Categories
мэдээ нийгэм

Б.Ичинхорлоо: Бороо орохоор архив дотроо усны гутлаа өмсөөд шалны алчуураа бариад ажилладаг

Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сангийн барилгыг шинэчлэх ажлыг зогсоох саналаа Ё.Баатарбилэг сайдыг эргэн харж, олон жил хүлээгдсэн уг шинэчлэлээ үргэлжлүүлэх хүсэлтээ уран бүтээлчид “Соёлын шинэчлэлийг дэмжье” хурлынхаа үеэр уламжиллаа.

70 жилийн нүүр үзэх гэж байгаа эдгээр байшингууд анх ашиглалтанд орсноосоо хойш нэг ч удаа их засвар хийгээгүй, цахилгаан, сантехник, шугам сүлжээ хийгдээгүй тул гамшгийн үнэлгээгээр “Ослын байдалтай” хэмээн дүгнэсэн байна.

Үндэсний төв номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Манай байшингууд хэзээ мөдгүй нурах, хүн эрсдэх аюултай болсон. Бид аль болох энэ бүхнийг тэвчиж, урсгал засвар хийж, өөрсдийн хэмжээгээр ажиллаж, бороо орохоор архив дотроо усны гутлаа өмсөөд шалны алчуураа бариад ажилладаг. Энэ дүгнэлт олон удаагийн судалгаагаар гарсан. Гэтэл соёлын өвд халдаж байна гэсэн олон нийтийн эсэргүүцлээс болж төсөл зогсохоор болж байгаа харамсаж байна. Олон нийт гаднаас хараад дүгнээд байх шиг байна. Тэр бол зөвхөн нүүрэн дээрээ наасан будаг” гэсэн юм.

Тиймдээ ч тус барилгуудыг гаднаас нь дүгнэх бус дотроос нь бодит байдлыг харж танилцуулахаар тус гурван байгууллага долоо хоногийн турш 10.00-12.00, 14.00-16.00 цагт иргэдэд нээлттэй байхаар болжээ.

Мөн хамгийн сүүлд 10-аад жилийн өмнө театрын барилгаа яаж шинэчлэх талаар Германы мэргэжлийн хүмүүсийг урьж, акт тогтоолгоход “Бүх тоосго хөгцөрч ялзарсан, суурь нь цав гараад энэ байшин тогтох үндэсгүй болсон байна. Засахад олон тэрбум төгрөг хэрэгтэй” гэсэн дүгнэлт гарч байсан талаар Төрийн соёрхолт Ардын жүжигчин Н.Сувд гуай хэлсэн юм.

М.Сайнзаяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *