Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батзориг: Хичээлийн шинэ жил дөхсөн өдрүүдэд залилах болон хулгайлах төрлийн гэмт хэрэг нэмэгддэг DNN.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригтой хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ярилцлаа.


-Хичээлийн шинэ жил хаяанд иржээ. Нийслэлийн хөл хөдөлгөөний ачаалал сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдлээ. Ийм үед гол төлөв ямар төрлийн гэмт хэрэг, зөрчил гардаг вэ. Иргэд юунд анхаарах вэ?

-Жил бүрийн энэ өдрүүдэд хүүхдийн хичээл сургуулийн бэлтгэл ажлаас гадна хөдөө орон нутгаас их, дээд сургуульд элсэн орохоор оюутан хүүхдүүд олноор ирж, нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг нь уламжлал болжээ. Энэ үеэр хулгай, залилах гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг. Иргэдэд хандаж анхааруулахад, хүн олноор цугласан, шахцалдсан тэр л газар, орчинд хулгайч байх өндөр магадлалтай гэдгийг анхаарч, сонор сэрэмжтэй явах, хулгайч нар таныг барааны сонголтоо хийх үед элдэв зүйл асууж шалгаах, шахах, түлхэх, таны авах барааг мөн адил сонирхох гэх мэтээр анхаарлыг сарниулан гар утас, мөнгө, бусад эд зүйлийг хулгайлдаг нь өмнө бүртгэгдсэн хэргүүдэд анзаарагддаг. Иймд иргэдэд биедээ их хэмжээний бэлэн мөнгө авч явахгүй байх, цахим карт, бэлэн мөнгөний машин хэрэглэж хэвших, сонор сэрэмжтэй байх нь хулгайчид боломж олгохгүй байх алхам гэдгийг сэрэмжлүүлье.

-Оюутнуудыг хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас жил бүрийн хичээлийн шинэ жилийн нөхцөл байдалтай уялдуулан тодорхой эрчимжүүлсэн ажил, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг.

Үүнд сургууль орчны эргүүл хяналт, шалгалтыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, дотуур байрны гадна, дотно орчны камерын хяналтын бүрэн бүтэн байдал, Монгол Улсын MNS 6423:2019 стандартыг хангаж байгаа эсэх, “School police” буюу эцэг, эхийн сургуулийн эргүүлийн үйл ажиллагааг жигдрүүлэх, мэргэжлийн байгууллагуудтай хамтран орчны эрсдэлийн үнэлгээг гаргаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, зах, худалдааны төвүүдтэй хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, нийтийн тээврийн автобус, автобусны буудал зэрэг шаардлагатай газруудын камерын үйл ажиллагааг дахин нягтлах, илэрсэн зөрчлийг засуулах, Оюутны холбоо, Сурагчдын холбоо, сургуулийн захиргаатай хамтран ажиллах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг тогтсон хугацаанд өгөх зэрэг олон ажил, арга хэмжээг төлөвлөн зохион байгуулдаг. Цагдаагийн байгууллагаас энэ удаа хийж буй нэг онцлог ажил нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт 78 /нийслэлд 67, орон нутагт 11/ их, дээд сургуулийн оюутнуудад хичээлийн жилийн эхний өдрүүдэд Улаанбаатар цагдаагийн хүрээний анги байгууллагын дарга, удирдах албан тушаалтнууд “Их хотын соёл ба хариуцлагатай иргэн” сэдэвт сургалт, мэдээлэл өгөхөөр хуваарь гарган, Боловсрол, Соёл, урлагийн газар, хэлтэс, их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна. Энэ сургалтын зорилго нь хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан их, дээд сургуулийн нэгдүгээр дамжаанд элсэн суралцах оюутан, залуучуудад өөрийгөө болон бусдыг аливаа осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс хамгаалах, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх, тэдний хууль, эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

-Халаасны хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ. Халаасны хулгайн гэмт хэргийн илрүүлэлт хэдэн хувьтай байна вэ?

-Халаасны хулгайн сүүлийн таван жилийн нөхцөл байдлаас үзэхэд 82 хувь нь гар утас, 18 хувь нь түрийвч, бэлэн мөнгө, бичиг баримт, бусад эд зүйл алдагдсан байна. 2022 оны эхний хагас жилийн байдлаар халаасны хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 30 орчим хувьтай байна. Энэ нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гурван хэрэг тутмын нэг нь илэрч байна гэсэн үг. Иргэд ихэвчлэн хаана халаасны хулгайд өртөж байгааг судалж үзэхэд автобусны буудал, автобусан дотор 50.1 хувь, гудамж, талбай олон нийтийн газарт 32.1 хувь, зах, худалдааны төвүүдэд 8.9 хувь, их, дээд сургууль орчимд 3.3 хувь, эмнэлэг орчимд 1.6 хувь зэрэг байна. Иргэд дээрх газруудад онцгой анхаарал, сонор сэрэмжтэй явах ёстой гэсэн үг.

-Халааснаасаа гар утсаа алдах нь иргэдийн дунд түгээмэл байдаг. Буцааж олох ямар боломж байна вэ?

-Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Үндэсний Дата төв, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг газартай хамтран “Smartdevice” ухаалаг гар утасны төхөөрөмж системийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ нь IMEI кодоо энэ системд өмнө нь бүртгүүлснээр эргэн олох боломжтой болно гэсэн үг. Иргэд хамгийн гол нь арын халаас, гадна халаасанд биш утас, эд зүйлээ дотор талын халаасанд хийж, сонор сэрэмжтэй байх, байгууллага, аж ахуйн нэгжүүд гадна, дотно орчноо бүрэн камержуулснаар халаасны хулгайн эрсдэлийг бууруулна, Монгол Улсын хилээр орж, гарах үеэр хулгайн гар утас нэвтрэх боломжгүй байлгах хяналт шалгалтыг тогтмол чанар, үр дүнтэй зохион байгуулж байх зэрэг ганц цагдаагийн байгууллага гэлтгүй олон байгууллага, иргэдийн хамтын хүчин чармайлтаар бууруулах боломжтой байна.

Дахин анхааруулахад, иргэд маань өөрсдөө утас, эд зүйлдээ эзэн болж, анхаарал болгоомжтой байх, оюутан, сурагчдадаа хэлж, сануулж байх, хүүхдээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, бусадтай хүндэтгэлтэй харьцах, хэн нэгний эрхийг зөрчихгүй байх, багш, сургуульдаа хүндэтгэлтэй хандах, сургуулийн захиргаа нь сургуулийн орчны аюулгүй байдлыг оюутнуудын цаг ашиглалтыг сайжруулах, архидан согтуурах нөхцөл боломж олгохгүй байх, бага насны сурагчдын хувьд эцэг, эхчүүд маань бага ангийн хүүхдийг 5 дугаар анги төгстөл нь гараас гарт хүргэж өгч, авч байх үүрэгтэй гэдгийг анхаарах, сургуулийн багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч зэрэг хуулиар үүрэг хүлээсэн ажилтнууд сургуулийн орчинд далд, нуугдмал хүчирхийлэлд өртсөн хүүхэд байгаа эсэх, тухайн сурагч ар гэртээ ямар нэгэн асуудалтай магадгүй бэлгийн хүчирхийлэлд өртсөн байх магадлал бий эсэхэд байнга хяналт тавьж, мэдээллийг цагдаагийн байгууллагад тэр даруй хүргэж, хамтран ажиллах, сургуулийн эргүүлээр ажиллаж буй эцэг, эхчүүд бусдын хүүхдийн аюулгүй байдлыг хангаснаар таны хүүхдийн аюулгүй байдал хангагдана гэсэн зарчмыг ойлгож, чин сэтгэлээсээ ажиллах, илэрсэн зөрчил дутагдлыг сургуулийн захиргаанд бичгээр мэдээлж байх зэрэг олон талын хамтын ажиллагаа, чармайлт шаардлагатай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *