Categories
мэдээ цаг-үе

Б.Баярсайхан: Салбарын төлөө төр засаг ч багш нар ч бүгд нэг зүгт нэг зорилготой харж байна


Монголын багш нарын долдугаар их хурал энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Ерөнхий сайдын ивээл дор Төрийн ордноо зохион байгуулагдах гэж байна. Багш нарын их хуралтай холбоотой зарим асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай ярилцлаа.


-Багш нарын их хурал зохион байгуулах хэрэгцээ шаардлага, хүлээлт их байх шиг байна. Багш нарын долдугаар их хурлын гол зорилго юу вэ?

-Монгол Улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсч бий болсноос хойш Монголын багш нарын их хурал 1935, 1937, 1961, 1975, 1989, 1996 онд зургаан удаа хуралдсан байдаг. Энэ удаагийн их хурал зургадугаар их хурлаас 23 жилийн дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог. 23 жилийн хугацаанд боловсролын салбар тогтолцооны хувьд, хууль эрх зүйн хувьд ч нэлээд шинэчлэл хийгдсэн. Сургалтын хөтөлбөр нөхцөл байдал, нийгмийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалаад олон удаа өөрчлөгдлөө.

Тэгэхээр үүний үр дагавар юу байв, шинэ цаг, шинэ нийгэмд ирээдүйн монгол хүүхдийн дүр төрх ямар байх ёстой вэ, тэднийг сургах, төлөвшүүлэхэд багш нар ямар үүрэг оролцоотой байх юм бэ, боловсролын зорилго юунд чиглэж байна гэсэн асуудлуудыг хэлэлцэн ирээдүйгээ илүү дэлхийн түвшинтэй нийцүүлэх шаардлага байна. Багш бэлтгэх тогтолцооны талаар нийгэмд шүүмжлэл их байдаг. Багшийг зөв чанартай бэлтгэх, нийгмийн баталгаа, багш нарын үнэлэмжтэй холбоотой асуудлуудыг яг багш нарын өөрсдийнх нь оролцоотой ярилцаж зөвлөлдөх нь их хурлын зорилго гэж ойлгож болно.

-Багш нарын их хурал Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдана. Төр засаг багш нарын асуудалд нэлээд ач холбогдол өгч, анхаарч байгаагийн илэрхийлэл гэж харж байна?

-2018 онд Тогтвортой хөгжил үндэсний хэмжээний зөвлөгөөнийг улсын хэмжээнд сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, дээд боловсролын чиглэлээр бүсчилээд зохион байгуулсан. Энэ удаагийн их хурал дээрх зөвлөгөөнүүдээс ялгаатай. Төр засгаас хэрэгжүүлэх гэж байгаа бодлого, хуулийн шинэчлэл дээр боловсролын салбарын төлөөллөөс санал авах, тусгах зорилготой зөвлөгөөнүүд хийж байсан. Үр дүнд нь бодлого шийдвэрт өөрчлөлт орж, тодорхой үе шаттай ажлууд явж байна. Бид бодлого шийдвэрээ өөрчлөөд байдаг. Тэгвэл яг нэгж дээр ажиллаж байгаа багш нарт яаж хүрч байна вэ, гаргаад байгаа бодлого маань хөрсөн дээрээ бууж байна уу, багш нарт дэм болж байна уу, сургалтын хөтөлбөр төлөвлөгөө боловсронгуй болж, багшийн нийгмийн баталгаа хангагдаж, хууль эрх зүйн шинэчлэл хэрэгцээнд нийцэж байна уу гэдгийг яг бодлого шийдвэрийн үр дүнг хүртэж, хэрэгжүүлээд ажиллаж байгаа багш нараас сонсож байна. Өчигдөрхөн БСШУС-ын сайд багш сурагчдын ачааллыг бууруулах чиглэлээр тушаал гаргалаа. Багш үндсэн ажлаасаа гадна олон төрлийн ажилд дайчлагддаг, тэмцээн уралдаан зохион байгуулдаг нь зохиомол ачаалал үүсгэж байна гэдгийг багш нар өөрсдөө дүгнэж тавьсан.

-Багш нарын долдугаар их хурлаар яг ямар асуудлуудыг онцлон хэлэлцэх вэ?

-Их хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгуулж бодлогын дэмжлэгээ үзүүлээд явж байгаа. Их хурал зохион байгуулах ажлын хэсэгт Монголын багш нарын холбоо, Монголын ахмад багш нарын холбоо, Монголын залуу багш нарын холбоо, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд оролцон зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна. Ажлын хэсгүүд ярилцаад, их хурлаас гарах шийдвэрүүдээ цэгцтэй байлгах үүднээс дөрвөн үндсэн чиглэлд хурлынхаа үйл ажиллагааг чиглүүлэхээр тогтсон. Хууль эрх зүйн шинэчлэл, Сургалтын бодлого, Багшийн хөгжил ёс зүй, Багшийн үнэлэмж гэсэн үндсэн дөрвөн агуулгад нийгмийн баталгаа цалин хөлс, багшийн мэргэжил дээшлүүлэх, багш бэлтгэх тогтолцооны асуудлаа багтаан хэлэлцэх болно.

-Багшийн үнэлэмж гэж ярилаа. Хөдөлмөрийг нь үнэлэх үнэлэмжээс гадна багшийн нэр хүндийн асуудал байгаа байх. Дээхнэ үед багш бол хамгийн нэр хүндтэй нэгэн байсан бол өнөөгийн нийгэмд арай өөр болж. Багшийн нэр хүнд унасан шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Хүн бүр өөр өөрийн байр сууринаас хандах байх. Би хувьдаа багшийн нэр хүнд унасан, боловсролын салбар чадамжгүй болоод уруудаад доройтсон гэж үздэггүй. Нийгэм хөгжихийн хэрээр боловсрол түүнийг дагаад өөрчлөгдөж, хөгжих ёстой. Нийгмийн хөгжил хэрэгцээгээ дагаад боловсролд маш олон өөрчлөлт шинэчлэлт хийгдэж байна. Бид сургалтын хөтөлбөрөө сүүлийн 16 жилд ойр ойрхон өөрчилсөн. 2002 онд батлагдсан Боловсролын тухай хуульд 24 удаагийн өөрчлөлтөөр давхардсан тоогоор 300 гаруй зүйл заалт өөрчлөгдсөн. Ерөнхий боловсрол гэхэд тогтолцооны хувьд 10 жилээс 11 жил, 11 жилээс 12 жилд шилжсэн шилжилтийн үед янз бүрийн хүндрэл бэрхшээл тулгамдсан асуудал гарах нь мэдээжийн хэрэг. Энэ хооронд багш бэлтгэх тогтолцоо, дээд боловсролын асуудал давхар яригдаж ирсэн. Шилжилтийн цаг үед гарч байгаа өөрчлөлт шинэчлэлтийг бид хамтын хүчээр л давах ёстой. Тиймээс ч энэ удаагийн их хурлаараа багш нар яаж бүтээлч байх вэ, намайг хөгжүүлээд өг гэх биш, харин яаж багш нар өөрсдийгөө хөгжүүлэх вэ гэсэн өнцгөөс нэг зүгт зорилготой харж салбарынхаа төлөө хичээл зүтгэлтэйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандсан, би биенээ дэмжсэн хурал болно гэдэгт итгэлтэй байна.

-Долдугаар их хуралд оролцох багш нарын хүлээлт хүсэл их байх шиг. Төлөөлөгчдийг хэрхэн сонгож байна вэ?

-Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, их дээд, мэргэжлийн боловсролын салбарт 50 шахам мянган багш ажиллаж байна. Тэднийг төлөөлсөн 800 төлөөлөгч л энэ хуралд сонгогдож оролцоно. 100 төлөөлөгч нь боловсролыг дэмждэг, бидэнтэй хамтран ажилладаг хүмүүс урилгаар оролцоод 700 төлөөлөгч нь багш нарын төлөөлөл байна. Бид Монгол Улсын өнцөг булан бүрээс хүн оролцоосой, эргээд их хурлаас гарсан шийдвэр, уриалгыг орон нутагтаа очиж танилцуулдаг, энд яригдсан зүйлсийг орон нутагтаа очиж багш нараа манлайлж уриалдаг манлайлагч хүмүүс сонгогдож ирээсэй гэсэн агуулгаар Монгол Улсын сум бүрээс багш нарын төлөөлөл байхаар төлөөлөгч сонгох даалгавартаа тусгасан. Дээрээс нь тусгай хэрэгцээт боловсрол, албан бус боловсрол, насан туршийн боловсролын төлөөлөл, насны хувьд бүх насны төлөөлөл байхаар заавар гаргаж, төлөөлөгч сонгох эрхийг орон нутагт нь өгсөн. Аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдсан. Аймгуудын ажлын хэсэг ажиллахдаа сургууль бүрт багш нарын зөвлөлийн хурал зохион байгуулж 80-аас доошгүй хувийн ирцтэйгээр төлөөлөгчөө сонгох чиглэл өгсөн. Багш бүр төлөөлөгчид нэр дэвших эрхтэй. Их хурлаас гарсан уриалга шийдвэр Монгол Улсын сум суурин газар бүрд хүрч, сонгогдсон төлөөлөгчид орон нутагтаа их хурлын шийдвэрийг хэрэгжүүлж зүг чиг болж ажиллана гэж харж байгаа.

-Багш нарын биш, удирдлагуудын их хурал болох нь гэсэн шүүмж гарч байна. Энэ тухайд?

– Засаг даргын байгуулсан ажлын хэсэг дээр энэ асуудал яригдаж байгаа. Урьдчилаад сонгогдоод ирсэн нэрсийг харахад дийлэнх буюу 60-аас дээш хувь нь багш нар байна. Мэдээж хамт олон нь гараа өргөөд захирлаа, сургалтын менежерээ сонгосон тохиолдолд бид болохгүй ээ гээд буцаах эрхгүй. Төлөөлөгч сонгох үйл ажиллагааг орон нутгийн удирдлага, хамт олных нь мэдэлд өгсөн. Ганц нэг хэт олон удирдах ажилтан сонгогдсон тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд бид заавар зөвлөмж өгөөд явж байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Багш нарын долдугаар Их хуралд амжилт хүсье.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *