Categories
мэдээ нийгэм

Б.Булганыг хорьж буй байранд прокуророос шалгалт хийжээ

УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Б.Булганыг Төв аймгийн цагдан хориход байхад нь эргэж очжээ. Энэ үеэр тус хорих ангид хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн мэдээллийг түгээсэн.

Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Б.Булганы хорьж буй ангитай танилцаж шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнгийн талаар УЕПГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хяналтын прокурор Ц.Өлзийжаргал сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Шалгалтаар УИХ-ын гишүүдийн мэдээлэлд дурьдагдсан”…Б.Булганы хоригдож байгаа өрөөний гэрэл тод бусад өрөөнийх бүдэг…” гэсэн нь үндэслэлгүй байсан бөгөөд тус байрны хорих бүх өрөөний гэрэлтүүлэг жигд түвшинд суурилагдсан байна гэв.

Харин хорих өрөөний бие засах хэсэг үүдэндээ ил байрласан нь эмэгтэй хүний эрхэмсэг байдлыг алдагдуулж, залхаан цээрлүүлж байгаа гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийхэд сантехникийн холболтоос шалтгаалаад ганц Б.Булганы өрөө биш бусад найман өрөөний бие засах хэсэг нь үүдэндээ байрлалтай байжээ. Иймд далдлах хаалт хийлгэсэн аж. Түүнчлэн Б.Булган нь гэрээсээ илгээмжээр ирүүлсэн номыг уншиж байгаа бөгөөд бичгийн цаас, бал оруулаагүй, хорих өрөөний эсрэг талын цонхыг хөшгөөр байнга хаалттай байлгадаг гэсэн мэдээллүүд нь үндэслэлтэй байсан тул бичгийн цаас, бал өгөх, хөшгийг татуулж, цонхыг нээлгэх зэрэг арга хэмжээг авчээ.

Дээрхи зөрчлүүд нь тус хорих байрны албан тушаалтны зүгээс Хууль зүйн сайдын тушаалаар баталсан “Хорих байрны дотоод журам”-ыг зөрчсөн зөрчил байх тул зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар ШШГЕГ-т Прокурорын шаардлага бичиж хүргүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *