УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай ярилцлаа.
-Та Ерөнхий сайдад гурван төсөл өргөн барьсан. Эдгээрийг Засгийн газраас дэмжвэл Монгол Улс дата төвтэй болох юм билээ. Энэ төслийнхөө талаар танилцуулахгүй юу?
-Бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхмаар байна. Энэ утгаараа Ази, Европыг холбосон өндөр хурдны дата төвийг байгуулах ёстой. Манай улсад мэдээлэл дамжуулах, мэдээлэл тээвэрлэх бүрэн боломж байна. Тиймээс олон улсын дата төвтэй болох төсөл өргөн барьсан. Хөрөнгө оруулагчид болоод хамтран ажиллах хүмүүс нь саналаа ирүүлчихсэн байгаа. “Microsoft” манайхтай хамтран ажиллах саналаа ирүүлээд өнгөрсөн долоо хоногт оффисоо байгуулсан. “Intel” тун удахгүй орж ирэх гэж байна. “Google” ирэх долоо хоногт салбараа нээчих байх. Нэг ёсондоо мэдээлэл технологийн дэлхийн гурван том компани манай улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхлэх гэж байна. Тэд дэлхийг бүрхсэн сүлжээгээ Монголоор дамжуулж явуулъя гэж байгаа юм. Ажил нь эхэлчихвэл манай улсын эдийн засаг, ирээдүйн хөгжилд хэрэгтэй. Мөн бид дэлхийн хөгжлөөс хоцрохооргүй болно. Одоогоор ажил нь идэвхтэй сайн явагдаж байгаа.
-Дата төвтэй болоход улсын төсвөөс хөрөнгө мөнгө зарцуулах уу?
-Хувийн байгууллагууд хамтраад ажиллах юм. Хэрэгжүүлэх гэж буй байгууллагууд шаардлага, хэрэгцээг хангасан тусгай обьектоо барьчихсан, ОХУ болон БНХАУ-ын харилцаа холбооны байгууллагуудтай асуудлаа тохирчихсон байгаа. Ерөнхийдөө мэдээлэл дамжуулах сүлжээний холбоо, харилцааг хэрхэх вэ гээд бүх асуудлаа тохирчихсон байна. Тиймээс ажил эхлэхэд бэлэн болчихсон байгаа. Засгийн газрын зүгээс ямар ч баталгаа шаардах хэрэггүй. Зөвхөн дэмжлэг үзүүлээд явахад л болно. Төр, хувийн хэвшлийн компанийн түншлэлээр энэ ажлыг явуулах бүрэн бололцоотой. -Энэ төв байгуулагдсанаар гадаад валютын урсгал нэмэгдэх байх. Үйл ажиллагаа нь хэзээ эхлэх юм бэ?
-Одоогоор төслийн хэмжээнд ажил нь явагдаж байна. Үйл ажиллагааг нь албан ёсоор ирэх хавраас эхлүүлчих санаа бий. Ажил эхэлчихвэл Монгол Улсын мэдээллийн хурд өндөр болно. Мэдээлэл дамжуулалтаасаа төлбөр авна. Татвар нэлээн олон сая ам.доллараар нэмэгдэх бололцоо бий. Улсын эдийн засагт тодорхой хэмжээгээр эерэгээр нөлөөлнө. Ялангуяа мэдээлэл, харилцаа, холбооны чиглэлээр ажиллаж буй компаниуд хамтран ажиллах боломжоор хангагдана.
-Мэдээлэл технологийн гурван том компани манай улсыг судалж байж орж ирсэн байх. Ялангуяа мэдээлэл дамжуулалтын тал дээр оновчтой газарзүйн байрлалд байгаа болохоор салбараа байгуулж байгаа болов уу?
-Мэдээж хэрэг судалгаа хийсэн байж таараа. Мэдээлэл дамжуулахад хамгийн боломжтой газар нь Монгол Улс гэж үзэж байгаа. Тиймээс Ази, Европыг холбосон мэдээлэл дамжуулах тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгч өөрсдийнхөө салбарыг нээж байна. Дээрх гурван компани мэдээллийг агууламж хадгалж, дамжуулдаг тоног төхөөрөмжөө байршуулна. Түүгээр дамжуулан дэлхийн хэрэглэгчдийн мэдээллийг дамжуулах юм.
-Ерөнхий сайдад өргөн барьсан нөгөө хоёр төсөл нь юун тухай юм бэ?
-Монгол хүн эрүүл байх ёстой гэсэн зарчмыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ бодлогыг бид баримтлан ажиллаж байгаа. Үүний нэгдүгээрт, монгол хүн элэг бүтэн байх ёстой. Элэг бүтэн байна гэж хэлэхээр зарим нь бөөр бүтэн, бөгс бүтэн байгаач гэж мушгиад байна. Гэтэл өнөөдөр манай улсад элэгний өвчлөлөөс болж өдөрт долоон хүн эрдэнэт амиа алдаж байна. Яаралтай эмчилгээнд орох шаардлагатай 140 мянган хүн бий. Халдвар авсан хүний тоо 450 мянгад хүрчихлээ. Энэ тоо дахиад жаахан л нэмэгдэх юм бол Монгол Улс иргэдээ эрүүл байлгахын тулд маш их мөнгө төлж эхэлнэ. Тиймээс энэ асуудлыг эртнээс шийдэх ёстой гэх зарчмаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг Ерөнхий сайдад өргөн барьсан. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр А, В, С, D вирус, элэгний хатуурал, хавдрын эсрэг арга хэмжээнүүд эхэлнэ. Элэгний өвчлөл өнөөдөр үндэсний аюулгүй байдлын хэмжээнд оччихсон. Тиймээс шийдэхээс өөр арга байхгүй.
-Элэгний вирус эмчилдэг “Харвони” эм гадаад зах зээлд хямд мөртлөө манайд үнэтэй зарж байна гээд байдаг. Үнийг нь бодлогоор буулгаж болохгүй юу?
-Энэ эмийг үйлдвэрлэдэг Энэтхэгийн үйлдвэрлэгчидтэй уулзалт хийсэн. Үр дүнд нь 750 ам.доллараар худалддаг эмийг манайд 450 ам.доллараар нийлүүлэхээр боллоо. Мөн энэ эмийг анхлан санаачилж бүтээсэн Стэнфордын их сургуулийн доктор, профессор, эмч нартай уулзсан. “Харвони” эмийг Монголд үйлдвэрлэх, цаашлаад хамтран ажиллах тухай ярьж эхний ээлжинд 450 ам.доллар гэсэн үнийг 150 ам.доллараар монголчуудад худалдахаар болсон. Нэгэнт гадаад зах зээлээс ийм үнээр оруулаад ирчихвэл эрүүл мэндийн даатгалд тодорхой хөрөнгө суулгаад өгчих хэрэгтэй. Ингэж чадвал 140 гаруй мянган хүн эмчилгээнд хамрагдах боломжтой болно. Ер нь элэг нь өвдсөн хүн эмчилгээ хийлгэхэд маш хүнд байдаг. Эм үнэтэй учраас ах дүү, хамаатан садан нь эдийн засгийн дарамтад ордог. Байнгын хэзээ үхэх бол гэсэн айдастай байна. Сэтгэл санааны дарамтад ч орно. Тиймээс монголчуудыг ийм байдлаас гаргахын тулд уг хөтөлбөрийг санаачилж өргөн барьсан юм. Хоёрдугаарт, Монгол Улс мал аж ахуй, хөдөө аж ахуйн орон учраас малын гаралтай түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээн ажлын байр бий болгох хэрэгтэй. Дотоодын зах зээлээ хангах төдийгүй экспортод чиглэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготойгоор энэ паркийг байгуулах гээд байгаа юм. Ийм парктай болох ажлыг 2008 оноос хөөцөлдөж эхэлсэн. Анх ажлаа эхлүүлж байсан үеэс хойш холбогдох хуультай боллоо, концессын тухай хууль гарлаа. ХХААХҮЯ болон нийслэл хотын захиргаатай хамтраад газрынх нь асуудлыг шийдсэн.
-Хаана байгуулах юм бэ?
-Хурганы сангийн аж ахуй гэж бий. Хан-Уул дүүргийн XIII хороо, Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт байгуулахаар болсон. Г.Мөнхбаяр даргын үед аж үйлдвэр, технологийн парк байгуулах хэрэгтэй гээд 50 га газрын асуудал шийдсэн. Э.Бат-Үүл даргын үед мөн хэд, хэдэн асуудал шийдэгдсэн. Одоогоор ТЭЗҮ болон газрынх нь зураг бий болчихсон байна. Хөрөнгө оруулалт, технологийн асуудал яригдчихсан байгаа. Энэ ажлыг цааш нь үргэлжлүүлэх ёстой. Тиймээс Ерөнхий сайдад өргөн барьсан.
-Аж үйлдвэр, технологийн парк яг ямар төрлийн үйл ажиллагаа явуулах юм бэ?
-Малын гаралтай түүхий эдийн анхан болон гүн боловсруулалтын үйлдвэр байх юм. Үүнийг дагаж суурьшлын бүс бий болно. Арьс шир, ноос ноолуурын анхан шатны боловсруулалтыг гүн боловсруулалтад оруулах ёстой. Ингэж ажиллавал манай улсын хэмжээнд жилд нийлүүлж буй 10 сая арьс, 60 мянган тонн ноолуур, 600 гаруй мянган тонн ноосыг иж бүрэн боловсруулна. Үүгээр бид дотоодын хэрэгцээгээ хангахын зэрэгцээ экспортод гаргах боломж бүрдэнэ. Аж үйлдвэр, технологийн паркийгдагаж 20 гаруй мянган ажлын байр шинээр бий болно гэж тооцоолж байгаа. Зөвхөн нэг жишээ дурдахад, армийн хэрэгцээний гутал, хувцсыг арьс ширээр хангаад явах боломжтой.
-Та ОХУ болон Монгол Улсын парламентын бүлгийн дэд дарга. Энэ жилманай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой болж байгаа юм билээ. Энэ хүрээнд ямар ажил хийх вэ?
-Манай хоёр улсын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах юмсан гэж зорьж байгаа. Бид мөнхийн хоёр хөрштэйгөө ижил тэнцүү хэмжээнд харьцах ёстой. Багтаамжтай зах зээлд дотоодын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ гаргах юм бол эдийн засгийн хямралаас гарах бас гарцтай болох юм. Бүтээгдэхүүн борлогдож байвал ажлын байраа хадгалж үлдээд зах зээлээ тэлж болно. Мөн технологио шинэчилж, үйлдвэрлэлээ өргөтгөнө. Тиймээс үндэснийхээ аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг хоёр хөршийнхөө зах зээл рүү гаргахын тулд нэлээн идэвхтэй, санаачилгатай ажиллаж байна. Хөрш орнуудтайгаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа сайжруулахын тухайд ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү, Чит, Новосибиркс, Красноярск хотуудад “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнхудалдаа зохион байгуулсан. Энэ жил дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулж “Монгол-Оросын хамтын ажиллагаа-2016” эдийн засгийн чуулга уулзалтыг энэ сарын 27-30-ны хооронд Новосибирск хотноо зохион байгуулах гэж байна. -Энэ үеэр ямар арга хэмжээ болох вэ?
-Манай талаас БХБЯ, ХХААХҮЯ, ЗТЯ, БСШУСЯ, ГХЯ-ныхан оролцоно. Мөн баруун бүсийн Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудын удирдлага, 40 гаруй аж ахуйн нэгж, урлаг, спортынхон оролцоно. Энэ үеэр дөрвөн том арга хэмжээ төлөвлөсөн. Хоёр орны залуусын дунд спортын арга хэмжээ, “Талын Монголын аялгуу” хүндэтгэлийн концерт, фото зургийн үзэсгэлэн, “Миний сайхан эх орон” уран зургийн болон калиграффын үзэсгэлэн тус, тус зохион байгуулах гэж байгаа. Мөн “Монголд үйлдвэрлэв” бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохиохоор төлөвлөж байна. Хамгийн гол арга хэмжээ нь “Монгол Улсын эдийн засгийн харилцаа” сэдвээр форум зохион байгуулахаар ажиллаж байгаа. Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, зам тээвэр, хөдөө аж ахуй, барилга хот байгуулалтын чиглэлээр хамтран ажиллах эхлэлийг тавих юм.
-Өнгөрсөн жил БНХАУ-ын зарим хотод “Монголдүйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж иргэд, аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ амжилттай борлуулсан. Иймэрхүү төрлийн арга хэмжээг ОХУ-ын хотуудад зохион байгуулж жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжих боломжтой юу-Өнгөрсөн жил БНХАУ-ын Улаан хотод Монголын өдрүүдийг зохион байгуулсан. Тэр үеэр бараа, бүтээгдэхүүний 90 хувь борлогдсон. Бугат хотод очсон иргэд, аж ахуйн нэгж Монголоос авч очсон бүтээгдэхүүнийхээ 95 хувийг борлуулаад ирсэн. Хятадын тал иймэрхүү арга хэмжээг дэмжиж ажилладаг учраас боломж ихтэй. ОХУ руу гаалийн болон тарифын тухай хэлэлцээр хийхгүй бол хэцүү байдаг. Үзэсгэлэн худалдааны бараа, бүтээгдэхүүн авч явахаар өндөр татвар авдаг учраас Оросын зах зээлд нэвтрэхэд хүндрэл гардаг. Үүнийг хоёр Засгийн газрын хооронд яриа хэлэлцээр явуулж шийдэх ёстой. Бидний гол хэрэглэгчид Сибирьт байгаа. Манай улсын үслэг, савхин, арьс ширэн, ноос ноолууран эдлэлийн хэрэглэгчид нь Сибирьт байдаг. Мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн авах сонирхлоо сибирьчүүд илэрхийлдэг. Яагаад гэвэл тэнд зах зээл нь бий. Уралын нурууны ард талд Монголын бараа, бүтээгдэхүүний зах зээл бий учраас тэнд хүрэх замнээж өгөхийг зорьж байгаа. Хил, гаалийн асуудлыг бид шийдэх ёстой. Анхны алхам нь энэ удаагийн форум. Ямар ч байсан сүүлийн 25 жилийн турш зохион байгуулаагүй арга хэмжээ болно гэж тооцоолж байна.
-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал улс төрийн хүрээнд янз бүрээр л яригдаж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ асуудлаар нийгэм тэр чигээрээ шуугьж байна. Би нэг зүйлийг л харж байна. МАН анх гарч ирэхдээ хэрвээ бондын мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байвал буруутай этгээдээр төлүүлнэ, хариуцлага тооцно гэсэн. Тиймээс хамгийн түрүүнд “Эрдэнэт”, Хөгжлийн банктай холбоотой асуудлыг сөхөж байна. Засгийн газраас гарсан ажлын хэсэг “Эрдэнэт”-тэй холбоотой мэдээллээ хийсэн. Төрийн мэдлийн 51 хувь үнэгүйдэж, 49 хувь нь удирдлагаа тавьдаг гаж тогтолцоо руу орсон байсан. Үүнийг өөрчилсөн. Хоёрдугаарт, монголчууд 49 хувиа авсан нь сайн. Гэхдээ 49 хувийг ямар аргаар авсан бэ гэдэг эх үүсвэрийг шалгах хэрэгтэй.
Нийгэмд байгаа олон хардлагыг цэгцэлж үнэн мөнийг нь хэлээд өгчих. Буруутан байдаг бол хариуцлага хүлээлгээд явах хэрэгтэй. Ард түмэн үнэнийг мэдэхийг л хүсэж байна. Цагаан дээр хараар бичсэн хуулиа л дагачих. Тэгвэл ард түмэн ойлгочихно. Үнэхээр луйвардаад авчихсан бол буцаагаад дуудлага худалдаанд оруул л даа. Ямар ч байдлаар зохицуулж болно. Яавал Монгол Улсад ашигтай вэ гэдгийг бодох ёстой юм.
-ОХУ-ын тал ямар нэгэн байр суурь илэрхийлсэн болов уу?
-Нэгэнт ОХУ “Эрдэнэт”-ийн 49 хувийг манайд өгчихлөө. Мөнгөө аваад наймаагаа хийчихсэн. Одоо Монголын л асуудал. Бид Оросыг татан оролцуулаад байх шаардлага байхгүй. Одоо манай дотоод асуудал болсон гэсэн үг. Харин дотоод асуудлаа дэвэргээд, буцаад Орост өгөх гэж байгаа мэт зүйл ярих хэрэггүй. Хүн бүрийн хэрүүлийн алим болголгүйгээр, хуулийн дагуу л шийдэх ёстой.
С.АЛТАНЦЭЦЭГ