Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Б.Дашравдан: Гадаадад бизнес эрхлэгч монгол залууст хамтран ажиллах бизнесийн тогтвортой нэгдэл үгүйлэгдэж байна

-БИД ХУДАЛДААЧИН ҮНДЭСТЭН БОЛОХ ХЭРЭГТЭЙ-


“Дорнын түншлэл” Монгол-Хятадын бизнесийн зөвлөлийн зөвлөх, судлаач Б.Дашравдантай ярилцлаа.


-Юуны өмнө таны жиргээнд бичиж байгаа сэдвээр ярилцъя гэж бодож байна.Улс орнуудын паразитлан хөгжиж байгаа талаар бичсэн байсан.Ярилцлагаа паразитлан хөгжих буюу шимэгчлэн хөгжих гэж юуг хэлээд байгаа талаар эхлэх үү?

-Тэгье. Юуны өмнө хоёр зүйлийг тодруулъя гэж бодож байна. Нэгдүгээрт, эдийн засгийн шимэгчлэл, паразитлал гэхээр их муухай сонсогдож байж магад. Гэхдээ би энэ үгийг зохиогоогүй. Хятад судлаачийн бүтээлийг л товчлон хүргэж байгаа төдий. Үг биш утга дээр нь илүү фокуслахыг хүсье. Хоёрдугаарт, би Хойд Солонгос судлаач биш. Аливаа төрлийн төрийн дарангуйллыг дэмждэггүй ардчилсан үзэлтэй хүн. Сонгодог ардчилсан нийгмийн бүтээгдэхүүн. Баялаг бүтээгчдийг дэмждэг, төр аливаа бизнест хөндлөнгөөс бага оролцоосой. Нөгөө талаараа бизнесийнхэн ёс зүйтэй, шударга, ил тод аргаар баялгийг хуримтлуулж бүтээдэг байгаасай л гэж хүсч, чадлынхаа хэрээр нийгмийн сүлжээнд үзэл бодлоо түгээх гэж оролддог. “Хойд Солонгосын Эдийн засгийн паразитлал” нэртэй Хятад судлаач Жөү Ганы судалгаабий. Хятадын судлаачдын дунд сүүлийн үед “Хойд Солонгосын Эдийн засгийн паразитлал” гэсэн судалгаа хийгдэх болсон. Ганц Хойд Солонгос гэлтгүй Филиппин, Сенегал, Алжир, Вьетнам, Турк гэх улсууд хэрхэн цагаачдаараа дамжуулан бусад улсуудын Эдийн засгийн шимэгчилж буй тухай судалгаа юм.

20 гаруй жилийн өмнө Хятад өөрөө дэлхийн хамгийн том хуулбарлагч, бусад улсын эдийн засгийг Хятад гаралтнууд, цагаачдаараа дамжуулан шимэгчилж байсан туршлагатай учраас “эдийн засгийн паразитлалын судалгаа”-г өргөн хүрээнд хийх болсон. Гол зорилго нь Хятадыг ашиглаж хэн ашиг хийж буйг мэдэх юм. Энэ судалгааны явцад Хойд Солонгос Азийн хамгийн том паразит эдийн засгийг 2015 оноос хойш бүтээж буйг илрүүлэх болсон. Хойд Солонгос удахгүй 1978 оны Дэн Сяопиний эдийн засгийн нээлттэй хаалганы бодлогыг давтан хэрэгжүүлнэ. Ким Жөн Ун 2015 оноос жил бүр 500-1000 хүнээ оргодол нэрээр, албан ёсоор улсаасаа зугтаалгадаг. Тэд нар нь англи, хятад хэлтэй, компьютер, бизнесийн өндөр мэдлэгтэй 25-35 насны залуус байгаа юм. Хойд Солонгосын боловсролтой англи, хятад хэлтэй дүрвэгчид ихэвчлэн Малайз, Вьетнам, Индонез, Тайланд, Хятад руу очдог. Тэнд нь ЭСЯ-тайгаа холбоотой ах нар нь тосч авах авч ажилд зуучилдаг.Түүнчлэн гарааны жижиг бизнес эрхлэх мөнгийг нь өгдөг. Хойдууд одоо нүүрс зарах, зэвсэг нууцаар худалдах шаардлагагүй болж буй.Хойд Солонгосын зөвшөөрөлтэй дүрвэгчид анхандаа барилгын материалын худалдаа, оёдлын бизнес, хоолны газар ажилладаг байсан бол одоо онлайн худалдаа, электроникийн үйлдвэрлэл, олон улсын тээвэр зуучийн бизнес рүү орох болжээ. Тэд ихэвчлэн Манжуур, Казахстаны солонгосчуудтайгаа гэрлэдэг. Ким Жөн Ун “тахианы үүрэнд гавраа өсгөх үнэг” гэх Мэнзийн философийн сургаалыг эш болгон өөрийн бэлтгэсэн орчин үеийн Хойд Солонгосын бизнесийн шинэ үеийнхнийг Зүүн Өмнөд Ази даяар тараан байршуулсан нь амжилтад хүрч, тэдгээр залуус эхнээсээ хөрөнгийн эзэд болчихсон байна. Үүнийг Хойд Солонгосын эдийн засгийн Зүүн өмнөд Ази дах эдийн засгийн паразитлал гээд байгаа юм.

-Хойд Солонгосын эдийн засгийн паразитлал дээрээс асуухад эдгээр нутгаасаа гарсан залуус ямар боломжийг улсдаа бий болгоно гэж үзсэн бол. Эдийн засгийн паразитлалаас Хойд Солонгосын хэтийн зорилго нь юу байна вэ?

-Жөү Ган профессорын тооцсоноор 2025-2030 оны хооронд Ким Жөн Ун Хятадтай хиллэдэг хойд хэсэгт эх газрын, Шар тэнгисийн эрэг дээр далайн боомтын гэсэн худалдааны хоёр чөлөөт бүс бий болгохоор ажиллах болов уу. Мөн далайн чөлөөт бүстэйгээ зэрэгцүүлэн Казино байгуулна гэж үзсэн байна лээ. Хойд Солонгос хоёр чөлөөт бүс байгуулахад гол хөрөнгө оруулагчид нь 10-15 жил Хятад, Зүүн Өмнөд Азид тогтвортой бизнес эрхэлсэн Хойдын дүрвэгчид байх болохоос Хятад, Өмнөд Солонгос, Япон, Америкийн хөрөнгөтнүүд орж ирээд дураараа дургихгүй байх нь Кимийн хувьд амин чухал асуудал юм гэж үзсэн байгаа юм. Хойд Солонгос 2015 оноос хойш нутгаасаа гаргасан залуучуудаа эргэж дуудна. Тэр залуучууд нь баруунд гараад 5-10 жил бизнес эрхэлчихсэн, капиталтай болчихсон хүмүүс эх орондоо хөрөнгө оруулалтаа хийнэ. Одоо тэр хүмүүс ч эх орондоо татвар өгч байгаа. Энэ жишгээр Филиппин, Вьетнам, Зүүн Европын улсууд Африкийн улсууд, Армен, Гүрж, Лаосчууд эдийн засгийн паразитлалыг хийж байна. Филлиппин гэхэд гэрийн үйлчлэгчдээрээ дамжуулаад эдийн засгийн паразитлалыг хийсээр байгаа. Эдийн засгийн шимэгчлэл гэдэг эх нутагтаа бизнес хийхгүйгээр залуучууд гадаадад очиж сурдаг, тэндээ бизнес хийдэг. Тухайн улсынхаа боломжоос мөнгө олоод олсон мөнгөө эх нутагруугаа явуулдаг үзэгдэл. Үүнийг заавал системтэй хийх ёстой. Манай улс үүнийг төрөөс хийдэггүй юм аа гэхэд худалдааны бизнесийн клубүүд хийж болно.

-Манай улсын хувьд эдийн засгийн паразитлалыг хийх ямар боломжууд бий гэж харж байна?

-Манай улс хүн ам цөөнтэй. Жөү Ган судлаачийн өвөг нь Хорчины Монгол хүн бөгөөд “Хятад дахь Хойд Солонгосийн эдийн засгийн паразитлал” гэсэн судалгаанд Орос, Хятадад суудаг уугуул монголчууд, Монгол Улс болон АНУ, Япон, Солонгос дахь монгол хүмүүс нэгдэн бизнес эрхлэх олон улсын платформыг зохион байгуулж болохыг бичсэн байсан. ОХУ гэхэд манай үйлдвэрлэсэн бараанд өндөр татвар тавьдаг. Монголд үйлдвэрлэсэн барааг Хятадад гаргая гэхээр Хятад өөрөө үйлдвэрлэгч орон боломжгүй. Эдийн засгийн паразитлал, шимэгчлэл гэдэг нь Хятадад орж ирсэн гадаадууд гар хоосон орж ирээд, ажилчин-хувь эзэмшигч-эзэн гэсэн дарааллаар өсөн дэвжээд ирээдүйн ашгаа өөрийнхөө эх нутаг руугаа илгээх үзэгдлийг товчхондоо хэлээд байх шиг.Энэ утгаараа бид ч бас эдийн засгийн паразитууд. Бид арга эвийг нь олчихвол дотооддоо үйлдвэрлэсэн бараануудаа зарах бүрэн боломжтой. Бид гадаадад бизнес эрхлэх зорилгоор худалдааны бизнес клуб байдлаар ажиллаж, мэдээллээ солилцох ёстой. Манайхан нийтлэл бичихээр хэт ерөнхий том том сэдвээр яваад байдаг. Угтаа бид нарийвчилсан, тухайлсан нэг асуудлаар асуудалд хандаж сурмаар байгаа юм.

-Худалдааны бизнес клуб байгуулах ёстой гэж байна л даа. Энэ клубийг хэрхэн байгуулах вэ?

-Улаанбаатарын бизнес зөвлөл юм уу, Худалдаа аж ахуйн танхим худалдааны бизнес клубийг санаачилж болно. Хятадаас хөрөнгө оруулалт татчихсан хүмүүсийг нэгтгэж уях хэрэгтэй. Монголд байдаг БНХАУ-ын Жөжян мужийнхан л гэхэд Улаанбаатарт эрх ашгаа хамгаалдаг бизнесийн нийгэмлэгтэй байх жишээтэй. Өвөр Монголын Баяннуур аймгийн, Хэбэйнхэн гээд үргэлжлүүлээд байвал бараг бүгд л ийм нийгэмлэгүүдтэй. Гэтэл Хятадад бизнес эрхэлдэг монголчуудын бизнес клуб, тогтмол үйл ажиллагаа явуулдаг нэгдэл нягтрал алга. Бид бодитоор л нэгдмээр байна. Гадаадад бизнес эрхлэгч монгол залууст хамтран ажиллах бизнесийн тогтвортой нэгдэл өгүүлэгдэж байна.

-Түүнчлэн та Африк, Ази, Европын улсууд руу Хятадаас монгол залуус хэрхэн ре-экспорт хийдэг талаар жиргэсэн байсан. Монгол залуучууд яаж ре-экспорт хийх буюу экспортыг дахин дамжуулах бизнес эрхэлдэг бол?

-Одоогийн байдлаар Хонконг, Тайваньд сурч байгаа залуучуудыг оруулахгүйгээр 10 мянга гаруй оюутан БНХАУ-д суралцаж байна. Хятад улсад байгаа гадаад оюутнуудынхаа тоогоор манайх эхний тавд жагсдаг. Тоогоороо олон боловч чанарын үзүүлэлтээрээ хангалтгүй санагддаг. Дийлэнх нь бизнесийн удирдлага, нийгмийн ухааны чиглэлийн мэргэжлээр сурдаг. Сайн залуучууд бий боловч ихэнх нь цаг нөгцөөх байдалтай суралцаад байна. Хятадад их, дээд сургууль төгсөөд англи, хятад, франц хэлтэй болсныхоо үндсэн дээр Хятадын бараа бүтээгдэхүүнийг Африк, Латин Америк, Азийн улсууд, Зүүн Европ, ОХУ руу гаргадаг монгол залуучууд бий болсон. Ингэхдээ дандаа хятад хамтрагчтай. Өөрөөр хэлбэл, Хятад улсад амьдарч байгаа мөртлөө Хятадад хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч болж байгаа залуучууд байна. Манай залуучууд дундаас Хойд Африк руу электрон бараа гаргадаг, Индонез Лувак кофег Хятад руу импортолдог Энэтхэг-Хятадын хооронд сонгино, халуун ногооны арилжаа эрхэлдэг гээд олон шинэ бизнестэй залуус гарч ирж байна. Тэд бүгд л анх Хятадад оюутан болж очсон залуус. Тэндээс л боломжоо босгосон. Үнэндээ эндээс чемодантай хувцастайгаа очоод л өнөөдөр хөл дээрээ босч буй хүмүүс. Бас нэг зүйл хэлэхэд бид хилийн гадна байгаа монгол үндэстнүүдээ хэрхэн үзэх вэ гэдэг туйлын эмзэг асуудал байна. Энэ ойлголтыг эртхэн цэгцлэх хэрэгтэй. Бид хувь заяаны эрхээр Хятад болон Оросын, өөр бусад орны иргэншилтэй болсон монголчуудаа ойлгож, хүндэлж, хайрлаж чадвал соёл, эдийн засгийн шинэ шинэ боломжуудтай болохоор байна. Жишээлбэл Шанхай, Гуанжөүд офисстой Ложистикийн тээвэр хийдэг компанитай Урнаа гээд Японд сургууль төгссөн, өмнөд монгол эмэгтэй бий. 3000 хүнтэй бизнестэй. Тэдний компанид монгол, өмнөд монгол, буриад, халимаг гээд нийт ажилчдынх нь 80 гаруй хувь нь монгол үндэстнүүд ажилладаг. Европ, Африк руу эргэлттэй. Зимбабве юанийг мөнгөн тэмдэгтээрээ ашиглаж эхэлснээс хойш Харарегийн валютын ченж эхнэр нөхөр хоёр Жаргал юанийн саятнууд аль хэзээний болсон. Нөхөр нь Өмнөд монголын Баяннуурынх, эхнэр нь Хөвсгөлийнх. Монголдоо амьдрах гээд ирэхээр нь хужаа нөхөртэй хүүхэн гээд хөөгөөд явуулсан.

-Гадаадад бизнес эрхэлж байгаа залууст улсаас нь ямар дэмжлэг хэрэгтэй байдаг вэ?

-Энэ залуучуудын дийлэнх нь Монголд орж ирж бизнес хийхгүй. Би Хятадад бизнес хийдэг байлаа гэж бодъё. Би Хятадын Ийвүү хотоос электоран бараа хойд Африкийн улсууд руу зардаг байя. Угтаа би Монголд компаниа бүртгүүлмээр байгаа юм. Гэтэл өнөөдөр төр намайг яаж дээрэмдэхийг мэдэхгүй. Төсөөлөл байхгүй. Төр биш юм аа гэхэд өөр нөхдүүд орж ирээд миний бизнесийг булаах бүрэн боломжтой. Монголчууд бие биенээ дэмждэггүй. Тиймээс би Монгол руу орж ноу-хаугаа хуваалцаж байсны оронд мөрөөрөө Араб Африк Хятадтайгаа хэлэлцээ хийж байсан нь дээр. Энэ систем рүү залуучууд орчихсон. Гадаадад бизнес хийж байгаа залуучуудад хэд хэдэн асуудал тулгардаг. Сэтгэл зүйн дэмжлэг хэрэгтэй. Эдгээр залуучууд өөр өөрсдийнхөө боломжоор бизнес хийж байгаа болохоос өргөн утгаар нь бизнес яаж хийх вэ гэдэг олон улсын эрх зүйн мэдэгдэхүүн байдаггүй. Энэ зөвлөгөөг Монголоос авмаар байдаг. Гэтэл манайд олон улсад зөвлөгөө өгдөг нэг ч компани байдаггүй. Энэ талаар ойлголт бүр огт байхгүй. Худалдаа аж үйлдвэрийн танхим юм уу эсвэл өөр бизнесийн клубүүд хилийн чандад бизнес хийж байгаа залуучууддаа сэтгэл зүйн дэмжлэг өгдөг, олон улсын хууль эрх зүйн чиглэлээр зөвлөгөө өгдөг, санхүү бүртгэл хөрөнгийн бирж дээр яаж ажиллах тал дээр зөвлөгөө өгдөг үйлчилгээг төвлөрүүлэх ёстой. Бидэнд онлайн худалдааг хөгжүүлэх маш том боломж бий. 1.500 мянган хүн амтай хотын зах зээл жижигхэн зах зээл биш. Бид худалдаачин үндэстэн болох хэрэгтэй. Үүний тулд маш сайн системтэйгээр бэлдэх ёстой. Тэгэхгүй бол монгол залуучууд бусад орныхтой харилцсаар байгаад ууслаа ш дээ.Татвараа тэнд төлөөд эрдэм ном сурсны хэрэг байхгүй болчихоод байна л даа.

-Хятадын худалдааны онцлог юу юм бэ?

-Манай эдийн засаг дэлхийд 133-т орж байгаа. Монгол, Хятадын худалдааны асуудлыг ярихын тулд манайх хэтэрхий улс төрийн түвшинд том том төслийг яриад байдаг. Бизнес хийхийг нь дагаж хуйлраад байдаг. За яахав, энэ харилцаа нь явж байг гэхэд хүн хоорондын харилцааг сайжруулах хэрэгтэй. Манай улсын хамгийн том давуу тал Хятадад дөрвөн сая монгол үндэстэн байна. Хилийн хойно нэг сая орчим буриад,халимаг, Тува үндэстнүүд байна. Энэ бүгдээс харахад Евразийг холбосон чөлөөт худалдааны дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх маш том боломж бидэнд бий. Арменуудын нэг туршлага байдаг. Эх нутагтаа байгаа армен хүн заавал гадаадад байгаа хоёр арментай найзлах ёстой. Монголд байгаа залуучууд бизнес хийх гэж байгаа бол гадаад иргэншилтэй заавал хоёр монгол найзтай байх ёстой. Хүн хоорондын контакт сайн байж бизнес явна.

-Хятадуудтай худалдаан дээр яаж харилцах ёстой юм. Хэрхэн үр ашигтай эдийн засгийн харилцаа үүсгэх вэ?

-Яг өөрсдийнх нь аргаар харилцах хэрэгтэй. Хятад хүнтэй харилцахын тулд хамгийн багадаа хоёр жил найзалж явах хэрэгтэй. Манайхан хонь, адууны маханд дуртай юм чинь өөрийнхөө дуртай зүйлийг хүмүүст зарах гээд байдаг. Хятад, солонгосчуудтай худалдаа хийхийн тулд юунд нь дуртайг нь мэдэж байж тэрийг нь үйлдвэрлэх, эсхүл зуучилдаг байх хэрэгтэй. Манай эсгий таавчигийг хаана ч авахгүй. Эсгийгээр таавчиг биш олбог хийж Өмнөд Хятадад зарах гарц бий. Бээжингээс урагш нийтийн халаалт байхгүй, кондейшн асааж өвлийг давдаг. Хятад эмэгтэйчүүд гэр, оффистоо олбог сандал дээрээ тавьж суух нь хэвшил болсон зүйл. Үйлдвэрлэгч худалдан авагчийнхаа хэрэглээг тооцох нь чухал.Түүнчлэн Хятадын авлигын нөхцөлийн талаар сайн мэдэж байх ёстой. Заавал томоор сэтгээд байх хэрэггүй. Хятадууд ямар бэлэг авч сэтгэл нь хөдөлдөг гэдгийг мэдэж байх ёстой. Хоолонд орж байхдаа ямар цай, дарс уудаг.

Ямар үг хэлэхэд сэтгэл нь хөдөлдөг вэ гэдгийг мэдэж байх ёстой.Монголд бизнесийн соёл төлөвшөөгүй. Манайхан ёс зүйгүй бизнес хийсээр байгаад гайгүй мөнгө, төгрөгтэй хүмүүсийг 10 жилийн өмнө хөөгөөд гаргачихсан. 2013 он хүртэл уул уурхайн бүүм явлаа. Тэгэхэд маш олон хятад, өмнөд монголчууд банкнаас зээл аваад Монголд нүүрс алтны уурхайд мөнгө хийчихсэн. Монгол талынх нь хулхидаад одоо хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс 100,100-гаараа шоронд орчихсон. Иймэрхүү байдалтай байвал Хятад, Солонгос, Зүүн Өмнөд Азиас дандаа нутагтаа шахагдчихсан ёс зүйгүй авлига өгдөг нөхдүүд л манайд орж ирнэ. Бид худлаа ярихгүй бол жинхэнэ гадаадын хөрөнгө оруулагчид ирнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *