Categories
мэдээ цаг-үе

Б.Эрдэнэбаяр: Пянзыг маш анхааралтай төвлөрч сонсох ёстой

Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн “World music” галерейн захирал Б.Эрдэнэбаяртай ярилцлаа. Тус галерей нь Монголд анх удаа дэлхийн дуу хөгжмийн түүх болоод өв соёлыг дэлгэрүүлэх, шүтэн бишрэгч, цуглуулагч болон хүүхэд залуучуудын оюуны боловсролд хувь нэмэр оруулах зорилгоор байгуулагджээ.


-Танайд зарах пянз байгаа юу?

-Одоогоор зарах пянз байхгүй.

-Шилэн хоргонд буй Монголын анхны пянзнууд нүдэнд тусч байна шүү?

-1933 онд цогцоороо 10 пянз гарсан юм.

-Арвуулаа байгаа юу?

-Арвуулаа байгаа.

-Пянзны музей, галерей байгуулна гэхээр яалт ч үгүй нөр их хөдөлмөр, олон жилийн эрэл хайгуул, асар их зүтгэл, сэтгэл орсон ажил байх нь дамжиггүй?

-Манай галерейн үзмэр хоёр хүний цуглуулгаас бүрдсэн байхгүй юу.

-Хэн, хэн бэ?

-Д.Батбилэг гэж Орхон аймгийн зураач, цуглуулагч хүн. Тэр хүн Англид арав гаруй жил амьдрах хугацаандаа энд байгаа гадаадын пянзнуудыг бүгдийг нь цуглуулж ирсэн. Гадаадын пянзыг цуглуулахдаа захын нэг дэлгүүрт ороод дурын нэг пянзаа аваад байгаагүй. Тухайн үедээ хит болж байсан хамтлагуудын Чартад хамгийн олон хоног тэргүүлсэн бэст пянзных нь серийн дугаараар нь хөөгөөд эх хувийг нь хайсан байгаа юм.

-Энэ галерейн пянзнууд тэгээд тэр чигээрээ эх хувь нь байх нь ээ?

-Дандаа эх хувь нь. 1963, 1990, 1987 оны хэвлэлт гэвэл яг тэр оны хэвлэлтээрээ. Тэр оргиналь хувиудыг хуучны зах, дэлгүүрүүд болон хуучин эд юмсын худалдаа энд тэнд гэнэт зарлагдахад тэнд нь очиж эрж хайж олж авсан үзмэрүүд юм.

-Нөгөө хүн нь хэн билээ?

-Цуглуулагч С.Түвдэндорж гэж хүн бий. Тэр хүн Монгол талын пянзнуудыг цуглуулсан. Бас арван хэдэн жилийн турш цуглуулсан пянзнууд нь. Цуглуулгаа арвижуулахын тулд айл, албан байгууллага гээд яваагүй, очоогүй газар байхгүй. 1933 оны пянзыг цуглуулахын тулд Орос руу явж нэг, хоёрхон ширхэгийг олж ирсэн юм билээ.

-Ганцхан пянзны төлөө шүү дээ, тийм ээ?

-Тийм. Тэгж явсан гэсэн.

-Тэгвэл хамгийн их эрэл хайгуул болж, ихээхэн цаг хугацаа зарцуулж олсон пянз гэвэл?

-Бүх пянзыг олоход хэцүү. 1934 оны найман пянз, 1933 оны арван пянз бий. Эд нар чинь бүгдээрээ байж байж маш их үнэтэй болно. 1933 оны пянз энд тэнд хүмүүст ганц нэгээр л байдаг. Түүнээс биш ингэж бөөнөөр нь цуглуулсан нь үгүй. Ингэж цуглуулна гэдэг боломжгүй л юм билээ.

-Пянз яг ямар гайхамшигтай болоод хүмүүс ингэж цаг зав, эд хөрөнгөө зарцуулан байж цуглуулаад байдаг юм бэ. Дуугаралтад нь хамаг нууц нь байна уу. Шалтгаан нь?

-Дижитал болоод аналог дуугаралтад ялгаа гэж байна л даа. Дижитал дуугаралт бол хуурцаг буюу кассетаар эхэлсэн. Дараа нь компакт диск, MP3 гарч ирсэн. Пянзыг бидний үеийнхэн бол шидэж тоглож, дугуйгаа чимэглэдэг байсан шүү дээ. Бидний үеэс л пянзны соёл тасарчихсан байхгүй юу. Яагаад вэ гэвэл манайх хамгийн сүүлд 1984 онд пянз хэвлэсэн юм билээ. Дараа нь Төрийн соёрхолт Б.Шарав гуайн II симфони Орост 1988 онд бичигдсэн. Тэр пянз нь манай галерейд байна (Уг пянзыг заав.сурв). Хамгийн сүүлд энэ пянз Монголд орж ирээд үүнээс хойш манай пянзны хөгжил зогсчихсон юм. Кассет ч хүч түрээд ороод ирсэн л дээ. Дижитал дуугаралтыг бид их сонсч байна. Цэвэр сонсогддог, чихэвчээр дуу сонсоцгоодог. Дижитал гэдэг чинь цифр. Бид цифр сонсоод яваад байдгаа мэддэггүй юм байна. Пянз гэдэг юм чинь дижиталыг бодвол байгаа бүх шумыг тэр чигээр нь, байгаагаар нь буулгаж авдаг.

-Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн пянзанд бичүүлсэн “Гоолингоо” дууг хүмүүс санаж байгаа байх.

…Зүүдээ нойрны минь дотроосоо

Зүрхний минь Гоолингоо нь ээ

Үзэгдээд л байх юм аа гэж эхэлдэг шүү дээ. Дуулж байхад дэргэдэх хүмүүсийн яриа, элдэв шум шуугьж орж ирдэг?

-Дижитал гэдэг юм чинь өөрөө компьютер гэсэн үг шүү дээ. Тийм болохоор амьд хүний хоолойноос гарч байгаа давтамж, хэлбэлзэл, шилжилтүүдийг бүтэн бичиж авч чаддаггүй юм байна л даа. Яагаад вэ гэвэл компьютер шүү дээ. Тэгээд алдаатай бичээд байдаг. Өөрөөр хэлбэл мэдээлэл алдагдаад байна гэсэн үг. Тэгж алдагдаад байгааг бидний чих ч мэдэхгүй. Гэтэл пянз тэр чигт нь буулгаж авдаг учир сонсохоор илүү баялаг, дуучны дуу хоолойг цэвэр сонсоод байдаг юм. Тэгээд л хүмүүс пянзыг тухайн дуучин хүнтэй нь холбож өгдөг гэж яриад байдаг нь тэр юм. Хүмүүс яагаад пянзыг эргэн сонирхох болов гэхээр бид сүүлийн хорь гаруй жил сошиал гэж их явлаа. Одоо олон юм буцаж эргэж байна. Органик бүтээгдэхүүн хэрэглэх болж хүн бүр йогоор хичээллэж зөв амьдрах гээд л тэмүүлэх болж байна. Үүний нэг давалгаа нь амьд хөгжим, пянз сонсох гэсэн тэмүүлэл яваад байгаа юм.

-Ийм галерей нээгдсэнийг дуулаад холоос зорьж ирж байгаа хүн байна уу?

-Нэг хүн ирсэн. Тэр хүнээс “Манай галерейн мэдээллийг хаанаас авав” гэтэл “Дархан хотоос ирлээ” гэж байгаа байхгүй юу. Нээлтэд оролцох гээд зориод ирсэн байсан. Манайх нээлтээ хийгээд хоёр л хонож байна.

-Үзмэрүүдийнхээ тоог ойролцоогоор хэлж болох уу?

-Нийт үзмэрийн сан гэвэл зөвхөн пянзаар ярихад 3000 байна. Гэхдээ энд дэлгэн тавьчихсан байгаа үзмэрүүд нийт үзмэрийн 40 хувь нь. Д.Батбилэг, С.Түвдэндорж гэж хоёр хүний цуглуулгыг аваад миний бие хоёр найзтайгаа хамтраад энэ галерейг бий болгоод ажиллуулж байна. Цуглуулагч цуглуулгаа гэртээ л хадгалдаг. Өөрөө хардаг. Найзуудаа дуудаж ирж хамт сонсоно. Үхмэл хөрөнгө шиг л байдаг. Харин тэр бүгдийг дэлгээд галерей болгох ёстой.

-Пянз худалдаж аваад сонсохоос урьтаж пянзны соёлоос суралцсан байх ёстой болов уу. Бие даасан том соёл биз дээ?

-Пянз гэдэг чинь зүгээр нэг юм руу шургуулчихдаг эд биш. Хүн өөрөө хүрдэг, дуугаа өөрөө тавьдаг. Энэ болгоноос хүн өөрөө таашаал, мэдрэмж авдаг. Сонсохдоо маш анхааралтай төвлөрч сонсох ёстой. Энэ бүхнийг залуучууд ойлгох хэрэгтэй. Нэг үеэ бодвол пянзыг залуучууд сонирхдог болоод ирж байна. Тийм болохоор пянзны дэлгүүрүүд ч шинээр нээгдээд, лоунж хүртэл байх жишээний. Зөвхөн пянзны ая тавьдаг жааз кафе ч нээгдчихсэн байна. Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр ах биднийг их дэмжиж, сошиалаар ихэд уриалж байна. Энэ галерейн гадаадын пянзнуудыг цуглуулсан Д.Батбилэг гэдэг хүн чинь миний аав л даа. Аав минь 2012 онд Монголд ирсэн юм. Ирсэн даруйдаа Соёлын төв өргөөний галерейд том үзэсгэлэн гаргасан. Тэр үед 800 гаруй метр квадрат талбайг бид битүү пянзаар дүүргэж байсан юм. Энэ нь тухайн үед пянз гэдэг юмны тухай байхгүй болчихсон байсан ойлголтыг цочоосон гэж хэлж болно. Тэр үеэс л С.Цогтбаяр ах аавтай уулзаад ерөөсөө пянзны соёлыг сэргээе гэж ярилцсан. Энэ бүхэн ерөөсөө тэндээс л эхлэлтэй юм. Танд пянз сонсгоё, “Хэнтийн өндөр ууланд”(Пянз тоглуулав.сурв).

-Танай галерейд зочлохыг хүсч байгаа хүмүүст хаягаа зааж өгвөл?

-МУБИС-иас урагшаа явдаг Буянгийн зам гэж бий, хүмүүсийн мэддэгээр. Энэ замын доод үзүүрт байрлах “Юнион бюлдинг” оффисын Б блокийн тавдугаар давхарт манай галерей бий. Бидэнтэй 94202419, 95001612 гэсэн хоёр утсаар холбогдож болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *