Categories
мэдээ цаг-үе

Б.Энх-Амгалан: Монгол Улс хариуцлагатай болсон гэдгийг бодитоор харуулж, хөрөнгө оруулалт татах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай ярилцлаа.


-Намрын чуулган хаалтаа хийж, гишүүд тойрогтоо ажиллаж байна. Уг чуулганыг үүргээ хэр биелүүлсэн гэж та дүгнэж байгаа вэ?

-Шинэ парламент байгуулагдсанаас хойш чуулганы нэгдсэн хуралдаан 34 удаа болсон байна. Байнгын болон дэд хороод 140 удаа хуралдаж, бие даасан хууль 22, нэмэлт өөрчлөлт орсон хууль 262, зээлийн хэлэлцээр батлах тухай дөрөв, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 31, УИХ-ын 104 тогтоол тус, тус батлан гаргалаа. Мөн эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг нь хангах зорилгоор эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батлан гаргаж өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүлсэн гэж үзэж байгаа.

-Намрын чуулганаар гол шийдэх асуудал нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах гарц байсан. Гэтэл дорвитой ажил хийсэнгүй. Батлаад байсан богино хугацааны хөтөлбөрийн хэрэгжилт юу болж байгаа вэ?

-Сэхээнд орсон хүн шууд хөл дээрээ босоод гүйчихдэггүй биз дээ. Түүнтэй нэгэн адил эдийн засаг хүнд байдалд орсон улс орон, өр зээлэндээ баригдсан, гадны хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон, хариуцлага сахилга бат алдагдсан тийм л засаг төрийг МАН хүлээн авсан. Хамгийн түрүүнд төсвийг бүх шатандаа хэмнэх, төсвийн сахилга хариуцлагыг хангаж ажиллахад төрийн бүх шатны байгууллага анхаарал хандуулж байна. Хөгжлийн банкны тухай хуулийг батлан гаргалаа, гадаад өрийг төлөх зам сувгийг эрэлхийлж байна. Ажлын байрыг бодитоор бий болгох үүднээс жижиг дунд үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй 4700 аж ахуйн нэгжийн албан татварыг нэг хувь болголоо, импортоор оруулж ирж байгаа жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлж, 54 мянган ААН-д үйлдвэрлэлээ өсгөх, ажлын байраа хадгалж үлдэх боломжийг бий болголоо, татвар төлөөгүйн улмаас хаагдсан олон олон бизнес эрхлэгчдийн дансыг нээлээ. Энэ бүхэн эдийн засагт үр дүнгээ өгч байна. Төсөв 9.4 хувиар давж биелэлээ, төсвийн зарлага төлөвлөснөөс 173 тэрбум төгрөгөөр хэмнэгдлээ. Ахиц байна.

Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болчихлоо. Үүнийг дагаад гадны хөрөнгө оруулалт нэмэгдэнэ биз дээ?

-Хөрөнгө оруулагчдын итгэл эргэн сэргэх хандлага харагдаж байгаа. Таван толгойн Баруун цанх нээгдлээ. Өнгөрсөн жилүүдэд тонныг нь 25-32 ам.долларт өгдөг байсан нүүрсийг өнөөдрийн байдлаар 71.5 ам.долларт зарж байна. Энэ бол үр дүн. Бид хэлсэн үгэндээ эзэн болж хариуцлагатай, сахилга баттай, тогтвортой байхыг хөрөнгө оруулагчид хүсч байна.

-Та Монгол-Оросын парламентын бүлгийн тэргүүн. Хоёр улсын харилцаанд нэмэр болохуйц ямар ажил хийж байгаа вэ?

-Өнгөрсөн оны аравдугаар сард ОХУ-ын Новосибирск хотод “Монгол-Оросын эдийн засгийн чуулга уулзалт-2016” арга хэмжээ зохион байгуулсан юм. Энэ үеэр Монгол Улсын их хурал, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн хороонд 20 зүйл бүхий хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ баримт бичигт зарим нэг чухал заалтууд бий. Новосибирск бол Ази Европыг холбосон тээвэр ложистик, аж үйлдвэр, соёл, шинжлэх ухааны том төв. Новосибирск Улаанбаатар хоттой найрамдалт харилцаатай хот болсон. Тиймээс хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр ярьж байгаа. Юун түрүүнд Новосибирск-Улаанбаатарын хооронд шууд нислэгтэй болмоор байна. Мөн Тянжинь болон Хятадын бусад нутгаас тээвэрлэгдэж байгаа бараа материалыг Монгол нутгаар дамжуулан Сибирийн нийслэл Новосибирск хүртэл явуулах, Монгол нутгаас тээвэрлэгдэж байгаа малын гаралтай мах, сүү, ноос, ноолуур, арьс ширэн эцсийн бүтээгдэхүүний гаалийн татвар хураамжийг хөнгөвчлөх тал дээр анхаарах гэх мэт зарчмын хувьд өөрчлөлт хийж гадаад худалдааг хөнгөвчлөх талаар яриа хэлцэл болж, эхний алхмууд хийгдсэн. Мөн саяхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотод ажиллаад ирлээ. Бугат хот Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдолтой хот. Бугатын ган төмөрлөгийн үйлдвэрт жилд зургаан сая тонн коксжих нүүрс, 10 сая тонн төмрийн хүдэр шаардлагатай байдаг. Үүнийхээ ихэнхийг Австралиас татаж байна. Уг нь бол хөршөөсөө авах боломж бий. Орос улс мөн мах, махан бүтээгдэхүүнээ Аргентинаас авдаг. Бас л хөрш нь болох манай улс нийлүүлэх боломжтой. Ингээд хараад байвал аялал жуучлал, гадаад худалдаа, олон улсын тээвэр, транзит тээвэр, ложистик, соёлын харилцаа, үзэсгэлэн худалдаа, эдийн засгийн форум, бүс нутгийн хөгжил гээд эдийн засгийг дэмжих олон салбарт хоёр хөрштэй ажиллах боломж бидэнд байна. Наад зах нь л гэхэд Орос Хятадын хооронд хийгдэж байгаа бараа эргэлт жилд 40 сая тонн. Алсдаа 100 сая тонн болох боломжтой. Гэхдээ Монголын нутгаар дамжих нь маш бага байна. Оросууд бараагаа алс дорнодоор дамжуулж тээвэрлүүлэн авахад 45 хоног, Дундад Азиар дамжуулж тээвэрлэхэд 35 хоног зарцуулж байна. Гэтэл Тянжинь боомтоос Эрээн-Замын-Үүд, Ханги-Мандал чиглэлд тээвэрлэхэд автомашинаар гурав хоногт, Монголын урд хилээс хойд хил хүртэл гурав хоног гээд үндсэндээ долоохон хоногт ОХУ-ын хил дээр хүрнэ. Сибирийн бүс нутагт мөн долоо хоногийн дотор ачаа эзэндээ очно гээд бодоод үз дээ. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө аль алинд нь хэмнэлттэй. Үүнийг Монгол Улсын идэвхтэй санаачлагаар ажил болгох ёстой.

ХУ-тай цаашид ямар салбарт түлхүү анхаарал хандуулан хамтран ажиллахаар төлөвлөж байгаа вэ?

-Олон салбарт ажиллах боломж бий шүү дээ. Гадаад худалдаа, соёл боловсрол, шинжлэх ухаан, мал эрүүлжүүлэх, ХАА-д шинэ техник технологи нэвтрүүлэх гээд стратегийн түншлэлийн бүхий л салбарт хамтран ажиллах боломж бий. Бид чинь хоёрхон мөнхийн хөрштэй шүү дээ. Ганцхан жишээ хэлэхэд дээр дурдсан олон сая тонн ачаа Монголыг дайран өнгөрлөө гэж бодъё. Наад зах нь бензин тос хийнэ, засвар үйлчилгээ авна, хоол унд хэрэглэнэ, унтаж амарна, замын хураамж төлнө. Үүнийг дагаад хөгжил явагдана. Уул уурхайн зарим бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр, урт хугацаанд тогтвортой байнгын хэрэглэгчдэд нь нийлүүлнэ гээд мөнгө олох боломж бий. Харин бид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх учиртай. Зарим нэг гол орд зэсийн баяжмалаа түшиглээд эцсийн бүтээгдэхүүн хийх хэрэгтэй. Нефтийн ордууддаа түшиглээд боловсруулах үйлдвэр барих ёстой. Малаа эрүүлжүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулах ёстой. Малын гаралтай болон ХАА-н гаралтай түүхий эдээрээ дэлхийн брэнд болсон эко, ногоон бүтээгдэхүүн хийж дэлхийн зах зээлд нийлүүлэх учиртай. Аялал жуучлалын томоохон бүтээгдэхүүн бий болгож дэлхийн жуулчдын нүдийг хужирлаж, мөнгийг нь заруулах хэрэгтэй. Бүсчилсэн хөгжилд анхаарах цаг болсон.

-Удахгүй Таван толгойн гэрээ шинэчлэгдэх байх. Цаашид хэрхэн хөдөлгөх хувилбарын талаар МАН-ынхан бүлэг дээрээ ярьсан уу?

-Үгүй. Таван толгой хэвийн ажиллаж байгаа шүү дээ. Баруун цанх ашиглалтад орсон. Үнэ нь өсч 71.5 ам.доллар болсон. Өмнө нь хэзээ ийм үнээр зарж байсан юм бэ. Засгийн газар богино хугацаанд боломжоороо л зүтгэж байна шүү дээ.

-Нүүрсний үнэ өсч байгааг ашиглаад эдийн засгаа богино хугацаанд сэргээх боломжтой биз дээ?

-Ганцхан Таван толгой ч биш, эдийн засагт үр ашигтай бусад төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Дотоодын нөөц бололцоогоо бүрэн дайчилж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, малын гаралтай түүхий эд, ХАА-н гаралтай бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, дотоодын зах зээлээ хангаад экспортыг чиг баримжаатай үйлдвэрлэл үйлчилгээг бодлогоор дэмжих ёстой. Гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Монгол Улс хариуцлагатай болсон гэдгийг бодитоор харуулж, хөрөнгө оруулалт татах учиртай. Монголчууд бид хамтдаа л зүтгэж байж хямралаас гарна. Өөр хэн ч бидний өмнөөс ажил хийхгүй.

-Та жижиг, дунд үйлдвэрийнхнийг дэмжиж ажилладаг. Тэднийг дэмжих хамгийн бодитой дэмжлэг нь хөрш улсуудад үзэсгэлэн худалдаа зохион байгуулах байдаг. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?

-Багтаамжтай том зах зээлд үндэсний үйлдвэрлэгчдээ гаргах, шинэ түнш, шинэ хамтрагч, шинэ техник технологи, шинэ инноваци, шинэ хэрэглэгчээ олоход нь туслах зорилгоор БНХАУ, ОХУ-ын олон хотод “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, “Монголын өдрүүд” эдийн засгийн чуулга уулзалт, соёл урлагийн арга хэмжээг манай хамт олон хийж ирсэн. Одоо ч хийж байгаа. Хүнээс баярлалаа гэдэг үг сонсох сайхан шүү дээ. Монголчууд маань хичээвэл хийж чадахгүй зүйл гэж байхгүй л дээ. Манай үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хоёр хөрш их сонирхдог. Чанартай загвар дизайн сайтай, экологийн цэвэр монгол брэнд үнэ хүрнэ.

-Та өмнө нь Ази Европыг холбосон мэдээллийн технологийн төв байгуулах талаар ярьж байсан. Энэ ажил юу болсон бэ. Үүнийг дагаад дэлхийн томоохон компаниуд манайд салбараа нээнэ гэж байсан. Тэр ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Ази Европыг холбосон өндөр хурдны дахин дамжуулах “Дата” төв барих асуудал манай намын мөрийн хөтөлбөрт ч байгаа, төслийг Ерөнхий сайдад миний бие өргөн барьснаас хойш ажил амжилттай үргэлжлэн явагдаж байна. Монгол Улсад үр ашигтай томоохон төслүүдийг бид хамтдаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нэг цонхоор, нэгдмэл зорилго, нэгдсэн зохион байгуулалттайгаар хамтран хийх нь орчин үед хамгийн үр дүнтэй арга мөн. Майкрософт ,Т Интел гэх мэт компаниудын суурин төлөөлөгчийн газар орж ирсэн. Удахгүй Гүүгл орж ирэх байх. Монгол бол олон улсын транзит урсгалын хувьд хамгийн аюулгүй, хамгийн боломжийн, хамгийн үр ашигтай орон байх боломж бий.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *