Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батзориг: Гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийг шийдвэрлэж байгаа шүүхүүдийн үзүүлэлт тэнгэр газар шиг зөрүүтэй байна

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргийн талаар Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригтой ярилцлаа.


-Нийслэлийн хэмжээнд хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд 2018 онд 1128 хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон нь өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2019 оны нэгдүгээр сарын байдлаар 7.1 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа боловч цаашид өсөх хандлагатай байна. Энэ нь иргэдийн эрхээ хамгаалах, хүчирхийллийг үл тэвчих хандлага нэмэгдсэн, ихэвчлэн гэр бүлийн гишүүдээс гомдол гаргадаг байсан бол хөндлөнгийн этгээдээс тухайн гэр бүл дэх хүчирхийллийг мэдээлэх хандлага нэмэгдсэнтэй холбож үзэж болно. Хүчирхийлэл бүрийн цаана хүүхэд байдаг. Хүүхдийн халдашгүй эрх нь насанд хүрэгчдийн санаатай, болгоомжгүй үйлдлийн улмаас олон талаар зөрчигдсөөр байна. Ихэвчлэн зам тээврийн осолд өртөх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг хуучнаар танхай, зодооны хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, зарим тохиолдолд хулгай, дээрэм, залилан, хүчиндэх гэмт хэргүүдэд өртөж байна. Иргэн бүхэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн хууль ёсны эрх ашиг бүрэн хамгаалагдаж байна уу гэдэгт анхаарал хандуулах шаардлагатай.Бүртгэгдсэн хэргүүдийг судлахад хүчирхийлэгч нь ихэвчлэн тухайн гэр бүлийн амьжиргааг залгуулдаг, гэр бүл, хамаатан садны холбоотой шалтгаанаар хохирогчийг буруутгах, төрсөн эх нь хүртэл гомдолгүй гэж мэдүүлэг өгөхийг ятгах зэргээр хүүхдийн эрх ашгийг бүрэн төлөөлж чадах эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байна. Үүнд тухайн нутаг дэвсгэр дэх төрийн болон төрийн бус байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл бүр урт удаан хугацаанд хаалттай хаалганы цаана үргэлжилсэн байдгийг санаж байх ёстой.Насанд хүрсэн эрүүл хүний толгойд багтамгүй амиа хорлох аймшигт бодлыг хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд тээж явдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж байна вэ. Ямар үр дүн гарсан гэж бодож байна?

Энэ оны хоёр, гуравдугаар сард Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх чиглэлээр “Цахим тоглоом”, “Илрүүлэлт-2019” зэрэг хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсан юм. Энэ үйл ажиллагааны хүрээнд 78 удаагийн нэгдсэн шалгалтыг зохион байгуулж, 54 зөрчлийг илрүүлэн 157 иргэнийг 5.720.000 төгрөгөөр торгосон. Зөвшөөрөлгүй болон стандартын шаардлага хангаагүй 30 газрын үйл ажиллагааг түр зогсоож, зургаан газрын үйл ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа.Хараа хяналтгүй байж болзошгүй нийт 192 хүүхдийг олж тогтоон хүүхдэдээ анхаарал хандуулаагүй эцэг, эхэд Зөрчлийн тухай хуулиар 940 мянган төгрөгийн торгууль ногдуулах, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагатай хамтран зорилтот бүлгүүдэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

-Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төр засгаас болон цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа үндсэн бодлого чиглэл юу вэ?

-Төрөөс хүүхэд хамгааллын чиглэлээр тодорхой бодлогын баримт бичгүүдийг батлан гаргаж, шаардлагатай зарим санхүүжилтийг шийдвэрлэж өгч байгаа нь үр дүнгээ өгнө гэж найдаж байгаа. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн гуравдугаар тогтоолоор хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримтыг баталж өгсөн. Үүнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага бүр эцэг, эхийн зөвлөлийг дэргэдээ байгуулж, бүх талаар дэмжин ажиллах ёстой талаар тодорхой дурдсан байгаа. Энэ нь тухайн байгууллагын алба хаагчдын гэр бүлийн тогтвортой байдал, цаашлаад боловсон хүчний бодлогод ч эерэгээр нөлөөлнө. Яагаад гэвэл гэр бүлийн амар тайван тогтвортой байдал ямар ч байгууллагын ажлын үр дүнг дээшлүүлнэ гэдэг талаар тэр бүр бодохгүй байна. Энэ тогтоолыг хэрэгжүүлж, бусад хууль тогтоомжоо хэрэгжүүлээд явбал бид хүүхдээ хамгаалах бүхий л боломжууд байна.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

– Хууль бол хэрэгжүүлэх ёстой эрх зүйн баримт бичиг. Хууль хяналтын байгууллагууд чиг үүргээрээ тодорхой ажлуудыг зохион байгуулж ажиллаж байгаа ч зарим газар хангалттай биш байна. Тухайлбал Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн шүүхүүдийн гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийг шийдвэрлэж байгаа тоон үзүүлэлт тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Хүн амын тоо, бүртгэгдэж байгаа дуудлага, мэдээлэл ойролцоо түвшинд байгаа ч хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдийн асуудлыг шийдвэрлэхдээ яагаад ийм зөрүүтэй байгааг сэтгүүлчид та бүхэн тодруулна биз ээ. Энэ оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчлагдсан хүний тоо Баянзүрх дүүрэгт 347 хүрсэн. Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт 54 байгаа юм. Хүчирхийлэл бол өдөр харгалзахгүй бүртгэгдэж, хүүхдийн айсан, уйлсан, шаналсан, аврал нэхсэн дуу сонсогдсоор байхад дүүргийн шүүх гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг ажлын 1-2 өдөрт зааж, бусад өдөр хүлээн авахгүй дотоод ажилтай гэдэг. Энэ нь Хүүхдийн эрхийн конвенц, Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай гэх мэт олон хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөхөөр байгааг анхаарах хэрэгтэй. Шүүх ажлын өдөр бүр ажиллаж хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг цаг алдахгүй шийдвэрлэж байх ёстой. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, хүчирхийлэл үйлдэгч этгээдэд тохирсон хариуцлага хүлээлгэх саналыг тухай бүр прокурор, шүүхэд хүргүүлж байх бодлого баримталж байгаа.

-Цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулах вэ?

-Гэмт хэрэгт өртөж хохирч, холбогдож байгаа хүүхдийн дийлэнх нь гэр бүлийн тогтворгүй байдал, гэр бүл салалтын улмаас хараа хяналтгүй болж, зарим нь гудамж талбай олон нийтийн газарт хоног төөрүүлж, гуйлга гуйж яваа нь харамсалтай. Иймд энэ хүүхдүүд рүү чиглэсэн хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх ажил нэн чухал учраас Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран улирал бүр энэ ажлыг эрчимжүүлж ажиллана. Бидний зорилго нэг ч хүүхэд гудамжинд гуйлга гуйгаад хоног төөрүүлж суулгахгүй тусламж үйлчилгээнд хамруулах юм. Урт хугацааны туршид хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах нэгэн том боломж нь хүүхэд, залуучуудад гэр бүлийн зөв боловсрол олгох явдал. Бие биенээ бүрэн гүйцэд таньж мэдрээгүй, удам судар, ар гэрийн хүмүүжлийг судлаагүй байж сэтгэлийн хөөрлөөр дөнгөж танилцаад удаагүй байхдаа хүүхэдтэй болчихдог, удалгүй бие биенийхээ үнэн мөн чанарыг таньж мэдрээд ирэхээрээ нөгөө хүчирхийлэлтэй тамын амьдрал нь эхэлдэг. Үүнээс болж хүүхэд хохирч, цаашлаад энэ хүүхэд Монгол Улсад зөв төлөвшилтэй, зөв хүмүүжилтэй иргэн болон төлөвшихөд асуудал тулгараад байна. Ерөнхий боловсролын сургуульд хүүхдэд гэр бүлийн боловсролыг хэрхэн үр дүнтэй өгч байна вэ гэдэг асуулт, хүүхдэд боловсрол олгох багш нарын мэдлэг ур чадвар, өөрсдийнх нь үлгэр дуурайл ямар байна вэ гэдэг асуулт гарна.

Мөн эрүүл мэндийн байгууллагаас сургууль бүрт, хороо бүрт охидын үзлэгийг сэргээн бэлгийн хүчирхийллийг эрт илрүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байна. Цаашид сургууль руу чиглэсэн хүүхдүүдэд гэмт халдлагаас өөрийгөө болон найз нөхдөө хамгаалах, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хэрхэх ёстой гэх мэт эрх зүйн мэдлэг олгох сургалт мэдээллийг үргэлжлүүлэн явуулна. “Сургуулийн эргүүл буюу School police” загвар, бусад орны туршлагад тулгуурлан “Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлэх, хүүхдүүдийг үе тэнгийн хүүхдүүдээр нь төлөвшүүлэх, эх оронч зөв төлөвшил олгох зорилготой “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэм гэх мэт ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Э.БААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *