Нийгмийн сэтгэл судлалын дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч Б.Баярмаатай ярилцлаа.
-Намар хүмүүсийн болон нийгмийн сэтгэл зүй яаж өөрчлөгддөг вэ?
-Намар болохоор хичээл, ид ажлын үе эхэлдэг. Түүнийг дагаад хүмүүсийн шинэ ажилд орох, шинэ хичээлийн жил эхэлж байгаа болохоор шинэ хувцас, хичээлийн хэрэглэлээ бэлтгээд эдийн засаг талаасаа ч нөлөөлдөг. Нөгөө талаас улирал солигдож, нарны илч буурч байгаа байдал нь өөрөө хүний сэтгэлзүйд нөлөөлж байдаг. Намрын цаг агаарын байдал нь салхи сэвэлзээд, навч шарлаж унаад, тэнгэр бүүдийх ч гэдэг юм уу, өөрчлөлт их учраас түүнийг дагаад хүний сэтгэл зүй өөрчлөгддөг. Орчин цагт хүмүүс эморох гэж яриад байгаа. Хүүхдийн хувьд хичээл сургууль орох дөхсөн учраас хүлээлтийн байдал үүсгэдэг.
-Энэхүү хүлээлтийн үед юу болдог вэ?
-Эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийг бэлтгэхдээ ямар нэгэн бахархуулах зүйл хийхийг шаарддаг. Сайн сураарай, амжилт гаргаарай, гамтай хэрэглээрэй, цэвэрхэн байлгаарай гэх мэтээр. Хүүхэд тэр үед нь би заавал онц сурах ёстой юм байна, сайн байх ёстой, ямар нэгэн байдлаар бахархуулах зүйл аав ээжийнхээ өмнө хийж байж хайрлуулах юм байна. Би тийм байж сайн хүүхэд байх юм байна гээд байдаг.
Энэ нь давтамжтай явснаар аав ээжийнхээ өмнө хайрлагдахгүй байх, үнэлэгдэхгүй байх, шилдэг нь биш байх зүйлүүдээс болоод хүүхэд эцэг эхийнхээ өмнө ямар нэгэн байдлаар буруутай мэдрэмж төрүүлж, ямар нэгэн байдлаар сурлага, хөдөлмөр, ажил үйлс, эрдэм ном, найз нөхдөд нь нөлөөлж байдаг. Яагаад гэвэл хүүхэд сайн сурахаас гадна сайн найзтай байх ёстой, авьяастай байх ёстой гэх мэтээр өөрийнхөө доторх өөрөөрөө биш аав ээждээ таалагдах, ээж аавын хүлээлтэд нийцэх тал руугаа явдаг.
Намрын улирал өндөр хүлээлттэй байгаа, шинэ хичээлээ эхэлж байгаа, шинэ гарааны үе байдаг учраас яг энэ үед өөрийнхөө бодит боломж чадварт нийцсэн зорилго тавьж, тийм хүлээлтийг бий болгон явах хэрэгтэй. Тэгэхгүйгээр хэт өндөр хүлээлт үүсгэн, зорилго тавих нь хэт өндөр ачаалалтай ажиллах, сурах, хэт их хичээл чармайлт гаргах, эсвэл хичээж чадаагүйгээсээ болоод сэтгэлээр унах, өөрийгөө үзэн ядах мэдрэмжийг төрүүлдэг.
Ээж аавдаа хэлсэндээ хүрээгүйгээс болоод сэтгэл зүйн дотоод эсэргүүцэлтэй тулдаг. Түүнээсээ болоод аливаа зүйлийг хийхээс халшрах, хойш нь тавьж жийрхэх, хойшлуулах, мартах зэрэг үйлдэл гаргадаг. Хүний сэтгэл зүйд өөрийгөө хамгаалах дотоод механизм явагдаж байдаг. Тэгээд ирэхээр нойр муудах, хоол ундандаа муудах, идэх дуршилгүй болох зэрэг сөрөг нөлөөтэй. Намрын улиралд хүн сэтгэл зүйн хувьд өөрийгөө бодитой талаас нь харж, амьдралаас таашаал авах, сурах үйлдээ хүн өөртөө дотооддоо чин сэтгэлээсээ хичээх, өөрийн удирдлага зорилготой суралцахуй гэж нэрлээд байгаа. Ээж аавынхаа өмнө онц сурдаг байх гэж, багшийн өмнө сайн сурагч байж таалагдах гэж хичээх биш өөрөө өөртөө эзэн нь байх гэж л суралцах хэрэгтэй. Аав ээжийн хувьд хүүхдээ энэ жил хичээгээд үзээрэй, заавал сайн байгаарай гэж шахаж шаардах биш өөрийнхөө хэмжээнд сурлагаа ахиулах боломж байвал ахиулаарай, чи юуг чадахгүй байна, юуг чадаж байна, өөрөө өөрийгөө бусадтай харьцуулахгүй өөрийнхөө хүссэн зүйлийг олж хийгээрэй, бид чамайг үргэлж хайрлана. Буруу зөв хийх нь хамаагүй өөрийнхөө хэмжээнд байх нь чухал гэдгийг хүүхдүүддээ сануулж байх нь зөв юм.
-Навч унаад, моддын өнгө өөрчлөгдөөд, хүйт ороод эхлэхээр хүмүүсийн сэтгэл санаа нэг л өөрчлөгдсөн мэт ажиглагддаг. Энэ үед хүмүүс сэтгэл санаагаа яаж өргөх вэ?
-Намрын улиралд сэтгэл гутралын ямар нэгэн эмгэг нь сэдрэх, өмнө нь сэтгэл гутралтай байсан нь эргэж сэдрэх тохиолдлууд их байдаг. Энэ нь намрын улирлын өнгө солигдож байгаа, усны шувууд буцах, хүйт орох зэрэг зүйлүүдээс гадна өндөр хүлээлттэй байж байгаад өнгөрсөн жилийн намар би тийм зүйлийг сайн хийж чадаагүй, өнгөрсөн жил би ингэж ажлаа эхэлсэн боловч үр дүнд хүрээгүй гэдэг юм уу, намар болгон нэг зүйл хийж эхлээд, эхэлсэн зүйл нь ямар нэгэн байдлаар амжилтгүй болсноос үүдэн дотоодын сэтгэл зүйн дарамт болдог. Тодорхой хэмжээгээр сэтгэл зүйн хувьд өөрийгөө үнэлж чадаагүй, үнэлэмж бий болоогүйгээс үүдсэн цөхрөл нь сэтгэл гутралын шалтгаан болоод үлдчихсэн байдаг. Үүнд хайр сэтгэлийн асуудлууд ч илүү тодорч гарч ирдэг. Хаврын улиралд хичээл сургууль тарна, амралт эхэлдэг учраас хүмүүс ихэнхдээ хөнгөн дэврүүн болдог. Намар эсрэгээрээ бүх зүйлийг шинээр эхлэх ёстой гэсэн хүлээлтийн үе болдог.
-Бас нэгэн зүйл ажиглагддаг нь хичээл сургууль ороод амарч байсан хүүхдүүд сургуульдаа явна. Хөдөө орон нутагт аав ээж, эмээ өвөөгийндөө амарсан хүүхдүүд нь буцна. Үлдэж буй хүмүүсийн хувьд сэтгэл санаанд нөлөөлж ганцаардах мэдрэмж төрдөг байх?
-Намар хэн нэгэн нь хичээл сургуульдаа явна. Сайхан найзалж нөхөрлөж байгаад, тус тусынхаа замыг хөөнө. Энэ байдлаас ямарваа нэгэн салалтын зүйлүүд намрын улиралтай давхацдаг. Тэр болгоноос үүссэн хайр сэтгэл ч юм уу, найз нөхөрлөлийн харилцаа нь дуусгавар болчихлоо гэх мэтээр ямар нэгэн сэтгэл гутралын шалтгаан нөхцөл болж өгдөг. Эмээ өвөө нар их хэлдэг. Зунжин бужигнаж байгаад хүүхдүүд яваад өгөхөөр хоосон оргиод эхэлдэг гэж. Хөдөө орон нутагт ар гэрээ хараад үлдэж байгаа хүмүүсийн хувьд бужигнаад дүүрэн байсан хүмүүс нь яваад өгөхөөр орон зай нь үгүйлэгддэг. Хаягдсан мэт мэдрэмж төрнө. Ороод ирэх болов уу гээд хэсэг сэтгэл нь тогтохгүй хуйсгануур болдог. Орчин үед техник технологи хөгжсөн үед хэрэв хөдөө эмээ өвөөгөө орхиод ирсэн бол дүрст дуудлага хийх, утсаар ярих гээд боломжууд бий болсон. Тиймээс хааяа ч гэсэн хөдөө байгаа ар гэрийнхэнтэйгээ ярьж байгаарай. Тэдний хувьд хоосон орон зайг нь нөхөж, хаягдсан мэт санагдах сэтгэл санааг нь өргөх боломж нь харьцангуй бий болсон шүү. Санах, санагалзах мэдрэмжүүдийг нь бодоод санаж байгаа бол санаад байна гээд ярьчихдаг. Хичээл сургуульдаа ороод ямар сурч байгаагаа дуулгачихдаг, тодорхой хэмжээгээр ганцаардаж, санагалзаж байгаа хоосон орон зайг нь хуваалцах нь чухал. Ихэнхдээ монгол хүмүүс дотооддоо байгаа мэдрэмжээ хуваалцахгүй, ярихгүй, мэдрэмжээ илэрхийлэхгүй дотооддоо хураагаад байдаг. Хураагаад байгаа тэр таагүй, сөрөг, тухгүй мэдрэмжүүд нь давхцаж удаан хугацаанд явсаар аажимдаа хүний сэтгэл зүйн өөрчлөлтүүдийг бий болгодог.
-Энэ байдал хэдий хугацааг өнгөрөөж байж зүгээр болох вэ?
-Хугацаа гэхээсээ илүү хүн болгон өөр өөр учраас хувь хүний өөрийнх нь сэтгэцийн үйл нь өөр өөр байдаг. Зарим хүмүүс хүнд маш удаан дасдаг. Зарим нь маш хурдан дасна. Зарим хүн нь зуны турш хамт байсан хүмүүс нь явахад маш гүнзгий хагацлын мэдрэмж авдаг байж болно. Зарим хүмүүст тийм биш байдаг. Үүн дээр хугацаа гэхээсээ илүү сэтгэцийн хувьд өөр өөр учраас хувийн онцлогоосоо шалтгаалаад хэвийн байдалдаа орно. Дотоод мэдрэмж сэтгэлээ хуваалцаж чаддаг хүн байхад, зарим нь тэгж чаддаггүй. Тэгэхээр явж байгаа хүмүүс нь үлдэж байгаа хүмүүстэйгээ байнгын харилцаатай байж, ямар байгааг нь асууж, тэр хүмүүсийг тайтгаруулах, тайвшруулах, сэтгэл санааг нь амар байлгах нөхцөлийг нь бүрдүүлж байдаг.
-Хэдхэн хоногийн дараа хичээл орох гээд хүмүүс хүлээлтийн байдалтай байгаа. Тэгэхээр яг энэ үед хүн сэтгэл зүйн тал дээр юуг анхаарах ёстой вэ?
-Шинэ зүйл эхэлж байгаа учраас ихэнх тохиолдолд хүмүүст санхүүгийн асуудал нэлээд тулгардаг. Үүнээс үүдээд миний хүүхэд бусдаас муу хувцастай байх вий, ажилд орж байгаа, амраад ажилдаа ирж байгаа хүний хувьд заавал нэг шинэ хувцас авч өмсөх ёстой гэсэн ойлголтууд байгаад байдаг. Тэр нь өөрөө тухайн хүний дотоодыг түгшээх, түгшүүрийн мэдрэмжүүдийг өндөрсгөж өгдөг. Энэ нь бусадтай өөрийгөө харьцуулах талын зүйлүүд өндөр ажиглагддаг. Тэгэхээр намрын хугацаанд амраад ажилдаа орж байгаа бол, хичээл сургуульдаа орохоор бэлтгэхдээ заавал бүгдийг шинээр авах биш өмнө нь хэрэглэж байсан зүйлээ хэрэглэх, хуучин хувцсаа өмсөх нь бусдаас санаа зовох шалтгаан биш юм шүү. Есдүгээр сарын нэгэнд амраад ажилдаа орж байгаа, хичээлдээ ирж байгаа тавтай тухтай мэдрэмжийг төрүүлдэг байх ёстой болохоос гадаад үзэмж талдаа илүү анхаараад байна уу даа гэж харагддаг. Тэгэхээр тэр гадаад төрхөндөө өгөх ач холбогдлоо багасгамаар санагддаг. Өөрсдийгөө харьцуулах талын зүйлийг багасгаарай. Хуучин зүйлээ хэрэглэхийг уриалж, хуучин зүйлээ хэрэглэснээр ямар нэгэн гадуурхагдах зүйл байхгүй гэдгийг ойлгуулах нь зөв байх.