Categories
мэдээ нийгэм

Б.Эрдэнэбатын өмгөөлөгч Н.Цэцэгмаа: “Номин”-гийн Ш.Баярсайханы өмгөөлөгч О.Батсүх намайг үндэслэлгүй гүтгэж, хуулийг уландаа гишгэж байна DNN.mn


“Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат “Номин холдинг” компанийн захирал Ш.Баярсайханаас 20 тэрбум төгрөг залилсан гэх хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа билээ. Ш.Баярсайханы өмгөөлөгч О.Батсүх өнгөрсөн пүрэв гаригт АТГ-т хандаж, “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат өмгөөлөгч Н.Цэцэгмаагаар дамжуулан хуулийн байгууллагынханд нөлөөлж, авлига өгсөн хэмээн шалгуулахаар хандаж байгаагаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм. Мэдээллийн тэнцвэртэй байдлын үүднээс Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаатай ярилцлаа.


-Эрэл компанийн захирал Б.Эрдэнэбат “Номин холдинг” компанийн захирал Ш.Баярсайханаас 20 тэрбум төгрөг залилсан гэх хэрэг хуулийн байгууллагад шалгагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хэрэгтэй холбоотой байсхийгээд л таны нэр хэвлэлээр гарах юм. Үнэхээр өмгөөлөгч хүн хуулийн байгууллагад нөлөөлөөд байгаа хэрэг үү. Ер нь энэ хэрэг шийдвэрлэгдсэн үү?

-Юуны өмнө миний үйлчлүүлэгчдэд холбогдох эрүүгийн хэрэг одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Би О.Батсүх өмгөөлөгчийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгсөн ярилцлага болон мэдээллүүдийг нь олж харсан. Тэр мэдээлэл дээр О.Батсүх өмгөөлөгч Н.Цэцэгмаа намайг олон жил прокуророор ажилласан, хэргийн шийдвэрлэлтэнд нөлөөлж байгаа, бүр авлига өгч шийдвэрлүүлж байна гэж хардаж байгаа талаараа АТГ-т хандаж гомдол гаргаж байна гэж ярьсан. О.Батсүх нь хэргийн оролцогчийн хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч аливаа нэгэн хуулийн байгууллагад хандаж, гомдол гаргах эрхтэй. Хардах ч эрхтэй. Гэхдээ энэ хүн өмгөөлөгч хүний хувьд Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрэм, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт, зарчмуудыг баримталж ажиллах ёстой. Гэтэл эдгээр хуулийн холбогдох заалтуудыг уландаа гишгэж, адилхан өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа намайг хардах нэрийн дор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэлээ.

Би 2014 оны гуравдугаар сард прокурорын байгууллагаас өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн хүн. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн тухайн үед хүчинтэй байсан 30 дугаар заалтын дагуу хуульчийнхаа хувьд Улсын дээд шүүхэд хандаж, шүүхэд төлөөлөх эрхээ авсан. Энэ хуулийн зохицуулалтаар прокуророор ажиллаж байсан хүн өмгөөллийн үйл ажиллагааг шууд явуулахыг хориглоогүй байсан. Би өмгөөллийн эрхээ аваад өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлснээс хойш 8 жил 8 сарын хугацаа өнгөрч байна.

2019 онд батлагдсан Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2-т зааснаар үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг хөндсөн маргаан бүхий шийдвэрийг гаргах эрх бүхий ажил, албан тушаал эрхэлж байсан бөгөөд түүнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрөөгүй бол өмгөөллийн үйл ажиллагаа явуулахыг хориглох заалттай болсон. Гэтэл хуулийн энэ заалтыг О.Батсүх өмгөөлөгч мушгин гуйвуулж, намайг дөнгөж сая прокурорын албан тушаалаас чөлөөлөгдөөд шууд хууль зөрчөөд өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан мэт ойлголтыг олон нийтэд төрүүлэхээр мэдээлэл хийлээ.

-Та энэ хэрэгт хэзээнээс өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн юм бэ. О.Батсүх өмгөөлөгчийн ярьснаар таныг хэргийн дундаас орж ирээд өөрийн талд шийдүүлж байгаа мэтээр ойлгогдоод байна?

-Өмгөөлөгч О.Батсүх танай сонинд өгсөн ярилцлагадаа “Шалгагдаж байгаа хүн нь өмгөөлөгчөөрөө Нийслэлийн прокурорын газарт олон жил прокурор хийсэн, удирдах албан тушаал хашиж байсан хүнийг авсан. Энэ хүн өмгөөлөгчөөр орж ирснээс хойш энэ хэрэг удааширч байгаа. Магадгүй хэргийг хянаж байгаа прокурор хуулийнханд хууль бусаар нөлөөлж, авлига зуучилж хэргийг замхруулж болзошгүй” гэж ярьсан байсан. Ер нь бол өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан мэдээллүүдийг харахад намайг хэрэг шүүхээс буцаж ирснээс хойш өмгөөлөгчөөр оролцож, прокуроруудад нөлөөлж, авлига зуучилж хэргийг шийдвэрлүүлэхгүй байгаа мэтээр гүтгэсэн. Би өмгөөлөгчийн хувьд ёс зүйн дүрмээ баримтлаад хэрэг шийдвэрлэгдээгүй байгаа учраас аливаа нэгэн байдлаар тайлбар хийх, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх, хуулийн байгууллагад хандах зэрэг асуудлыг гаргахгүйгээр тэвчээртэй харсаар өнөөдрийг хүрлээ.

Би үйлчлүүлэгчидтэйгээ 2020 оны 5 дугаар сард буюу хэргийг анхан шатны шүүхэд очсон байсан үед өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, шүүх дээр хэргийн материалтай танилцаж байлаа. Улмаар 2020 оны наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хуралдсан анхан шатны шүүх хуралдаанд бусад хоёр өмгөөлөгчийн хамтаар оролцсон. Үүнээс хойш Давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхэд мөн л бусад өмгөөлөгч нарын хамт гомдол бичиж, шүүх хуралдаануудад оролцож ирсэн нь шүүхийн тогтоол магадлалуудаас харагдана. Иймд хэрэг буцсанаас хойш намайг өмгөөлөгчөөр орж, нөлөөлж авлигал зуучилж хэргийг удаашруулж байгаа гэсэн нь цэвэр гүтгэлэг би үзэж байна.

Би дээр хүн хардах эрхтэй гэж хэлсэн. Гэхдээ хардалт нэрийн дор бусдыг гүтгэж болохгүй. Ялангуяа хуульч, өмгөөлөгч хүн ийм үйлдэл гаргаад явж байгаад маш их харамсч байна. Ер нь О.Батсүх өмгөөлөгч болон түүний үйлчлүүлэгчийн удаа хэвлэлээр гаргаж байгаа мэдээлэл, үйлдэл нь зөвхөн өмгөөлөгч миний эрхэнд халдаад зогсохгүй хуулийн байгууллага, тэр тусмаа Прокурорын байгууллагын тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.4-т заасан хараат бус, бие даасан байх прокурорын үйл ажиллагааны зарчмыг зөрчиж прокурорын байгууллагаас гарах аливаа шийдвэрт хууль бусаар нөлөөлөх оролдлого, нөгөөтэйгүүр дарамт шахалт ч гэж харж болно.

Өмнө нь яг энэ асуудлаар О.Батсүх өмгөөлөгчийн үйлчлүүлэгчийн зүгээс АТГ-т хандаж шалгуулсан юм билээ. Энэ талаар би хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа мэдээллүүдээс олж харснаар уг асуудлыг АТГ шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж, прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдэрлэсэн гэж ойлгосон. Нэг асуудлаар ингэж өөр, өөр хүний зүгээс гомдол гаргаж байгаа нь харин ч хэргийг удаашруулах, прокуророос гарах шийдвэрт нөлөөлөх оролдлого хийж байгаа юм шиг харагдаж байна.

-Гол нь өмгөөлөгч хуульч хүн авлига өгсөн, зуучилсан тухай яриад байгаа. Энэ нь ноцтой сонсогдож, олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Та энэ тал дээр тайлбар хийгээч?

-Би хуульчийн хувьд ёс зүйтэй, өмгөөлөгчийн хувьд өмгөөллийн үйл ажиллагаандаа Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмээ баримталж ажилладаг. Би ганцхан энэ хэрэг дээр ажиллаагүй. Надад бусдаас мөнгө аваад, мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа төрийн албан хаагчдад авлига болгож зуучилж өгөөд явж байх ёс зүй огт байхгүй. Энэ нь миний өмнө нь прокуророор ажиллаж байсан цаг хугацаанд нэгэнт төлөвшсөн зарчим, зан үйл. Гэтэл намайг ингэж гүтгэж, удаа дараа нэр төрд маань халдаж байгаа нь сэтгэл санаа, амгалан тайван байдал, үйлчлүүлэгчдэдээ өгөх итгэл, ажлын нэр хүнд, тэр байтугай ар гэр, үр хүүхдүүдэд маань хүртэл дарамт шахалт болж байна.

-Тэгвэл та О.Батсүх өмгөөлөгчийг хууль зөрчиж байна гэж хэлж байна уу?

-О.Батсүх Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.12-т заасан үйлчлүүлэгч болон бусад этгээдийн хууль бус шаардлагыг биелүүлэхээс татгалзах эрхтэй. Гэвч тэрээр хууль бус үйлдэл гаргаж Өмгөөллийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан ….хэн боловч өмгөөлөгч хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэхэд нь дарамт шахалт үзүүлэх, саад учруулах, заналхийлэх, бусад байдлаар хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчиж намайг гүтгэж дарамт шахалт үзүүлж байна гэж ойлгож байна.

Аливаа зүйлд хэмжээ хязгаар бий. Би дээр хэлсэнчлэн хоёр сар гаруй тэсвэртэй хүлээцтэй хандсан. Одоо би О.Батсүх өмгөөлөгчийн ёс зүйн асуудлаар Хуульчдын холбооны Ёс зүйн хороо, Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн ёс зүйн хороонд хандаж гомдол гаргана. Цаашлаад цагдаагийн байгууллагад гомдол гаргана. Нэр төрөө сэргээлгэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *