Categories
мэдээ цаг-үе

Б.Энхбаяр: Хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг барагдуулах нь Эрүүгийн шинэ хуулийн чухал ололт

Өнгөрөгч долоо хоногт УИХ-аас Эрүүгийн хуулийг баталсан билээ. Уг хуулийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа.


-УИХ-аар Эрүүгийн хуулийг баталлаа. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байхад гишүүдийн зүгээс багагүй шүүмжлэл хэлж байлаа. Эрүүгийн хууль хүний эрхийг зөрчсөн ч гэж байна. Таныхаар Эрүүгийн шинэ хууль ямархуу онцлогтой бол?

-Эрүүгийн хууль материаллаг хууль. Ямар үйлдлийг гэмт хэрэгт тооцох вэ, тэрэнд ямар шийтгэл ногдуулах вэ гэдгийг л зохицуулдаг. Монголын төрөөс гэмт хэрэгтэй тэмцэх бодлогоо Эрүүгийн хуулиар дамжуулан тодорхойлж байгаа. Шинээр батлагдсан Эрүүгийн хууль хоёр гол онцлогтой. Нэгдүгээрт, авлига, албан тушаал, эдийн засгийн гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийн бодлогыг эрс чангалсан. Үндсэндээ энэ төрлийн гэмт хэрэгтэй хайр найргүй тэмцэнэ гэдгийг шинэ Засгийн газар, УИХ хэлж өглөө.

-Яаж?

-Одоо хүчин төгөлдөр Эрүүгийн хуулиар албан тушаалаа урвуулсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж улсад хохирол учруулсан гэмт хэрэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлснээс дээш хохирол шаарддаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянга гээд тооцохоор 12 сая төгрөгөөс дээш хохиролтой гэмт үйлдлийг л гэмт хэрэгт тооцдог, тэр хэмжээнд хохирол учруулаагүй бол гэмт хэрэгт тооцдоггүй байсан. Харин шинэ Эрүүгийн хуулиар татвар төлөгчдийн, улсын мөнгөнөөс нэг төгрөг ч байсан хулгай хийсэн бол хохирлын хэмжээ шаардахгүйгээр гэмт хэрэгт тооцон ял шийтгэхээр болж байна. УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганы нээлт дээр авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүнийг төрийн албанд ажиллуулахгүй гэж мэдэгдсэн. Энэ үг Эрүүгийн хуулиар дамжин биеллээ олж байна. Өөрөөр хэлбэл, шинэ УИХ-аас албан тушаалаа ямар нэгэн байдлаар өчүүхэн төдий ч гэсэн урвуулан ашигласан үйлдлийг гэмт хэрэгт тооцдог болголоо. Ингэснээр МаН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчинг чангатгах бодлого бодит биелэл болж байна. Шинэ УИХ, Засгийн газар авлигачидтай тэмцэнэ гэдгээ зарлаж байгааг онцгойлон хэлмээр байна.

Хоёрдугаарт, уг Эрүүгийн хуулийн онцлог бол хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тал дээр дэвшил гарсан. Хаашдаа би хорих ял шийтгэгдэх юм чинь эрх нь хөндөгдсөн иргэний хохирлыг барагдуулахгүй байсан ч яадаг юм гэдэг байдлаар асуудалд хандаж гэмт хэргийн хохирол их хэмжээгээр барагддаггүй байсан. Тухайн иргэн хохироод үлддэг. Хөнгөн гэмт хэрэг дээр шүүхээс гэм буруутай нь нотлогдох юм бол тодорхой хугацаа олгох хүсэлт тавьж хохирлоо барагдуулах юм бол хорих ялыг нь багасгах, тэнсэх уян хатан зохицуулалтыг оруулж ирсэн. Хэрэв тухайн иргэн хохирлоо барагдуулахгүй бол илүү чанга ял авах юм байна, хохирлыг барагдуулбал хөнгөн ял шийтгэл авах юм шүү гэдгийг шинэ Эрүүгийн хуульд бичиж өгсөн учраас зөрчигдсөн эрхийг сэргээх тал дээр илүү ахиц гарах байх. Шүүхийн шийдвэртэй хэргүүдийн хохирол барагдуулсан байдал нь 20 хувь л байдаг. Энэ байдлыг залруулах нь Эрүүгийн хуулийн бас нэг чухал ололт.

-М.Билэгт гишүүн чуулган дээр иргэн хүний учруулсан хохирол 300 мянган төгрөгөөс дээш байвал эрүү үүсгэнэ гэчихээд төрийн албан хаагчид 10 сая төгрөгөөс дээш ямар нэгэн асуудал гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэж байна гэж шүүмжилсэн. Үүнээс харахад иргэдэд халтай, төрийн албан хаагчдыг дэмжсэн хууль болчихсон юм биш үү?

-Түрүүн би хэллээ. Одоогийн хуулийг урвуугаар нь ойлгоод ярьсан байх. Таны хэлсэнчлэн иргэдийн хувьд бусдын зүйлсийг хулгайлах, эд хөрөнгийг үрэгдүүлэх, устгах энэ төрлийн гэмт хэрэгт 300 мянган төгрөгийн босго тавьж өгсөн. 300 мянган төгрөгөөс доош эд хөрөнгө устгасан бол Зөрчлийн хуулиар шийдэгдэнэ. Харин албан тушаалтан эрх мэдлээ урвуулан нэг төгрөгийн хохирол учруулсан л бол бүгд Эрүүгийн хуулиар шийдэгдэнэ. 10 саяын босго улсын төсвийн хулгай дээр байхгүй. Эсрэгээрээ албан тушаалтнуудад илүү чанга, хатуу шаардлага тавьсан.

-Засгийн газраас өнгөрөгч оны арванхоёрдугаар сард өргөн барьсан Эрүүгийн хуулийн төсөлд албан тушаалаа урвуулан ашиглавал тийм хариуцлага хүлээлгэнэ гээд заагаад өгсөн байсан ч ажлын хэсэг дээр үлэмж хэмжээ гээд оруулаад өгчихсөн. Үнэмлэхүй хэмжээ гэдэг нь яг хэд юм бэ?

-Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхдээ таны асуусанчлан албан тушаалын гэмт хэрэгт хохирлын хэмжээг оруулж ирээгүй. УИХ ч гэсэн Засгийн газраас оруулж ирсэнчлэн хохирлын хэмжээг тавилгүй баталсан.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийж, чуулганы хуралдаан дээр мөн Монгол Улсын тусгаар тогтнолд ноцтой аюул учирлаа гэдгийг хэлж байсан. Эх орноосоо урвах заалтыг авчихсан гээд байсан?

-О.Баасанхүү гишүүн эх орноосоо урвах заалтыг Эрүүгийн хуулиас хасчихсан байна гэдэг зүйл ярьсан байсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн эх орноосоо урвах зүйл ангид дайны байдлын үед дайсны талд элссэн, хамтарч ажилласан, Монгол Улсад тагнуул хийсэн, Монгол Улсын иргэн гадаадын тусгай албанд элссэн, хамтарч ажилласан, улсын нууц задруулсан үйлдлийг бүгдийг нь нэг гэмт хэрэгт багтаан бичсэн байдаг. Өнгөрсөн парламент 2015 онд Эрүүгийн хуулийг батлахдаа үүнийг дөрвөн гэмт хэрэг болгон салгаж баталсан. Нэгдүгээрт, эх орноосоо урвах, хоёрдугаарт, гадаад улсын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтарч ажиллах, гуравдугаарт, тагнуул хийх, дөрөвдүгээрт, улсын нууц задруулах гэх дөрвөн гэмт хэрэг болгон тус тусад нь ял шийтгэлийн бодлогыг нь сулруулалгүй улам чангалсан. Тухайлбал, гадаадын тусгай албадтай хамтарч ажилласан иргэнийг бүх насаар нь хорих, тагнуул хийсэн хэрэгт 20 жилийн ял ногдуулах байдлаар 2015 онд баталсан байсан. Шинэ Засгийн газар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа үндэсний аюулгүй байдлын эсрэг энэ бүлэг гэмт хэргийг огт хөндөөгүй. О.Баасанхүү гишүүн 2015 онд батлагдсан хууль дээр хоёр жил зургаан сарын дараа энэ асуудлыг гэнэт харчихсан юм шиг яриад байгаа юм. Уг нь харсан бол өмнөх парламентын үед ярих ёстой байсан байхгүй юу. Энэ Засгийн газар, Их хуралтай ямар ч хамаагүй. Хоёрдугаарт, эх орноосоо урвах үйлдэлд О.Баасанхүү гишүүн зөвхөн дайны байдлын үед хамаарч байна. Энхийн цагт дайсны талд орохыг мөн оруул гэдэг зүйлийг мөн ярьсан байна лээ. Дайсан гэдэг ойлголт зөвхөн дайны үед яригддаг ойлголт. Албан ёсоор аль нэг улс бусад улсад дайн зарладаг. Энэ тохиолдолд нөгөө тал нь дайсан гэдэг ойлголтод багтдаг. Энхийн цагт аль нэг улстай дайтаагүй үед аль нэг улсыг дайсан гэж зарлаж болдоггүй.

-О.Баасанхүү гишүүнийхээр бол энхийн цагт дайсан гээд аль нэг орны нэр оруул гэсэн ойлголтыг өг гээд байгаа юм уу?

-Энхийн цагт дайсан гэдэг ойлголтыг оруулж ирье гэхэд та яг аль улсыг оруулж ирэх юм. Та яг аль улсыг дайсан улс гэж хэл гэж хэлээд байгаа юм бэ гээд О.Баасанхүү гишүүнээс асуусан. Хэлэхгүй байна лээ. Энхийн цагт аль нэг улс нь өөр нэг улсыг дайсан гээд шууд зарлаад явах нь ямар үр дагавар авч ирэх вэ. Хоёр орны дипломат харилцаа, олон улсын жишиг талдаа ч ийм ойлголт байдаггүй. Тэгэхээр энэ асуудлыг энхийн цагт тухайн этгээд гадаад улсын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан юм уу, улсын нууц задалсан уу гэдэг чинь дээр хэлсэнчлэн тус тусын зүйл заалтаар явна. Гадаадын тагнуулын байгууллагад ажилласан бол 25 жилийн ялаа авна. Тагнуул хийвэл 20 жилийн ял шийтгэгдэнэ. Хариуцлага нь энэ Эрүүгийн хуульд байгаа. Эх орноосоо урвасан гэдэг гэмт хэргийн заалтыг аваад хаячихсан зүйл байхгүй. Өрөөсгөл ойлголт. Эх орноосоо урвахыг гэмт хэрэгт тооцохоо больчихлоо гэдэг зүйл ярьж байгаа нь хариуцлагатай хууль тогтоогчийн амнаас гарч байгаа үг. Үнэхээр тэгсэн бол хууль тогтоох байгууллага юу хийж суух вэ. Улсын нүд, чих болсон тагнуулын байгууллага юу хийгээд сууж байх вэ. Үүн дээр эрх бүхий байгууллагууд дуугараасай гэж бодож байна. Нийтийн дунд ийм ташаа мэдээлэл түгээж байгаад үнэнийг хэлэхэд хэлэх үг алга. Хэлэх гэхээр хууль тогтоогчийн өмнөөс чанга дуугарсан болчих гээд, дуугүй байгаад байхаар ард түмэн нээрээ тэгчихсэн юм болов уу гээд эргэлзээд болдоггүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *