гурван үндсэн хүрээнд өөрчлөлт ордог

Сэтгэл зүйч Б.Жавзантай ярилцлаа


-Хаврын улиралд хүний сэтгэлзүйд олон өөрчлөлтүүд илэрдэг. Яагаад заавал хаврын улиралд эдгээр шинжүүд илэрч, сэтгэл санаа тогтворгүй болдог вэ?

-Энэ талаар Харвардын их сургуулийн сэтгэцийн эмч Жон Шарпийн хийсэн судалгаа бий. Хаврын улиралд хүний сэтгэл зүйд гурван үндсэн хүрээнд өөрчлөлт ордог гэж үздэг. Нэгдүгээрт бие физиологийн хүрээнд өөрчлөлтөд ордог. Учир нь өдөр уртсаж, дулаарах үед серотонин, допамин зэрэг даавруудыг нэмэгдснээр амархан ядрах, сэтгэл хөдлөлдөө хэт автах зэрэг олон өөрчлөлтүүд илэрдэг. Зарим хүмүүс эрч хүчтэй болж, сэтгэл хөдөлж, зарим нь ядарч сульддаг. Энэ нь тухайн хүний онцлогоос шалтгаалдаг. Иргэдийн дунд улирлын шинжтэй депресс гэж байдаг. Энэ нь өвөл, хаврын цагт түгээмэл тохиолддог. Ялангуяа зан аашинд тулгуурладаг сэтгэцийн асуудалтай буюу депресстэй, хоёр туйлд эмгэгтэй хүмүүс илүүтэй өртдөг.

-Тэгэхээр хаврын цагт сэтгэл санаа тогтворгүй болдог нь дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй гэж ойлгож болох уу. Улирлын шинжтэй депрессийн талаар илүү дэлгэрүүлбэл?

-Товчоор бол цаг агаар дулаарахаар нарны гэрлийн нөлөөгөөр дааварт өөрчлөлт орж, өөрийн эрхгүй зан ааш тогтворгүй болдог. Улирлын чанартай депресст өртсөн хүн өглөө нар мандахад сэтгэл санаа сайхан байсан мөртлөө үд дунд гэнэт уур хүрэх, ядрах зэргээр өдрийн туршид ааш зан олон янзаар хэлбэлздэг. Зарим нь шинэ юм хийж үзмээр санагдаж, идэвхтэй үйлдэл хийж байхад зарим нь ядарч сульдаж, нойрны хэм алдагдана. Үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн шийдэл бол өөрсдийн сэтгэлзүйн эрүүл мэнддээ үргэлж анхаарч, цаг гаргах явдал юм.

-Улирал солигдохоос үүдэлтэй уг сэтгэл зүйн хямрал хэдий хугацаанд үргэлжилдэг гэж үздэг вэ?

-Ерөнхийдөө сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлдэг бүх байгууллагууд зун хүртэл үргэлжилдэг гэж хариулах байх. Сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ авч буй хүмүүсийн тоог харвал хавар нэмэгдэж, зуны улиралд буурах хандлагатай байдаг.

-Аливаа хямралд өртөхгүй сэтгэлзүйгээ хэвийн байлгахын тулд юунд анхаарах вэ?

-Сэтгэцийн эрүүл мэнд, физиологийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой байдаг. Тэгэхээр сайн унтаж амарч, нойрны хэмнэлээ зөв зохицуулах нь чухал. Түүнчлэн дасгал хөдөлгөөнийг хэт огцом хийхгүй, аажмаар дасгаж, өөрийн биеийн онцлогтоо тохируулж хийх хэрэгтэй. Хаврын дулаан өдрүүдэд гадаа алхах, ааш зангаа огцом өөрчлөгдөхөөс сэргийлж, өөрийнхөө сэтгэл зүйг жолоодож сурах зэрэг аргууд энэ үеийг хямралгүй даван туулахад тусална. Мөн эмчид үзүүлж, эмчийн заавраар өөрт шаардлагатай амин дэмүүдийг уух зэргийг мэргэжлийн сэтгэлзүйчид зөвлөдөг.

-Сүүлийн үед хүмүүсийн дунд “далд хэлбэрийн сэтгэл гутрал” гэдэг нэршил олонтоо сонсогдох боллоо. Сэтгэл гутралд өртсөн гэдгээ мэдэхгүй удаан явснаар ийм хэлбэрт шилждэг үү. Сэтгэл гутарлыг хэрхэн таних вэ?

-Далд хэлбэр гэдэг нь сэтгэл гутрал нэгэнт явагдаад эхэлчихсэн л гэсэн үг. Сэтгэл гутрал нь хүнд дөрвөн төрлийн өөрчлөлтийг бий болгодог. Нэгдүгээрт физиологийн буюу бие махбодийн хувьд чичрэх, зүрх савлах, гар хөлийн үзүүр хөрөх, хөлрөх, тайван биш болох зэрэг шинжүүд илэрнэ. Хоёрдугаарт сэтгэл хөдлөлийн хувьд ааш зан тогтворгүй болж, гэнэт өөдрөг байснаа сэтгэлээр унаж, юу ч хиймээргүй санагдана. Оюун ухааны хувьд ой тогтоолт муудаж, нойр тогтворгүй, хэдэн цаг ч унтсан гүйцэт амарч чадаагүй мэдрэмжтэй сэрдэг.Мөн хоолны дуршил нэмэгдэж эсвэл буурдаг. Харилцааны хувьд гэр бүл, найз нөхдийн харилцаанд өөрчлөлт гарч, огцом ширүүн аашлах, амархан гомдох, үг сөрөх, эсвэл хэнтэй ч харилцмааргүй санагдах гэх мэтээр депрессийн шинжүүдийг гэнэт анзаарахыг л “далд хэлбэрийн сэтгэл гутрал” гэж нэрлээд байгаа.

-Нэгэнт сэтгэл гутралд орсон бол ямар арга хэмжээ авах вэ?

-Сэтгэл гутрал гэдэг бол стресс хүнд түвшинд байгаагийн шинж. Хүмүүс депресст орсон байгаагаа мэдэхгүй ном зохиол, элдэв зөвлөгөөний групп дээр бичиж байгаа харагддаг. Хэрвээ хүчтэй депресст орсон тохиолдолд мэргэжлийн сэтгэл засалч, сэтгэцийн эмч нар танд тусалж чадна гэсэн үг. Сэтгэл бол уураг тархины бүтээгдэхүүн. Тиймээс сэтгэл засалч болон сэтгэл зүйчид хандахаас айх хэрэггүй.

-Мэргэжлийн хүнд хандахаасаа илүү найз нөхөдтэйгээ ярилцахыг илүүд үзэх хандлага түгээмэл байдаг?

-Бие сэтгэл хоёр харилцан уялдаатай. Залуучуудын дунд найз нөхөдтэйгээ суугаад асуудлаа яривал сэтгэлээ засна гэж боддог. Гэвч тэдгээр хүмүүс таны асуудлыг шийдэхгүй. Тухайн өдөртөө уугаад сэтгэл санаа сайхан болсон ч маргааш өглөө нь асуудал нь хэвэндээ байдаг. Бие өвдөхөд эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэдэг шиг сэтгэцийн эрүүл мэнд ч бас физиологийн эрүүл мэндээс ялгаагүй гэдгийг ойлгож, сэтгэл гутралд орсон бол заавал мэргэжлийн хүмүүст хандах хэрэгтэй.

Ч.Биндэръяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *