Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Чинбат: Бидний гаргасан “Утааны эсрэг” дуу олон түмэнд нэгийг бодогдуулах байх

Өнөөдөр энэ сарын 28-нд болох утааны эсрэг жагсаалд нэгдэж байгаа урлагийнхан “New star” студи дээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун өөрийн зохиосон утааны эсрэг дуугаа анх удаа тоглож сонирхуулсан юм. Утааны эсрэг жагсаалд нэгдэн дуу хоолойгоо өргөж байгаа хөгжмийн зохиолч Б.Чинбаттай цөөн хором ярилцлаа.

-Утааны эсрэг жагсаалд урлагийнхан маань дуу хоолойгоо өргөж таныг түүчээ нь болж байгаад баяртай байна. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Монголчууд маань тэртээ тэрэнгүй утаанд маш их хордож байгааг хүн бүр мэдэж байгаа. Хордож байгаагаа мэдэж байгаа мөртлөө бид зүгээр сууж болохгүй. Үүний төлөө бид тайван жагсаалд нэгдэж байна. Уран бүтээлч хүмүүс болохоор “Никитон” хамтлагтай энэхүү жагсаалд хамтран оролцож байна. Бидний гаргасан дуу олон түмэнд нэгийг бодогдуулах байх гэсэн бодлоор нэгдэж байна. Энэ дууны үг, аяыг “Никитон” хамтлагийн Б.Батчулуун бичсэн. Уг нь бол гурван жилийн өмнө бичсэн дуу. Бид хоёр яагаад ч юм бэ энэ дуугаа гаргах цаг нь болжээ гэж өнөөдөр ярьж байтал хөдөлгөөний залуус ийм жагсаал сэдээд гарч ирсэн. Ингээд цаг нь давхацсан үйл явдал боллоо.

-Энэ дуу цаашид хүмүүст хэрхэн нөлөөлөх бол гэж бодож байна вэ?

-Энэ дууг маань хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сайн дамжуулаасай гэж хүсч байна. Өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө хийж байгаа энэхүү жагсаалд Улаанбаатарчууд маань бидэнтэй нэгдэж оролцох байх гэж горьдож байна

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Сүүлийн үед яг өөрийн бүтээлдээ түлхүү анхаарч байна. Балхаа ах ч юм уу, Ариунаа эгчтэй ажиллаад өөрийн уран бүтээлээ жаахан хойшин тавилаа. Энэ жилдээ өөрийнхөө уран бүтээлийг хийе гэж бодож байна. Энэ жил Никитоны шинэ CD хэвлэлтэд орно. Үүн дээр ажиллаж байна. Мөн “Sweet emotion” хамтлагийн 20 жил энэ жил тохиож байна. 20 жилийн ойд нь зориулсан төлөвлөсөн ажлууд байна. Мөн миний уран бүтээлүүд гарах байх.

-Байгаль дэлхийгээ хайрлах тухай сэдэвтэй дуу цаашдаа гаргах уу?

-Гаргана. Хөгжмийн зохиолч, уран бүтээлч хүн болохоор байгаль дэлхийгээ хайрласан, бидэнд тулгамдаад байгаа асуудлуудын төлөө сэтгэл их татагддаг юм байна. Тэр сэдэл нь аялгуу эгшиг болж ингэж буудаг юм байна гэж бодож байна. Эхнээсээ ингээд гарлаа. Цаашдаа клипжүүлэх ажлаа хийнэ дээ.

-Хамтлагаараа дуулах уу, ганцаараа дуулах уу?

-Ерөнхийдөө миний төгөлдөр хуурийн CD гарах юм. Бусад уран бүтээлчидтэй ч шинэ уран бүтээлүүд хийнэ. Үүнийг цаг тухайд нь хэлээд явах байх.

-Утааны эсрэг урлагийнхнаа уриалж юу гэж хэлэх вэ?

-Бид ч гэсэн яг одоо энэхүү “New star” студид сууж байна. Үүгээр урлагийнхан үргэлж орж гарч байдаг. Биднийг бичлэг хийгээд сууж байхад урлагийнхан маань бүгд л дэмжье гэсэн байсан. Сүүлд “Sweet emotion” хамтлаг дэмжээд дуу хоолойгоо гаргаж байх шиг байна лээ. Энд бол ямар нэгэн ашиг сонирхол байхгүй. Бидний ард хэн нэгэн байгаад тэдний захиалгаар ингээд яваад байгаа юм байхгүй шүү. Цэвэр уран бүтээлч хүмүүсийн санаа, иргэн хүний санаа зовнисон сэтгэл л байгаа. Юм гэдэг чинь хэмжээ хязгаартай байдаг.Харсаар байтал хүүхдүүдээ ингээд хордуулаад байх уу. Уушигны өвчнөөр олон хүнээ харанхуй орон руу үдсээр байх уу. Ийм л хүнд нөхцөл байдал үүсээд байна шүү дээ.

-Утааны эсрэг жагсаал дээр та дуугаа дуулах уу?

-Бид жагсаал дээр клипнийхээ зургийг авна гэж бодож байгаа. Ямар ч байсан тэр жагсаал дээр бид очино. Хүмүүсийг ирээсэй гэж уриалж байна. Олон хүмүүсийг дуу хоолойгоо нэгтгээсэй гэж хүсч байна. Энэ бол яах аргагүй иргэн хүний үүрэг. Урлагийнхан бид эрчтэй, хүчтэй байхгүй бол цөхрөөд уначихсан энэ нийгэмд бид дагаад тийм сулбагар байгаад утаандаа бууж өгөөд байж болохгүй. Энэ дуунд маань бидний итгэл сэтгэл, эрч хүч шингэсэн болов уу гэж бодож байна.

О.ӨНӨРЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *