Categories
мэдээ нийгэм

Б.Болдбаатар: Морьтон хөвгүүдээ өвөг дээдэс минь ивээнэ байх

Монгол Улсын морьт харваачдад БНСУ-д зохион байгуулагддаг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох виз олгохгүй гэж мэдэгдсэн тул манай харваачид сүүлийн хоёр жил Дэлхийн Морьт харвааны аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй байна. Монголын киноны орлон тоглогчдын “Тэнгэрийн чоно” холбооны тэргүүн Б.Болдбаатартай энэ талаар болон Монголын морьт харваачдын тухай ярилцлаа.

-Монголын морьт харвааны тамирчдад БНСУ-ын виз олгосонгүй гэж байна. Шалтгаан нь юу юм бол?

-Биднийг сүүлийн хоёр жил Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулсангүй. Дэлхийн морин спортын холбооноос бидэнд аль эрт оролцооч ээ гэх хүсэлт ирсэн. Түүний дагуу бид материалаа бүрдүүлээд илгээсэн боловч визны асуудал хүлээгдэж байсан. Гарах болоогүй гэсээр хугацаа тулгаж “Танай тамирчдад виз олгох боломжгүй” гэх хариу өгсөн. Учир нь материалаа тулгаж өгсөн гэж байгаа юм. Гэтэл бид аль эрт материалаа өгчихөөд визээ л хүлээж байсан юм. Виз гараагүй гэхээр нь “За яахав, очоод бэлтгэлгүй байсан ч тэмцээндээ орж л байвал…” гэж хоорондоо ярилцаж байсан. Гэтэл виз гарсангүй.

-Солонгосчууд морьт харваа гэх спортыг өөрсдийн нэр дээр ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгүүлсэн байдаг гэж сонссон юм байна?

-Тийм ээ. Тэд харваандаа сайн л даа. Гэхдээ сүүлийн жилүүдэд монголчууд энэ тэмцээний тэргүүн байрыг авах болсон. Тэгэхээр тэд улсдаа зохиосон Дэлхийн аваргаа өөр улсад тэр дундаа Монголд алдчихвий гэж айгаад байх шиг. Мөн дээр нь зэвтэй сумаа аваад хил давна гэдэг нэлээд асуудал дагуулдаг. Хүйтэн зэвсэгт тооцогддог болохоор олон төрлийн зөвшөөрөл, бичиг баримт авах хэрэгтэй болдог. Тэр ч бас асуудал л даа.

-Ер нь энэ асуудлаар холбогдох яам, агентлаг, холбооныхоо ерөнхийлөгчид хандаж үзсэн үү?

-Энэ талаар яривал их инээдтэй зүйл яригдана. Биднийхээр бол Монголын морьт харвааны холбоо гэж нэрлэгддэг газрыг Мөнхжаргал гэдэг хүн Монголын морин сур харвааны нийгэмлэг нэртэйгээр 1997 онд байгуулж байсан юм. Тэр нийгэмлэгийн шугамаар гадаадаас олон тамирчин Монголд ирж бидэнтэй өрсөлддөг байлаа. Тэр дундаа япончууд их ирдэг байсан. Тэгэхээр Мөнхжаргал ах биднийг холбооныхоо шугамаар гадагшаа, дотогшоо явуулах ажлыг зохион байгуулах ёстой гэж бид ойлгодог. Магадгүй бид энэ хүнд тэр ойлголтоороо хэтэрхий их найдсанаас болж материалаа оройтуулах, хугацаа алдах, Дэлхийн морин харваачдын холбооны Ерөнхийлөгчийг “панаалдах” боломжийг алдаад байх шиг. Тиймээс Мөнхөө ахад учир дутагдал байна гэж хувь хүний үүднээс үзэж байгаа. Гэхдээ энэ тэмцээнд оролцуулахгүй байгаагийн цаад шалтгаан нь морин дэл дээр дэлхийг эзэгнэж явсан бидний түүхийг гуйвуулж, манай хаадын үүсгэсэн морьт харвааг өөрсдийн нэр дээр ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Энэ жилийн хувьд Азийн 17 дугаар наадамтай холбогдуулан бидэнд виз өгөөгүй юм байж. Гэтэл хамгийн инээдтэй нь уламжлалт харвааныхан бол явчихаж байгаа юм. Уламжлалт харвааны 20 тамирчин энэ тэмцээнд явчихсан шүү дээ. Тэгэхэд морьтнууд явж чадсангүй. Үүний ард асар том ашиг сонирхлын зөрчил байна гэж харагдаад байгаа.

-Манайхан морьт харвааг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх боломж байгаагүй юм уу. ССАЖ-ын яам үүнд ямар нэгэн байр суурь илэрхийлсэн үү?

-Морьт харвааг дэлхийн соёлын өвд Монгол Улсын нэр дээр бүртгүүлье гэхээр тэр яаманд мэдэх хүн алга. Яамны хүмүүс чухам юу хийж, судлаж суудгийг сайн мэдэхгүй. Хавар “Бүргэдийн баяр”-т морьт харвааны үзүүлэх тоглолт хийсний дараа бидэн дээр Соёлын өвийн мэргэжилтэн байна аа гээд нэг хүн ирсэн. Тэр хүнтэй морьт харвааны тухай ярьсан чинь ямар ч ойлголтгүй байгаа юм. Тэр хүний ойлголт, морьт харвааны тухай бидний бодол хоёр тэнгэр, газар шиг ялгаатай байсан. Энэ спортыг дэлхийн Соёлын өвд бүртгүүлэх ёстой хүмүүс тийм ойлголттой байж болох уу даа. Тэд яаж ажилладгийг үнэхээр таашгүй.

-Ер нь соёлын өвийг бүртгэхдээ нэлээд асуудал болдог юм шиг байгаа юм. Уртын дуу, монгол бичиг, монголын үндэсний хувцас гэх мэтээс харахад…

-Тийм ээ. Гэтэл яг үнэндээ уртын дуу Хятадын нэр дээр бүртгэлтэй байдаг. Саяхан Хятадад хийгдсэн “Мулан” гээд түүхэн кино бий. Зохиол нь ч алдартай. Кинонд Хүннүгийн үеийн алдартай, дайчин бүсгүйн талаар гардаг. Гол дүрд нь Хуанжу гэг уран сайхны киноны гол дүрийн хүүхэн тоглодог. Хамгийн зэвүүн нь тус кинонд монголчуудыг өлсгөлөнд нэрвэгдүүлж, тарчлаан зовоож, хавцалд шахан сөнөөж буй талаар өгүүлдэг. Энэ киногоор дамжуулан нэгдүгээрт, “Танай Хүннүчүүд хэн ч биш шүү” гэж байгаа юм шиг санагдсан. Хоёрдугаарт, энэ киноны ихэнх үйл явдалд уртын дуу ашигладаг. Яг л өөрийнх юм шиг. Гэтэл тэр киног дэлхий нийтээрээ үзээд “Өө энэ уртын дуу чинь Хятадынх байсан юм байна” гэж ойлгодог болчихож. Манайхан үнэхээр л уртын дуугаа соёлын өвд бүртгүүлсэн юм бол Хятадууд ингэж авирлаж байхад “Манай соёлын үнэт өвийг ингэж ашиглахаа боль” гээд хэлж болно биз дээ. Тэгж чадахгүй л байна шүү дээ.

-Танай тамирчид өмнө нь ямар тэмцээн уралдаанд оролцож байв. Ямар амжилт гаргаж байсан бэ?

-2005 оноос анх Монголын морин циркчид Солонгосын Чэжү арал руу тоглолтоор явж эхэлсэн. Тэр багийн ахлагч Ш.Цогтхүү гэж хүн бий. Тэр хүн Солонгост 2005 онд тэмцээнд оролцоод 5-6 дугаар байрт орж байсан. Түүнээс хойш 2007 онд Польш улсад зохион байгуулагдсан тэмцээнд Ш.Цогтхүү, Н.Даваадорж нар оролцоод 11, 12 дугаар байрт шалгарч байсан гэдэг. Тэр үед өрсөлдөх биш туршлага судлах маягаар очиж байсан гэсэн. Тэгэхдээ гадаадын тамирчид ямар нум болон сумаар харвадаг юм бэ гэдгийг судалдаг байсан байгаа юм.

Тэр хоёроос хойш 2008, 2010 онд Монголд олон улсын тэмцээн зохион байгуулж ирсэн. Анх зохиоход Японы тамирчид түрүүлсэн байдаг. 2010 онд Германы тамирчин түрүүлж, миний бие хоёрдугаар байрт шалгарч байсан. Мөнгөн цом авч байлаа. Тэр оны зун нь миний бие Японд очиж Дэлхийн аваргад өрсөлдсөн. Тэр тэмцээнд түрүүлээд аваргын алдрыг зүүж байлаа. Солонгосын хоёр тамирчин миний дараагийн байруудыг эзэлж байсан. Тэгэхээр солонгосчууд үнэхээр мундаг гэдэг нь мэдэгддэг юм.

Түүний дараа 2012 онд Туркт зохиогдсон нээлттэй цомын тэмцээнд Д.Отгонбат гэдэг залуу түрүүлж, аварга болж байсан. Түүнээс хойш манайхан дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож чадахаа больчихоод байна даа. Ер нь Монгол Улс хоёр жилд нэг удаа олон улсын чанартай тэмцээн зохиодог. Үүний нэг нь саяхан Монголд зохион байгуулагдаж, 60 гаруй тамирчдаас Д.Отгонбат түрүүлсэн байгаа.

2010 оноос өмнөх Монгол Улсад зохион байгуулагдах тэмцээнд гадныхан ихэвчлэн түрүүлдэг байсан бол түүнээс хойш бид аваргынхаа цомыг алдаагүй гэдгээрээ бахархаж байгаа. Сүүлийн үед монголчуудын ур чадвар улам сайжирч байна.

-Таны ярианаас сонсож байхад морьт харвааны тамирчид ганц нэгээрээ л Олон улсын болоод Дэлхийн чанартай тэмцээнүүдэд оролцдог бололтой юм?

-Энэ зардал мөнгөтэй л холбоотой асуудал л даа. Өөрсдөө зардлаа гаргаж явна гэхээр санхүүгийн асуудалтай их тулгарна. Энэ жилийн Дэлхийн аваргад багаараа оролцъё гэж санаж байсан. Тийм бодолтой зардал мөнгөө цуглуулж байсан юм. Гэтэл оролцож чадсангүй.

-Сая ер нь мөнгө, хувийн зардлаа олчихсон байсан уу?

-Бүх зардлаа зохицуулаад 10 хоногийн өмнөөс Дэлхийн аваргын зохион байгуулах хороонд өргөдлөө өгөөд хүлээж байсан. Виз гарлаа л бол явна гэж догдлоод л, хүлээгээд байдаг болдоггүй… Маш их бухимдаж, гомдолтой байсан даа. 17-18 орны тамирчид оролцож болоод байхад яагаад ганц манай тамирчид оролцдоггүй юм бэ гэдэг шалтгааныг үнэхээр ойлгоогүй. Одоо бол монгол дайчдын уухай, чадвараас тэд айсан юм болов уу гэж бодож байгаа. Биднийг магадгүй яам болоод төр засгаас дэмжвэл тун удахгүй Монгол Улсдаа Дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулна. Тэр үед солонгосчуудыг урьж авчирч байгаад хэн болохоо харуулна даа.

-Ингэхэд Дэлхийн морьт харвааны холбооны Ерөнхийлөгч та нарт юу гэж хэлсэн юм бэ?

-Бидэнд бүр 2-3 сарын өмнөөс “Дэлхийн аваргад ирж оролцоно уу” гэх хүсэлтийг илгээсэн. Ер нь бид тэр Ким гэх хүнтэй их найз л даа. Гэхдээ одоо үнэхээр ойлгохгүй байна. Энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэлээд олон тамирчин оролцож байгаа. Учир нь тус тэмцээнд түрүүлсэн тамирчинд 10 сая долларын шагнал амласан. Хэн ч холоос зорьж очоод мөнгийг нь авчихыг хүснэ биз дээ. Тэр бол бага мөнгө биш. Харин мөнгөн медаль хүртсэн тамирчин 5000 долларын шагналтай байсан.

-Монголчууд очсон бол алтаас “атгана” биз?

-Бид морьтон удамтай улс. Өвөг дээдэс минь дээрээс харж л байгаа байх. Тэгэхээр морьт харвааны өв соёлыг авч үлдэх гэж байгаа биднийгээ ивээнэ л гэж бодож байгаа шүү дээ. Миний хувьд Японд очиж оролцохдоо ямартай ч түрүүлнэ гэж л очсон. Зодоон байсан бол хазаж байгаад ч хамаагүй ялна гэж гэж бодож байлаа. Тэгээд л түрүүлсэн дээ.

-Ер нь олон улсын болоод Дэлхийн аваргын тэмцээнд оролцоход хэдэн төгрөг хэрэгтэй болох вэ?

-Гайгүй шүү дээ. Олон улсын тэмцээнд оролцохоор болоход зохион байгуулах хорооноос нь тамирчдын зардлыг даахыг хичээдэг. Зардлаа даалгасан тохиолдолд ирж очих зардал, унаа хоолныхоо зардлаа л гаргадаг. Сая Солонгост болсон тэмцээнд 800 мянгаас 1 сая төгрөг шаардагдсан. Энэ бол мөнгөтэй хүмүүст их мөнгө биш л дээ. Бидний хувьд бол ардаа гэр бүлээ тэжээдэг хүмүүс. Сарын 500 мянган төгрөгийн цалинтай ажилладаг хүмүүс тэр хэдэн төгрөгөөсөө илүүчлэн байж тэмцээнд оролцохоор гэр бүлээ яах вэ гэх асуудал гарна. Ямар “Та нар хоосон хоно. Би тэмцээнд орно” гэж хэлэлтэй нь биш.

-Яг энэ асуудлаар салбарын яамандаа хандсан уу?

-ССАЖ-ын Яам болоод Биеийн тамир спорт хороонд зардал мөнгөний асуудлаар ярилцаагүй л дээ. Соёлын өвийн талаар л ярьж байсан юм байна. Морьт харвааг хөгжүүлэхэд та нарын тусламж юу байна вэ гэж уулзсан. Ер нь би боддог юм. Монголд эрийн гурван наадам гэж бий. Дөрөв дэх төрөл нь шагайн харваа болчихож байна. Тэгвэл тав дахь төрөл нь морьт харваа байж яагаад болохгүй гэж. Монголд юунд тийм олон адуу байгаа юм. Монголчууд моринд хэчнээн эрэмгий билээ. Яагаад улсын наадмаар энэ спортоор өрсөлдөж болдоггүй юм гэж бодогддог шүү. Ер нь шагайн харвааг мэргэжлийн спортын байдлаар авч үзчихээд биднийг яагаад тамирчид гэж авч үздэггүй юм бэ. Бид энэ талаар хүсэлт тавихаар хариу ирдэггүй. Дарга солигдсон, дарга ирээгүй гэх шалтгаанаар буцаагдаад байдаг. Тэгээд сүүлдээ залхаад “Энэ бүтэхгүй нь” гээд орхичихсон. Тэр хүмүүс үнэхээр монгол л бол монголоо гэх зүйлсийн төлөө зүрх нь цохилдог л байх учиртай.

-Одоо танайд морьт харваагаар хичээллэдэг хэдэн хүн байна вэ?

-Яг тууштай хичээллэдэг нь морин спортын залуус л байдаг. “Морьтон монгол”-ын 10, саадтай морин харайлтын 10 гаруй тамирчин, тэгээд манай холбооны 20 гаруй залуу бий. Идэвхтэй нь 40 гаруй хүн байна. Эдгээрээс гадна сонирхогчид гэж бий. Улсын аваргаар 100 гаруй тамирчин өрсөлдсөн гэж бодохоор энэ спортыг сонирхогчид их байгаа биз.

Агтнаас морь авахаар ач хариулаад байх шиг санагддаг

-Ер нь сүүлийн үед Улсын аваргын тэргүүн байрыг танай холбооноос авч байна уу?

-Эхний үед “Тайван цагт хөлс хэр гарна дайны үед цус бага урсана” гэдэг шиг бидний хувьд хичээл зүтгэл их гаргадаг. Манайхан дунд мундгууд олон бий. Улсын аварга шалгаруулах тэмцээний хувьд энэ жилээс Биеийн тамир спорт хорооноос бүх зардлыг дааж гаргадаг болсон. Энэ үнэхээр талархууштай хэрэг л дээ. Ингэснээр хэд хэдэн давуу тал бий болж байгаа юм. Бид үүний ачаар өсвөрийн харваачдаа ялгаж харвуулдаг болголоо. Өмнө нь бидэнтэй хамт өрсөлдөхөөр багачууд маань дарагдаад байдаг байсан. Тэр хүүхдүүд дунд мундаг хүүхэд байсан ч өчнөөн жил харвачихсан бидний дунд арай л туршлага дутах нь ойлгомжтой шүү дээ.

-Одоо тэмцээнийг хэдээс хэдэн нас гэж зохион байгуулж байна?

-5-10 нас буюу балчир харваачдын төрөл гэж харвуулдаг болсон. Ингэснээр төр засаг биднийг анхаарах нь, морьтон монголчууд гэж байснаа санах нь гэх бодол төрсөн шүү.

-Тэмцээний дүрмийн хувьд ямар байдаг юм бол?

-Тэмцээнд 150 метрийн зайтай таван бай бий. Морь гараанаас гараад хамгийн доод тал нь 10-15 секунт хурдтай давхиж байж эхний байнд хүрдэг. 16-17 секунт болчихвол торгууль авна. 1 секунт өнгөрсөн учраас чиний авсан онооноос хоёр оноо хасна гэдэг ч юм уу. Олон улс болоод дэлхийн хэмжээний тэмцээний дүрэм журмыг дагана. Тэгэхгүйгээр “Өө яадаг юм чадна” гэж бодож болохгүй. Ер нь дундын морь 10-15 секундийн хурдтай өнгөрдөг. Бай хүртэл 8-10 метр, бай хоорондын зай 20-25 метр. Морь тэнд 3-4 секундийн хурдтай очдог. Эсвэл 2-3 секундийн хурдтай ч юм уу. Тэр хугацаанд харваач маш хурдан сумладаг байх ёстой. Тэгээд байгаа маш сайн харж, онодог байх хэрэгтэй.

-Тэмцээнд оролцоход хүнээс гадна морь маш сайн бэлтгэгдсэн байх ёстой байх?

-Хүүхдүүдийн хувьд хэцүү. Хүлцэнгүй номхон морь байх ёстой. Морьдыг тэр уралдааны талбарт оруулж сургахын тулд бас тодорхой хугацаа хэрэгтэй. Түүхэнд ийм тэмцээнд оролцдог морийг “Зэвлэсэн морь” гэж тэмдэглэсэн байдаг. Тийм морьд өөдөөс нь шунгинан ирэх сумнаас дальдардаггүй, айдаггүй байсан байгаа юм. Манай цагдаагийнхан нохой сургаад хулгайч өөдөөс нь буудаж байсан ч шууд давхиж очоод хазаад хэвтдэг болгодог шүү дээ. Яг түүн шиг морьдыг сургуулилттай болгодог байсан байгаа юм. Гэхдээ ийм морьд маш ховор. 100-д 10 ийм морьтой дайчин байх жишээтэй байж. Одоо бол морьт харваачдын морьд нэлээд шилэгдэж байгаа. Морьдын хувьд янз бүр л дээ. Бэлтгэлийн үед удаан морь унаж байсан ч тэмцээн дээр хурдан морь унах шаардлагатай болдог. Морь удаан байвал би тэмцээний онооноосоо хасуулах магадлалтай тул сурцтай, хурдтай морийг тэмцээнд ашигладаг.

-Морьдоо яаж адгуулж, хариулж байна вэ?

-Бид бүгдээрээ хотод тус тусын ажил эрхэлдэг. Тийм болохоор адуу малаа маллаад байх боломж байхгүй. Тиймээс хөдөө байдаг найз нөхдийгөө л бараадуулна даа. Зуны цагт морьт харвааны тэмцээн, киноны зураг авалт гэх мэтдээ хэрэглэчихээд өвлийн цагт хөдөө явуулдаг. Морьд хол байхад бас хэцүү. Кино, клипний зураг авалт тэр холоос тусгай командын морьдоо авчрах хэрэг гарна. Гэхдээ яахав өдийг хүртэл болгоод л ирлээ. Бид өвөл, хаврын цагт цалингаасаа илүүчлээд найзууддаа өвс, тэжээлийн мөнгө явуулна. Очвол хэрэгтэй зүйлсийг нь дөхүүлээд өгнө гээд л дэм дэмэндээ явж байна даа.

-Ер нь морь сурсан эрдмээ мартах тохиолдол байх уу?

-Морь маш ухаантай амьтан. Нэг сурсан юм аа ор тас мартдаггүй. Яахав тодорхой хугацаанд ажлаасаа хөндийрөхөөр төсөөрөх явдал байна. Бид сагсан бөмбөг тоглохгүй удахаараа жаахан төсөөрдөг шиг л… Гэхдээ морь нэг сурсан эрдмээ хэзээ ч мартдаггүй. Нэг сайн цоройгоод сурсан морь заавал цоройдог. Ер нь моринд заадаг их олон эрдэм бий л дээ. Сааданд харайдаг морь цоройж чаддаггүй байхад цоройдог морь харайж чаддаггүй байх жишээтэй. Морь бүрт өөрсдийн гэсэн зан араншин бий. Аль давуу байгаа тэр тал руу нь сургадаг.

-Тэгэхээр тусгай морь сургагч байдаг гэсэн үг үү?

-Бид өөрсдөө л сургана даа. Сүүлийн үед интернэт гэж нэг үнэгүй багш байна. Ер нь олон жил кинонд орлон тоглогчоор ажиллахаар иймэрхүү зүйлд дөртэй болчихдог юм. Гэхдээ бидэнд зөвлөх хүмүүс байна аа. Хамгийн гол нь морь, хүн хоёр маш сайн ойлголцож байж сургалт цааш үргэлжилнэ шүү дээ.

-Морьдыг хэр удаан сургах вэ?

-Үүнийг ярихаас өмнө нэг сонин түүх ярих хэрэгтэй байх. Бидэнд дандаа эзэндээ гологдсон, өрөвдөлтэй морьд ирдэг л дээ. Бид агтанд явж байгаа адуунаас морь худалдаж авах дуртай. Бид 2004 оноос хойш бүхий л түүхэн кинонд орлон тоглогчоор ажилласан. Орлон тоглогчдын үүрэг морьдоо сургах, адгуулах, жүжигчдийн аюулгүй байдлыг хангах байдаг. Жүжигчдэд маш номхон морь унуулах ёстой, морьдыг үхсэн мэт хэвтүүлж сургах ёстой гээд их үүрэгтэй.

Манай “Тэнгэрийн чоно” холбооны хувьд гадаад, дотоодын есөн бүтээлд орлон тоглогчоор ажилласан байна. Тэр бүхэнд морь худалдан авч сургах шаардлага гарна. Тэр бүрт бид агтнаас морь авдаг. Тэнд эзэндээ адлагдсан, догшин, ааштай эсвэл жаахан өвчтэй морьд байдаг. Хөөрхий алагдахаа мэдсэн юм шиг их өрөвдөлтэй тэд чинь. Тэндээс морь авахаар зөнгөөрөө ч юм уу “Энэ хүн намайг үхлээс аварсан шүү” гэж боддог ч юм уу заасан эрдмийг маш хурдан сурдаг. Нэг ёсоор ач хариулж байгаа шиг санагддаг юм. Агтнаас 10, энгийн айлаас 10 морь аваад сургах эрс ялгаатай. Айлаас ирсэн морьд юу ч сурдаггүй. Агтнаас авсан нь маш сайн сурдаг. Бид “Аравт” кинонд орлон тоглогчоор ажиллаж байхад морьд хэрэгтэй болсон. Тэгээд тэнд туугдаж явсан агтнаас морь авсан л даа. Хөөрхий нэг хашаанд үхлээ мэдэрчихсэн, айсан олон адуу. Шууд газар дээр нь махлаад л… Тэнд манай залуус очоод унаж үзээд л энийг авъя гээд шууд наймаа хийсэн. Тэндээс 11 морь худалдаж авсан чинь нэгийг нь буцаах шаардлагатай болоод аргагүй нэгийг нь буцааж байлаа. Үнэхээр өрөвдөлтэй л дөө. Яахын аргагүй маргааш жүжигчид ирэх ёстой. Тэднийг ирэхэд морьд бүх зүйлийг сурсан байх ёстой байсан болохоор бидэнд сургалт хийх нэг өдрийн л зай байсан. Тэгээд оройжингоо бэлдээд өглөө болоход тэр морьд бүгд сургуулилттай болчихсон байсан. Тэгэхээр морь ач хариулдаг амьтан гэдэгт би итгэдэг.

-Танай морьдын нас ямархуу байна. Мэдээж ийм спортод хөгшин морь унах хэцүү л байх?

-Тийм л дээ. 10 гаруй настай морь бидэнд 2-3 жил л хань болно. Гэхдээ бидэнд олон жил хамт яваа морьд байна аа. Жишээ нь, 2011 онд МАН хийсэн “Долоон бурхан харавдаггүй” УСК-нд Сүхбаатар жанжны дүрд тоглодог жүжигчний унадаг хонгор морь байдаг юм. Бид тэр морийг бүр Сэлэнгийн хиагтаас айлын адуунаас очиж авч байсан. Эзэнтэй нь уулзаад ярилцахад бидэнд их дуртай өгсөн л дөө. Хамгийн гол нь тэр морь хол давхиж чаддаггүй, уушгиндаа өвчинтэй байсан. Уг нь тэр морь хурдан морь байгаад буруу уяагаар уушгиндаа өвчин авчихсан, эзэн нь алж чаддаггүй, үрж чаддаггүй л байж л дээ. Тэгээд бид авсан. Хонгор морь минь бидэнтэй 3-4 жил явж байна даа. Биднийг авахад 12-той байсан. Одоо бидэнд хөгшдөхгүй л байна. Өөрийнхөө үүргийг маш сайн биелүүлдэг. Ер нь бидэнд найз нөхөд, хамаатан садангууд маань морь их бэлэглэнэ. Тэмцээнд орох гэж байна гэвэл таван морь хөтлөөд ирдэг найз байна. Арван эмнэг үрээ тууж ирээд сургаад ав гэх хүмүүс ч байгаа. Манайд моринд эрэмгий залуус олон болохоор сургаад, гамтай унаж байгаад буцааж өгөх тохиолдол бий.

-Танай холбоонд хотын хүүхдүүд хэр олон байна вэ. Ер нь манайханд морь унадаг хүн цөөрөөд байх шиг?

-Энэ тухай яривал урт түүх болно оо. Миний хувьд морьт харвааны тамирчдыг бэлтгэдэг юм. Тэнд хотын хүүхдүүд олон бий. Ихэнх нь найзууд, хамаатан садан, танилуудын хүүхдүүд. Манай нэг найз байдаг юм, 20 нас хүртлээ бараг морь хараагүй. Хотын гудамжинд тоглож өссөн хүн л дээ. Тэр кинон дээр морь унаж тоглоод дараа нь манай холбоонд нэгдээд өнгөрсөн жил улсын аваргаас хүрэл медаль хүртсэн. Бид аймгийн төвийн хүүхдүүдийг ч хөдөөний хүүхэд гээд л ярьдаг. Гэтэл тэнд морь унаж чаддаггүй хүүхдүүд олон байна. Судсаар нь морьтон удмын цус урсаж байгаа болохоор тийм хүүхдүүд морийг хурдан унаж сурдаг. Манайд М.Саруул гэж залуу бий. Тэр морь унаж сураад Монголын морин циркийн тамирчин болж, морьт харвааны аварга ч болж байсан.

Морь унах гэдэг чинь монгол хүмүүсийн яс, цус, угсаатай холбоотой. Хэзээнээс биднийг морьтон монголчууд л гэдэг байсан. Нум харвах тал дээр ч ижил. Нум, сум бариулаад 2-3 удаа заагаад хэлээд өгөхөөр дорхноо сурдаг. Тэр юм сурах авьяас чинь генинд нь байдаг байхгүй юу. Гэтэл гадныханд 2-3 өдөр заагаад ч сурдаггүй. Эв нь болдоггүй.

-Уламжлалт сурыг хэр баргийн хүн эвшээлгэж чаддаггүй. Харин та нарын хэрэглэдэг нум, сум юугаараа давуу вэ?

-Үндэсний сурыг татаж үзэхэд их хатуу байдаг л даа. Олон улсад нумыг фаунтаар хэмждэг. Морьт харвааны тамирчид Унгар, Солонгос, Тайвань нум хэрэглэдэг. Жижиг, хөнгөн, бороотой, цастай, хүйтэн, дулаан бүхий л цагт хэрэглэж болдог. Үндэсний сур бол тийм биш шүү дээ. Дундаж морьт харвааг 40-50 фаунтын нумаар харвах ёстой. 50 фаунт гэдэг тийм хөнгөн ч биш. Ер нь харваж чаддаггүй хүн бол татаж дийлдэггүй. Харин хүүхдийн нумын тухайд 16, 36, 40 фаунт гэж бий. Таныг нум гэж асуусан дээр хэлэхэд нум хийх технологио манай дархчууд алдчихсан юм шиг санагддаг. Нааж байгаа наалт, цавуу хэтэрхий бохир. Өвөл харваж болдоггүй. Гэтэл манай өвөг дээдэс жилийн дөрвөн улиралд л харваж байсан шүү дээ. Уг нь нум хийх тал дээр гадныхнаас суралцах хэрэгтэй байгаа юм. Тэд яаж тийм хөнгөн, уян хатан нум хийгээд байна вэ гэдэг их сонин.

-Тэгэхээр та нар нумаа гаднаас худалдаж авдаг байх нь ээ?

-Тийм ээ. Ихэвчлэн Солонгос, Унгар нум ашигладаг. Таньдаг мэддэг хүнээрээ дамжуулж авчруулна. Тэгээд цоо шинэ нум авч чадахгүй, нэг хоёр хэрэглэчихсэн нум авна. Сая Дэлхийн аваргад явахдаа нум сум, хэрэглэгдэх материалуудаа базаагаад ирье гэж бодсон юм. Бид очоод гуйна ш дээ “Хөгшөөн чамд тийм олон сум байгаа юм чинь тэдийг зарчих. Наад нумаа зарчих” гэх мэтээр юм элбэг байдаг улсын тамирчидтай наймаа хийнэ. Ер нь морин спортынхон бүх хэрэгслүүдээ гаднаас авдаг.

-Монголчууд юм “монголчлохдоо” сайн шүү дээ. Нум, сумыг хийж чадахгүй байна гэж үү?

-Хийж байна аа. Би Монголд хийсэн ганц хоёр нумаар харваж үзсэн. Маш хатуу болохоор татахад хэцүү, их арчилгаа, маллагаа шаарддаг юм билээ. Бид маш олон удаа харвадаг болохоор тэр хэрэг болохгүй. Бид хувирдаггүй нум хэрэглэх ёстой байдаг. Ийм нум өдөр бүр харвасан ч өөрчлөлт ордоггүй. Харин үндэсний нум дороо хувирдаг. Гэхдээ бид үндэсний сурынхныгаа шүүмжилсэн юм биш шүү.

-Ер нь морьт харвааны тамирчид үндэсний сурын харваанд оролцдог уу. Тийм боломж байх уу?

-Уг нь бол болохгүй гэх газаргүй. Гэхдээ биднийг оролцуулдаггүй. Тэглээ ч нэг зүйлийг харж харж харвачихаад, тэгээд л больчихдог харваанаас морьтой давхиж харвах нь илүү сонирхолтой л доо.

-Тэгвэл “Адуучин” тэмцээнд оролцуулдаг уу. Та нар оролцвол маргаангүй түрүүлэх байх гэж бодогддог юм?

-Бас л оруулдаггүй юм. Өнгөрсөн жил бил үү дээ. Манай нэг тамирчин аймгийнхаа нэр дээр оръё гэсэн чинь оруулаагүй. Ядахад тэмцээнийг шүүж байгаа бүх хүн нь манайхныг мэддэг болохоор тэр байх л даа. “Та нар больчих оо. Ингэхээр ямар өрсөлдөөн байх юм бэ” гэж хэлдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *