Categories
мэдээ нийгэм

Б.Буянзаяа: Мэргэжил сонголт бол таны амьдралын баталгаа

ХААИС-ийн элсэлт болон тус сургуулийн хөтөлбөрийн шинэчлэл, суралцагчдад олгож буй боломжийн талаар ХААИС-ийн Сургалт эрхэл­сэн дэд захирал, док­тор Б.Буянзаяатай ярилцлаа.

-Ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөгчид суралцах сургууль, мэргэж­лээ сонгож байна. Энэ жи-лийн элсэлт хэзээнээс эхлэх вэ?

-Аймаг, орон нутагт 07 дугаар сарын 1-4-нд, Улаанбаатар хотноо бүртгэл, мэргэжил сонгуулах үйл ажиллагаа 07 дугаар сарын 01-нээс 08-ны 22 цаг хүртэл онлайн болон сургуулийнхаа төв байранд явагдаж байна.

Бид сургуульд элсэгчид болон тэдний эцэг эхчүүдэд мэргэжлийг нь зөв сонгуулах, хүсэл сонирхолд нийцүүлэх зорилгоор эрдэмтэн багш нараас бүрдсэн зөвлөгөө өгөх баг томилон ажиллуулж бай­гаа. Онлайн бүртгэл болон элсэлттэй холбоотой мэдээл­лийг www.elselt.muls.edu.mn, www.muls.edu.mn хаягаар орж авах боломжтой.

-ХААИС-ийн давуу тал, амжилттай суралцагчдад ямар боломж, хөнгөлөлт байдаг вэ?

-Манай сургууль нь Улс орны өрсөлдөх чадвар, тогтвортой хөгжлийн тулгуур болсон эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, экологи, байгаль хамгаалал, аялал жуулчлал, инженерчлэлийн чиглэлээр сургалт явуулахаас гадна байнга төрийн бодлогын анхаарлын төвд байдгаараа давуу талтай. Өөрөөр хэлбэл, нийгэмд зайлшгүй шаардлагатай, эрэлт, хэрэгцээтэй мэргэжилтэнийг бэлтгэж байгааг харуулж байна. Дэлхий даяар хүнсний хомсдол, аюулгүй байдлын талаар анхаарлаа хандуулж байгаа өнөө үед энэ чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг цорын ганц төрийн өмчийн сургууль юм.

Харин манай сургуульд элсэхийг хүссэн амжилттай суралцагч, төгсөгчдөд дараах боломж хөнгөлөлт нээлттэй байгаа.

• Олон улсын болон улсын олимпиадад эхний 1-10 дугаар байр, бүс, аймгийн хэмжээний олимпиад, уралдаанд эхний 1-5 дугаар байранд шалгарагсдыг олимпиадад оролцсон чиглэлийн дагуу шууд элсүүлэн суралцуулна.

• ХААИС-ийн дэргэдэх лицей, гүнзгийрүүлсэн сургалттай ангиудаас сурлагын дүнгийн жагсаалтаар эхний 15 байранд шалгарч, ерөнхий шалгалтын 500-аас дээш оноо авсан сурагчид өөрийн хүссэн хөтөлбөр, мэргэжлээр элсэх боломжтой.

• Урлаг, спортын гоц авъяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний 3 байрт шалгарагсдыг ерөнхий шалгалтын чиглэл, Улсын хэмжээний ЭЕШ-ын босго оноо (400)-г харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна.

• Хөдөө орон нутаг дахь салбарын мэргэжилтний хангамж, эрэлт, хэрэгцээ, үе дамжсан мэргэжил өвлөх сонирхол зэргийг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр элсүүлнэ. Үүнд элсэхийг хүсэгчийн хувийн өргөдөл, орон нутгийн засаг, захиргааны тодорхойлолт, дэмжлэг зэргийг үндэс болгоно.

• Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 600 түүнээс дээш бол “Агрономи”, “Зооинженер технологи”, “Биологи-Агнуур зүй“, “Загасны аж ахуйн технологи”, “Бэлчээр, тэжээлийн технологи” мэргэжлээр элсэгчийн эхний жилийн сургалтын төлбөрийг 50 хувиар хөнгөлнө.

-Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид мэргэжил сонгох тал дээр мэдлэг, мэдээлэл багатайгаас болж алдах тохиолдол байдаг. Танай сургуульд төгсөгчдийн сонирхлыг төдийлөн татдаггүй ч ирээдүйд эрэлттэй ямар мэргэжлийн анги байна вэ?

-Хүн бүрийн амьдралдаа хийх хамгийн том алхамын нэг бол мэргэжлээ зөв сонгох явдал бөгөөд мэргэжил сонголт бол таны амьдралын баталгаа юм. Өнөөдөр мэргэжлээ зөв сонгож амьдралд бүтээлчээр хандаагүйн улмаас их, дээд сургуульд 4 жил сураад эцэст нь ажил, орлогогүй эргээд л аав ээжийн халамжинд очдог муу зуршил залуучуудын дунд бий болсон байна. Судалгаанаас харахад ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхдүүдийн 50 хувь нь эцэг эхийн зөвлөмжөөр, 30 хувь нь өөрийн сонирхолоор, 20 хувь нь мэдээллийн хэрэгсэл болон найз нөхдийн зөвлөгөөгөөр мэргэжлээ сонгодог байна.

Тиймээс эцэг эхчүүддээ зөвлөхөд хүүхдийнхээ мэргэжил сонголтод хариуцлагатай хандаж зөвхөн өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг бус ирээдүйгээ харсан, өөрөөр хэлбэл тав, арван жилийн дараа ямар мэргэжил илүү эрэлттэй, ажлын байртай болох боломжтойг судалж сонгуулах хэрэгтэй.

Одоогоор дэлхийн нэн эрэлт¬тэй мэргэжлийн жагсаалтыг эрүүл мэндийн чиглэлийн мэргэжил тэргүүлж байна. Үүний цаана дэлхийн хүн амын өсөлт, хотжилт, өндөр хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний хангамж, хүрэлцээ, аюулгүй байдал гээд олон хүчин зүйл хүн төрөлхтөний чанартай, эрүүл амьдрах нөхцөлд нөлөөлж буйг харуулж байгаа юм.

Энэхүү нөлөөлөлтэй холбоотойгоор хүнс үйлдвэрлэл, органик тариалан, хүнсний чанар, аюулгүй байдал, астро фермер, биотехнологич, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн, биологийн кибернетикч буюу биологийн эдийн засагч, ландшафтын архитектур зэрэг хүн бүрийн анхааралд төдийлөн байдаггүй боловч дэлхийн эрэлттэй мэргэжлүүдийн жагсаалтанд хурдтайгаар орж ирж байна.

Манай сургуульд дэлхийд эрэлттэй байгаа дээрх мэргэжлүүдээс гадна Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгасан хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлэх бодлогыг дэмжих, мэргэжилтэй боловсон хүчнээр хангахад зориулагдсан Зоо инженер технологи, Агрономи, Малын эмч, Экологи, байгаль орч­ныг хамгаалах технологи, Хүнсний инженерчлэл, Ургамал хамгаалал, хорио цээрийн үнэлгээ, Байгалийн аялал жуулчлал, Маркетинг зэрэг хөтөлбөр, мэргэжлүүдээр сургалт явуулж байна.

Ирээдүйд эрэлттэй, бие даан бизнес эрхлэх, ажлын байр бий болгох, хамгийн гол нь төрийн бодлого, хууль эрх зүйн түвшинд дэмжигдэж баталгаажсан дээрх мэргэжлүүдийг сонгох нь сургууль төгсөгчдийн хувьд оновчтой байх болов уу.

– Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн үр дүнгийн талаар ярина уу?

-Бид ажил олгогч, салбарын яам, мэргэжлийн байгууллагууд, төгсөгчид, судлаачидтай хамтран мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрүүддээ бодитой шинэчлэлийг хийн түүнийгээ хэрэгжүүлж эхлээд байна.

Бодитой шинэчлэл гэд­гийн учир нь оюутнуудад заах хичээлийн агуулга буюу мэд­лэг, ур чадварыг зөвхөн багш тодорхойлох бус ажил олгогч, төгсөгч, судлаачдын саналыг тусган оруулснаараа төгсөгчид маань нийгэм, хөдөлмөрийн зах зээлийн шаардлагыг хангах бүрэн боломжтой болно гэж үзсэн.

Зөвхөн агуулга төдийгүй түүнийг хэрэгжүүлэх сургалтын орчныг үе шаттайгаар шинэчлэн сайжрууллаа. Сүүлийн 3 жилийн хугацаанд нийтдээ 34 лаборатори шинээр байгуулснаар оюутнууд суралцах хугацаандаа үйлдвэрлэл, ажлын байранд тавигдах шаардлагыг хангахуйц ур чадвар, дадлага туршлагыг эдгээр лабораторит олж авах боломж бүрдсэн.

Манай сургуулийн оюутан бүр хоёр дахь жилээсээ эхлэн сургалт, үйлдвэрлэлийн дадлага хийж түүнийхээ үр дүнг төгсөн гарахдаа бизнес төсөл, төгсөлтийн ажил болгон амьдралд бүтээлчээр хэрэгжүүлэх улмаар ажлын байр бий болгох төсөлтэй төгсдөг болж байна. Энэ бол хөтөлбөрийн шинэчлэлийн үр дүн буюу ажлын байр хайдаг бус өөрсдөө ажлын байр бий болгох чадамжтай төгсөгчдийг нийгэм, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж байгаараа онцлог юм.

-Гадаадад суралцах боломжийн талаар тодруулна уу?

-Дэлхийн өндөр хөгжилтэй орны Засгийн газрын тэтгэлгүүд ихэнхдээ дэлхий даяар тулгамдаж байгаа асуудлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд анхаарлаа хандуулдаг. Иймд хүнс, хөдөө аж ахуй, экологи, хүрээлэн буй орчны чиглэлээр тэтгэлэгт хөтөлбөрүүд маш их ирдэг. Манай сургууль одоогоор 36 орны 174 их, дээд сур­гуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна.

Манай сургуулийн гадаад хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлсээр сүүлийн жилүүдэд бусад улс орны их сур­гуулиудтай “Хос хөтөлбөрийн сургалт”-ыг идэвхитэй зохион байгуулж байна.

“Хос хөтөлбөр” гэдэг нь хоёр улсын диплом буюу Монгол улсын ХААИС-ийн бакалаврын зэргийн диплом болон ОХУ, БНХАУ, БНСУ, Ка­над зэрэг орнуудын их сур­гуулийн дипломтой төгсөх боломж олгож байгаа сургалт юм. Өнгөрсөн хичээлийн жилд л гэхэд хос хөтөлбөрийн хүрээнд хэлний сургалтанд хамрагдан түвшин тогтоох шалгалтаа амжилттай өгч /ОХУ-д 26, БНСУ-д 6, БНХАУ-2/ нийт 30 гаруй оюутан хамтын ажиллагаатай гадаадын их сургуулиудад шилжин суралцах болзлыг хангасан байдаг. Хамтарсан хөтөлбөрүүдийн тухайд;

• ОХУ-ын Новоси­бирскийн ХААИС-тай хамтарсан 2+2, 1+3 бакалаврын хөтөлбөр;

• ОХУ-ын Эрхүүгийн ХАА-н Академитай хамтарсан 2+2, 2+3 бакалаврын хөтөлбөр;

• ОХУ-ын Буриадын ХАА-н Академитай хамтарсан 2+2, 2+3 бакалаврын хөтөл­бөр;

• БНХАУ-ын Өвөрмонголын ХААИС-тай хамтарсан 3+1, 4+1 бакалаврын хөтөлбөр, 1+1 магистр, 2+1 докторын хөтөлбөр;

• БНСУ-ын Чонбукын Үндэсний их сургуультай хамтарсан 2+2, 2+3 бакалаврын хөтөлбөр;

• Канад улсын Саскачеваны их сургуультай хамтарсан 2+2 бакалаврын хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

-ХААИС-ийг амьдралын ухааны их сургууль гэж тодорхойлох нь бий. Ер нь ч үйлдвэрлэлтэй их ойрхон сургууль. Мэргэжлийн байгууллагад ажиллахгүй ч мэргэжилдээ тулгуурлан бие даан үйлдвэрлэл удирдан явуу­лах боломжтой. Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн салбарт бизнес эрхлэгчдийн хэдэн хувь нь ХААИС-ийн төгсөгчид байдаг бол. Энэ талаар тодорхой мэдээлэл бий юу?

-Тиймээ манай сургуулийн хувьд үнэхээр онцлог бөгөөд хүний чанартай амьдралын баталгаа болсон хүрээлэн буй орчин, хүнсний эрүүл, аюулгүй байдалтай холбоотой сургалт, судалгааны үйл ажиллагааг зонхилон явуулдагаараа амьдралын ухааны их сургууль гэгддэг.

Дэлхийд тэргүүлэх нэгэн Хөдөө аж ахуйн их сургууль эрхэм зорилгоо: “Чанартай амьдралын төлөө биологийн нөөцийг судлах явдал юм” гэж тодорхойлсоноос харахад хүний амьдралын суурь асуудлыг судалж, түүний үр дүнг түгээн дэлгэрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх үйл ажиллагаа нь яах аргагүй амьдралын их сургууль гэж нэрлэхэд хүргэж байна.

Манай сургуулийг төгсөгч бүр ажлын байр хайхаас гадна бие даан үйлдвэрлэл, бизнес эрхлэх боломжтойг дээр дурьдсан. Төгсөгчид маань ч өнөөдрийг хүртэл энэ байдлаа хадгалж ирсэн. Монголын газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн салбарт ажиллагчид, бизнес эрхлэгчдийн дийлэнхийг манай төгсөгчид эзэлж байгаа.

Бэлчээрийн доройтол, мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эд болон боловсруулсан бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байгаатай холбогдуулаад манай улсад бэлчээр, тэжээлийн мэргэжилтэн, өндөр ашиг шимт малын үүлдрийг бий болгох мал зүйч, бүтээгдэхүүн, бараа судлалын технологич мэргэжилтний эрэлт, хэрэгцээ их болж байна. Тухайлбал, эрчимжсэн мал аж ахуйн салбарт зоо инженер болон амьтны биотехнологийн мэргэжилтэнүүд өндөр ашиг шим­тэй донор малаас үр хөврөл шилжүүлэн суулгах аргыг ашиглан богино хугацаанд өндөр ашиг шимтэй малын генетик нөөцийг бүрдүүлэх ажлыг хийж байна.

Мөн монгол оронд ургадаг эмийн болон ашигт ургамлыг эд эсийн өсгөвөр хийх биотехнологийн аргаар тарималжуулан биологийн идэвхит нэгдлийн үйлчилэлийг тодорхойлж эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн бий болгох бо¬ломжтой.

Дээрх жишээнээс харахад хөдөө аж ахуйн салбарын бизнес нь зөвхөн үр тариа, төмс, хүнсний ногоо, мах, сүүгээр зогсохгүй биологийн бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээнд суурилсан биоэдийн засгийг хөгжүүлэх талбар болоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *