Categories
мэдээ улс-төр

Б.Даваадалай: Эдийн засгийг богино хугацаанд тэлэхэд эмэгтэй ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх нь маш чухал DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа Эмэгтэй бизнес эрхлэгчдийн үндэсний форум энэ сарын 29-нд Төрийн ордонд болох гэж байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайтай ярилцлаа.


-Эмэгтэй бизнес эрхлэгчийн форумыг хийх болсон анхны санаачилгын тухай яриагаа эхлүүлье. Яагаад зөвхөн эмэгтэйчүүдийг онцолж хийх болов?

-Төвлөрсөн төлөвлөгөөт зарчмаар хөгжиж ирсэн Монгол Улс 1990 оноос ардчилсан, зах зээлийн эдийн засгийн нийгмийг сонгон авч үндсэндээ хүний эрх, хувийн өмчийг эрхэмлэсэн эдийн засгийн загвараар хөгжиж ирлээ. 1990-ээд оныг үндсэнд шилжилтийн он жилүүд гэж болох бөгөөд 2000 оны дундаас ихэнх салбарт тодорхой хэмжээний сэргэлт бий болсон ч аж үйлдвэрийн салбарын хөгжил төдийлөн огцом сэргээгүй бөгөөд, нөгөө талдаа уул уурхайн салбарын эдийн засагт гүйцэтгэх үүрэг 2004 оноос мэдэгдэхүйц нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 20 орчим жил Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн загвар уул уурхайн салбарт тулгуурласан, түүхий эдийн дэлхий зах зээлээс хамаарал өндөр байдлаар тодорхойлогдож, түүхий эд, нэмүү өртөг багатай бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортод тулгуурлаж ирлээ.

Эдийн засгийн хөгжил болон аливаа бизнес суурь гурван хүчин зүйлээс л хамаардаг. Аливаа бизнес хийхэд хүн хэрэгтэй. Капитал буюу эхний хөрөнгө оруулалт болон ур чадвар, бүтээмж гэсэн үндсэн гурван хүчин зүйл байхад бизнесийн ямар нэгэн үйл ажиллагааг эхлүүлж болдог. Эдийн засгийг ч энэ гурван агуулгаар хардаг. Үүнээс хамгийн чухал хүчин зүйл болох хүн буюу ажиллах хүч. Гэтэл сүүлийн жилүүдэд эдийн засаг дахь ажиллах хүчний оролцоог харахад жендерийн хувьд анхаарах нэг асуудал нь эрэгтэй, эмэгтэй ажиллах хүчний ялгаатай байдал нэлээд нэмэгдэж байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 2008 оноос хойш буурах хандлагатай байгаа нь манай улсын эдийн засгийн хөгжлийн нэг томоохон хязгаарлалт болж байна.

Тухайлбал, Статистик харвал, 2022 оны эхний хагасын байдлаар эрэгтэй ажиллах хүчний оролцооны түвшин 68 орчим хувьтай байгаа бол эмэгтэйчүүдийнх 52 хувь буюу 17 орчим функтээр эрэгтэйчүүдийнхээс бага байна. Мөн ажиллах хүчнээс гадуурх хүн амын 62 хувь нь эмэгтэйчүүд байна. Том зургаараа Монгол Улс эдийн засгаа богино хугацаанд дорвитой тэлье, зөв чиг рүү нь явуулъя гэвэл зайлшгүй хүний хөгжил, тэр дундаа жендерийн харьцаа, эмэгтэй ажиллах хүчнийг нэмэгдүүлэх асуудал нэн чухал байгаа юм.

Нөгөө талдаа, Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хүлээсэн үүрэг байгаа. Ялангуяа, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд бидний бодит үр дүн гаргах ёстой асуудал бол жендерийн тэгш бус байдлыг бууруулах. Монгол Улс жендерийн тэгш бус байдлын үзүүлэлтээр 2019 оны байдлаар 189 орноос 71-д эрэмбэлэгдэж байгаа бөгөөд жендерийн тэгш бус байдлыг бууруулах, ялангуяа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих шаардлагатай байгааг дотоод, гадаадын бусад олон судалгааны үр дүн харуулж байна.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэг гол бодлогын чиглэл нь жендерийн тэгш бус байдлыг бууруулж, эдийн засагт тэгш оролцоог хангах асуудал юм. Дээрх үндсэн 3 шалтгаануудын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ тал дээр онцгой анхаарч, холбогдох байгууллагуудад чиглэл өгч, хэрэгжилтийг нь шахаж ажиллаж байна.

-Бизнесийн салбарыг хараад үзэхээр жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бизнест эмэгтэйчүүд зонхилдог шүү дээ.

-Яг тийм. Монголын нөхцөлд өрхийн бизнес, лангуу, зах гээд харахаар ЖДҮ-д эмэгтэйчүүдийн оролцоо 80-90 хувьтай байдаг гэсэн тоо мэдээлэл байгаа нь Төр засаг энэ асуудлыг бодлогын нэг цөм байдлаар авч үзэх ёстой гэж харж байна. Нөгөө талдаа, өрх толгойлсон ч юм уу, бага дунд орлоготой эмэгтэйчүүд мөн энэ төрлийн бизнес хийж буй. Том дүнгээрээ, том төслүүд, томоохон компаниудын эрх зүйн, бодлогын болон санхүүжилтийн орчин харьцангуй бүрдсэн ч дунд болон дундаас доош хэмжээний бизнес, ЖДҮ ялангуяа нийт эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогоо эргэж харж сайжруулах, зах зээлийн зарчимд гажуудал үүсгэхгүй байдлаар тодорхой дэмжлэг үзүүлэх боломжийг эрэлхийлэх нь зүйтэй харж байна. Яагаад гэвэл бодит байдал, хөрсөн дээр ялангуяа ЖДҮ-ийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо нэлээд өндөр бөгөөд энэ хүмүүс адилхан баялаг бүтээхээр өдөр шөнөгүй зүтгэж байна.

Гэхдээ түрүүн хэлсэнчлэн дэмжих шаардлагатай гээд зах зээлийн зарчмыг гажуудуулсан давуу байдал үүсгэх ёсгүй анхаарах хэрэгтэй. Засгийн газар мэдээж анхаардаг ч манайх шиг ийм онцлогтой улсад эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, бодлогоо улам сайжруулах шаардлага байгааг эмэгтэй бизнес эрхлэгчид маань илэрхийлсээр байна.

Хоёрдугаарт, МҮХАҮТ-аас эхлээд эмэгтэй бизнес эрхлэгчдийн салбарт маш олон тусдаа зөвлөл, хороод байдаг. Энэ бүхнийг нэгтгэж, нэг зүгт харуулж ажиллуулах, бодлогын тодорхой үр дүнг хамтдаа авчрах мөн чухал харагдаж байгаа юм. Тэдний зүгээс ч эмэгтэй бизнес эрхлэгчдийн хууль, бусад бодлого, орчныг сайжруулж өгөөч гэж төр засагтаа байнга санал, зөвлөмжөө өгсөөр ирсэн. Ийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудал анхаарал хандуулж, өөрийн ивээл дор энэхүү анхны үндэсний чуулганыг зохион байгуулж байгаа юм. Чуулганаас гарах санал, зөвлөмжийг Төрийн холбогдох байгууллагуудад хүргүүлэх бөгөөд ямар нэг давуу байдал үүсгэх, зах зээлийн суурь зарчимд нийцтэй байдлаар төр засаг эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогоо эрчимжүүлэх ёстой гэж харж байна.

-Тэгэхээр яг ямар зохицуулалт, өөрчлөлт хийхээр төлөвлөж байна вэ?

-Юуны өмнө бид өнгөрсөн тавдугаар сард урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн. Эдийн засгийн хөгжил дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд ямар асуудлууд тулгамдаж байгаа талаар МҮХАҮТ болон холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зургаан чиглэлээр хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Гол зорилго нь нэгдсэн ойлголттой болохоос гадна асуудлуудаа эрэмбэлэх зорилготой байсан. Нэг дор бүх асуудлыг шийдэж чадахгүй учраас урьдчилсан хэлэлцүүлгээр гарсан саналуудыг эрэмбэлэн, тодорхой чиглэлүүдээр бодитой үр дүнг гаргахыг чухалчилсан.

Дээрх 6 чиглэлд хууль эрх зүй, санхүүгийн орчин, мэдээлэл технологи, хүний нөөц, бизнесийн орчин буюу олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн боломж гэсэн асуудлуудыг тойрч ярилцан, чиглэл бүрээр хамгийн чухал гэсэн асуудлуудаа эрэмбэлэхийг оролдсон. Эндээс гарсан тодорхой асуудлууд дээр бодит үр дүн гаргах үүднээс наймдугаар сарын 29-нд Ерөнхийлөгчийн ивээл дор үндэсний чуулганыг хийж байгаа юм.

Үндэсний чуулган үндсэндээ Монголд анх удаа болж байгаа. Өмнө нь ингэж Ерөнхийлгөчийн түвшинд авч үзэж, том бүрэлдэхүүнээр анхаарч байсан нь цөөхөн. Хоёрдугаарт, төрийн байгууллагуудыг оролцуулж, боломжтой бол газар дээр нь шийдвэр гаргахыг зорьж байна. Зөвхөн чуулган хийгээд орхих биш, бодит ажил хэрэг болгоход онцгой анхаарч байгаа. Ингээд чуулганаас гарсан, богино хугацаанд шийдэх боломжгүй асуудлуудыг шүүж, зөвлөмж гаргаад Засгийн газар, УИХ, төрийн бусад байгууллагууд руу хүргүүлнэ. Үүний араас Ерөнхийлөгчийн институтийн зүгээс онцгой анхаарч, шахаж ажиллана.

-Асуудлуудыг эрэмбэлээд зургаан хэсэгт бүлэглэсэн байна. Тухайлбал, энэ зургаан чиглэлээс хууль эрх зүйн орчин бүрдүүлэх гэдэг анхаарал татлаа. Энэ тухай та дэлгэрүүлэхгүй юү… Яг ямар шинэчлэлүүд хийх боломжтой гэж харж байгаа вэ?

-Эрх зүйн хүрээнд хавар гарч ирсэн тэргүүлэх санал бол эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх. Олон улсын туршлагыг харахад эмэгтэй бизнес эрхлэгчдэд тусгайлсан эрх зүйн орчин бүрдүүлсэн улс цөөнгүй байгаа ч давуу болон сөрөг талууд бий учраас маш сайн анхааралтай хандаж, нарийн судалгаа, тооцоотойгоор бодлого боловсруулагчид маань энэ асуудалд хандах байх.Уг салбарын ерөнхий суурь зарчмуудыг тодорхойлсон, уян хатан малгай хууль байдлаар зохицуулсан практик нэлээд байна. Д.Сарангэрэл тэргүүтэй УИХ-ын зарим гишүүд яг энэ чиглэлийн хууль боловсруулан УИХ-д өргөн барьж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Цаашид хууль тогтоогчид маань хуулийн төслийг тал талаас нь чамбайруулаад тодорхой шийдэлд хүрэх байх гэж харж байна. Гол нь хууль Монголын хөрсөн дээр буусан, зах зээлийн суурь зарчмыг гажуудуулахгүй, ямар нэгэн хэт давуу тал үүсгэхгүй, зөв л хууль байх ёстой.

Хоёр дахь асуудал нь, эмэгтэй бизнес эрхлэгчдийг тодорхойлсон, нэгдсэн мэдээллийн сантай болох гэсэн санал урьдчилсан хэлэлцүүлгээс гарсан. Учир нь банкнаас зээл авах, гадна, дотноос хөрөнгө оруулалт татах эсвэл жендерийн судалгаа хийх зэрэг маш олон зүйлд эмэгтэй бизнес эрхлэгч гэж хэн гэсэн нэгдсэн тодорхойлолт шаарддаг туршлагууд байгаа юм. Тиймээс эмэгтэй бизнес эрхлэгчид маань нэгдсэн тодорхойлолт, судалгаа мэдээллийн сан бүрдүүлэх талаар маш их санал гаргаж байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэй бизнес эрхлэгч гэж хэнийг тодорхойлох вэ, орлого нь ямар байх уу, эсвэл компанийн гүйцэтгэх захирал нь байх юм уу, ТУЗ-ийн дарга нь байх юм уу гэдгийг эхлээд тодорхой болгох асуудлууд цөөнгүй байдаг юм билээ. Олон улсад янз янз байдаг юм байна, ТУЗ-ийн 25, 30 хувь нь эмэгтэй гэдэг ч юм уу. Ер нь талын эмэгтэй бизнес эрхлэгчдийн суурь дэд бүтцээ тодорхой болгочихвол гаднын төсөл хөтөлбөрүүд, байгууллагууд хөрөнгө оруулахад тодорхой түлхэц болох боломж байгаа гэсэн саналыг эмэгтэйчүүд маань хэлж байгаа юм.

Гурав дахь чухал асуудал бол шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал бас нэлээд яригддаг асуудал. Статистик харвал ИТХ-ын түвшинд л гэхэд эмэгтэйчүүд 20% байгаа нь бусад оронтой харьцуулахад бодох л асуудал юм. Эмэгтэй захиралтай ААН-үүдийн тоо нийт ААН-үүдэд эзлэх хувь 37.2% гэсэн статистик байна. Нэг жишээ хэлэхэд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд маань төрийн өмчийн компаниудын ТУЗ-ийн эмэгтэй квот тогтоох саналыг гаргаад байгаа. Хууль эрх зүйн хувьд энэ гурван асуудлыг заавал сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа.

-Санхүүжилт бол бизнес эрхлэгчдийн хамгийн чухал зүйл. Эмэгтэй гэлтгүй бүх хүнд хамаатай. Энэ чиглэлд ямар өөрчлөлт хийх боломжууд байна гэж харж байгаа вэ?

-Энэ талаар хоёр зүйлийг эмэгтэй бизнес эрхлэгчид хүсэж байгаа юм байна. Нэгдүгээрт, зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгах буюу санхүүгийн зөв хөшүүрэг бий болгох. Ялангуяа, орлого багатай, хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл ЖДҮ, старт апп ч юм уу тодорхой механизмыг санхүүгийн салбарынхан анхаарч, дэмжлэг үзүүлэх боломжийг эрэлхийлэх нь зүйтэй гэж харж байгаа. Гэхдээ зах зээлийн зарчимд нийцсэн байдлаар гэдгийг дахиад онцолъё.

Хоёрдугаарт, үйл ажиллагааны чиглэл харгалзахгүй зээл олгодог болох буюу хөнгөлөлттэй зээл гэсэн санал гарч байгаа. Ломбардууд, өдрийн зээл ч юм уу, эдгээр нь тодорхой барьцаа хөрөнгөгүй, санхүүгийн чадавх муутай, эхлэлийн бизнесүүд, тэр дундаа эмэгтэйчүүдийг хохироодог байдал үзэгдэл бас цөөнгүй байгаа. Энэ тал дээр манай санхүүгийн зохицуулагч байгууллагууд сайн анхаарах хэрэгтэй болов уу. Ер нь зээлийн хүүг бууруулах, зээл авч байгаа хүний эрх ашгийг яаж хамгаалах вэ гэдэг асуудал бизнес, санхүүгийн зах зээлд Монгол Улс сайжруулах шаардлага байгаа. Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулагдаж байгаа. Энэндээ хамруулаад, нарийвчлаад, эмэгтэй бизнес эрхлэгчдэд, бичил бизнес хийж байгаа, өнөө маргаашаа аргацааж байгаа хүмүүст хэт өндөр хүү амалдаг, зарим талаар мөнгө хүүлэлтийн шинжтэй зүйлсийг мөн анхаарах л ёстой юм.

Хүний нөөцийн тухайд, ур чадвар хариуцлага туршлага дээр тулгуурласан уян хатан цагийн зохицуулалт хийж өгөөч гэсэн хүсэлт гарсан. Цахимаар ажиллаж байгаа маш олон эмэгтэй байгаа. Үүнийг зохицуулах эрх зүй, бусад зүйлсийг тодорхой болгох шаардлага байна. Магадгүй үнэхээр нэмүү өртөг бүтээгээд ашигтай ажиллаж байгаа, цахимд бизнес эрхлэгчдийг бүртгэлжүүлэх, татвараа авах, НДШ төлдөг зохион байгуулалттай болгох хэрэгтэй. Дэлхий даяар энэ салбарыг шинэ ажлын байр гэж үзэн, бизнесийн орчныг тодорхой болгох иглэлд ажиллаж байна шүү дээ.

Мөн бизнесийн орчны чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд эмэгтэй бизнес эрхлэгчдийн мэргэжлийн холбоодыг шийдвэр гаргах түвшинд оролцуулах санал гарсан. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төрийн бодлого гаргаж хэрэгжүүлэх гэсэн илүү бодлогын чанартай зүйлс бий. Гол нь хүнд суртал, авлига, дунд, доод шатны хүмүүсийн дарамтыг онцгой анхаарах хэрэгтэй гэсэн санал бас гарч байсан.

Цаашлаад олон улсын байгууллагууд, төсөл хөтөлбөр дээр эмэгтэй бизнес эрхлэгчдийг түлхүү хамруулах, мэдээллийг сайн өгөхийг тэд мөн чухалчилж байна. Ярилцлагын эхэнд дурдсанчлан эмэгтэйчүүдийг жендерэрээр ангилсан мэдээллийн санг олон улсын байгууллагууд, донор орнууд, хандивлагчидтай хамтарч хийх ч санад гарсан. Энэ дотроо эмэгтэйчүүдэд зориулсан бүртгэлийн нэгдсэн платформтой болох асуудлыг мөн тавьж буй юм.

-Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, бизнес эрхлэх орчныг сайжруулснаар ямар бодит үр дүн гарах вэ. Энэ талаар тооцоо судалгаа хийсэн болов уу?

-Хэд хэдэн сонирхолтой тоо баримтыг хэлмээр байна. Азийн хөгжлийн банкны тооцооллоор өрх гэр, ажлын байран дахь жендерийн тэгш бус байдлыг арилгаснаар Монгол Улсын эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшинг 65% хүртэл нэмэгдүүлж, эрэгтэйчүүдийн түшинд хүргэх боломжтой. Ингэж чадсанаар нэг хүнд ногдох ДНБ-ийг 0.5% өсгөж, 30 жилийн дотор ДНБ-ийг 16 хувиар тэлж чаднагэсэн судалгааны үр байгаа юм.

Тэгэхээр одоогийн 10 пунктийг зөрүүг арилгаад, эмэгтэй ажиллах хүчний оролцоог нэмэх нь эцсийн дүндээ эдийн засгийг 30 жилийн дотор 16% тэлэх боломжтой гэсэн санаа юм.

Үндэсний Статистикийн хорооны бас нэг сонирхолтой судалгаа байна. 12 болон түүнээс дээш насны хүн амын 7 хоногт нэг өдөр хөлсгүй хөдөлмөр буюу гэрийн ажил хүүхэд харах, хүн асрах зэрэг дундаж хугацааг хүйсээр харуулсанбайна лээ. 2019 оны байдлаар эмэгтэйчүүд дунджаар долоо хоногт 4.5 цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулдаг бол эрэгтэйчүүд 2 цаг л зардаг гэсэн үр дүн гарсан. Тиймээс эмэгтэйчүүдийнхөлсгүй хөдөлмөрийн талаах ойлголтыг эндээс харж болох болов уу.

Нийт эмэгтэй ажиллагчдын 65% нь цалинтай ажиллагчид байгаа. 21% нь малчид, 13% нь хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Хоёрдугаарт, ҮСХ-ны тоог харвал ажиллах хүчний оролцооны түвшинг насаар нь харахад 25-30 насны эмэгтэйчүүд харьцангуй бага, 40-45 насны эмэгтэйчүүд харьцангуй өндөр байх тал харагдаж байна. Залуу эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн зах зээлд оруулах хэрэгтэйг энэ тоо илтгэж буй юм.

Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин Казахстанд 65%, Шинэ Зеландад 65%, Германд 57% Японд 53%-тай буюу дунджаас дээгүүр орлоготой орнуудад 55 ба түүнээс дээш хувь байгаа юм. Гэтэл манай улсад 53 хувьтай байна.

Цалингийн хувьд эрэгтэйчүүдийн цалин 1.6 сая төгрөг байхад эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг буюу зөрүү бараг 300 мянган төгрөг байна. Зээл авсан байдлыг судлахаар ЖДҮ-ийн зээл дээр л гэхэд эмэгтэйчүүдийн авсан зээлийн чанаргүйтэл эрэгтэйчүүдээс бага буюу эмэгтэйчүүд илүү хариуцлагатай зээлдэгч мэт харагдаж байсан. Энэ бүхэн эмэгтэйчүүд бизнес эрхлэгчдэд дэмжлэг шаардлага байгаа бас дэмжих үзүүлэлтүүд болов уу.

-Эмэгтэйчүүдийн оролцоо өрх гэрт шийдвэр гаргах түвшинд чухал байр суурь эзэлдэг. Амьдрал дээр хамгийн их зүтгэж байгаа, ар гэрээ авч явж байгаа, ахуй амьдралаа зохицуулж байгаа нь эмэгтэйчүүд. Гэтэл энэ үзүүлэлтүүдээс харахад оролцоо, орлого бага харагдаж байна.

-Олон улсын байгууллагууд бол эмэгтэйчүүдийн манлайллыг, нөлөөллийн ажлыг дэмжих, жендерийн асуудлаар олон нийтийн мэдлэг чадавхыг бэхжүүлэх нь чухал гэж зөвлөдөг. Тэгэхээд иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхээс гадна дээд шатандаа ядаж л төсвийн бодлогод жендерийн асуудлыг анхааралтай тусгадаг болох хэрэгтэй байна. Худалдан авалт, хөрөнгө оруулалт, урсгал зардалд эмэгтэй бизнес эрхлэгчдийг яаж дэмжиж, орлогыг нэмэгдүүлэхэд төсвийн бодлогыг уялдуулах вэ гэдэг санаа шүү дээ. Төр өөрийн худалдан авалтаараа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд тодорхой санал санаачилга гаргаад боломжийг мөн эрэлхийлэх нь чухал юм. Ер нь энэ ч утгаараа ирэх оны төсөв, мөнгөний бодлого УИХ-д өргөн баригдахаас өмнө энэхүү Үндэсний чуулганыг зохион байгуулж байгаа бөгөөд боломжтой тодорхой асуудлуудыг уг бодлогын баримт бичгүүдэд тусгах боломжийг бас эрэлхийлж байгаа юм. Том зургаараа Монгол Улс эдийн засгаа богино хугацаанд дорвитой тэлье, зөв чиг рүү нь явуулъя гэвэл зайлшгүй эмэгтэй бизнес эрхлэгчдийн асуудлыг анхаарах шаардлагатай л гэж харж байгаа.

Б.Индра

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *