Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бямбасайхан: Компанийн үнэ цэн өсвөл хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ

Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

Маргааш (өнөөдөр) эхлэх Эдийн засгийн форумаар компанийн үнэ цэн гэсэн сэдвийг онцолж ярина гэж сонссон. Энэ сэдвийг онцлох болсон шалтгааныг сонирхмоор байна?

-Эдийн засаг томрох гол үндэс бол гадаадын шууд хөрөнгө оруулалт. Компаниуд нь үнэ цэнэтэй байж гадаадын том хөрөнгө оруулалтыг татаж чадна. Энэ утгаараа зайлшгүй хөндөж ярих учиртай сэдэв л дээ. Эдийн засгийн форумын үеэр энэ асуудлын суурийг ярих юм. Компанийн үнэ цэн гэдэг рүү чиглэсэн салбар хуралдааны панелистууд нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, Да.Ганболд, СЗХ-ны дарга З. Нарантуяа, “Бодь” группын Д.Баясгалан нар. Б.Дэлгэрмаа зөвлөх компанийн үнэ цэнийг өсгөх чигийн гурван хуулийн төсөл дээр ажиллаж байгаа хүн. Улс төрийн нөхцөл, хууль эрх зүйн тогтвортой байдал, бодлогын ойлгомжтой орчин зэрэг нь компанийн үнэ цэнд шууд нөлөөлдөг. Монголын ямар ч компани олон улсын зах зээлээс мөнгө босгоё гэхэд хамгийн түрүүнд улсынх нь эрсдлийг хэмжиж үздэг. Өнөөдөр бид дэлхийн зах зээлд гаръя гэвэл олон улсын стандартад хүрсэн байх ёстой. Улстөрийн эрсдэл өндөр улсын хувьдмөнгө босгох боломж хомс болдог. Хууль эрх зүйн ойлгомжтой орчин олон улсын зах зээлд компанийн үнэ цэн өсөх том шалтгаан болдог. Харин хууль эрх зүйн орчин нь муу байвал санхүүжилтийн өртөг нэмэгдэхээс эхлээд саар зүйл өчнөөн. Энэ тохиолдолд олон улсын зах зээлээс мөнгө босголоо гэхэд өндөр өртгөөр босгохоос аргагүйд хүрдэг.

Компаниудынхаа үйл ажиллагааг олон улсын стандартад хүргэх ёстой гэж ойлголоо. Төрийн өмчийн компаниудыг дэлхийн жишигт хүргэхийн тулд яах ёстой гэж та бодож байна, жишээ нь “Эрдэнэс Монгол”-ын охин компаниудын үнэ цэнийг өсгөж гаднаас хөрөнгө оруулалт татах боломж бий юу?

-Уул уурхайн чиглэлээр ажилладаг төрийн өмчит компаниудын хувьд олон улсын зах зээлээс мөнгө татах боломжтой бизнес. Том хөрөнгө оруулалт татах үүдийг яаж нээх вэ гэдэг нь компанийн үнэ цэн гэсэн ойлголтод хамаараад байгаа юм. Анхаарах хэд хэдэн гол зүйл бий. Нэгдүгээрт олон улсын стандартад шилжих ёстой. Өөрөөр хэлбэл санхүүгийнхаа менежментийг олон улсын стандартын дагуу хийдэг байх учиртай. Үйл ажиллагааны талаас нь харвал дэлхийд хэрэглэдэг сүүлийн үеийн технологи, шинэ арга барилыг нэвтрүүлэх хэрэгтэй. Өнөөгийн зах зээлд компанийн үнэ цэн гэдэг их чухал. Багануурын уурхайгаар жишээ авъя. Энэ уурхайн хувьцааны 25 хувь нь Хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг. Үлдсэн 75 хувийн хувьцааг Засгийн газраар дамжуулж иргэд эзэмшдэг. Миний хувьд энэ компанийн үнэ цэнийг яаж өсгөх вэ гэдэг асуудалд анхаарч ажиллаж байна. Үнэ цэнийг нь өсгөвөл иргэдийн хүртэх өгөөж тэр хэрээр нэмэгдэнэ. Нүүрсний уурхайн бизнесийн хувьд өнөөгийн үйл ажиллагаагаа явуулж байгаа хэлбэр нь хангалттай биш гэж боддог. Энэ бизнесийг зөвхөн нүүрс ухаж ачихын нэр гэж ойлгож болохгүй. Санхүүгийн олон үзүүлэлт, тайлан баланс дээр нь үндэслэж нэмэлт санхүүжилт босгох шаардлагатай. Үнэ цэнийг нь нэмэгдүүлэхийн тулд дэлхий даяар хэрэглэж байгаа стандартууд руу л хурдан шилжмээр байгаа юм. Төрийн өмчит компанийн удирдлагын арга барил, санхүүгийн менежмент ягөнөөдрийнх шиг үргэлжилбэл жилдээ хоёр сая тонн нүүрс гаргаад л явна. Өөр ямар ч өөрчлөлт ажиглагдахгүй. Зүй нь компаниуд өнөөдрийнхөөс томрох шаардлагатай. Тэгж байж эдийн засаг томорно. Эдийн засаг томорвол өнөөдрийн зовлон асуудал биш болно. Хамгийн гол өгөөж нь нийтийн өмч үнэ цэнэтэй болно. Дахин хэлэхэд компани томрох хамгийн чухал зүйл нь гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх. “BHP”, “Рио тинто” зэрэг олон улсын уул уурхайн компанийн жишигт хүрч байж л хөрөнгө оруулагчид бидэнд итгэдэг болно. Манай улсын өнөөдрийн эдийн засаг их амархан. Банкны зүгээс “Барьцаалах үл хөдлөх хөрөнгө байвал аваад ир, хөрөнгөний чинь төчнөөн хувьд нь зээл өгье” гээд л болчихож байна. Компанийн үнэ цэн, тайлан баланс дээр үндэслэж зээл олгодоггүй.

Төрийн өмчит компаниуд Компанийн хуулийн дор ажиллавал бизнес нь томорно гэсэн гарц яригдаж байгаа гэсэн. Үүнийг тодруулж тайлбарлаач?

-Төрийн өмчит компани гэдэг үг нэг л их эрх дархтай сүрхий газар гэсэн ойлголт өгөхөөр сонсогддог л доо.Нөгөө талаас нь харвал эрх нь маш хязгаарлагдмал шүү дээ. Өрсөлдөж болохооргүй нөхцөлд ажилладаг гэж хэлж болно. Төрийн өмчит компаниудын үйл ажиллагаахэд хэдэн хуулийн хүрээнд явагддаг юм. Хуулиудынх нь хүрээ гэхээр дан хязгаарлалтууд. Улсын өмчит компани учраас энэ хуулийн ийм заалтыг дагана гэчихдэг. Төрийн өмчит компаниуд төсвөөс татаас авдаггүй. Бусад компаниудтай адил татвараа төлөөд яв гэсэн шаардлага тавьдаг хэрнээ үнэн хэрэгтээ гар, хөлийг нь боочихсон. Өнөөдөр манай компани зөвлөх үйлчилгээ авъя гэвэл заавал тендерийн хуулийн дагуу, татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагатай адилхан дүрмээр явах шаардлагатай болдог. Уг нь төрийн өмчит компани бол татвар төлөгч. Төсвийн байгууллагатай адил дүрмээр ажиллахаар цаг хугацаа алддаг том эрсдэл бий. Бизнесийн хувьд зайлшгүй шаардлагатай байгаа зөвлөх үйлчилгээг тендерийн хуулиас болоод хагас жилийн дараа авдаг. Өрсөлдөөн ихтэй зах зээлд амьдарч байгаа ийм үед өнөөдөр хэрэгцээтэй байгаа зөвлөх үйлчилгээ зургаан сарын дараа үр өгөөжөө алданал даа. Хэрвээ би хувийн компанийн захирал байсан бол зөвлөх үйлчилгээний хамгийн сайн компанийг шууд аваад л ажлаа хийлгэчихнэ. Уг нь Компанийн хуулиар явчихад л болох асуудал байгаа юм. Төрийн өмчийн компаниуд өөр хуулиар ажилладгаас болж л асуудал дэгддэг. Дахин хэлэхэд төрийн өмчит компаниудад илүү эрх дарх байдаггүй. Гарыг нь хүлсэн хууль эрх зүйн орчинд ажилладаг. Шаардлагатай гэж үзвэлолон улсын зах зээлээс хамгийн сайн хүн авчраад бизнесээ өргөжүүлэх боломж “Эм Си Эс” компанийн захиралдбайдаг. Учир нь тэнд хүний үнэлэмжид таарсан цалин хөлс олгодог систем бий. Мөнгө нь илүүдсэндээ биш компанийнхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх гэж л гаднаас чадварлаг мэргэжилтнүүд урьдаг юм. Харин төрийн өмчит компанийн захирал ингэж чадахгүй. Хувийн компаниуд шиг чадварлаг улсыг урьж ирүүлээд бизнесээ өргөжүүлье гэвэл цаг алдалгүйгээр Компанийн хуулийн дагуу ажилладаг болох хэрэгтэй.

Төрийн өмчит компаниудад бизнес хийх боломж олговол хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг томрох өгөөжтэй гэж ойлголоо.

-Монголчууд сайхан байртай, тавлаг орчинд, өндөр орлоготой амьдрахыг хүсч байгаа. Тэгж байж эдийн засаг эрүүлжилж, томрох учиртай. Энэ тохиолдолд бидний хүсээд буй орчин үеийн амьдралын үндсэн хэрэгцээ хангагдана. Ингэхийн тулд орлоготой байх учиртай. Ерөнхий сайдын том төслүүдээ явуулна гээд байгаа шалтгаан нь энэ. Том төслөө дагаад орлого нэмэгдэнэ. Бид дэлхийн стандарт руу дөхөх алхмаа хийчихсэн. Маш олон боломж байхад хүчээр, янз бүрийн байдлаар хязгаарлаад байна л даа. Нэг том, бодитой гарц бол төрийн өмчит компаниудад бизнес хийх боломжийг нь өгөх.

Төрийн өмчит компаниудыг Компанийн тухай хуулиар ажиллуулъя гэвэл хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал гарч ирэх байх. Шинээр хууль гаргах шаардлагатай юу?

-Компанийн тухай хуулиар явахад шинэ хууль батлуулах шаардлага бий. Хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулж таарна. Засгийн газрын зүгээс хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа. Зарчмаа ойлгочих юм бол яаж ийж байгаад хүрчихнэ. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн сэтгэлгээний хувьсгал хийчихэд л болох асуудал. Сингапур 1974 оноос төрийн өмчит компаниудаа Компанийн хуулийн дагуу ажиллуулах болсон. Компанийн хуулийн дагуу “Темасек” гэсэн нэртэй компани байгуулсан байдаг. Тэгээд тэр компани руугаа төрийн өмчид байсан компаниудын хөрөнгийг шилжүүлсэн юм. Өнөөдөр гэхэд л төрийн өмчит компаниуд Компанийн хуулийн дагуу гэрчилгээгээ авдаг. Уг нь жинхэнэ утгаараа шилжих хэрэгтэй байгаа юм. Компани нь компани шиг байж, зөв засаглалаар ажиллаж, ТУЗ нь хараат бусаар томилогдож, удирдлага нь зөвхөн компанийнхаа төлөө зүтгэж байж үнэ цэнэ нь өснө. Үнэ цэнэ нь дээшилбэл хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *