БНН-ын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.
-УИХ ирэх оны төсвийг баталлаа. МАН-ынхан эдийн засгийн байдал хүндийг
нь гайхаад байгаа. Таны байр суурийг сонирхъё?
-Муу биш харин ч боломжийн төсөв орж ирсэн байна лээ. Бодит байдал
дээр төсвийн алдагдал 60, 70 хувьтай байгаа. Гэтэл 20, 30 хувийн алдагдалтай оруулж
ирсэн байсан. Би байсан бол алдагдлыг тэр чигээр нь оруулж ирэх байсан. Өнөөдөр
бид арван төгрөг олж байгаа. Гэтэл наяыг зарцуулж байна. Үлдсэн далан төгрөгийг
яах юм бэ. Тэр мөнгө огт байхгүй байна. Байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж авахын
оронд алдагдалгүй төсөв баталчихаад түүнийгээ хулгайн аргаар, энд тэндхийн зээлээр
нөхөх гэж байгаа бол гадаад өр улам л нэмэгдээд байна. Ийм байдлаар явбал нэг өглөө
сэрээд л албан ёсоор дампуурлаа зарлана. Яг Грек шиг баларна гэсэн үг. Тэгээд зогсохгүй
улс үндэстэн гэдэг зүйлээ алдаж тусгаар тогтнолгүй болж магадгүй. Тийм учраас УИХ-ын
гишүүд хариуцлагатай хандсан нь дээр байх. Хувийн амбиц, сэтгэлийн хөөрлөөр асуудалд
хандаж болохгүй.
-Төсвийг сайжруулахын тулд ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах
тухай ярьж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлсний ашиг тус юу байх бол. Ер нь хамрагдах
хэрэгтэй юү?
-ОУВС-гийн гишүүн таван орон бий. ОУВС буюу АНУ, Англи, Европын холбоо,
Хятад, Япон гэсэн таван улс дэлхийн эдийн засгийн бодлогыг тодорхойлж байгаа. Тэд
биднийг тоогоод, танай улс хэцүү байдалд орох нь гээд урьдчилан сэргийлэх арга хэмжээ
ав, “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүл гэж аль эрт мэдэгдсэн. Манайхан л тойрч зугтаагаад
байснаас биш аль эрт энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой байсан. ОУВС биднийг тоож
харилцаж байгаад баярлах хэрэгтэй. Тэр том дэлхийн айлын гэрт орохоос цааргалах
хэрэггүй байх. Бидэнд л хэрэг болно уу гэхээс ОУВС манай улсаар дутаад байгаа юм
биш. Тэр хөтөлбөрийг авъя гэхээр манайханд гэхээсээ илүүтэй ОУВС-д ашигтай юм шиг
ойлгоод байна. Харин ч тоож байгаа дээр нь баярлаж аваад мөнгөндөө арвич хямгач
байж сурна л биз. Эдийн засгийг жаахан ил тод болгож өгөх байх, үр ашиггүй зардалд
хяналт тавих байх. Тэр юу нь буруу байгаа юм бэ. Эдийн засгийг ашигтай болгож өгөөд
түүндээ үндэслэн зээл, тусламж өгье гэж байна. Юундаа цааргалж, айж үхчих гээд байгаа
юм. Монголыг мөнгөн хуримтлалтай болгох гээд байгаа хөтөлбөр. Тэрнээс биш манайхыг
устгах гээд байгаа зүйл огт биш.
-Хэрэв “Стэнд бай”-д хамрагдчихвал гадаад улсаас зээл, тусламж авах
боломжтой болох юм билээ?
-“Оюу толгой” гэж компани байдаг биз дээ. Тэр компани өнгөрсөн жил
6.5 миллиард ам.доллар зээлж авсан. Тэр ам.долларыг зээлж авахын тулд ОУВС-гаас
1.5 миллиард ам.доллар зээлсэн байдаг. ОУВС 1.5 миллиард ам.доллар тэдэнд зээлдүүлсэн
учраас дэлхийн бусад банкууд зээл олгож байгаа юм. Яагаад гэвэл ард нь ОУВС байсан.
Яг түүнтэй ижил ОУВС манай улсын банк, санхүүгийн тогтолцоонд нөлөөлөөд ирэхээр
бусад гадны компаниуд манайд хөрөнгө оруулж эхэлнэ.
-Гадны банк орж ирвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх
мэтээр ярих юм. Гэтэл гадаадын банкны салбаргүй гуравхан улс дэлхийд байдгийн нэг
нь манайх гээ биз дээ?
-Монголд гадны банкны салбар бий шүү дээ. Төлөөлөгчийн газар ч бий.
Тэд Монголд сайн төсөл байвал санхүүжүүлье гэж байгаа. Түүнээс биш монголчууд аа,
та нар зүгээр суу, бид цалинжуулъя гэж хэзээ ч хэлэхгүй. Аль ч банк ийм л байр суурьтай
ажиллана.
Түүнээс биш алдагдалтай эдийн засаг руу учир зүггүй мөнгөө юүлнэ
гэж байхгүй. Ер нь бол манай улсын эдийн засаг бага учраас гадны банкууд үнэндээ
тэгтлээ сонирхохгүй. Гадны том банкуудын хувьд манай улсад үйл ажиллагаа явуулна
гэдэг зүгээр субботник байхгүй юу. Ганц нэг газар л төлөөлөгчийн газраа байгуулсан
шүү дээ. Тэрийг юуг нь эсэргүүцээд байгаа юм.
-МАН Мэргэжлийн Засгийн газар байгуулсан гэж яриад байгаа. Ярьснаараа
байж чадаж байна уу. Ер нь Засгийн газар ямархуу түвшинд ажиллаж байна вэ?
-Мэргэжлийн гэдэг нэг талаасаа их өрөөсгөл ойлголт байна. Хөдөө аж
ахуйн сайд заавал зоотехникч, эсвэл малын эмч байх ёстой юу. Барилга, хот байгуулалтын
сайд заавал инженер хүн байх уу. Мэргэжлийн гэхээс илүүтэй чадамжтай гэж яримаар
байгаа юм. Гүйлгээ ухаан сайтай, бүх төрлийн боловсролтой, хэл ус сайтай байх хэрэгтэй.
Тэр үүднээсээ Засгийн газрыг бүрдүүлж байгаа бол мэргэжлийн гэхээс илүүтэй чадамжтай
гэмээр байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэхдээ ядаж жилийн дараа шүүмжилье.
Дөнгөж зуу хонож байхад алийг нь муу, алийг нь сайн гэх вэ.
-МАН-аас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг та анхааралтай ажиглаж
байгаа байх. Эрх барьж буй намын үйл ажиллагааны шүүмжлэлтэй, басхүү сайн тал нь
юу байна вэ. Нийгэм, эдийн засгийн тогтолцоог эрх барьж буй дөрвөн жилдээ өөрчилж
чадах болов уу?
-Бид нэг зүйлийн өмнө ирээд зогсчихлоо. Ирээдүйд капиталист орон
болох уу, социалист байх уу гэдэг сонголтын өмнө ирчихсэн байна. Энэ хоёрын дундуур
20 жил явлаа. Одоо аль нэгийг нь сонгох хэрэгтэй. Зааг дээр нь ирчихсэн байна. Хэрвээ
ОУВС-гаас зээл тусламж аваад явбал капиталист нийгмийг сонгох байх. Улс төрийн бүтцийн
хувьд олон намын системтэй, ардчилсан системтэй, хүний эрхийг дээдэлсэн орон болно.
Социалист замыг сонгох бас боломж байна. Хоёр хөршөөсөө зээл, тусламж гуйгаад олон
улсын байгууллагуудыг хөөгөөд гаргах байх. Дипломат хэрэгцээгээ тасдах хэрэгтэй
болно. Цөөн хэдэн социалист улстайгаа найзлаад явна. Өнөөдрийн нийгэм энэ хоёр нийгмийн
зааг дээр л явж байна. Алийг нь дагах вэ гэдгээ шийдэх цаг болсон. Өнөөдөр Япон,
Солонгост 95, 100 настай өвгөн, эмгэн тариан талбай дээр ажиллаж байгаа. Гэтэл манайхан
50 дөнгөж гарч тэтгэврээ тогтоолгочихоод гэртээ сууж байна. 50 гарсан эрэгтэйгээс
юу хийж байна гэж асуугаад үзээрэй. Хүүхдээ хараад гэртээ сууж байна гэдэг. Эмэгтэйчүүд
амьдралаа залгуулах гээд хөдөлмөрлөж байна. Галт тэргэнд суугаад яваад үзээрэй.
Дандаа хүүхнүүд ганзагын наймаанд явж байгаа. Коммунист, социалист, дээр нь эмэгтэйчүүдийн
улс орон болчихлоо. Одоо сансарт нэг эмэгтэйг нисгэх л дутуу байна. Дорждагвын Дондогдулам
гээд бүсгүйг сансарт нисгэчих. Тэгээд тэр чигтээ эмэгтэйчүүдийн улс орон болъё.
Өнөөдөр жендерийн тэгш эрх гэж их ярьдаг болсон байна. Дандаа эмэгтэйчүүдийн
эрхийн тухай ярьдаг. Эрэгтэйчүүд нь ямар ч эрх, үүрэггүй болчихсон. Тэд гэртээ хүүхдээ
хараад хоолоо идээд байж байг. Дээрээс нь төрийн албыг цомхотгох ёстой. 200 мянган
төрийн албан хаагчийг 100 мянга болгох хэрэгтэй. Сайхан, сайхан залуус конторт суугаад
утсаараа тоглохыг боддог болчихож. Оронд нь хувийн хэвшилд аж ахуйн ажил хий л дээ.
Сайхан мал малла, үнээ саа, аргал түү, ногоо тарь, машины ард ажиллаж сур. Яагаад
контор руу шигдээд байгаа юм бэ. Тийм учраас МАН нэн тэргүүнд төрийн албыг тал хувьд
нь хүртэл цомхотго. ОУВС ч ийм шаардлага тавих байлгүй. Хоёрдугаарт, татвар төлдөггүй
хүмүүсээс татвар авдаг болмоор байна. Ченжүүд яагаад өдийг хүртэл улсад нэг ч төгрөгийн
татаас төлдөггүй юм бэ. Ажлаа хийгээд явж байгаа бид яахаараа татварын байцаагчид
загнуулаад, үргэлж шалгуулж явдаг юм. Энийг болиулах ёстой. Бүх нийтээрээ татвар
төлье. Төлөхгүй бол бүгд больё. Дээрээс нь бид байгаа мөнгөөрөө болсон болоогүй
импортын бараа маш ихийг авч байна. МАН-ынхан иймэрхүү зүйлийг хийж эхлүүлж чадахгүй
бол хэрэг алга.
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөр Засгийн газраас
УИХ-д оруулж ирлээ. Тэр хөтөлбөрт казино, морин тойруулгатай болох саналууд багтсан
байна лээ. Энэ бүхнийг хэрэгжүүлээд Монголын эдийн засаг өндийх болов уу?
-Казино байгуулбал монголчууд бие биенийгээ шулаад тэрнээсээ болж
хэрэлдэж зодолдох байлгүй дээ. Тэрнээс биш хүйтэн, шороо шуурсан газар казино тоглох
гэж гаднаас нэг ч хүн ирэхгүй байх. Сингапур, Макао гээд хэчнээн сайхан газрууд
байна вэ. Үгүй дээ л ресторанд нь ороход 500 нэр төрлийн хоолны сонголттой. Зочид
буудлууд нь дандаа нэгдүгээр зэрэглэлийн, таван одтой. Үйлчилгээний тухайд ярих
юм биш. Дээд зэргээр хүнд үйлчилж чадаж байна. Ийм байхад гадныхан Монголд ирэх
үү, Сингапурт тоглох уу. УИХ-ын гишүүд миний үгэнд үнэмшихгүй байж магад. Яахав
байгуулаад үзэг. Би бол нэг ч гадны хүн манайд казино тоглох гэж ирэхгүй гэж бодож
байна. Морин тойруулгын тухайд манайх хэдэн уяачтай. Тэд ийм зүйл санаачилсан юм
байлгүй. Яахав байгуулж болно оо. Гэхдээ эзэн хүн өөрөө морио унаад уралддаг байх
ёстой гэх ганцхан зарчимтай байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр насанд хүрээгүй хэдэн хүүхдийн
аарцгийг задалчих гээд зайдан уралдуулаад байж болохгүй. Хар нялхаас нь хамаг эрхтнийг
нь гэмтээж байна. Өөрсдөө том дээл өмсчихөөд гэдийгээд суугаад байдаг. Тэд өөрсдөө
уралд л даа. Тэднийг харъя л даа. Ц.Элбэгдорж, М.Энхболд морио уралдуулж байвал
өөрөө мордоод яв. Тэгвэл ядаж сонирхолтой болно шүү дээ. Тэгэхгүйгээр хүнээр морио
уяулчихаад түрүүлэхээр нь миний морь гэж томроод байдаг. Морь уяж л байгаа бол өөрсдөө
уралдана гэсэн хуультай болгочих. Тэрнийхээ дараа морин тойруулгаа байгуул. Уралдаан
ч сонирхолтой болж олон хүн очиж үзнэ. Их хурлын 76 гишүүний тал нь морьтой байлгүй
дээ. Тэд хоорондоо сайхан уралдана. Бид ч хэний морь вэ гэж таньж цөхөх юмгүй болно.
-Эдийн засгийг сайжруулах ямар гарц харагдаж байна вэ?
-Эдийн засаг тэгтлээ муу болчихсон зүйл байхгүй. Хүмүүс ингэж л амьдарч
байсан. Зам дээр машин түгжирч байгаа юу, хэвээрээ байна. Баар ресторан пиг байдаг
байв уу, тийм. Долоо хоног хоол идсэнгүй гээд өлсөж үхсэн хүнтэй таарав уу. Би лав
таарсангүй. Ийм байхад эдийн засаг хямарлаа, муудлаа гэж хоосон яриад байх хэрэггүй.
Бүх юм байдгаараа байна. Ам.долларын ханш өслөө л гэх юм. Тэрүүгээр яах гээд байгаа
юм. Манай үндэсний валют төгрөг шүү дээ. Одоо эдийн засгийг аврах боломжтой хоёр
том алхам байна. Алдагдлаа эхлээд багасга. Төсвийн үр гамгүй зардлыг 50 хувь багасга.
Хэрэггүй асар их зардал байна. Миний л мэдэхийн хэчнээн компьютер, принтер авав
аа.
Хоёр дахь асуудал бол мөнгөн хуримтлал бий болгох хэрэгтэй. Алдагдлаа
багасгаад мөнгөн хуримтлалтай болчихвол яаж хөгжих вэ гэдэг асуудлыг сая ярих боломжтой
болно. Өнөөдөр ам.долларын ханшийг чөлөөлөхгүйгээр хиймлээр бариад яваад байвал
хамаг баялгаа гадагш алдана. Манайх шиг жижиг улс экспортод анхаарлаа хандуулах
ёстой. Тодорхой хэдхэн бараа, бүтээгдэхүүнийг гадагшаа гарга. Бүх зүйлийг хийнэ
гэвэл угаасаа бүтэхгүй.
-Ямар бүтээгдэхүүн экспортод гаргавал ирээдүйтэй бол?
-Саяхан НҮБ-ын тэргүүн ногоон эрчим хүч, байгаль экологио хамгаалах
олон улсын том протоколд гарын үсэг зурсан. Тэр юу хэлээд байна вэ гэвэл хүн төрөлхтөн
байгалийн гаралтай бүтээгдэхүүнээ хэрэглэе гэдэг болсон байна. Байгалиа бохирдуулдаггүй,
унаган чанарыг нь хадгалдаг байя гэсэн үг. Энэ уриа бидний цөөхөн монголчуудад маш
сайхан таарч байгаа. Мал нь бэлчээрээс хамгийн сайн тэжээлтэй ургамал идэж байна.
Газрын хөрс бохирдоогүй. Манай улсад сонгино тарьсан ч хамаагүй гоё аагтай, шим
тэжээлтэй байдаг. Хөрсний шим тэжээл тийм өндөр байгаа юм. Энд ургуулсан хүнсний
бүтээгдэхүүнийг экспортод гаргая. АНУ-д байгалийн гаралтай, органик хүнсний ногоо
зардаг дэлгүүрүүд бий. Тэндхийн ногоо жирийн нэг супермаркетынхаас арав дахин өндөр
үнэтэй. Энд таарсан менежмэнтийг бид хийх ёстой. Тэгэхгүйгээр юм болгон дээр амарчлаад
төр засгаа хараад байж болохгүй. Төрөөр дамжуулж бизнес хийсний дүнд цөөн хэдэн
хүн жийп унадаг л болсон юм байгаа биз. Илүү гарсангүй. Зуун метр зам тавьсан болж,
цэцэрлэг барьсан болж улсын хөрөнгийг иддэг аргаа зогсоох ёстой.
Дээр нь манай дарга гадаадад очиж нүүрээ ширлэн мөнгөн гуйдгаа боль.
Эрх баригчид гадаад улсад айлчилж байгаа. Тэнд очоод мөнгө гуйхынхаа оронд танай
улсад үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээс миллиард ам.долларын бараа авъя гэж хэл. Тэд
өгье л гэж бодно. Дараа нь “Абэ ах аа, та нар ч гэсэн манайхаас миллиард ам.долларын
бараа авчих тэгэх үү. Бараагаа сонго. Бид үйлдвэрлэе” гэх ёстой. Ингэж чадвал бид
өдөр шөнөгүй ажиллаад хүзүүний ороолт, малгайгаа үйлдвэрлээд байж чадна. Ингэж тэгш
худалдааны бодлого баримтлах ёстой. Ийм л яриа хэлэлцээр дутагдаад байна.
-Ам.долларын хөөрөгдлийг зогсоох боломж бий юу?
-Хэзээ бид ажил хийж сурна тэр цагт ам.доллар буурна. Эдийн засгаа
алдагдалгүй, мөнгөн хуримтлалтай болгосон тэр цагт л ам.долларын ханш бууна. Тэгэхгүй
бол энэ өсөлт зогсохгүй. Өөр ямар боломж байгаа юм. Дахиад гаднаас зээл аваад ханшийг
нь буулгах уу. Өмнөх Засгийн газар ингэж л алдсан. Ам.долларын ханш өслөө гээд зээл
аваад байсан.
-Өмч хувьчлалаар төрийн өмчит долоон байгууллагыг хувьчилж төсвийн
орлогыг нэмэгдүүлэх болсон. Төр муу менежер нэрийн дор, бас эдийн засаг хүнд байгаа
гэх халхавчаар бага мөнгөөр хувьчлал гээд байх шиг байна?
-Цахилгаан түгээх газрууд хувьчлалд багтаж байгаа юм байна лээ. Иргэд
хувийн өмчтэй, хувьчлалтай болтол дэд бүтцийг төр өөрийн мэдэлдээ байлгах ёстой.
Тэрнээс наана дэд бүтцийг оролдож болохгүй. Тухайн байгууллагын үнийг галзууруулахгүйн
тулд төр хяналтдаа байлгах ёстой. Хувьд оччих юм бол цахилгаан, дулааны үнэ тэнгэрт
хадна. Тийм учраас авч идэхийн дон туссан хүмүүст хандаж хэлэхэд улс орны дэд бүтэцтэй
холбоотой байгууллагыг хувьчлахаа зогсоо. Үр хүүхдээ гэрэл гэгээгүй харанхуйд үлдээх
гээгүй л юм бол дэд бүтцээр тоглохоо боль. Төмөр зам, цахилгаан эрчим хүч, иргэний
нисэх гэсэн гурван салбарыг оролдож болохгүй. Төрийн мэдэлд байх ёстой. Гадны улсуудын
эрчим хүч, дэд бүтцийг төрийн байгууллагууд нь хянаж байдаг. Хувь, төрийн хэвшил
нь хувь нийлүүлээд үйл ажиллагааг нь сайжруулдаг. Манайх зуун хувь хувийн эзэмшилд
өгч болохгүй. Хариуцлагын тогтолцоо гэж юу ч үгүй болно. Дэд бүтэцтэй холбоотой
байгууллагуудыг хувьчилна гэж байгаа нь ёс суртахуунгүй, хариуцлагагүй байгаагийн
шинж.
-МАН Засгийн эрхийг барьснаас хойш ямархуу ажиллаж байгаа вэ. Яахав
дүгнэхэд эрт байж болох ч цаашдын бодлогын чиг, баримжааг нь анзаарч байгаа байлгүй?
-Хүн бүх зүйлийг мэдэх албагүй. Чадах байж ч болно. Бүр эсхүл боловсрол
нь хүрэхгүй байж болно. Хамгийн гол нь сэтгэл зүрхтэй байх ёстой. Чадах юмсан, болгох
юмсан, мэдэхгүй зүйлээ ойлгоод авчих юмсан гэсэн сэтгэл зүрхтэй байх хэрэгтэй. Уржигдар
хөнгөн үйлдвэрийн салбарынхан Төрийн ордонд уулзацгаасан. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан,
Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүд бидний саналыг сонссон юм. Би дарга, би Их хурлын
гишүүн гээд оволзоод, сагсагнаад байсангүй. Овоо хүн шиг сайхан сонсоод гарц шийдлийн
талаар илэн далангүй ярилцлаа. Тэр байдал нь таалагдаж байна. Салбар салбарын төлөөллийг
урьж уулзаж байгаа нь зөв. Уулзахаас гадна бодит амьдралтай өөрсдөө явж танилцах
ёстой. Үүнийхээ дараа улс орны амьдралыг яаж цэгцтэй болгох вэ гэдэг талаар бодлого
боловсруулж ажилла. Ингэж чадвал босгоход тийм ч хэцүү эдийн засаг биш шүү дээ.
Энийг л ойлгож ажиллах сэтгэл дутаад байна.