Categories
мэдээ цаг-үе

Б.Гантиг: LIBRA-г цахим доллар гээд ойлгочихож болно

Bitmonex компанийн гүйцэтгэх захирал Б.Гантигтай ирэх онд Фэйсбүүкээс нэвтрүүлэх цахим мөнгөний талаар ярилцлаа. Фэйсбүүк блокчэйн дээр суурилсан либра хэмээх цахим мөнгө гаргана гэдгээ мэдэгдээд байгаа юм.


-Фэйсбүүк либра цахим мөнгийг 2020 онд хэрэглээнд нэвтрүүлнэ гэж байна. Хэрэгжих магадлал хэчнээн хувьтай бол?

-Фэйсбүүкийн хувьд сүүлийн хоёр жилийн турш валют гаргана гэсэн яриа яваад байсан. Гэхдээ сая л албан ёсоор зарлалаа. 2020 оны эхээр гаргана гэсэн төлөвлөгөөгөөрөө гаргачих байх. Либра фэйсбүүк платформын алсын харааных нь нэг хэсэг болов уу. Фэйсбүүкийн хувьд эхлээд зүгээр нэг сошиал, хүмүүс хоорондын харилцаа байсан бол одоо бидний амьдралын нэг хэсэг болчихсон. Хятадууд we-chat гэх мэтээр Азийн орнууд өөр өөрийн платформыг ашигладаг бол монголчууд фэйсбүүк идэвхтэй хэрэглэгчид. Дэлхий дээр 1.7 тэрбум хүн банкны үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн тооцоолол гарсан. Либра энэ тооцоолол дээр гарч ирэх гэж байна л даа. Үүнээс гадна банкны үйлчилгээтэй байсан ч хүн болгон банкны данс нээж чаддаггүй гэсэн асуудал бий. Фэйсбүүк хүн болгон данстай байх ёстой, банкин дээр паспортоо барьж очоод гэрээ хийгээд данс нээх шаардлагагүй, онлайнаар нэг кноп дарахад данстай болох боломжтой гэж үзэж байна л даа. Улс хооронд мөнгө шилжүүлэхэд маш бага хугацаанд маш бага зардлаар үйлчлүүлэх боломжтой байх ёстой гэсэн санаа үүний ард бий.Монголд арав хорин мянган хүн биткойн яриад оролдоод явдаг байх. Харин либра ороод ирвэл монголчуудын хоёр сая хэрэглэгчийн арван хувь нь хэрэглээд эхлэхэд л биткойн юу ч биш болно. Фэйсбүүк дээр онлайн бараагаа зардаг компаниуд зах дээр очоод либрагаар бараа авдаг болно гэсэн үг. Фэйсбүүкийн тухайд либра дээр улс орнуудаас байгууллагууд багтсан нэгдэл байгуулна, эхний зардлыг нь гаргаад 2020 оноос тусад гаргана гэж байгаа юм билээ.

-Олон улсын банк санхүүгийн томчууд либрагаас болгоомжилж байна л даа. Сүүлд гэхэд Bank of England-н тэргүүн “Хүүхдүүд хөөрхөн юм бодох юм. Ажил хэрэг болж манай санхүүгийн системд орохыг нь харъя л даа” гэж егөөдсөн дуулдсан. Ийм эсэргүүцэл либрагийн ирээдүйд нөлөөлөх болов уу?

-Нөгөө талд либраг дэмжих хэсэг бий. Мастер картаас эхлээд eBay, PayPal, Uber, Lyft, Spotify гэх мэт технологийн компианиуд либрад хамтарсан.Харин нэг ч банктай хамтарч ажиллахгүй байгаа. Тэгэхээр либраийн гол санаа бол уламжлалт банкийг орлоно. Банкны гүйгээний шимтгэлүүд гээд өдөр тутам хэрэглэдэг зүйлсийг байхгүй болгоно. Миний бодлоор фэйсбүүк яваандаа бидний хэрэглэдэг паспорт шиг л юм болно. Нэг дэлхий, нэг мөнгө гэчихээр Европын банкууд Францад шууд эсэргүүцнэ. Эсэргүүцлээ гээд үр дүнгүй. Биткойныг гэхэд өнөөдөр яаж ч чадахгүй байна. Фэйсбүүкийн либра биткойн шиг эзэнгүй, задгай биш. Ардаа компанитай болохоор хууль эрх зүйн орчиноо дагаад явах байх. Өөр нэг өнцөг бий. Либраг Францад хаалаа гээд Монголд хаана гэсэн үг биш. Монголд бол миний бодлоор явж л таарах байх. Монгол шиг улсууд либраг түлхүү хэрэглэнэ.

-Яагаад?

-Манай улсын хувьд банк санхүүгийн хөгжлөөр хойно юм шиг хэрнээ технологиороо хурдтай хөгжөөд байна. Жишээлбэл, Америкийн санхүүгийн технологийн системээс манайх хэд дахин хурдан явж байгаа. Lend.mn зэрэг хэдэн төлбөрийн аппликейшнүүд, mongol chat ,E barimt- ийн систем манайд амжилттай яваа. Ийм зүйлс жижигхэн улсад маш хурдтай хэрэглээнд нэвтэрдэг онцлог байна л даа. Үүнээс гадна манай улс ийм зүйлсийг хурдтай хүлээж авдаг онцлогтой. Ингээд харахаар либра Монголд нэвтрэхэд ямар нэг асуудал бэрхшээл үүсэхгүй.

-Фэйсбүүк хэрэглэгчид либраг яг яаж ашиглах тухай энгийнээр тайлбарлаж өгөөч..?

-Энгийнээр хэлбэл крипто валюттай ижилхэн болов уу. Тэгэхээр улс болгонд нэг хариуцагч байгууллага байж таарна. Учир нь нэг либра валют нэг доллартай тэнцэнэ гэж байгаа. Тэгэхээр доллараар баталгаажна, бүр тодруулбал доллар нөөцлөх асуудал яригдах байх. Биткойн, алт нөөцөлж ч магадгүй. Үнэ цэнэтэй зүйл нөөцлөөд нэг либра нэг доллартай тэнцэнэ гэсэн хатуу ханштай явах байх. Нэг доллараа нэг либра болгохын тулд бодит доллараа нэг газар хийх ёстой болно. Тэгэхээр ямар нэг хөрвүүлэгч арилжаа байж таарах болов уу.

-Либра гарч ирснээр фэйсбүүк төлбөртэй болох нь гэсэн яриа дэгдэж байна. Энэ хэр бодитой яриа вэ?

-Фэйсбүүк хэзээ ч төлбөртэй болохгүй. Фэйсбүүк хаагдана гэсэн шуум гарсантай л ижил зүйл. манайхны нэг шуум яваад байдаг. Фэйсбүүк төлбөртэй болно гэвэл утгаа алдана. Фэйсбүүк хангалттай мөнгө хийж байгаа компани. Хоёр тэрбум хэрэглэгчтэй фэйсбүүкийн зах зээлийг авъя гэсэн бодолтой компианууд улс болгонд бий. Жишээ нь, Монголд Солонгосын хөрөнгө оруулалттай сошиал платформууд орж ирэх гэж үзэж байна. Тэгэхээр Фэйсбүүк төлбөртэй болно гэдэг ор яриа.

-Фейсбүүк LIBRA-г ямар зорилгоор нэвтрүүлэх гээд байгаа юм бол?

-Либра бол ашгийн бус. Биткойны ханш өсдөг бол либрагийнх өсөхгүй. Нэг доллар дээр баригдана. Өнгөрсөн жил Фэйсбүүк хувийн мэдээллийг дураараа ашиглаад байна гэсэн асуудалд орсныг олон хүн санаж байгаа байх. Хүний хувийн мэдээллийг хадгалах ёстой байтал түүнийгээ ашиглаж, компаниудад зарах, зар сурталчилгааны хэрэгсэл болгосон гэж Фэйсбүүкийг буруутгасан. Фэйсбүүк хэрэглэгчид либра ашиглаад эхэлбэл Фэйсбүүк ийм хардлагаас сална. Мөнгөгүй гүйлгээн дээр мөнгө угаалтын эсрэг олон улсын хуулийн дагуу өөрийгөө таниулах зүйлээ заавал хийх ёстой. Жишээ нь хүн рүү мөнгө шилжүүлэхэд өөрийгөө баталж байж явуулах хэрэг гарна. Фэйсбүүкээр либра шилжүүлэх болвол Фэйсбүүк тухайн хүнээс гэрийн хаяг мэдээллүүдийг нь шаардах ёстой. Гэхдээ энэ бол миний л таамаг шүү.

-Либраг блокчейн дээр суурилж гаргана гэж байгаа. Тэгэхээр Фэйсбүүк технологийн асуудлаа бүрэн шийдсэн гэсэн үг үү?

-Блокчейний хамгийн том асуудал нь биткойн дээр байдаг ачааллын асуудлаа шийдэж чадахгүй байна. Биткойн 13000 хүрч асар их гүйлгээнүүд хийгдээд эхлэхээр гүйлгээгээ шилжүүлж амжихгүй удаан болоод байгаа тал бий. Жишээ нь, ид ачааллын үеэр би хэн нэг хүн рүү нэг биткойн явуулахад шимтгэлийг нь өндөр төлж байж хурдан явуулна. Шимтгэлийг нь төлөхгүй бол удааширдаг. Блокчейнд ийм асуудал байдаг. Энэ асуудлыг одоо болтол шийдэж чадахгүй байгаа. Харин Фэйсбүүк бол үүнийг шийдсэн.

-Либра гарчихвал банкууд шахагдаад эхлэх нь ээ?

-Ер нь тэгнэ. Дэлхий дээр хил гаалиас хамаарахгүйгээр мөнгөн гүйлгээ хийдэг болох шийдэл болно. Жишээ нь, Америкийн нэг компианаас бараа худалдаж авахад шууд либра явуулаад авах боломж бүрдэнэ гэсэн үг. Либраг цахим доллар гээд ойлгочихож болно.

-Танайх Америкийн BITREX компанитай гэрээ байгуулж цахим мөнгөний арилжаан дээр ажиллаж байгаа гэв үү?

-Америкийн BITREX компанийг монголчилбол цахим мөнгөний бирж гэсэн үг. Нэлээн олон жил ажиллаж байгаа, нэр хүндтэй технологийн багтай компани байгаа юм. Монголчууд анх эдэнд хандаж биткойноо авдаг байсан. Саяхан төв дээр нь очиж уулзаад хамтарч ажиллах гэрээ хийлээ. Монголдоо нэг томоохон банктай хамтарч байна. Цахим мөнгөний төлбөрийг хэрэглэгчдэд аль болох хялбар болгохын төлөө ажиллаж байгаа. Энэ сардаа багтааж нэвтрүүлнэ. Хүмүүс биткойн худалдаж авахдаа манайх руу орж ирээд авбал олон улсын ханшаар авах боломжтой. Монголд ийм үйлчилгээ өнөөхөндөө байхгүй.

-Биткойны ханш хэд хүрээд байна?

-Энэ оны эхээр 3000 руу орсон одоо 13000 хүрсэн. Энэ бол маш сайн өсөлт. Манайхан ч биткойны арилжааны чиглэлд туршлага суусан байна. 2017 огцом өсөхөд нь шуурсан бол энэ жилийн хувьд харьцангуй өөр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *