Categories
мэдээ цаг-үе

Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нар өндөр тунтай 70 килограмм геройн тээвэрлэж яваад баригджээ

-ТЭД ДӨРВӨН УЛС ДАМНУУЛАН ХАР ТАМХИ ХУДАЛДААЛДАГ ГЭМТ ХЭРГИЙН ТОМООХОН БҮЛЭГЛЭЛИЙН ГИШҮҮН БАЙСАН ГЭНЭ-

Манай улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Элчин сайдын яамны харьяа Истанбул хот дахь Ерөнхий консулын газрын хоёр ажилтан онц их хэмжээний мансууруулах төрлийн бодис тээвэрлэж яваад баригдсан. Тэд дипломат дугаартай автомашинд 70 килограмм геройн төрлийн хар тамхи тээвэрлэж яваад Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт саатуулагдсан байна. Тус хэрэг өнгөрсөн сарын 3-ны өдөр болжээ. Манай улсын консулын ажилтнууд их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан талаар Германы хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Германы хэвлэлүүдээр хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт саатуулагдсан монгол залуус дипломат паспорт үзүүлж, хилийн ажилтнуудад нэгжлэг хийлгэхээс татгалзсан байна. Ингээд машинд үзлэг хийхэд хоёр хар чемоданд хувааж хийсэн, тус бүр 500 грамм жинтэй, 140 боодол хар тамхи гарч ирсэн байна. Нэг бүрчлэн нямбайлан боосон эдгээр хар тамхины хууль бус зах зээл дэх үнэлгээ нь гурван сая евро болох аж. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Гадаад харилцааны яам мэдээллийг нуусан зүйл байхгүй. Хилийн чанадад гэмт хэрэгт холбогдож байгаа монгол иргэдийн талаарх мэдээллийг гадаадад байгаа Элчин сайдын яамд, консулын газруудаар дамжуулан авдаг. Авсан даруйд холбогдох арга хэмжээг авч, ар гэрт нь мэдэгддэг. Консулын харилцааны конвенцын дагуу суугаа улсын хууль цагдаагийн байгууллага манай улсын иргэдийг саатуулсан тохиолдолд Элчин сайдын яаманд мэдэгдэх үүрэгтэй. Энэ дагуу Берлин дэх Элчин сайдын яаманд мэдэгдэж, бид энэ мэдээллийг авсан. Гэмт хэрэг зөрчилд холбогдсон иргэний мэдээллийг ГХЯ авсныхаа дараа олон нийтэд мэдээлдэггүй. Шалтгаан нь хувь хүний нууцыг хамгаалахтай холбоотой. Мөн энэ хэрэг хянан шалгагдаад явж байгаа, эцэслэгдээгүй учраас мэдээлэх боломжгүй байсан”гэв. Эх сурвалжийн хэлснээр Монгол Улсын дипломат ажилтнуудаас их хэмжээний геройн илэрсэнтэй холбоотойгоор Берлин дэх Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт нэгжлэг хийсэн аж.

“ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ БУЮУ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ХЭРЭГТ ГЕРМАНЫ ХУУЛИАР 2-15 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООДОГ”

Мэдээллийн дараа тэрээр сэтгүүлчдийн асуултанд хариулав.


-Тавдугаар сарын 3-нд гарсан хэргийг яагаад одоо мэдээлж байгаа юм бэ. Яагаад ГХЯ энэ хэргийг нуусан юм бэ?

-ГХЯ нуусан зүйл огт байхгүй. Ерөөсөө хилийн чанадад хэрэг зөрчилд холбогдож байгаа монгол иргэдийнхээ талаарх мэдээллийг бид гадаадад байгаа 43 ЭСЯ болон Консулын газраар дамжуулан авдаг. Авсан даруйдаа арга хэмжээ авч, ар гэрт нь мэдэгдэх гэх мэт бүхий л арга хэмжээг авч ирсэн.

Консулын харилцааны конвенцийн дагуу суугаа улсын хууль цагдаагийн байгууллага манай улсын иргэнийг саатуулсан тохиолдолд ЭСЯ-нд мэдэгдэх үүрэгтэй байдаг. Энэ дагуу бид Берлин дэх ЭСЯ-наас мэдээллийг авсан. Ар гэртэй нь холбоотой байгаа.

Зөвхөн энэ хэрэг биш, гэмт хэрэг зөрчилд холбогдсон иргэдийн мэдээллийг ГХЯ авсныхаа дараа мэдээлдэггүй. Шалтгаан нь ар гэрийнхний хүсэлтээр хувь хүний нууцыг хамгаалах асуудал байдаг. Хоёрдугаарт, хэрэг нь хянан шалгагдаад явж байгаа.

-Энэ хүмүүс жирийн иргэд биш, дипломат ажилчид. Монгол Улсын нэр төрийг хамгаалах үүрэгтэй хүмүүс. ГХЯ энэ дээр ямар хариуцлага тооцох вэ?

-Тухайн хоёр хүн Истанбул дахь Консулын газар ажиллаж байгаа, чухал албан тушаал хашдаг нь үнэн. Гэхдээ суугаа улсынхаа хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд энэ нь иргэний буюу консулын асуудал болдог. Консулын чиглэлээр бид ажлаа хийж байгаа.

-Туркээс Германд ямар ажлаар явж байсан юм бол?

-Энэ асуудлаар шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Зөвхөн энэ хэрэгт холбогдсон хоёр хүнээс гадна бусад монгол иргэн холбоотой эсэх талаар манай тагнуулын байгууллага шалгаж байна. Тэгэхээр яг шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас одоогоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Истанбулд сууж байсан Э.Мөнх-Очир консулыг татаад орных нь хүнийг томилохгүй удсанаас хяналтгүй болж, ажилчид нь ийм байдал үүсгэсэн гэсэн мэдээлэл байна.

-Дөрөвдүгээр сарын дундуур Засгийн газар шийдвэр гаргаад эгүүлэн татсан байгаа. Дараагийн хүнийг томилох асуудлыг Засгийн газар хуралдаанаар хэлэлцээд, тухайн улсаас зөвшөөрлийг нь аваад томилдог.

-Энэ хүмүүсийн нэрийг нууцалж байгаа нь тэд Монгол Улсын том албан тушаалтай хүмүүсийн хүүхдүүд учраас гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Билэгтийн хүүхэд, ГИХ-ын газрын дарга Мөрөнгийн хүүхэд гэсэн мэдээлэл байна, үнэн үү?

-Хэрэг шалгагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Түүнээс биш даргын, хэн нэгний хүүхэд гэдэг утгаар биш, конвенцийнхоо дагуу л явж байгаа.

-Өмнө нь ийм хэрэг гарч байсан уу. Консулуудыг ямар шалгуураар явуулж байна вэ. Албан тушаалыг шагнал хэлбэрээр өгснөөс ийм зүйл гарч байгаа юм биш үү?

-Хилийн чанадад дипломат төлөөлөгчийн газар ажиллах дипломат ажилтныг Дипломат албаны тухай хуулиар, Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрээр томилдог. Яг л энэ хууль тогтоомж, шалгуурын дагуу томилогдсон хүмүүс байгаа. Ийм ноцтой хэрэгт холбогдсон эдгээр хүмүүсийн цаана өөр хүмүүс байна уу гэдгийг тагнуулын байгууллага шалгаж байгаа. Тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг тагнуулын байгууллагаас тодруулах боломжтой.

-Энэ хүмүүс хоригдож байгаа юу?

-Дрезден хотод саатуулагдаад хоригдож байгаа. Тухай улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэдгээрээ тухайн улсын хуулийн дагуу шийтгэл хүлээнэ. Өмгөөлөл, консулын хамгааллын асуудал ЭСЯ-аар дамжаад явж байгаа.

-Монгол Улсын нэр хүндэд халтай энэ үйл явдлын талаар манайхаас албан ёсоор мэдэгдэл гаргасан уу?

-Энэ бол Монгол Улсын нэр хүндийг сэвтээх маш ноцтой хэрэг. Бүрэн санал нийлж байна. Цаашид ийм төрлийн гэмт хэрэг дахин гаргахгүй байх үүднээс ГХЯ ажиллаж байна. Герман улсын хувьд бид дипломат шугамаараа мэдээллээ солилцоод ажиллаж байгаа.

-Консулаар хэр удаан ажилласан бэ. Өмнө нь өөр газарт консулаар ажиллаж байсан уу?

-Нэг жил гаруй хугацаанд ажиллаж байгаа. Өмнө нь ОХУ дахь Консулын газарт ажиллаж байсан.

-Тэндхийн хуулиар хэрэг нь шийдэгдвэл нааш нь шилжүүлэх үү?

-Хэрэг шалгах ажиллагаа дуусаагүй байна. ХБНГУ-ын хуулиар хар тамхи тээвэрлэж явсан хэрэгт 2-15 жилийн хорих ял оноодог.

-Хэчнээн монгол хүн гэмт хэрэгт холбогдоод байна вэ?

-Хилийн чанадад өнөөдрийн байдлаар 176 монгол иргэн ял эдэлж байна. Өнгөрсөн онд хар тамхитай холбоотой хэргээр 53 монгол иргэн саатуулагдсан. Гэмт хэргийн 40 орчим хувийг хулгайн хэрэг эзэлж байгаа. Гадаадад зорчиж байгаа иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр өнгөрсөн онд давхардсан тоогоор 2.5 сая иргэн бүртгэгдсэн.

ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Б.БАТТҮШИГ, С.ЭРДЭНЭБАЯР ГЭЖ ХЭН БЭ

70 гаруй килограмм хар тамхийг Герман улсын хилээр нэвтрүүлэхээр тээвэрлэж яваад баригдсан манай улсын Итанбул хот дахь Ерөнхий консулын газрын хоёр ажилтны нэг нь 40 орчим настай Б.Баттүшиг гэнэ. Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан Б.Бат-Эрдэнийн хүү юм байна. Өмнө нь Бангкок, ОХУ-д консулаар ажиллаж байжээ. Мөн Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх дээд сургуулийг төгсөж байсан гэнэ. ТЕГ-т ажиллаж байгаад консулын ажилтан болсон түүхтэй ажээ. Бат-Эрдэнийн Баттүшиг нь БНТУ-ын Истанбул дахь Ерөнхий консулын газарт Дэд консулын албан тушаалд 2018 оны долдугаар сарын 1-ний өдөр томилогдож байжээ. Харин нөгөөх ажилтан нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн С.Эрдэнэбаяр гэнэ. УИХ-ын гишүүн Л.Болдыг Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхад нь жолоочоор нь ажиллаж байжээ. Мөн одоогийн Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарын жолоочоор ажиллаж байжээ. Тэд Турк улсад гэр бүлийн хамт байсан гэнэ.

Э.БААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *