Categories
мэдээ цаг-үе

Б.Эрдэнэбат: Улсын хэмжээнд ургацынхаа 80 хувийг алдах нь тодорхой болчихлоо

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Танай холбооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал болсон гэж дууллаа. Ургац хэцүүхэн байгаа талаар ярьцгаав уу?

-Манай холбооны Удирдах зөвлөлийн хурал долдугаар сарын 21-нд боллоо. Газар тариалангийн нөхцөл байдлын талаар, үүсээд буй ган гачигтай холбоотой асуудлаар нэгтгэсэн мэдээнүүдээ эцсийн байдлаар авлаа. Энэ жилийн хувьд газар тариалангийн салбарт асар хүнд цохилт боллоо. Сүүлийн 35 жил болоогүй ган гачиг болсон байна. Сэлэнгэ мөрөн хүртэл хоёр метр доошилчихсон байх жишээтэй. Сэлэнгэ мөрнөөр өмдөө шууж байгаад л гараад явчихаж байна. Настайчууд хэлж байна л даа. Ийм ган гачиг үзээгүй гэж. Зүгээр нэг ган биш онцгой нөхцөл байдал үүсчээ гэцгээж байна.

-Улсын хэмжээнд ургацынхаа хэчнээн хувийг алдчихаад байна?

-Ная орчим хувиа алдчихсан. Ямар ч найдвар байхгүй.

-Цочирдмоор тоо байна. Иймдээ тулчихаад байхад засгийн түвшинд дуугүй суумааргүй санагдах юм…?

-Үүн дээр төр засаг ямар арга хэмжээ авахаа ярих цаг болсон. Байдал ямар байгааг эртхэн зарлах хэрэгтэй. Ер нь улс болгон маш хурдан хугацаанд хэцүү байгаагаа зарладаг. ОХУ гэхэд зургадугаар сарын аравдаар ургацынхаа 25 хувийг алдлаа гэж зарласан. Хятад ч ялгаагүй зарласан. Гэтэл өнөөдрийг хүртэл манай улсын хариуцсан яам нь таг дуугүй сууж байна. Гантай, гэхдээ бороо орж эхэлсэн учраас сэргэнэ гэцгээж байна л даа. Амны бэлгээс ашдын бэлгэ, битгий муу амла гэсэн улс л байна. Үнэн хэрэгтээ аргацаасан л яриа.

-Наадмаас хойш багагүй хур орж байгаа. Сэргэх найдвар үнэхээр алга уу?

-Бодит байдал дээр үнэхээр хүнд байгаа. Сэргэх найдвар байхгүй.

-Тэгээд яагаад мэдээлэхгүй таг чиг байгаа юм бол?

-Энэ яриа үнэн эсэхийг газар дээр нь үзүүлэхэд асуудал байхгүй. Телевизийнхэн лав эхнээсээ байдлыг газар дээрээс нь хүргэхээр явсан дуулдсан.

-Ургац гайгүй авчихаар хэсэг хаагуур байна?

-Үнэнийг хэлэхэд зүүн бүсийн, Халх голын хэдэн сумд жаахан тариатай байна. Булганы арын хэсэг бага зэрэг, Сэлэнгийн хойд буюу Зэлтэр, Хүдэр гэсэн хэсгээр хоосонгүй. Төв аймаг маш хүнд байгаа. Сая дурдсан газраас өөр тариа авчихаар хэсэг алга.

-Яамнаас комисс гараад ажиллахгүй бол болохгүй нь дээ?

-Зүгээр нэг комисс биш, бүр онцгой байдлын комисс гаргаж яг ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй байна.

-Тариаланчид хэчнээн төгрөгөө газар булаад алдчихаж байна вэ. Танай холбооноос тооцоо гаргаж үзэв үү?

-Техник худалдан авалтын зардлыг оруулахгүйгээр зөвхөн бордоо, түлш, цалин гээд урсгал зардлыг тооцоход л 150 тэрбум төгрөгийг хөрсөнд хийчихсэн байна. Булганы Хутаг-Өндөр сумаас эхлээд тарьсан талбайдаа уринш хийгээд эхэлчихлээ. Юу ч авахгүй нь гээд ирэх жилдээ бэлдэж эхэлсэн гэсэн үг.

-Үүлэнд нөлөөлж бороо оруулаад ургацаа авч үлдэх боломж байгаагүй хэрэг үү?

-Орчин үед ган гачгийг бууруулахын тулд дэлхий нийтээрээ үүлэнд нөлөөлөх байдлаар бороо оруулах технологийг ашиглаж байгаа. Тариаланчид болон холбооныхон яаманд өвөлжингөө хэлсэн. Тодорхой төсөв тавиач, үүлэнд нөлөөлөх буу, сумаа эртхэн бэлдэж нөөцлөөч, сүүлийн зургаа долоон жил сайхан ургац авлаа, мөчлөгтэй учраас энэ жил ган болно гэж өчнөөн сануулсан. Гэвч яам дорвитой арга хэмжээ аваагүй. Маш хариуцлагагүй хандсан. Төсөв, мөнгө хэцүү гэсээр байгаад таарсан. Хавар Дорнодод гарсан түймэрт байгаа сумныхаа бараг 80 хувийг зарцуулсан. Тэнд үүлэнд нөлөөлж бороо оруулсан юм. Үлдсэн сумнуудаа бүр болохоо байлаа гээд зургадугаар сарын сүүлээр тариалангийн бүс нутгууд руу татсан. Харамсалтай нь тавдугаар сар, зургадугаар сарын эхийн их хэмжээний масс үүлийг алдсан. Яг манайтай адилхан гантай Орос, Хятад хоёр ургацынхаа 20-25 хувийг алдаж байна. Гэтэл манайх 80 хувиа алдаж байна гэдэг бодох л асуудал.

-Үүлэнд нөлөөлөөд бороо оруулж эхэлсэн юм байна. Тэгээд ч үр дүнгээ өгөхгүй нь үү?

-Сүүлийн үед үүлэнд нөлөөлж бороо оруулаад байна л даа. Гэхдээ энэ ажлыг мэргэжлийн хүмүүс хийх учиртай. Салхины чиг энэ тэрээ маш зөв тооцоолохгүй бол үр дүнгүй болчихдог. Сүүлд гэхэд Төв аймагт үүл буудахад Улаанбаатарт бороо орох жишээний. Мэргэжлийн компани, мэргэжлийн хүмүүст нь даатгаж өгмөөр байна.

-Хэн дуртай нь үүл буудаж үр дүнгүй газар бороо оруулаад байгаа гэсэн үг үү?

-Өмнө нь байсан хүмүүсийг тэр чигт нь сольсон. Одоо бол маш хариуцлагагүй улс буудаж байна. Салхины чиг гэдэг чинь их нарийн эд юм билээ.

-Тариа ургах боломжтой хугацаа ер нь хэдийд байдаг вэ. Хэзээ бороо оруулсан бол ургацаа алдахгүй аваад үлдэх боломж байв?

-Зургадугаар сарын эхний арав хоногт орсон бол боломж байсан. Бутлалтын үедээ гэсэн үг л дээ. Тариад,соёолоод, бутлаад, гол хатгаад, түрийлнэ гэж ярьдаг. Хамгийн их анхаарах хугацаа нь бутлалтын үе. Бутлалтынх нь үед бороо ороогүй.

-Таны ярианаас анзаарахад салбарын чинь яам нэлээд сэтгэлгүй ажиллажээ дээ?

-Шуудхан хэлэхэд тийм. Тариаг тархиндаа ургуул гэдэг. Ний нуугүй хэлэхэд тариаг эхлээд Хүнс, хөдөө аж ахуйн яаман дээр ургуулмаар байна. Тариаланчид Хүнс, хөдөө аж ахуйн яамандаа өнгөрсөн хавраас л сануулсан. Ган гачиг болдгоороо болно, улсын хэмжээний хэрэглээний тооцоо, авах үнээ гаргаад, захиалгаа өгөөч гэж хэлсэн. Ганц улаанбуудай ч биш малын тэжээлээс эхлээд тарьж болох зөндөө зүйл бий. Яг юу нь хэчнээн хэмжээгээр хэрэгтэй байгаа талаар захиалгаа өгөх хэрэгтэй. Сэлгээний ургамал гэдэг газар тариаланд хэрэгтэй эд. Гэтэл Хүнс, хөдөө аж ахуйн яам үүнд огт анхаараагүй.

-Ган гачиг болох нь, бороо оруулахгүй л бол хэцүүднэ гэж хэлэхээр яамнаас ямар хариу өгч байсан бэ?

-Төсөв мөнгө ярина. Ган гачиг болох мөчлөг нь ирсэн гэхээр “Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Та нар битгий муу юм яриад бай” гэдэг.

-Тариаланчид лав л хаврын тариалалт хүртэл буудайгаа борлуулж чадахгүй байна гэцгээсэн. Тэгэхээр буудайн нөөц байгаа гэж ойлгож болох уу?

-Түрүү жил буудай маш их байсан нь үнэн. 17 жилийн түүхэнд аваагүй өндөр ургац хураасан. Яамандаа “Аж ахуйн нэгжүүдэд байгаа буудайг улсын нөөцөнд авчихвал алсдаа хэрэгтэй” гэж хэлсэн. Том гүрнүүд шиг дөрөв, таваар нь байг гэхэд ядаж нэг жилийн нөөцтэй байх учиртай. Гэтэл яам тоогоогүй. Нөөцгүй улс ямар байдгийг хүмүүс энэ намар л мэдэрнэ. Эхнээсээ ийш тийшээ буудай, гуриланд явж байна. Түрүү жил аж ахуйн нэгжүүдэд байсан буудай спирт рүү явсан. Жар, далан мянган тонн буудайтай байснаа спиртийнхэнд зарсан нь үнэн. Гэтэл өнөөдөр Тариалан дэмжих санд 30-хан мянган тонн буудай бий. Монголын нэг сарын л хэрэгцээ. Ядаж зуун мянган тонныг нөөцөлсөн бол энэ жилийн ургацтай залгаад гал алдчихгүй байсан. Нөөцгүйн үр дагаврыг энэ намар үзнэ. Ямар ч байсан гурилын үнэ өснө. Буудайны гарц муудсан, 80 хувиа алдсан учраас өсөх нь тодорхой. Ийм хүндрэл үүссэнийг төр засаг хэлэхгүй байна.

-Улсын хэмжээнд ийм их хувиар ургац алдчихаар дараа жилийн тариалалт, ирэх өдрүүдийн нөөц гээд өчнөөн асуудал гарах нь дээ. Хэцүү байдлаас гарахын тулд Засгийн газар, салбарынхаа яаманд тариаланчдын зүгээс ямар санал тавья гэж бодож байна?

-Өмнө нь гаргалгаа гаргаж асуудлыг шийдсэн тохиолдол бий. Тариаланчдын газар булаад шатаж байгаа 150 тэрбум төгрөг бол бүгд банкны өр. Банкны үндсэн зээлийг тодорхой хугацаанд хойш нь тавиад хүүгийн алдагдлыг нь улсаас өгч газар тариалангийн салбараа авч үлдсэн түүх байгаа. 2001, 2002 оны гангийн үеэр зээл хойшлуулах аргаар тариаланчдаа аварч байсан. Зээлийн хүүгийн дарамтаас хамтарч байж л гарна. Монгол банкны зүгээс оролцох болов уу гэж найдаж байна.

-Зээлийг чинь хойшлуулж, хүүг чинь төлж чадахгүй гэвэл яах вэ?

-Төр засгаас ингэж чадахгүй гээд орхивол олон компани элгээрээ хэвтэнэ. Ирэх жил хэн тариа тарих вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тариа тарина гэдэг хэн дуртай хүний хийдэг ажил биш. Асар их хөрөнгө оруулалт, туршлага шаарддаг. Газар тариалангийн салбарт олон мянган хүний ажлын байр бий. Салбар нь унавал хэчнээн мянган хүн ажилгүй болно. Ганц тариа тарьдаг компани ч биш, түлшний, сэлбэг нийлүүлдэг гээд өчнөөн компани дагаад унах эрсдэлтэй. Ийм байдалд хүрчихсэн. Ноцтойгийн ноцтой байдал үүссэн гэдгийг л хэлмээр байна.

-Тариаланчдын тарьсан тариаг яаж ч ашиглах боломжгүй болчихсон уу?

-Тариа хэнзэрнэ гэж ярьдаг юм даа. Хэнзрээд, оройтоод гараад ирдэг юм. Үр суухгүй. Гэхдээ ногоон масс бэлдэж болно. Малын тэжээл гэсэн үг. Малын тэжээл бэлдэхийн тулд тодорхой хэмжээний техник хүч, хөрөнгө зардал хэрэгтэй. Төр засгаас тодорхой зардал мөнгө гаргаад ядаж малын тэжээл болгочихмоор байгаа юм. Яаманд санал тавьсан. Тариа тарьсан энэ их талбай уринш болох гээд байна, уринш болгохгүйгээр, тариагүй боллоо ч ядаж малтайгаа үлдэх боломжоо ашиглаач гэж байгаа. Хамтраад тэжээл бэлдье гэсэн. Гэхдээ тэжээл бэлдэхийн тулд бидэнд зардал байхгүй гэдгээ ч хэлсэн. Наймдугаар сарын 15 гэхэд улсын ургацын комисс гардаг юм. Цаг алдалгүй хуралдаж шийдвэр гаргах хэрэгтэй байгаа. Бичин жил ирнэ, хавар нь айхтар гэж ярьдаг. Ядаж малаа авч үлдэх хэрэгтэй л дээ. Яамнаас одоогоор ямар ч хариу алга байна.

-Хэрвээ засгаас анхаарч ургац авахааргүй болсон талбайгаас малын тэжээл бэлдвэл тариаланчдад бага ч гэсэн мөнгө орж ирэх нь ээ?

-Мөнгө ч бараг олохгүй дээ. Тариаланчдын хувьд бүх юм өнгөрсөн. Нэгэнт ургац авахгүй талбайгаас сайхан ногоон масс хураагаад аваасай л гэж бодож байна. Саяны борооноор бэлчээр жаахан сэргэсэн ч малд махан тарга өгөхгүй. Өөхөн тарга л өгөх өвс. Хадлан авах газар алга. Тэгэхээр байгаа тариагаа тэжээл болгоё гэвэл тариаланчид үгүй гэхгүй. Нэгэнт алдчихсан юм чинь. Дэм дэмэндээ явах нэг ийм хувилбар бий.

-Байдал хэцүүдчихлээ шүү гэж Засгийн газарт албан ёсоор хандсан уу?

-Яам руугаа байнга л хандаж байна. Бэлгэгүй юм ярилаа, сайн сайхан юм бод гэсэн юм л өөдөөс ярьдаг. Тариаг эхлээд яаман дээр ургуулах хэрэгтэй байна гэдгийн учир энэ. Энэ жилийн тариа тарьсан газар бол түрүү жилийн уриншилж өнжөөсөн газар. Талбайгаа өнжүүлэхийн тулд хор цацахаас эхлээд маш их зардал гаргадаг. Энэ жил дахиад уринш болгож өнжөөж байна гэсэн үг. Тэгэхээр зардал нь хоёр дахин нэмэгдэж таарна аа даа. Хоёр жил дараалаад уринш хийсэн гэсэн үг. Гурав дахь жилдээ буюу ирэх онд тэр талбайд тариа ургуулахаар нэг тонн буудайны үнэ хэд болох вэ. Зардал нь хоёр дахин нэмэгдсэн учраас буудайны үнэ маш өндөр гарна. Буудайгаа тохиролцоод зарах гэхээр яамнаас импортоор хямдхан буудай оруулж ирээд өгчихдөг. Ийм үед нийгэм биднийг яаж ойлгох нь тодорхой. Тариаланчид гэж шуналтай улс, дэлхийд ийм хямд байхад илүү үнээр өгөх гээд байна гэж хардаг. Угтаа бид ийм л хэцүү амьдралтай улс. Нэг жил 80 хувийн ургац алдчихаар дараа жил тариалан сэхэхэд хэцүү байдаг. Хүүгийн дарамтаас эхлээд өчнөөн алдагдалд ордог. Аажмаар, дөрөв, таван жил тогтвортой ургац авбал арай гайгүй болно. Тэгээд зургаа дахь жилд нь гангийн циклтэй.

-Усалгаатай тариалан л хөгжүүлмээр юм байна даа?

-Санал нэг байна. Монгол гол мөрөн ихтэй. Гол мөрний эрэг дагасан тариан талбай ихтэй. Гадагшаа гараад явчихдаг мөрнүүдийн усаа хөрсөнд нь шингээж авч үлдэх хэрэгтэй. Усалгаатай тариа гэдэг бол тогтвортой, баталгаатай. Монгол улсын хэмжээнд ядаж 50 мянган га талбай усалгаатай байсан бол бид огт өөр юм яриад суух байсан. Сүүлийн гурав, дөрвөн жил усалгаатай тариалан шиг хэрэггүй юм байхаа больсон. Усалгаатай тариалан эрхэлдэг улсаас усны төлбөр гэж дааж давшгүй их мөнгө нэхдэг. Ингээд бүгд татвар дээр асуудалтай болсон.

-Циклээрээ ган болсон гэж та хэллээ. Ирэх жил яах бол, гангийн давтамж гэж байх уу?

-Гангийн давтамж гэж бий. Хоёроос гурван жил гэж ярьдаг. Ирэх жил хүнд байна. Тийм учраас тариалангийн компаниуд тарилтаа их хэмжээгээр багасгана.

-Танай компани хаагуур тариа тарьсан бэ. Ургацаа алдчихсан уу, эсвэл жаахан ч гэсэн юм авах нь уу?

-Манайх Сэлэнгэ аймгийн Сант суманд 2000 га-д тариалсан. Хуурайшилт хамгийн өндөр байсан сумдын нэг гэхээр байдал ямархуу гэдэг нь ойлгомжтой байх.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *