Categories
мэдээ цаг-үе

Б.Дашдондог: “THE HU” цомгийн нээлтээ Америкт хийнэ

“THE HU” хамтлагийн продюсер Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондогтой ярилцлаа.


-Аялан тоглолтоор хэдий хугацаанд хаагуур явж байна. Та яагаад түрүүлээд ирээ вэ?

-Берлинд Сьеж гэж клубт тоглосон. Нюрнбергийн “Рокинг Ринг”-эд тоглочихоод цаашаа Рокинг паркид, тэндээсээ Франц руу явж Сукасо фестивальд оролцсон. Тэгээд Лондон орсон. Англид зургаан тоглолтоо хийгээд тэр тоглолтоос нь би буцаад ирлээ л дээ. Намайг буцахад Даунлодс гэж нэртэй Английн хамгийн том фестивальд оролцсон юм. Хамгийн гол нь миний явсан шалтгаан хөгжмийн дуугаралт, тайзан дээр хамтлагийнхан маань алдаа оноо гаргах нь уу, үгүй юу гэдгийг харах, засах байсан. Түүнийг нь хэлж өгөх байсан. Би тэр үүргээ сайн биелүүлсэн.

-Монголоос хэзээ хөдөллөө?

-Зургадугаар сарын 4-нд хөдөлсөн. Одоогоор хамтлаг ирэх болоогүй, явж л байгаа.

-Та араас нь дахиж явах уу?

-Хамтлаг долдугаар сарын 8-нд эргээд ирнэ. Монголдоо байж байгаад есдүгээр сараас дахиад явна.

-Хамтлагийн фэн клубүүд их байгуулагдаж байгаа гэсэн. Хаана, хаана байгуулагдав?

-Гадаадад олон бий. Япон, Авсрали, Англи, Герман гээд олон оронд байгуулагдчихсан. Монголд албан ёсоор фэн клуб, фэн групп гээд хоёр ч байгууллага бий. Ер нь үйл ажиллагаагаа идэвхжүүлчихсэн сайн ажиллаж байгаа шүү.

-Өөрсдийн биеэр зорьж очоод тоглолт хийхээр хүмүүс хэр хүлээж авч байна?

-Хүмүүс бидний бичлэгийг харсан байлгүй. Өөрсдийн биеэр очиж тоглолтоо хийлээ. Ер нь бол маш сайн хүлээж авч байгаа. Хүлээж байгаад үздэг хүмүүс байна. Бүх тасалбар нь зарагдаад дуусчихсан байдаг гэхээр тэгээд ойлгомжтой биз дээ.

-“THE HU”-гийн клипний доор хувцас, хөгжим, хэрэглэлийг адилхан захиалгаар хийлгэж, худалдаж авъя гэсэн сэтгэгдэл их харагдсан. Та нарыг очиход ийм хүсэлт тавьж байв уу?

-Маш их асууж байгаа. Гутлыг хамгийн ихээр сонирхдог. Савхин жакетыг маш их асуудаг. Манай мерчиндайзер ажиллаж байгаа учраас тэнд “THE HU” хамтлагийн тэмдэг гарсан байна. Түүнтэй холбоотойгоор цамц, футболк гаргачихсан зарж байх жишээний. Бид тоглолтдоо зориулж гурван дуутай пянз гаргасан. Тэр пянзаа бас борлуулаад явж байгаа.

-Хамтлагийн аялан тоглолтын төлөвлөгөө 2019 оныг дуустал Европоор явна гэж байсан. Хэвээрээ юу?

-Хамтлаг долдугаар сарын 8-нд ирээд есдүгээр сард дахин явна. Тэгэхээр арванхоёрдугаар сар хүртэл ирэхгүй гэсэн төлөвлөгөөтэй. Дахиад нэгдүгээр сараас эхлээд тоглолт хийнэ. Монголдоо ирж шинэ оноо гаргаад, нэгдүгээр сараас буцахаар шийдсэн. Ирэх жилийн төлөвлөгөөнд нэг сар Монголдоо байх уу, үгүй юу тийм л төлөвлөгөөтэй байна.

-Монголдоо тоглолтоо хийж амжихгүй шууд Европоор явна гэж байгаад тоглолтоо хийчихээд явсан. Төлөвлөгөө яагаад гэнэт өөрчлөгдсөн бэ?

-Уг нь тоглож амжихгүй явах байх гэж бодож байсан юм. Гэвч цаад талаас “Олон хүний өмнө гарах учир нүүр хагарах хэрэгтэй. Тэгэхгүйгээр гэнэт 100 мянган хүний өмнө гарна гэдэг тийм амар биш. Цочирдож, сандарч магадгүй. Янз бүрийн нөхцөл байдал үүсч магадгүй гэж болгоомжлоод Монголдоо хоёр өдөр тоглолт хий” гэсэн. Тэр нь том сургуулилт болно гээд хийхээр болсон л доо. Тэгээд л хийсэн. Маш амжилттай болсон. Хүмүүс маш сайн хүлээж авсан.

-Твиттерээр “Нэгэнт гадаадад нэр хүнд нь түгчихээд байхад Элчин сайдуудын урд дууллаа. Нөгөө л улиг болсон жишиг” гэх мэтээр сөрөг сэтгэгдлүүд явж байсан. Элчин сайдын яаманд юу болсон юм бэ?

-Түүнийг буруу ойлгож л дээ. Элчин сайдын яаманд тоглосондоо гол нь биш. Английн хамгийн алдартай телевиз Си Эн Эн, Си Эн Эн радио, Английн алдартай сэтгүүлүүд, рок сэтгүүлүүдийн сурвалжлагч нар ирж тэнд THE HU хамтлагаас ярилцлага авсан. Биднийг дуулж өгөөч гэж хүсэлт тавьсан учраас дуулсан болохоос биш Элчин сайдын яаманд очоод тусгайлан тоглолт хийсэн хэрэг биш. Элчин сайдын яам харин бидэнд зориулж байраа гаргаж өгсөн. Монголын урлаг явж байгаа гэдэг үүднээс биднийг дэмжсэн, сайхан хүлээж авсан. Хүмүүс үүнийг ойлгох хэрэгтэй л дээ. Яахав тэгээд буруу ойлгосон хүмүүс нь түүгээрээ ойлгоно биз.


-Ойролцоогоор хамгийн олон үзэгч хаана цуглав. Хэдэн хүн үзсэн бэ?

-Хамгийн олон нь 90 мянган хүн цугласан. Түүний өмнөх тоглолтыг 75 мянган хүн үзсэн. Даунлодст 20-30 мянган хүн цугласан байх. Бусад нь бол хит лайн шоунууд. Сомарокд бас маш их хүн үзсэн. Бидний бичлэгийг үзсэн хүмүүс мэдэж л байгаа байх. Тэр том талыг битүү дүүргэсэн. Тэнд яг хэдэн хүн байсныг хэлж мэдэхгүй юм.

-Монголд тийм олон хүн цуглах боломж нөхцөл байхгүй шүү дээ. Гадаадад тэр олон хүний урд гарахад хамтлагийн сэтгэл зүй хэр байв?

-Хамтлаг бол чөлөөтэй, энгийн байсан. Гараад л цөм аваад бууж ирээд байгаа. Хүмүүс ч тэр хэрээр эмоцтой, хүлээж авч байгаа нь ч сайхан. Гараагүй байхад л HU HU HU гээд орилоод, гарсан хойно нь яах нь тодорхой. Тайзан дээр гарангуут маш сүртэй хүлээж аваад, дуусгаад орох гэхээр явуулахгүй, оруулахгүй байгаа юм чинь.

-Нэг тоглолт хэдэн цаг үргэлжилж байв?

-Хит лайн шоунууд нэг цаг хорин минут, фестивалиуд гучин минут. 30 минут перформэнс үзүүлж байгаа юм.

-Өдөр бүр 30 минутаас нэг цаг 20 минутын тоглолт хийхэд хамтлагийнхны хоолойд өөрчлөлт гарч байв уу?

-Хархирч хөөмийлдөг хүмүүс зүгээр шүү дээ. Яах ч үгүй. Мэдээж өөрсдөө тоглолтгүй үедээ гам барина. Олон шоу тоглолттой байгаа юм чинь баланс барьж тоглоно. Түүнийг анхнаас нь заагаад өгчихсөн. Хэлээд ойлгуулчихсан л даа. Тиймээс балансаа бариад яваад байхад зүгээр.

-Бүрэн бүрэлдэхүүнээрээ явж байгаа юу. Хамтлагтай дагалдаж явж буй багт ямар хүмүүс байгаа вэ?

-Хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ. Дагал-дах багт таван хүн бий. Мерчандайзерийн нэг ажилтан, дууны инженер хоёр хүн, стаж менежер нэг хүн, тур менежер нэг хүн, монгол талаас хамтлагаа хариуцаад явж байгаа нэг менежер бий.

-Аялан тоглолт хийхэд мэдээж замд их явна. Заримдаа амарч амжихгүй шууд тоглолтоо хийж байгаа байх. Хамтлагийнхан хэр ядарч байна?

-Залуу хүмүүс зүгээр шүү дээ. Сайхан байгаа. Тэр олон хүнээс эрч хүч аваад бүр ч илүү чангарч байгаа шүү.

-Наадмын үеэр Монголчууддаа зориулж тоглолт хийх үү?

-Тоглолт хийхгүй байх аа. Нэгдүгээрт, тийм төлөвлөгөө байхгүй. Хоёрдугаарт, тоглоод өгөөч гэсэн урилга ирээгүй байгаа. Тийм болохоор тоглолт хийхгүй. Бидэнд өөр хийж амжуулах ажил зөндөө бий. Түүнийгээ хийж амжуулна.

-Аялан тоглолтын үеэр хүндрэл бэрхшээлтэй зүйл гарав уу?

-Хүндрэл бэрхшээл тохиолдоогүй ээ. Бүх зүйлээ маш сайн төлөвлөж явсан. Хамтлаг Монголдоо зургаан сар маш үр дүнтэй бэлтгэлээ хийсэн. Бүгд формондоо ороод жигдрээд гоё болчихсон. Америкийн тонэр мистерүүд маань бүгд тэр хөгжим техник хэрэгслийн дуугаралт, янз бүрийн зүйлүүдийг ойлгочихсон. Тэгээд л тоглолт нэг жигдэрчихээр ерөнхийдөө болчихож байгаа юм.

-Дараагийн цомгоо хэзээ гаргах вэ?

-Есдүгээр сард шинэ цомгийн нээлтээ хийнэ. Америкт нээлтээ хийх өдөр цагийг товлоод хэлэх байх.

-Нэг тоглолтод хэдэн дуу дуулж байгаа вэ. Бүгд таны зохиосон дуунууд уу?

-Нэг тоглолтод 13 дуу дуулна. Бүгд миний уран бүтээл.

-Та хувийн уран бүтээлээ хийх үү?

-Би энэ их ажлын хажуугаар хувийн уран бүтээлээ хийж амжихгүй л дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *