Categories
мэдээ цаг-үе

Б.Болдбаатар: Волейболын тамирчид ажил, тэмцээн дээр ч багаар ажиллах өндөр чадвар эзэмшчихсэн байдаг

Волейболын дээд лигийн тэмцээний таван удаагийн шилдэг дасгалжуулагч, спортын мастер Б.Болдбаатартай ярилцлаа.Тэрбээр одоо “Хөвсгөл Шинэ-Үе” клубийг удирдаж байна.


-Анх волейболын спортод хэрхэн дурласан бэ?

-Миний хувьд 1999 оноос хойш энэ спортоор хичээллэсэн.Тухайн үед анх Хөвсгөл аймгийн Гуравдугаар 10 жилийн багш Л.Амарболдын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж эхэлж байлаа.Биднийг анх сонгон шалгаруулахад өндөр нуруу гэсэн ганц шаардлага тавьсан. Ингээд 100 гаруй хүүхэд тэнцсэнээс дахин шигшигдэж 15 тамирчин шалгарч үлдсэн. Үүний дотор манай клубийн менежер Х.Энх-Амар бид хоёр багтаж байсан.Бид бэлтгэл сургуулилтаа хийж улсын болон аймгийн чанартай тэмцээнүүдэд эрэгтэй, эмэгтэй баг нийт 40 гаруй удаа аваргын алтан медаль хүртсэн байдаг.Аймгийн аваргад 28, улсын аваргад 10 гаруй удаа медаль хүртсэн байх жишээтэй. Ингэж анх волейболын спорт руу дурлаж орсон доо.

Тамирчны замнал гэвэл, 2006 он хүртэл Л.Амарболд багшийнхаа удирдлага дор хичээллэж байгаад хотод оюутан болж, “Их засаг” их сургуулийн оюутны шигшээ багт тоглох болсон. Улмаар 2010 оноос “Тэнүүн-Огоо” клубт хоёр жил тоглолоо. Мөн 2012-2014 онд “Алтайн барс” клубт тоглож байгаад буцаад “Тэнүүн огоо” клубийнхээ ахлах дасгалжуулагчаар ажилласан. Хоёр жил дасгалжуулагчаар ажиллах хугацаанд ихээхэн амжилттай байж чадсан. 2017 оноос “Хобби эйс” клубийг байгуулж байлаа. Дараа жилийн Монголын волейболын холбооны цомын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн юм. Өнгөрсөн жил “Алтайн барс” клубийг дасгалжуулж байгаад энэ оноос “Хөвсгөл шинэ үе” клубийг байгуулж дасгалжуулаад явж байна. Нийтдээ 2015-2020 оны хооронд Монголын волейболын холбооны тэмцээний дасгалжуулагчаар ажиллах үедээ таван удаа шилдэг дасгалжуулагч болжээ. Мөн үндэсний дээд лигт тоглож, 2015 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд туслах дасгалжуулагчаар явж байсан.

-Анх уг спортоор хичээллэж байх үетэй харьцуулахад одоогийн хөгжил хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Мэдээж олон дэвшил гарсан. Наад зах нь интернэт хөгжсөн учир дэлхийн волейболын спортын хөгжлийг маш ойлгомжтой хардаг болчихлоо. Биднийг тоглож байх үед зурагтаар л хааяа нэг волейбол үздэг байв. Одоо бол дэлхийн баг тамирчдын тоглолт, тактикийг дэлгэрэнгүй үзэх боломжтой. Үүнээс гадна бидний дараагийн үе нуруу өндөр болсон.Ингэснээр Ази болон дэлхийн түвшинд тоглох боломж нэмэгдэж байгаа юм. Би үеийнхэн дундаа 190-тэй гэхэд өндөрт ордог байсан бол одоо 18, 19-тэй хүүхдүүдийн хувьд энэ өндөр хэвийн нуруу болчихсон.Ганц дутуу юм гэвэл хангамж, цалин мөнгө юм.Зөвхөн энэ спортоор хичээллээд амьдаръя гэхээр тийм боломж хомс. Монголын тамирчид ажилдаа яваад, хажуугаар нь бэлтгэлээ хийж, тэмцээн уралдаанд оролцоод явахаар дэлхийн түвшинд тоглох боломж дутаад байх шиг байна. Бусдаар бол бүх чиглэлээр нээлттэй болчихлоо. Хоолноосоо авч чаддаггүй эрдэс бодис зөндөө байгаа. Тэр болгоныг интернэт орчноос судлаад надад тийм витамин дутагдаж байгаа учраас аваад уучихъя гэнэ. Энэ витаминууд нь Монголд байна.

Нөгөө талаар бид арван жилээ төгсөөд маш бага цалин авч тоглодог байсан.Одоо бол сайн тамирчид байрны урьдчилгаатай дүйх мөнгөөр жилийн гэрээ хийчихдэг. Хамгийн дээд тал нь сардаа 2-3 сая төгрөгийн цалин авах нөхцөл үүссэн. Тэгэхээр цалин хангамж, дэмжлэг тодорхой түвшинд сайжирсан. Гэхдээ нийт массаа хамарч чадахгүй байгаа. Түүнчлэн, волейболоор хичээллэдэг залуусыг албан байгууллагууд ажилд авах сонирхол ихтэй болсон.

-Волейболын спорт олон улсад хэр нэр хүндтэй байж, цар хүрээгээ тэлж байна вэ?

-Энэ спорт сагсан бөмбөг зэрэг ижил төстэй спортуудтай харьцуулахад классик ангилалд хамаарна.Гольф шиг гэсэн үг л дээ.Дэлхийн хэмжээний тамирчид маш өндөр цалин авч, энэ спортыг сонирхогчид байнга өсөн нэмэгдэж байдаг.Гадны оронд энэ спортыг хэрхэн хөгжүүлэх маш том систем ажилладаг болсон. Үүн дотор маркетинг, менежмэнт гэдэг зүйл том байр суурь эзэлж яваа учир үүнийгээ дагаад дэлхийн топ 10 спортод орж байна.

-Хөвсгөлөөс тамирчид төрүүлэн гаргах зорилгоор “Хөвсгөл Шинэ-Үе” клубийг байгуулсан уу?

-Клубийг үүсгэн байгуулагч нь Х.Эрдэнэбаатар гэж залуу бий.Волейболын спортоос гадна өөр төрлийн спортыг ч дэмжин ажилладаг.Мөн манай менежерээр Х.Энх-Амар ажиллаж байна. Тэрбээр Монголын ширээний теннисний холбооны дэд ерөнхийлөгчийн албатай. Бид хоёр багаасаа аймагт хамт волейболын спортоор хичээллэдэг байсан.Манай менежер Хөвсгөлөөс дээд лигийн хэмжээнд тоглох аварга төрүүлэх юмсан гэсэн мөрөөдөлтэй байсан.Энэ мөрөөдлийн дагуу уг спортод хөрөнгө оруулалт хийж байна.Би ахлах дасгалжуулагчийн ажилтай. Эрэгтэй, эмэгтэй нийлсэн 60 гаруй тамирчинтай. 13-20 насны тамирчид бий.Үүнд үндэсний дээд лиг, холбооны цомын аварга, насанд хүрэгчдийн аваргад медаль авч байсан спортын мастерууд ч бий.

-Бэлтгэл сургуулилтаа хэрхэн хангаж байна вэ. Ойрын зорилтоо тодруулахгүй юу?

-Ирэх есдүгээр сард клубүүдийн хооронд үзэгчгүй, лайв тэмцээн хийнэ.Үүнд бэлтгэж байна.Мөн эмэгтэй багийн хувьд арванхоёрдугаар сард Үндэсний дээд лигт тоглоно гэсэн зорилготой байгаа.Мөн залуучууд болон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах зэрэглэлтэй тэмцээнүүдэд бүгдэд нь эрэгтэй багаа тоглуулна гэсэн бодолтой байна. Бэлтгэлийн хувьд долоо хоногийн зургаан өдөр өдөрт хоёр, хоёр цагаар нийт дөрвөн цагийн бэлтгэл хийдэг. Ингээд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрөв, дөрвөн цаг гэхээр өдөрт найман цагийг бэлтгэлд зарцуулж байна.

-Хөвсгөлөөс тамирчдыг сонгон шалгаруулж авсан гэсэн. Залуус хэр чансаатай байна вэ?

-Тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор хавар сарын хугацаатай Хөвсгөлийн 23 сумаар тойрч явсан.Нэг сумаас нэг тамирчин гэсэн төлөвлөгөөтэй явсан ч нэмэгдсээр эмэгтэй, эрэгтэй 80 гаруй тамирчинтай болсон. Одоо шигшигдээд 60 гаруй тамирчинтай болоод байна. Цаашид энэ тоо 40 болж буурна. Байнгын бэлтгэл сургуулилттай 20 тамирчин байлаа гэхэд сайн бэлтгэлтэй 12 тамирчин тэмцээнд оролцоно.Дараагийн тэмцээнд тэднийхээ дээр гарч байж оролцоно гэсэн өрсөлдөөнөөр явна.Мэдээж тамирчинд насжилт гэж бий. Иймээс жил болгон 5-6 тамирчин нэмж авах байдлаар сэлбэлтээ хийнэ. Гэхдээ мэдээж нуруу өндөртэй, авьяас чадвартай хүүхэд байвал зөвхөн Хөвсгөл гэлтгүй бусад аймаг, нийслэлээс тамирчин авна.

Манай клубийн менежер олон жил Европоор явсан учир Чехийн Элчин сайдын яам болон Волейболын холбоотой хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд хоёр орны тамирчдын хамтарсан бэлтгэлийг Монгол, эсвэл Чехэд хийхээр төлөвлөж байна. Солонгост манай хоёр тамирчин тоглодог. Ирээдүйд лигийн тамирчин болгох зорилготой явуулсан. Бэлтгэл сургуулилтаа сургууль дээрээ хийж байгаа.Солонгост байгаа хоёр тамирчины бүх зардлыг даадаг. Мөн цалинтай. Тэд одоо 15 настай. Арван жилээ төгсөөд их сургуульд элсэхэд сургалтын төлбөр, байр зэрэг шаардлагатай бүх зардлыг үргэлжлүүлэн хариуцаж явна. Ингэснээр Солонгос болон Монголын дээд лигт тоглох юм. Ер нь манай баг тамирчид 1-2 жилийн хугацаанд үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авна гэсэн зорилготойгоор бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж байна.

-Ер нь аливаа спортыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт чухал. Волейболын спортын тухайд энэ нөхцөл байдал ямар байна вэ?

-Гадны оронд шоу бизнес болчихсон учир уг спортоор ашиг олж, бизнес хийдэг.Манай Монголд тийм боломж бүрдээгүй.Ер нь волейбол гэлтгүй бусад бүх төрлийн спортыг спонсорлож байгаа хүмүүсийн хувьд тухайн спортыг хөгжүүлэх чин зорилго, спортод элэгтэй байдал нөлөөлдөг.Түүнээс спортоос ашиг олоод, нэр хүндээ өсгөөд, олонд танигдаад явах боломж байхгүй.

-Хөвсгөлийн 23 сумаар явсан гэсэн. Ер нь хөдөө орон нутагт байгаа хүүхдүүдийн волейболын спортоор хичээллэх суурь хэр зэрэг байна вэ?

-Хөвсгөл аймгийн хувьд Их-Уул, Бүрэнтогтох сум, Мөрөнгийн ганц хоёр сургууль зэрэг 4-5-хан газраас бусдад нь волейболын спортын суурь огт тавигдаж чадаагүй.Хүүхдүүд нь хар бороороо сурсан байна.Биеийн тамирын дээд сургууль төгссөн хүмүүс хичээл орж байгаа ч яг волейболын багш дасгалжуулагч биш. Сагсан бөмбөг ч юм уу, өөр спортын хүн учир волейболыг буруу техникээр сургачихсан. Техникээ буруу эзэмшсэнээр тамирчин бэртэх магадлал маш өндөр. Миний хувьд энд бэлтгэгдэж байгаа олон сайхан залуус лигт тоглодоггүй юм гэхэд орон нутагт волейболын спортын суурийг зөв тавьж өгөхөд дэмжлэг үзүүлэх болов уу хэмээн бодож дасгалжуулагч болгох давхар зорилго агуулж байна.

-Волейболоор хичээллэх нь хүнд бие бялдар, сэтгэл зүйн хувьд ямар өгөөж өгдөг вэ?

-Хүнийг хүндлэх гэдэг утгаараа бөхийн дараа эрэмбэлэгддэг.Тийм учраас уг спорт дэг журам өндөртэй, бараг хагас цэрэгжсэн маягтай бэлтгэл сургуулилт хийдэг.Миний хувьд өмнөх, одоогийн багаа дасгалжуулж байгаа гол зэвсэг бол хүмүүжил дэг журам юм.Ингэснээр аливаа сорилтыг даван туулж чадах сэтгэл зүйн бэлтгэлтэй болдог.Үүний дараагийн нэг зүйл бол волейбол багийн спорт дотроо хамгийн их уялдаа холбоотой байхыг шаарддаг.Би эхний дамжуулалтыг буруу авсан бол холбогч түүнийг засч өргөхөд хэцүү.Миний гоё өргөөд өгсөн бөмбөгийг довтлогч сайн довтлохгүй бол оноо болгож чадахгүй.Тийм учраас бүх зүйл багаар ажиллаж байдаг.Аливаа ажил дээр багаар ажиллах чадвар гэж заадаг. Тэгвэл энэ шаардлагыг уг спортоор хичээллэдэг хүмүүс бүрэн дүүрэн хангаж чаддаг. Зүгээр л цаанаасаа оюун, биед нь суучихсан байдаг юм. Ганцаараа зүтгэснээс багаар хичээх нь зөв гэсэн зуршил тэр хүмүүсийн эд эсэд байж байдаг.Энэ нь ажил амьдралд нь хүртэл зөвөөр нөлөөлдөг.Үүний дараагийн зүйл гэвэл волейболоор нэг цаг хичээллэсэн хүний нийт 330 гаруй булчин ажилладаг.Энэ бол хүний их хэмжээний булчин.Тиймээс бие бялдрыг төгс хөгжүүлэх гэдэг тал өндөр ач холбогдолтой.Ялангуяа, эрэгтэй, эмэгтэй хүнд байж болох сайхан гуя, өгзөг, мөр зэргийн булчин маш сайн хөгждөг.Гоо үзэмж талаасаа сайхан харагдах нь ойлгомжтой.Тийм болохоор хүнийг өв тэгш хөгжүүлдэг спорт бол яах аргагүй волейбол.

Г.БАТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *