Categories
мэдээ цаг-үе

Б.Болортоль: Би энэ хичээлийг заахдаа ингэж хэлнэ гээд толинд харж бэлтгэдэг

Нийслэлийн 23 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Болортольтой ярилцлаа. Дунд, ахлах ангид хичээл заадаг энэ багш 18 жил мэргэжлээрээ ажиллаж байгаа.

-Ш.Сүрэнжав гуайн “Багш” найраглалыг хүмүүс мэднэ. Харин орчин үеийн багш гэж хэн бэ?

-Орчин үед багшид өөрийгөө хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа. Өөрийгөө хөгжүүлж бэлтгэж байж хүүхдийн өмнө зогсох учиртай. Яагаад гэхээр хүүхэд өнөөдөр биднээс илүү хөгжчихсөн байна шүү дээ. Бүх мэдээлэл нээлттэй байна. Хүүхдүүдэд шинэ мэдлэг өгөхийн тулд багш маш их бэлтгэх ёстой. Өмнө нь бид “Энэ хүүхдүүдийг ийм л түвшинд хүргэнэ” гээд өөрсдөө зорилго тавиад хичээлээ заадаг байлаа. Манай сурагчид юу хүсч сонирхож байна гэдгийг судлахгүйгээр үүнийг л заачихвал би хангалттай сайн ажиллаж байна гэж үздэг байлаа. Өнөөдөр хүүхдүүдээ судлах шаардлагатай болсон. Миний хүүхдүүд юунд хүрэхийг мөрөөдөж байна гэдгийг багш судлах учиртай.

-Хүүхдээ судална гэхээр яана гэсэн үг вэ. Судалгаа авдаг юм уу, хичээл заах явцдаа ажигладаг уу?

-Хичээл заах явцдаа байнга ажиглана. За өнөөдөр Бат, Дулмаа, Дорж гурвыг судална гээд төлөвлөж орно гэсэн үг. Өнөөдрийн хичээл дээр ийм чадвартай байсан сурагчид миний хичээлийн дараа ийм өөрчлөлт гарлаа гэдэг тэмдэглэгээг хийж явахыг л судалгаа гэж хэлээд байгаа юм л даа. Ахицыг л багш тэмдэглээд яаах учиртай.

-Өмнө нь багш мундаг байх амархан байсан байж магадгүй. Харин өнөөдөр багш мундаг байх ёстой юу. Мундаг биш багш бол яаж хүүхдүүдийн анхаарлыг татаж, мэдлэг олгох вэ?

-Үүнийг би бас зөндөө бодсон. Яагаад гэхээр биднийг сургууль төгсч байх үед олимпиад уралдаан тэмцээнд үзүүлсэн амжилтаар багшийг үнэлдэг байсан. Би улсын аварга болж байсан, аймагтаа монгол хэл, бичгийн олимпиадад байнга түрүүлдэг байлаа. Тухайн үед ийм багшийг үнэлдэг байсан. Сая боловсролын салбарт өрнөсөн шинэчлэлийн үр дүнд багшийг тэр талаас нь үнэлэхийг чухалчлахгүй болсон. Олимпиадад түрүүлэх магадлалтай хэдхэн хүүхэдтэй ажиллах бус хүүхэд бүрийг хөгжүүлэхийн төлөө хичээдэг болсон. Гэхдээ багш чадвартай байх ёстой нь мэдээж. Хүүхэдтэй сайхан харьцчихдаг, хичээлээ гайгүй заачихдаг хүн бүр сайн багш гэсэн үг биш л дээ.

-Багш юм хэлэхээр “Багш аа, наадах чинь тийм биш шүү дээ. Энд өөр мэдээлэл байна” гэх мэтээр ярих хүүхэд байх уу?

-Байгаа. Багш хүүхэдтэйгээ зэрэгцээд хөгжих, мэдээллийн эрин зуунд амьдрах ёстой болж байна. “Аа тийм байна уу” гээд зогсч таарахгүй.

-Монгол иргэн бэлтгэхийн тулд монгол хэл, соёл чухал гэдгийг олон хүн мэдэрдэг боллоо. Ном уншдаг байх хэрэгтэй гэдгийг ч хэн бүхэн хэлэх байх. Харин монгол хэл, уран зохиолын хичээлийг хэр тоодог вэ?

-Монгол хэл, уран зохиолын хичээлд ач холбогдол өгдөг гэж би хэлнэ. Зөв бичгийн дүрмээр бичиж чаддаг хүүхэд байхгүй боллоо гэсэн өрөөсгөл ойлголт явдаг. Монгол хэл, уран зохиолын хичээлийг сонирхолтой заах гэж бид их хичээж байгаа. Шинэчилсэн хөтөлбөрийн үр дүнд хичээл заагаад гарч ирэхдээ би сайхан мэдрэмж авч чаддаг. Бүх хүүхэд хичээлд оролцоход сэтгэл ханамж маш өндөр байдаг. Ингэж хичээлээ заахын тулд маш их бэлтгэдэг, сэтгэдэг болсон.

-Орчин үеийн залуус ном уншихаа байжээ гэцгээдэг. Үнэхээр хүүхэд залуус ном уншиж байна уу?

-Уншиж байгаа. Дунд сургуулийн сурагчид маш их уншиж байгаа. Анги болгон номын сантай. Бага ангийн хүүхдүүд зурагт комикс номнууд унших сонирхолтой байдаг. “Робинзон Крузо” ч гэдэг юм уу алдартай зохиолуудыг хүүхдэд зориулсан хувилбараар хэвлэх болсон. Тиймэрхүү зохиолуудыг сурагчид их уншиж байна.

-Хэл, уран зохиолын багшийн хувьд хүүхдэд зориулсан ном биччих юмсан гэсэн бодол төрдөг үү?

-Төрдөг. Хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл, амьдралын тухай ном бичиж, кино хийх юмсан гэж боддог. Гэхдээ яг номоо бичээд эхлэх зориг хүрэхгүй байна л даа. Сая гэхэд л сургуулийнхаа 53 сурагчийг аваад БНХАУ-ын Шиньяан хотын Багшийн сургуулийн зуны сургалтад хамрагдаад ирлээ. Хүүхдүүд маань HSK буюу хятад хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн юм. Тэнд бараг сар шахам хүүхдүүдтэйгээ хамт байлаа. Тэгээд л эдний тухай бичих юмсан гэж бодогдсон шүү.

-Эцэг эхчүүд өөрийнхөө нэг, хоёр хүүхэдтэй учраа олох гэж заримдаа яаж зовдог билээ. Гэтэл амьтны олон хүүхэдтэй бужигнаж байдаг багшийн стрессийг тайлах үйлчилгээ, амраах өрөө гэж баймаар санагддаг юм л даа. Тухайлбал та стрессээ яаж тайлж байна?

-Чөлөөт цаг бараг л гарахгүй дээ. Бид нэг ангид 50 гаруй хүүхдэд хичээл заадаг. Нэг их шуугиад байхгүй ч олон хүүхэдтэй ажиллахаар их ядардаг. Гуравдугаар сард манай багш нар дусал, аминдэм хийлгэх гэх мэтээр боломжоороо эмчлүүлдэг. Өөрийнхөөрөө стрессээ тайлж, эрүүл мэнддээ анхаарал тавьж байгаа нь л тэр. Энэ жил бид Заах аргын нэгдлээрээ массажинд орох юмсан, нэг газар орж ярилцаж сайхан суух юмсан гэж яриад чадаагүй.

-Багшийн хөгжлийн ордон гэж байдаг. Тэнд үйлчлүүлэх, суралцах боломж гардаг уу?

-Тэнд байнга л сургалт болж байдаг. Өөрийгөө хөгжүүлэх боловсруулах сургалтад хамрагддаг.

-Мэргэжлээ солих юмсан гэсэн бодол төрөх үе байсан уу?

-Эхэндээ тийм бодол төрдөг байлаа. Одоо бол тэгж бодохоо байсан. Шинэхэн багш байхдаа цалин үнэхээр хүрэхгүй “Яана даа, ингэж ч амьдрах гэж” гэж бодогдох үе байсан. Одоо бол ажилласан жилийн нэмэгдэл, лаборатори сургуулийн нэмэгдэл гээд болоод л байдаг юм.

-Мэргэжлийн өвчин гэж байдаг. Бид нар бол алдаа харагдвал засах гээд байдаг өвчтэй. Таны хувьд яадаг вэ?

-Би бас тийм өвчтэй. Манай сургуулийн монгол хэлний секц “Ангууч” гээд хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хүүхдүүд алдаатай хаяг, зарлалын зургийг авч багшдаа өгдөг. Ингээд орхичихгүй. “Танай байгууллагын гадна хаяг ийм алдаатай байна” гээд хүүхдүүд ханддаг, шаардлага тавьдаг. Зарим байгууллагын удирдлага маш сайхан хүлээж аваад “Та бүхэнд баярлалаа. Бид алдаагаа засъя” гээд албан бичиг хүртэл ирүүлсэн удаатай.

-Та одоо ямар ном уншиж байгаа вэ?

-Би “Боловсролын төгсгөл” гэдэг ном авчихаад хараахан уншиж дуусгаагүй л байна. Еврэйчүүд хүүхдүүдээ яаж боловсруулдаг тухай өмнө нь уншсан. Еврэй эцэг эхчүүд хүүхдүүддээ “Өнөөдөр багшаасаа юм асууж ир” гэж захидаг юм байна. Хүүхдүүдээсээ орой нь “Багшаасаа юу асуув, ямар шинэ юм мэдэж ирэв” гэж асуудаг. Түүнээс биш “Ямар дүн авав” гээд орхичихдоггүй юм билээ.

-Харин таны сурагчид хичээлийн дараа юм асуудаг уу?

-Ховор асууна шүү дээ.

-Яагаад багш болъё гэж шийдсэн бэ, зорилготой сонголт байсан уу?

-Яахав, зорилготой сонголт байсан л даа. Гэхдээ би орос хэлний багш болох байсан юм. Орос хэлний багш маань намайг гомдоогоод гэх юм уу даа. Монгол хэлний багш болчихсон юм. “Чи орос хэлээр явж чадахгүй” гэсэн юм л даа. Тухайн үед тэр үг зүрх сэтгэлд үлдсэн.

-Багшийн санаатай болон санамсаргүй хэлсэн үг хүүхдийн сонголтод нөлөөлж байдаг. Магадгүй та хүүхдэд үг хэлэхдээ маш болгоомжтой ханддаг байх?

-Би энэ тухай их боддог. Би энэ хичээлийг заахдаа ингэж хэлнэ гээд толинд харж бэлтгэдэг. Хүүхэд бол бидний толь л гэсэн үг. Бага ангийн хүүхдүүд бол гэртээ очоод багшийгаа яг дуурайдаг гэж байгаа юм. Бухимдаад янз бүрийн үг хэлэх тохиолдол гарна л даа. Аль болохоор тийм алдаа гаргахгүй юмсан гэж хичээдэг.

-Багш хүний мөрөөдөл юу байдаг бол?

-Төгсч байгаа хүүхдүүд маань бидний бүтээгдэхүүн шүү дээ. Ямар хүмүүжилтэй төлөвшилтэй гарч байна гээд бодохоор эмзэглэх үе байдаг. Хүүхдүүдээ аль болох хүнийг хайрладаг, зөв сэтгэлтэй, алсын хараатай болгох юмсан гэж боддог. Гэтэл яаж ийм хүн болгох вэ. Иргэний боловсролын хичээлээр хүнтэй яаж зөв харилцах вэ, гудамжинд явж байгаад бусадтай маргавал яаж зохицуулах вэ гэх мэтээр ярилцах цаг байдаг. “Автобусанд ямар хүнд туслав, маргаашийн цаг дээр яриарай” гэх мэтээр даалгавар өгдөг. Зүрх сэтгэлийн боловсрол олгох цагтай болсондоо баяртай байдаг .

-Танд хэлэхийг хүссэн үг үлдсэн үү?

-Боловсролын салбарын шинэчлэлийг энэ хэвээр нь үргэлжлүүлээсэй. Шинэ хүн гарч ирээд бужигнуулчих вий дээ гэж бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *