Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатартай
ярилцлаа.
(өчигдөр) танай байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг
огцруулах эсэхийг хэлэлцэх байсан ч хойшиллоо. Даруйхан шийдээд явчихаж болохгүй
юм уу?
-Нэг хүнийг огцруулснаар бүх зүйл сайхан болчихдог бол түүн шиг сайхан
юм алга. Харамсалтай нь тэгдэггүй гэдгийг амьдрал өөрөө нотолчихсон. Байнгын хорооны
хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн ч МАН-ын
зүгээс огцруулахаар өргөн барьсан бичигт тусгагдсан саналуудыг тодруулах, баталгаажуулах
шаардлага байна гэж үзээд тодорхой хугацаагаар хойшлуулахаар боллоо. Үүнийг гишүүдийн
олонх дэмжсэнийг би хувьдаа зөв гэж үзэж байгаа. Нэгэнт огцруулна гэж байгаа бол
түүнийг нь баталгаажуулсан зүйлийг нүдээр харах хэрэгтэй байна. Тийм болохоор л
хойшилчихлоо.
-Таны
хувьд Засгийн газрыг цаашид тогтвортой ажиллах ёстой гэдэг дээр санал нэгдээд байна
гэж ойлгож болох нь ээ?
-Жаахан юм хийж байгаа хүнийг өөнтөглөх хандлага бий болчихсон. Н.Батбаяр
сайд алдаж онож байгаа ч гэсэн ажил хийж байгаа гэдэг нь тодорхой харагдаж байна.
Тийм болохоор тэд Батбаяр гэдэг хүнийг оролдоод байгаа юм.
-ҮХАА-н
сайдад нэр дэвшигчийг хамтарсан байнгын хороо дэмжчихлээ. УИХ-ын гишүүн Засгийн
газрын гишүүний албыг хавсран хашихаар болчих гээд байна даа. Та ямар байр суурьтай
байна вэ?
-Их хурлын гишүүний хувийн бодол гэхээсээ илүүтэй намын бүлгийн шийдвэр
чухал.
байдаг. Тиймээс бүлгийн шийдвэр хувь гишүүний шийдвэрээс үнэтэй байдаг тул би бүлгийн
шийдвэрийг дагаж байгаа.
Ш.Түвдэндорж гишүүн ах дүү нартайгаа ардчиллыг анхнаасаа дэмжиж явсан
хүн. Улс төрд ч олон жил болчихсон туршлагатай улс төрч. Сайдын албан тушаал гэдэг
улс төрийн томилгоо байдаг.
-Эдийн
засгийн байнгын хорооны даргатай уулзсаных эдийн засгийн нөхцөл байдлын талаар асуумаар
байна. Дээрдэх өнгө аяс харагдаж байна уу?
-Эдийн засгийн талаар хүмүүс янз бүрийн байр суурийг илэрхийлж байна.
Хөдөө орон нутагт эдийн засгийн нөхцөл байдал иргэдийн сэтгэл санааг зовоогоод байгаа
юм алга. Миний харж байгаагаар улс төрийн хүрээнд л эдийн засгийг хямарсан, хямраагүй,
дээшилсэн, доошилсон гэсэн тоглолтууд явагдаж байна. Энэ нь хот газрын хүмүүст цохилт
болж очдог. Манай орон үйлдвэрлэгч улс биш тул гаднаас ихэнх зүйлсээ авдаг. Тиймээс
валютын хэрэгцээ бий болох үед нь улс төрийн тоглолтууд хийгддэг л дээ. Эдийн засгийг
бүр сайжирчихсан гэж хэлэхгүй ч ажил хийх боломж хангалттай байгаа. Эдийн засгийг
сэргээх үү, үгүй юу гэдэг нь туршлагатай нам, улс төрчдөөс ихээхэн шалтгаална. Өөр
хэнээс ч шалтгаалахгүй.
-Эдийн
засгийг идэвхжүүлэх 100 хоног нэлээд явчихлаа. Үр дүн гарах янз нь хэр байна?
-Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг анх ярилцахдаа эдийн засгийг
идэвхжүүлэхэд хууль эрхзүйн талаас ийм өөрчлөлтүүд оруулъя гэж ярьсан. Хамгийн
гол нь богино хугацаанд эдийн засгийг сайжруулж болох зогсонги байдлаас гарах, идэвхжлийг
сэргээх, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг сэргээх, ялангуяа хөрөнгө оруулагчдын
итгэлийг нэмэгдүүлэх, эргэлзээг тайлах арга хэмжээ авъя гэсэн юм. Энэ давхар дээлийн
асуудал шиг болсон л доо. Сөрөг хүчин болон зарим нэг хүмүүс өлгөж аваад 100 хоногт
эдийн засгийг орвонгоор нь эргүүлэх гэж байна гэсэн ухуулга явуулаад байна. Сайн
үзэх юм бол үндэс сууриар нь өөрчлөх асуудлууд их байгаа. Үүнийгээ бид өөрчилж чадвал
хүссэн хүсээгүй эдийн засгийг эрүүлжүүлэх, бидний хүсэн хүлээсэн тийм нөхцөл бий
болно. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчдыг татах орчныг бүрдүүлэх нь чухал. Хүнд
хэцүү ч гэсэн эхний хуулийн төслүүд орж ирээд хэлэлцэгдээд явж байна. Ойрын үед
эдийн засаг сайжрах байх аа гэсэн хүлээлттэй байгаа. Бид ямар тусгаар тогтносон
улс гэдгээ ямагт санаж өөрсдөө эдийн засгаа сайжруулах тал дээр анхаарал хандуулах
ёстой. Улс төр хийж байгаа намууд ч гэсэн хэлж ярих үгэндээ нухацтай хандаж байх
хэрэгтэй. Эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцүүлэх
гэтэл өнөөдрийг хүртэл хэлэлцэж чадахгүй байна.
-Яагаад
ингэж цаг алдаад байгаа юм бэ?
-Энэ бол Ашигт малтмалын хуулиндаа бус улс төрийн хүрээнийхний тэмцлээс
болоод байна гэж хувьдаа онош тавиад байгаа. Хуулиндаа асуудал байхгүй юм байна
гэдэг нь өдөр ирэх бүр мэдрэгдээд байгаа юм. Ухаандаа улс төрийн намуудын доторх
ашиг сонирхлын зөрчлүүд нь хэтэрчихээд байна. Үүнээс болоод хуулийг гаргахгүйн тулд
ямар нэгэн байдлаар гацаах үйлдлүүд яваад байна л даа. Уг нь бүлгийн шийдвэр гарчихвал
цаашаа амархан явчихна. Гэтэл МАН өнөөдрийг хүртэл бүлэг дээрээ тохиролцож чадахгүй
байгаа нь харамсалтай.
-Гуравдугаар
сард та бид хоёр ярилцаж байхад “Зургадугаар сарын сүүлчээс ам.долларын ханш суларна”
гэдгийг хэлж байсан. Өнөөдөр гэтэл эсрэгээрээ л яваад байдаг…
-Тэгэхэд зургадугаар сард ам.долларын ханш тогтворжино гэж шууд
хэлээгүй шиг санагдаж байна. Харин сайн цаг ирнэ гэдэгт хариулт өгч байсан. Өнөөдөр
бид ч гэсэн хүлээлттэй байгаа. Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн
тухай хууль гэх мэт гол хуулиуддаа өөрчлөлтүүд хийж байгаа тул хөрөнгө оруулагчдын
итгэлийг буцааж сэргээх тал дээр анхааран ажиллаж байна. Харамсалтай нь тэр нь бидний
санасан хэмжээнд идэвхжиж өгөхгүй байна. Энэ нь олон удаагийн огцруулна гэсэн үйл
ажиллагаа, улс төрийн бодлогогүй тоглолтуудаас болоод байгааг хэлэх хэрэгтэй. Ийм
байдал нь нэг хэсэг хүмүүст ашигтай л байгаа байх. Олонхио дагахаар энэ нь тийм
ч сайн зүйл биш. Үнэхээр харамсалтай цаг үеүд өнгөрч байна. Манайх чинь гурван сараас
хойш бүтээн байгуулалтын бэлтгэлийг ханган ажлаа хийдэг. Гэтэл энэ үе дээр нь
байнга Засгийн газраар ороолдоод улс төр хийхдээ бизнес эрхлэгчдийн сэтгэл санааг
хувиргасан зүйл их явагдаж байгаа тул үл итгэсэн байдалтай өдийг хүрлээ. Улс төрийн
хүрээнийхэн хэдийд яаж тоглолт хийх вэ гэдгээ бодож байх шаардлагатай. Тэгэхгүй
бол улс орноо эвгүй байдал руу түлхээд байна. Ард түмний нэрийг барих дуртай улс
төрийн хүчинд таатай үзүүлэлт биш л дээ.
-Ам.долларын
ханш яах бол?
-Би ам.долларын ханшийг мэддэг хүн биш. Доллар гэдэг чинь гадны валют.
Үүнд хариулт өгөх Засгийн газрын гишүүн, Монголбанкныхан байгаа. Ерөнхийдөө төгрөгийн
ханш тогтвортой байж бараа бүтээгдэхүүний үнийг боломжийн хэмжээнд байлгахын тулд
ажиллаж байна. Ам.долларын ханшийг ярихдаа хүмүүс тоо л ярих юм. Энэ бол аль ч оронд
байдаг үзэгдэл. Манай орон гадны валютуудаас ам.долларыг онцолж үздэг бол төгрөгтэй
харьцах харьцааг олон жилийн дундажтай харьцуулж хараад явах ёстой. Энэ замаараа
л явж байгаа гэж ойлгодог. Манайхан өнөөдөр бүх зүйлийг ам.доллартай харьцуулж
бодоод байна. Доллар Америкийн мөнгөн тэмдэгт болохоос Монголын мөнгөн тэмдэгт биш.
Яагаад хүмүүс долларыг шүтэж, ганцхан доллар асуугаад байдгийг гайхдаг. Яагаад евро,
иен, рубль, юанийг асуудаггүй юм. Эдийн засаг хэдий хугацаанд дээшилнэ тэр хэмжээгээрээ
долларын ханш буурах л байх.
-Манай
орны нутгаар ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойн шугам тавих сураг гараад эхэллээ.
Энэ хэр ашигтай бол. Засгийн газар төмөр замын төслөө эргүүлэн татсанаас болж хэл
ам гарч байна?
-Хэвлэлүүд өөрсдийн байр суурийг илэрхийлээд эхэлчихлээ. Манай орны
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх мэт нөлөө бүхий албан тушаалтнууд хоёр хөрштэйгээ
богино хугацаанд уулзалтууд хийсэн. Цаашид гаднаас манайд хүмүүс ирэх төлөвтэй байна.
Хийн хоолой Монголоор дамжих гэх мэт асуудлууд яригдаж байгаа. Би хэвлэлээс л мэдээлэл
авсан. Төмөр замын салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичигт тодорхой заалт
л бий. Монгол Улсын төмөр замын сүлжээ өргөн царигтай. Голлох уул уурхайн бүтээгдэхүүн
экспортлох чиглэлийг тухай бүрт нь УИХ-аар оруулж шийднэ гэсэн заалттай. Энэ дагуу
ажил явагдах ёстой. Төмөр замын асуудал байнгын
хороогоор орж амжаагүй байхад засаг эргүүлэн татсан. Төмөр замын асуудлыг нэг тийш
шийдэх нь хийх ёстой ажлуудын нэг мөнөөсөө
мөн. Гэвч холбогдох яамд нь сонирхохгүй байгаа нь харагдаад байна. Нэг сайд,
төрийн нарийн бичгийн даргын үзэл бодлоос болоод бүхэл бүтэн улсын ажил гацаанд
орж байгаа нь буруу. Үүнийгээ ойлголцоод шийдэж чаддаггүй юм бол Их хурлаар оруулаад
шийдүүлэх боломж бий. Гэтэл үүнийг ашиглахгүйгээр нэг хэсэг нь өргөн барьж, нөгөө
нь тасалдаг байдал олон хүнийг эргэлзүүлж байгаа дүр төрх л байна.
-Хаврын
чуулганы хугацаанд дорвитой хууль батлахгүй байсан эдийн засгийг идэвхжүүлэх хүрээнд
гайгүй хэдэн хууль гарах нь гэсэн хүлээлт байна. МАН-ын зарим гишүүд Засгийн газрын
арга барсан үйлдэл нь 100 хоног гэсэн?
-МАН-ын тэгж хэлж байгаа нь үзэл бодлын зөрүүтэй намын үйлдэл л байхгүй
юу. Тэд өнгөрсөн хугацаанд юу хийсэн юм. Алдаатай бодлогуудаа баллуурдах арга нь
л болохоос сөрөг хүчний үгээр яваад байдаг зүйл байхгүй. Улс төрийн бүхэл бүтэн
үе солигдож байгаа энэ үе нь тодорхой хэмжээний хүндрэлүүдийг дагуулж байна. Үүн
дээр гайхшраад байх зүйлгүй. Аливаа ажлыг тухайн хүн яг салбарт нь ороод хийхээрээ
зовлонг нь мэдэрдэг. Түүн шиг Их хурал дээр ямар хүнд замыг туулж нэг хууль, тогтоолын
төсөл гардаг вэ гэдгийг жирийн хүмүүс ойлгоход бэрх.
-Гэхдээ
45 хоног Х.Тэмүүжин, Х.Баттулга сайдын асуудлыг хэлэлцсэн нь арай л хэтэрхий санагдаад
байгаа юм. Бүхэл бүтэн улс орон сайдын асуудалд хамаг хүчээ хаялаа шүү дээ?
-Ажил хийхэд садаа болж байгаа зүйл нь хэсэг байж байгаад сайд огцруулна
гэсэн бичиг оруулж ирж байгаа нь аюул тарж байна. Аливаа ажлыг ул суурьтай оруулж
ирэхгүй бол шоу хийж, хүмүүсийн анхаарлыг татах гэсэн үйлдэл хийгээд байгаа. Яг
үнэндээ тухайн сайдыг огцруулах хүсэл байгаа ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд шүү дээ.
Бондын асуудал яриад байгаа хэрнээ үнэн чанартаа
МАН-ын угшилтай томоохон бизнесмэнүүд л үүнийг чинь авч байгаа. Томоохон бүтээн
байгуулалтуудыг тэр хүмүүс хийж байгаа учраас яах аргагүй тэр л хүмүүсийг дэмжих
гэж яваа. Түүнээс биш АН-ын гарал угсаатай бизнесийнхэн байдаг ч энэ зээл тэдэнд
хүрэхгүй байна. Монполимет, МАК гэх мэт компаниуд бондын мөнгөнөөс хүртээд эхэлсэн.
Энэ бол улс төр биш. Харин Монгол Улсад хэрэгтэй бүтээн байгуулалт. Үйлдвэрлэлийн
ажлууд хийгдэж байгаа тул хэн байх нь хамаагүй дэмжих шаардлагатай. Ардын намынхан
бүх бурууг манайхан руу чихлээ гэдэг. Эргээд харахад тэд ч гэсэн бүх бурууг бидэнд
чихэж байгаа. Хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхаад яахав дээ.
-Эдийн
засгийн өршөөлийн хуулийг Засгийн газар боловсруулж байна. Хуульд ямар заалтууд
орох бол. Манай сэхээтний давхаргынхан цагаан захтны хэргээр аавын хаалга татсан.
Эдгээр хүмүүсийг хамруулах болов уу?
-Манай оронд иймэрхүү дүр төрх айхавтар харагдаж байна. Эрсдэлтэй
ч гэсэн жаахан юм хийх гэж байгаа хүмүүсийг барьж хорьдог, дарамталдаг. Тиймээс
эх орондоо хүртэл хэрэгтэй зүйл хийхээс хүмүүс айдаг болсон. Цаг төрийг ажиглаж
зүгээр суухыг илүүд үзэх болжээ. Энэ бүгдийг засаж залруулах зайлшгүй шаардлага
тулгараад байгаа нь үнэн. Хэсэг гишүүд Өршөөлийн хуулийг санаачилсан байсан тул
уг хуультай нэгтгээд хэлэлцэх нь зөв. Монголын
төр Монгол Улсынхаа иргэнийг өршөөж болох хэлбэрээр нь хууль гаргах нь зөв.
-Эдийн
засаг хэзээнээс гэрэл үзэх вэ. Манай орны зээлжих зэрэглэл буурснаас болов уу
эсхүл хэт улс төржилтөөс болоод гадныхан хөрөнгө оруулалтаа оруулахгүй байна уу?
-Нийтлэг байдлаар харвал утга учиргүй огцруулалтаас болсон эргэлзээ
одоо болтол үргэлжилж байна. Монголчуудыг олон улсад “Тогтворгүй төр засагтай, тогтворгүй
хууль тогтоомжтой” гэдэг болсон. Үүнээс болж эргэлзээ тайлагдахгүй байгаа. Харилцан
ашигтай хөрөнгөө оруулъя гэсэн олон хөрөнгө оруулагчид манайхныг онилсон хэвээрээ
байгаа гэдгийг хэлье.
-Сүүлийн
үед цахим сайтаар “Гарамгайбаатар гишүүний зам там болжээ. Олон осол гарч байна”
гэсэн мэдээлэл гарах боллоо. Үнэхээр тийм муу зам тавьчихсан юм уу?
-Хүн тухайн ажлыг хийж байж зовлонг нь мэддэг болохоос өөр хүн хөндлөнгөөс
нь хараад ойлгохгүй гэдгийг дахин хэлье.