Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхболд: Согтуу жолоочид хүлээлгэх хариуцлагыг чангалах асуудал яригддаг ч одоогоор өөрчлөлт ороогүй байна DNN.mn


Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байгаа талаар ТЦА-наас онцолж байна. Энэ сарын 02-ны өдөр л гэхэд согтуугаар автомашин жолоодсон 54 зөрчлийг ТЦА-ны алба хаагчид илрүүлжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргах тохиолдол ч түгээмэл байгааг сэрэмжлүүлж байгаа юм. Энэ өдрүүдэд цахимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 10 сая төгрөгөөр торгох, төлөөгүй тохиолдолд 2 жилийн хугацаанд албан ажил хийлгэх тухай мэдээлэл явж байгаа. Энэ асуудлын хүрээнд ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, ахмад Б.Энхболдоос тодруулга авлаа.


-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолоочид ямар шийтгэл оноож байна вэ. Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөний дүрэмд нэмэлт өөрчлөлт орсон гэв үү?

-УИХ-ын 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр баталсан “Зөрчлийн тухай” хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэ хуулийн 14.7 дугаар зүйлд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих гэсэн хэсэгт өнөөдрийн байдлаар ямар нэгэн нэмэлт өөрчлөлт ороогүй бөгөөд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог чангатгах асуудал тогтмол яригддаг. Гэхдээ одоогоор өөрчлөлт ороогүй байна.

-Хүлээлгэж байгаа хариуцлагын тухайд тодруулахгүй юу?

-Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог. Мөн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Ямар зөрчил гаргасан тохиолдолд баривчлах шийтгэл оноож байна вэ?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ийм зохицуулалт бий. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна. Өнөөдөр энэ заалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Мөн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх зохицуулалт бий.

Үүнээс гадна согтуурсан, мансуурсан үедээ юм уу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *