“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхантай ярилцлаа.
– Монгол Улс ажиллах хүчний хомсдолд орсон гээд байгаа. Та ажил олгогч хүний хувьд үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
– Ажиллах хүч биш. Боловсролтой, мэргэжилтэй, хувийн хөдөлмөрийн сахилга бат, хариуцлагатай ажилчны хомсдолд орсон Монгол Улс.
Монгол хүн Монголд байгаа юм уу гэж асуувал байгаа. Ажилгүй хүн бий юү гэвэл бас байгаа. Хавтгайдаа ажилгүй. Тэгэхээр сүүлийн 20 жил залуучуудад болсон болоогүй худлаа диплом өгсөн. Нийгмийн ухаан, сэтгүүлч, эрх зүйч ч гэдэг юм уу ингээд.
Санаа нь бол залуучууд конторт, оффист суугаад биеийн амрыг хараад сууж байх сонирхолтой. Тариа ногоогоо хураах гэхээр хүн олдохгүй. Хүнгүй болчихсон биш хүн байгаа. Ганцхан явах хүсэлтэй хүн байхгүй. Дээр нь сүүлийн хоёр жил карантин гээд маш их нийгмийн халамж тарааж өгсөн. Халамжаар хоолоо авч идчихээд ажил хийхгүй байна. Дараа нь манайх валютын хомсдолд орж байгаа. Валют байхгүй. Гэтэл Японоос маш их хэмжээний хуучин машин орж ирдэг.
Нөхдүүд баахан санхүү, хадгаламж зээлийн хоршооноос зээл авч унадаг болсон. Ингэснээр хуучин машины оронд бараг тэрбум гаруй доллар Япон руу гараад явчхаж байгаа юм. Дахиад тэрбум гаруй доллар машины сальярк, бензин гээд гараад явчхаж байна. Сальяркаар жаахан ажил хийж байна. Уул уурхай, тариа ногооны ажилд хэрэглэдэг.
Уралдаж юм зарна гэдэг чинь Монгол Улс бүх нөөц, хөрөнгө мөнгөө гадагшлуулна аа л гэсэн үг
Бензинээр юу ч хийхгүй байна. Бензинээр айл хэсээд дэмий тэнээд өдөржин энэ зам дээр нэг приус уначихсан зогсдог. Ингээд хамаг доллар чинь гадагшаа урсаж байна. Доллар байхгүй болоод ирэхээр долларын ханш өснө. Маш хурдтай. Хэрэв доллар 5,000 болчих юм бол юмны үнэ 2-3 дахин нэмэгдэнэ.
Өнөөдөр барааны хомсдолоос болоод Замын-Үүд дээр байгаа жолооч нар тээврийн хөлсийг 10 дахин өсгөсөн учраас аж үйлдвэрийн бараа, барилгын материал хоёр дахин өсөж байна. Ингээд хойно, хойноосоо өсөөд байдаг үйлдвэр, албан газарт ажил хийх хүн байхгүй болчихсон. Юу гэхээр бүгдээрээ тэтгэмжээр амьдарч байна. Бүгдээрээ зээлээр машин аваад уначхаж байна. Төлөхгүй ч байсан хамаагүй зээлээр машин аваад уначхаж байна. Үүнээс болоод ажил хийх хүн Монголд алга.
– Энэ байдал юунд хүргэх бол?
– Яваандаа юмны үнэ гурав дахин нэмэгдэхээр бүгдээрээ эдийн засгийн хямралд орно. 1990 онд ямар байсан тэр рүүгээ очно. 1990 онд дэлгүүрт нь юу ч байхгүй. Юун ажлын байр ажил ч байхгүй. Юун машин зээлээр авч унах тэр рүүгээ очно, ингээд яваад байвал. Түүний дараа буруутангаа хайж эхэлнэ. Тэгээд төр засаг руу буруугаа өгнө. Хэдэн үйлдвэр барьж ажил олгосон би буруутай болно.
Яг үнэндээ иргэн болгон хариуцлагатай байж чадаагүй учраас ийм байдалд орж байна. Ямар улс орон хөгжиж байгаа юм. Иргэн болгон нь хөгшин залуугүй ажил хийдэг, юм хийж байгаа улс орон л хөгждөг. Солонгос, Япон, Тайвань, Хятадыг хар. Яг ажил хийдэггүй залхуу улсууд Орос Монгол хоёр л байна. Зүгээр нэг аар саархан юм зарж байгаад баяжчих гээд л. Дээр дороо ороод л. Уралдаж юм зарна гэдэг чинь Монгол Улс бүх нөөц, хөрөнгө мөнгөө гадагшлуулна аа л гэсэн үг.
– Тэгэхээр нөгөө орос ах гэдэг тахин шүтэх үзэл нөлөөлөөд байна уу?
– Үгүй ээ, үгүй. Энэ зүгээр социализмын үеэс хүмүүсийг хариуцлагагүй болгочихсон. Өмнөөс нь дандаа төр бүх зүйлийг нь хийж өгсөөр байгаад сургачихсан. Одоо манайд бүх нийгмийн халамж төрийн нуруун дээр л явж байна шүү дээ. Уг нь нийгмийн халамжаасаа хагас хугасыг нь иргэн өөрийнхөө нуруун дээр үүрч явах ёстой юм. Гэтэл төрийн нуруун дээр л байгаа.
– Нэг талаас ажилгүйдэл ихэссэн ажлын байр бий болгоно гээд байдаг. Нөгөө талаас ажиллах хүчгүй болчихсон гээд байгаа. Энэ ойлгомжгүй логикийг та яаж тайлбарлах вэ?
– Одоо хуучных шиг захиргааны аргаар хүмүүсийг ажил хийлгэнэ гэвэл хэцүү.
Нэгдүгээрт, бүх нийтээрээ татвар төлөгч болох ёстой.
Хоёрдугаарт, гаднаас орж ирж байгаа бүх барааг татвартай болгох хэрэгтэй.
Хүмүүсийнхээ толгойг нь дэндүү их илж байна. Манайх шиг зүгээр сууж байгаад амьдардаг улс энэ дэлхий дээр өөр байхгүй
Татваргүй орж ирээд хамаг мөнгийг чинь гадагшлуулаад байна. Жишээлбэл, бензин. Бараг миллиард долларын бензин худалдаж авдаг. Тэрүүгээрээ юу хийж байна, айл хэсээд л дэмий тэнээд шатаагаад дуусаж байна. Өдөрт хэдэн доллар зам дээр шатаад байгаа юм бэ. Секунд тутамд бид хичнээн доллар шатаагаад байгаа юм. Бодох хэрэгтэй. Тийм учраас үүн дээр онцгой татвараа нэмэх хэрэгтэй.
Герман өнөөдөр өөрсдөө нефтьгүй шүү дээ. Бас импортолж оруулж ирээд өөрсдөө боловсруулаад бензин хийдэг. Гэхдээ онцгой татвар нь 60 хувь. Дээр нь хатуу спиртийн төрлийн ундаанд 100 хувь татвар тогтоох хэрэгтэй.
Тун яаралтай. Ногоо байхгүй болчихлоо гэж Засгийн газар руу орилж хашхирч байгаад ямар ч татваргүй вагон вагоноор ногоо оруулж ирж байна. Хүмүүсийнхээ толгойг нь дэндүү их илж байна. Манайх шиг зүгээр сууж байгаад амьдардаг улс энэ дэлхий дээр өөр байхгүй.
Хүмүүсийг албадаж ажиллуулна гэж байхгүй. Бүх зүйл төлбөртэй байх хэрэгтэй. Жишээлбэл, бүх их дээд сургуулиудыг яаралтай төлбөртэй болго. Орон нутгийн нэгдсэн төсвийг бас татвартай болго. Орон нутаг төсвөө бүсийнхээ малчид, тариачид, бизнес эрхлэгчдийнхээ татвараар бүрдүүлдэг болго. Энэ нь өөрөө хөдөлмөр эрхлэх хүмүүсийн үндсэн суурийг нь бэлдэж өгнө гэсэн үг.
Оюутнуудыг ногоонд яв, төмсөнд яв, тарианд яв гэхэд яваагүй шүү дээ. Явах хүн олдоогүй шүү дээ. Өдрийн 100 мянган төгрөг гэсэн байх шүү. Тэгээд байхад л явах хүн олдоогүй. Оюутнууд явахгүй байна. Энэ юуг харуулж байна гэхээр үнэгүй сурч байна. Тиймээс өндөр төлбөртэй ажилд явахгүй байна. Тэр сургууль, багш нарын зардлыг улсын төсвөөс л гаргаж өгч байгаа шүү дээ. Бидний татварын мөнгөөр. Яагаад оюутнууд үнэгүй сурах ёстой юм. Энэ буруу байхгүй юу. Тиймээс оюутнууд доод тал 20 сая, дээд тал нь 50 сая төгрөгийн төлбөртэй болох ёстой.
Сургуульд орохын тулд ажил хий. “Буян” компанид ажил хий. Тэгэнгээ сур л даа. Долоо хоногт 2-3 өдөр ажилла. Бусад хугацаанд нь сур. Өнөөдөр дэлхий нийтээрээ оюутнууд бүгд өндөр төлбөртэй сургуульд сурдаг. Европ, Америк, Канад ч байсан. Мөнгөө төлөөд л. Ганцхан тэд нар хичээлийн бус цагаараа мөнгө олдог. Манайд бол аав ээжийгээ дээрэмдэж сурдаг. Хоолоо, хувцсаа, байраа бүгдийг нь бэлдүүлдэг. Тиймээс түүнийг бодох хэрэгтэй.
– Гэтэл оюутнууд цагийн ажил олддоггүй, ажиллах боломж байдаггүй гээд байдаг шүү дээ?
– За худлаа ярьж байгаа юм. Гадаадад манай хүүхдүүд бүгд ажил хийгээд сураад болоод л байна. Баар клуб хэсээд дэмий тэнээд явахаар цаг олдоод байгаа биз дээ. Зунжингаа аав, ээждээ эрхлээд хот хөдөөгүй дэмий тэнэхээр цаг нартай болоод л байгаа биз дээ.
Оюутнууд ажиллах ажиллахгүй нь өөрсдийнх нь асуудал. Баян байж болно шүү дээ. Баян хүн чинь яах вэ дээ. Дэмий тэнэнгээ сураад, зугаалаад, дуртай зүйлээ хийгээд байж болно. Энэ хүний эрхийн асуудал.
Ганцхан зүйл байна. Чамд яагаад багш үнэгүй хичээл заах ёстой юм. Яагаад эмч нар үнэгүй чамайг эмчлэх ёстой юм. Өнөөдөр ченжүүд халаасандаа хэдэн төгрөгтэй байна. 100 сая. Гэтэл эмч нар ямар цалин авч байгаа вэ. 600-700 мянга л авч байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, 300 доллар. Өдөр шөнөгүй корона, карантин гээд зүтгэлээ шүү дээ. Энэ шударга юм уу. Яагаад үүнийг ярихгүй байгаа юм.
– Цалин бага, амьдралд хүрэлцдэггүй гээд ажил хийх сонирхолгүй байна уу?
– Тэр дараачийн асуудал.
Нэгдүгээр асуудал, Монгол Улсын иргэн болж төрсөн бол тэр хувь заяандаа эвлэр. Нэгэнтээ Америк, Канад, Английн иргэн болоогүйгээс л хойш. Монгол Улсын жилийн төсөв нь гуравхан миллиард доллар. Долларынх нь нөөц нь гуравхан миллиард. Гадаад өр нь 30 миллиард. Ийм л улсын иргэд шүү дээ.
Сүүлийн 20 жилийн дотор бий болгосон машин, зам харгуй, байшин барилга энэ бүх юм чинь нөгөө л 30 миллиард дотор чинь явж байгаа. Зээл авахгүй тэгээд яаж барих байсан юм. Тийм учраас бид ядуу улсын ядуу иргэн гэдгээ эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой.
Өнөөдөр Вьетнамын сарын дундаж цалин 50 доллар. Лаос, Камбож, Бирм энэ тэр. Энэтхэг бол бүр 20 доллар. Өөрсдийгөө баян Америктай зүйрлэхээ боль. Америкууд тэгвэл ямар гээч. Улсынх нь жилийн төсөв нь хэдэн зуун триллион доллар. 120 триллион доллар. Америкийн гадаад руу гардаг бараа нь бараг нэг сая төрлийнх. Оюуны болон бараа материал гаргадаг. Дэлхийн бүх компьютерууд Америкийн программ хангамж дээр суурилж байна.
бид ядуу улсын ядуу иргэн гэдгээ эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой
Америкийн интернэт сүлжээгээр амьдарч байна. Дэлхий нийтээрээ хэдэн зуун миллиард, триллион доллар олж байна. Манай хаана, юу байгаа юм бэ. Баян Америктай барьцалдаад данхалзаад байх шаардлага байхгүй шүү дээ. Эсвэл чаддаг юм бол тэр Америктаа очоод ажлаа хийгээд амьдраач дээ. Чадахгүй энд сургуульд орсон бол 20 сая төгрөгөө төл. Харин түүнийгээ төлөхийн тулд ажил хий. Хаагуур ажил хийхээ өөрсдөө мэд. Хийх дургүй байгаа бол боль. Заавал хүчлэхгүй.
Гэхдээ та сургуульд сурч байгаа бол үнэгүй сурахгүй. Бүх юм үнэтэй байх хэрэгтэй. Бүх нийтээрээ заавал эрүүл мэндийн даатгал төлдөг болох хэрэгтэй. Бүр улсаараа нийтээрээ. Тэр даатгалын сан эмч нарт үйлчилдэг. Эрүүл мэндийн салбарт зориулагддаг байх ёстой. Эмч нар сарын дундаж цалин 3-5 сая төгрөг авдаг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ янзаараа удахгүй бид эмч, сувилагчгүй болно. Дээр нь гадаадаас орж ирж байгаа бүх бараа бүтээгдэхүүний татварыг нэм. Хувцасны татвар нэм л дээ. Даавуу оруулж ирвэл татварыг нь багасга. Тэгвэл хувцас оёод мөнгө ол.
Хүнсний ногоо гаднаас оруулж ирж байна, татварыг нь тултал нь нэм. Тэгвэл яваад зун ногоо тарь. Яагаад болохгүй байгаа юм. Зүгээр нэг оффист суугаад компьютер ажиллуулаад фэйсбүүк, твиттерээр хов бичээд, гap утсаараа тоглоом тоглоод сууна гэж бодож байна уу. Болно оо. Дуртай зүйлээ хий. Гэхдээ бүх юм чинь төлбөртэй шүү гэдгийг ойлгож ав. Тэгэхээр хүссэн хүсээгүй яваад ажил хийнэ. Түүнээс одоо хүмүүсийг ажил хийгээд өгөөч, чи ингээч гэж гуйдгаа болих хэрэгтэй.
Хоёрдугаарт, цэцэрлэг яслийн хоолны мөнгийг төрөөс дааж байна. Үүнийг болих хэрэгтэй. Цэцэрлэгт хүүхдээ явуулъя гэж байгаа бол мөнгөө өг. Тэгж байж явуул. Мөнгөгүй бол өөрөө хүүхдээ хар. Өөрөө хүмүүжүүл. Би таван хүүхэд өсгөсөн. Бүгд гэртээ өссөн. Цэцэрлэг яслиар яваагүй. Тэгээд муудаагүй. Бүгд онц сурсан. Бүгд дээд сургуульд явж байна. Ядуу мөртлөө дандаа хүн ашиглах гэж. хүн зарж, хүнээс үнэгүй юм авч зүгээр сууж амьдрах гээд байдаг юм. Энэ хаанахын ёс вэ. Энэ асуудлыг шийдэж чадвал наад хүмүүсийнхээ ажил хийх хийхгүй тухай асуудлыг шийдэж чадна гэсэн үг. Энэ асуудлыг шийдэхгүй бол хүмүүсийг гуйгаад яриад ажил хийх хүн байхгүй. Тэр бол баталгаатай.
– Одоо хоёулаа эдийн засаг ярих уу. Ноолуурын үнэ хэдтэй байна. Олдоц хэр байна вэ?
– Нэгдүгээрт, бид ноолуур авахгүй. Ноолуур юу юм. Зүгээр л нэг оймс хувцас хийдэг түүхий эд шүү дээ. Монголд ноолууран цамц өмсөж байгаа хүн байна уу. Бараг байхгүй байх. Гадаадад тэрүүгээр чинь юу хийдэг юм. Хэдэн ноолууран цамц пальто, оймс л хийдэг биз дээ. Ноолуур эрдэнэс юм уу. Үгүй. Жил болгон л амьтнаас гарч байдаг түүхий эд. Тэгээд одоо ноолуурын үнийг зүгээр л хөөргөж болно гээд бодчихоон. Өнөөдөр 1 кг ноолуурыг 150 мянган төгрөгөөр аваад лав л манай компанид ямар ч ашиг байхгүй алдагдалтай. 30-40 хувийн. Тийм учраас бид авахгүй.
– Түүхий эдгүй яаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм бэ?
-Австралийн нарийн ноос оруулж ирдэг болсон. Ноолуураас нарийн ширхэгтэй. Ноолуурыг бодвол 1 кг угаагаад цэвэрлэсэн австрали хонины ноос 10 доллар. Энэ миний өмссөн цамц ноосоор хийсэн. Марина вүүл. Үүнийг өмсөхөөр хөөрөхгүй. Халуудахгүй. Ноолуурыг бүгчим агаартай өрөө тасалгаанд өмсөхөөр хөөрөөд удаан байж болдоггүй. Халуу оргиод. Манайхан маш буруу ойлголттой. Ноолуур гэхээр маш үнэтэй гэдэг. 1 кг ноосоор дөрвөн цамц хийнэ. 1 кг ноолуураар гурван цамц хийдэг.
– Тэгэхээр ширхэг нь бүдүүн байна гэсэн үг үү?
– Үгүй ээ. Ширхэг нь бүдүүн биш. Ноолуур хаягдал ихтэй. Нэг цамц хийгээд 150 доллароор зарна гэсэн үг. Ийм үнэтэй цамц авч өмсөх чадалтай хэдэн хүн гадуур алхаж байна.
Бид яадаг юм. Малчдын ноолуурыг аваад чанаж идэх үү. Манайх ийм л буруу ойлголттой. Австрали хонины ноосоор яг миний өмссөн шиг ийм цамц хийе. Өнгө үзэмж сайтай байгаа биз дээ. 1 кг австрали хонины ноосоор дөрвөн цамц хийнэ. Тэгэхээр түүхий эдэнд би нэг цамцанд 4 доллар зарж байгаа юм. Дахиад 5 доллар заръя. Үйлдвэрлэлийн зардал. Ингээд 10 доллароор хийгээд дөрвөн цамцаа 15 доллароор заръя.
Хэд вэ, 60 доллар. 150 мянгаар би гурван цамц зарах гэж зовох уу, дөрвөн цамц хийгээд 60 доллароор зарах зарах уу. Алийг нь хүн авах уу. Хямд чанартайг нь. Австрали хонины нарийн ноос бөөгнөрөхгүй. Амархан урагдахгүй. Хэлбэрээ алдахгүй.
Ноолуур бол хэцүү шүү дээ. 3-4 хоног өмсөөд бөөгнөрчихнө. Эсгийрээд. Дараа нь цэвэрлэж угаахад төвөгтэй. Агшина, сунана.
Ноолуурын 1 кг-ын өртөг нь 20-25 мянга л байх ёстой. Ганц оймс хэн 30 мянгаар авч өмсөх юм бэ. Бодоод үз дээ. Дэлхий хуучных шиг хүйтрэхээ болчихсон. Одоо чинь ихэнх газруудад бороо асгарч үер болоод байна. Ноолуурын хэрэглээ багассан. Энэ манай урдхан арьс ширний үйлдвэр бий.
Италийн технологиор болгар арьс ширний үйлдвэр гээд их том үйлдвэр барьсан. Үхрийн шир боловсруулдаг. Үйлдвэрээ болгар технологи тавиад ажиллуулах гэж байтал яасан гэхээр ченжүүд хятадууд үхрийн арьсыг 45 мянгаар авч байна гээд энэ үйлдвэрүүддээ өгөхгүй Хятад руу зөөж эхэлсэн, өдөр шөнөгүй машинаар. Нөгөө үйлдвэр нь 10 жил болсон. Ажилчид нь бүгдээрээ тэтгэвэрт гараад гадаадад явах нь явчихсан.
Ноолуурын 1 кг-ын өртөг нь 20-25 мянга л байх ёстой. Ганц оймс хэн 30 мянгаар авч өмсөх юм бэ.
Тэгээд үйлдвэрийн эзэн нь түгжээд орхичихсон байгаа. Өнөөдөр хятадууд үхрийн арьс авахаа больсон. Хаяж байгаа. Үхрийн арьс 5,000, хонины нэхий 1,000 төгрөг. Тун удахгүй ноолуур ч тийм болно. Үйлдвэрээ хөгжүүлэхгүй бол тийм л зүйл болдог байхгүй юу.
Бид хятадуудтай өрсөлдөж ноолуур авахаа больчихоор тэд хэнтэй өрсөлдөж авах юм. Хятадуудын мөнгө илүүдээ гарсан мөнгө үү. Өндөр үнээр ноолуур авч байдаг. Энэ бол зүгээр нэг жишээ. Тэгсэн хэрнээ хятадуудаа муулна. Муу хужаа гээд л. Үнэн хэрэгтээ хятадууддаа бүх юмаа аваачиж өгнө. Энийг хэн хийж байна, малчид ченжүүд хийж байгаа.
– Ковидын үеийн эдийн засгийн нөхцөл байдал хэр байв. Одоо дайн гарсан гээд байгаа. Энэ үеийн эдийн засаг хэр байна вэ?
– Үгүй ээ яах вэ дээ, одоо залхуу улсуудад зүгээр шүү дээ. Ажил хийхгүй амар. Ковидоор сайхан л байсан шүү дээ. Бүгд гэртээ махаа чанаж идээд л, архиа уугаад байж байсан биз дээ. Ажил өгөөч гээд хашхирч байгаа хүн байна уу, гадуур. Харин мөнгө өгөөч, хоол өгөөч гэж байгаа хүн зөндөө байгаа. Зүгээр сууж байгаад хоол идэх санаатай.
Монголчууд бид ингээд бахь байдгаараа байгаад байвал урагшаа биш арагшаа ухарсаар л байх болно.