Ардчилсан намын дэд дарга Б.Гарамгайбаатар Хөгжлийн банкны зээлийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хөгжлийн банк тойрсон асуудал сүүлийн хоногуудад ихээр яригдаж байна. АН ажлын хэсэг байгуулснаа хэлсэн. Үндсэн хуулиар бол хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. Мөн иргэн эрх, эрх чөлөөгөө эдлэх эрхтэй.
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмж нэмэх хуулийг өргөн бариагүй УИХ ээлжит бус чуулганыг зарласан нь хууль зөрчсөн үйлдэл. Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхдээ эх үүсвэрийг хаанаас олох вэ гэдэг асуудлыг хөндөж эхэлсэн. Ерөнхийдөө Хөгжлийн банкны асуудлыг улс төр рүү оруулж ирж байна гэж ойлгосон.
Ингэх нь хэнд хэрэгтэй вэ гэдгийг бодоосой. Хөгжлийн банктай холбоотой асуудлыг гүйцэтгэх захирал нь анх олон нийтэд цацсан. Гэтэл тухайн банк төлөөлөн удирдах зөвлөлтэй. Энэ зөвлөлийг Засгийн газраас томилдог бөгөөд хараат бус дөрвөн гишүүнтэй. Нийтээрээ хэлэлцсэн эсэх нь эргэлзээтэй байдлаар 26 аж ахуйн нэгжийн нэрийг зарлалаа. Нэгээс бусад нь 2017 оноос хойш зээл авсан хүмүүс байна.
Сүүлийн үед зээл, төсөл, Засгийн газрын захиалгат ажлыг хийсэн санхүүжилтийг бүгдийг нь холиод зээл гэдэг утгаар мэдээлэл цацаад эхэлсэн. Энэ нь Монгол Улсыг саарал жагсаалтад орох нөхцөл дахин бүрдүүллээ гэж үзэж байна. Эрх баригчдын бодлогогүй үйлдлээс болж эдийн засагт дахин хар толбо бий болох гэж байна.
Олон түмэнд нэр хүнд олох гэж буруу мэдээлэл цацах нь хортой. Мэдээллийн үнэн эх сурвалжийг нарийвчилж тогтоох нь чухал. Бондын зөвлөл гэж байхад ажиллаж байсан хүний хувьд дээрх асуудлыг анхааруулмаар байна.
АН-ын нэр бүхий хүмүүсийн нэр төрийг энэ үйл явдалдаа татан оролцуулж, улс төрийн зорилгоор ашиглаж байгаа бол манай нам тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллана” гэлээ.