Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баттөгс: Газар дээрээ бичил бизнестэй болж, таун хаусаа бариад тухтай амьдрах нь бидний гол зорилго

“Гэр хороолол” хөдөлгөөнөөс жагсаал хийлээ. Тэд Засгийн газарт үндсэн найман зүйл бүхий шаардлагыг гуравдугаар сарын есөнд хүргүүлжээ. Гэвч шаардлагын хариуг өгөөгүй аж. Ийнхүү тэд гэр хорооллын иргэдийг дорд үзсэн гэж үзэн өнөөдөр жагсаал хийлээ.

Улаан туг барьсан гэр хорооллын төлөөлөл 200-аад хүн тус жагсаалд оролцсон юм. Тэд Монголын залуучуудын холбооны гаднаас үзэл бодлоо хэлж Сүхбаатарын талбайг чиглэв. Цуваан дунд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл алхаж байлаа. Тэрээр “Би энд иргэн хүний хувиар үгээ хэлэхээр ирсэн. Би гэр хорооллын иргэдийг хашаандаа сайхан амьдраасай гэсэн үүднээс энэ хөдөлгөөний гишүүн болсон. Гэвч төр засаг бидний эхлүүлсэн ажлыг боомилж байна. Гэр хорооллын иргэдийн сайхан амьдрах үнэ цэнийг алдагдуулсан. Тиймээс хамтдаа тэмцэхээр нэгдсэн” гэв.

Тус цуваа Сүхбаатарын талбайд хүрлээ. Тэд тайзан гарч үзэл бодлоо хэлэв. Энэ үеэр цагдаа нар ирж хяналт тавив. Үүнд уурссан Э.Бат-Үүл “Би хотын захирагч байхдаа иргэдийн жагсаал, цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдаж байгаагүй. Миний үед иргэд үгээ чөлөөтэй хэлж жагсдаг байсан. Та нар бидний эрхэнд халдах эрхгүй шүү хэмээн цагдаа нарm хандав. Цагдаа нар хариуд нь “бид та бүхний аюулгүй байдлыг хамгаалах үүргээ биелүүлж явна” хэмээсэн юм.

Энэ тухай тус хөдөлгөөний тэргүүн Б.Баттөгстэй ярилцлаа.

-Өмнө нь тус хөдөлгөөн хоёр удаа гишүүдтэйгээ уулзаж, хуралдаж байсан. Тус хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэв?

-Бид маш тодорхой асуудал ярьж байгаа. Хотын Засаг дарга С.Батболд болсноос хойш гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлсэнгүй. Өмнө нь орон сууцаар сольдог байсан хашааны газрыг өнөөдөр байрны зээлийн урьдчилгаа 30 хувь болгон тооцдог болов. Гэр хороолол ямар нөхцөлд байгааг хүн бүр мэддэг. Шавар шавхай, угаадастайгаа хутгалдсан. Ядуу зүдүү болгон байдаг гэх. Нүхэн жорлон, нүүрс түлэхийг нь хориглосон. Энгийн зуух тавьж гал түлж болохгүй. Тэгсэн тохиолдолд захиргааны арга хэмжээ авна. Шоронд хийнэ гээд захирамж гаргасан. Дээр дооргүй бүгд гэр хорооллынхныг ад үзэх болж. Бид энэ асуудлыг 2016 оноос хойш ярьж, “Гэр хороолол” хөдөлгөөнийг үүсгэсэн. Залуучууд үүнийг эхлүүлсэн. Бид юу гэж үзсэн бэ гэвэл гэр хорооллыг хөгжүүлж байж Монгол Улс хөгжинө. Харин гэр хороолол байгаа цагт Монгол Улс хөгжихгүй гэж үзэн үүсгэж байлаа.

-Ямар арга хэмжээ авбал гэр хороолол хөгжих вэ?

-Биднийг байгаа газар дээр нь бизнес эрхлэх, тэндээ таун хаус бариад амьдрах боломжийг олгооч ээ. Дарга нар өөрсдийн лоббины орон сууцаа битгий гэр хорооллын иргэдэд шахаач. Өндөр өндөр орон сууц барьж, хэд нугалсан ашиг бүү хийгээч ээ. Гэр хорооллын иргэдийг өөрсдөөр нь төсөл хөтөлбөр бичүүлж, хэрэгжүүлээч ээ гэдэг ийм шаардлагын үүднээс манай залуус нэгдэж “Гэр хороолол” хөдөлгөөнийг байгуулсан.

-Гэр хороолол хөдөлгөөн нэгдсэнээс хойш ямар арга хэмжээг хийв?

-Өнгөрсөн гуравдугаар сард “Гэр хорооллын иргэдийн гуравдугаар чуулган”, Сүхбаатарын талбайд жагсаал, хотын Засаг даргад сая хэлсэн бүх шаардлагуудыг хүүргүүлсэн. Гэвч биднийг үл тоож байгаа. Гэр хорооллын халтрууд гэдэг байдлаар хүлээж авч байгаа. Бидний үгийг “Нохой хуцна чинээ” тоодоггүй. Тиймээс олон улсын ардчилал түгсэн бүх орон майхантай жагсаал хийдэг. Өнөөдөр тэр жишгээр бид жагсаалыг хийж байна. Хандивлагчдаас ирсэн мөнгөөр энэхүү майхныг аваад, жагсаалаа суулт болгон үргэлжлүүлэхээр тэмцэж явна. Энэ бол тэмцлийн эхний хэлбэр. Бид энэ тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно. Нийслэлийн Засаг дарга ард иргэдээ жаргаана гэсэн амлалт өгч гарчхаад яагаад амлалтдаа хүрэхгүй байгаа юм. Хотын Засаг даргыг огцор гэж энэ тэмцлээ үргэлжлүүлж байна.

“Гэр хорооллын хөдөлгөөний нам” шинээр бүртгүүлэх хүсэлт гарган Улсын дээд шүүхэд өргөдөл өгч байсан. Энэ танай хөдөлгөөнөөс гаргасан хүсэлт байсан уу?

-“Гэр хороолол” хөдөлгөөн нэгдээд энэ улсад нам байгуулж байж бүх зүйлийг шийддэг болж гэдгийг ойлгосон. Нам бүлэгт хуваагдсан нөхөд өөрсдийн асуудлаа дор нь дэвшүүлж төрөөр шийдүүлдэг болж. Бид ч гэсэн нам гэх статус дор асуудлаа шийдүүлье гэдэг зорилгоор өргөдөл гаргасан. Гэвч биднийг гурав дахь удаагаа буцаагаад байна. Бид дахиад материалаа бүрдүүлээд өгнө. Хэдийд биднийг хүлээн зөвшөөрнө, тэр хүртэл өгөх болно.

-Нам болоход ямар шаардлага, бичиг баримт дутуу байна гэсэн шалтгаанаар буцаагаад байгаа вэ?

-Бичиг баримт дутуу байна гэдэг шалтгаан л хэлдэг. Дээрээс нь шүүгч гэр хорооллынхон бичиг үсэг мэддэг хүмүүс мөн юм уу, та нар боловсролтой юм уу, нам байгуулах хэмжээний мэдлэг байгаа юу гэх зүйлийг дээд шүүхийн шүүгч нар ярьдаг. Бид дөрөв дэх удаагаа дахиад материалаа өгнө. Ямар ч байсан намаа байгуулчихвал гэр хорооллын асуудлыг төрийн хэмжээнд ярина. Төрийн бодлогын түвшинд шийдэх хэмжээнд хүртэл тэмцэнэ.

-Та өөрөө гэр хороололд амьдардаг уу?

-Би өөрөө яг ч гэр хороололд амьдардаггүй. Гэхдээ би гэр хороололд төрж өссөн. Миний эргэн тойрон дахь ах эгч, хамаатан садан гээд бүгд л амьдардаг. Тийм учраас гэр хороолол гэдэг өнөөдөр миний, чиний Монголчуудын бүгдийнх нь асуудал. Тиймээс гэр хорооллоо хөгжүүлж байж Монгол хөгжих юм байна гээд зүтгээд явж байгаа залуу хүн.

-Иргэдийн зарим нь газар дээрээ барьсан орон сууцанд амьдарна гээд гэрээгээ хийгээд газраа сольчихсон. Гэвч юу ч баригдаагүй олон жил болж байна. Энэ асуудлыг шийдвэрлүүлэх тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Хүмүүс орон сууцны зээлийн урьдчилгаанд хашаагаа өгөхгүй гэдэг. Түүний оронд газар дээрээ бичил бизнестэй болж, таун хаусаа бариад тухтай амьдрах нь бидний гол зорилго. Иргэдийн газрыг гэрээ нэрээр авчхаад юу ч барихгүй хохироож байгаа нь үнэн. Үүний эсрэг л бид тэмцээд байгаа юм гэв.

Жагсаалд оролцож буй иргэд газрыг нь үнэгүйдүүлж байгаад ихэд бухимдалтай байлаа. Тэдний төлөөлөл болсон Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны иргэн А.Сүхбаатар “Манай хороонд арван жил гэр хорооллын дахин төлөвлөлт хүлээгдлээ. Харин энэ жил “Эрэл” компани хороонд дахин төлөвлөлтийн ажлыг эхэлнэ гэсэн. Одоохондоо эхлээгүй байна. Урьд нь Ардчилсан намын үед “Өндөр Уянга” гэх компани ирээд дампуураад алга болсон. Тэр үед хүмүүс газраа байраар солино гэж баярлаад бүгд оочирлоод хүлээж байв. Гэвч ямар ч гэрээ контакт хийгдээгүй. Гэр хорооллын газрыг хямд үнэлсэн учраас гэрээ хийх хүн олдоогүй. Нэг м.кв газрыг 100 мянган төгрөгөөр үнэлсэн. Төвийн нэгдүгээр зэрэглэлийн газрын 1м.кв-ын үнэ 500мянган төгрөг хүрчихсэн. Төвийн бүсийн орон сууцны 1м.кв-ын үнэ 1сая төгрөгөөс дээш болоод байгаа. Дуудлага худалдаагаар тэр байтугай үнэ хүрнэ. Би 1м.кв талбайгаа дор хаяж 500 мянган төгрөгөөр үнэлнэ. Манай хороо хотын 152 хороон дотор Гандан, Телевиз, Дэнжийн 1000 гэх Улаанбаатар хотын зүрхэнд байрладаг нэг номерын газар. Тэгэхээр хамгийн дээд үнээр үнэлэгдэх гэр хорооллын газар юм. Манай газар 0.07 га. 1м.кв-ыг нь 500 мянгаар үнэлбэл 350 сая төгрөг болно. Би газраа байраар соливол 10-20 өрөө болгоно. Гэхдээ би байранд орохгүй. Дэд бүтцийг шийдээд өгвөл шугамаа аваад газар дээрээ таун хаус барьж амьдрах хүсэлтэй. Өндөр орон сууцууд бол нийтийн л байр. Бид машинаа хаанаа тавих юм. Гэр орондоо эрх чөлөөтэй байх эрхгүй. Дөрвөн хананы цаана дөрвөн айл байна. Намайг гэртээ ахиухан эрх чөлөөгөө эдлэх гэхээр хана тогшоод цагдаа дууддаг. Ийм учир олон давхар орон сууц хамгийн муу сонголт гэж боддог. Тиймээс гэр хорооллын газрыг үнэд оруулах, дахин төлөвлөлтийн ажлыг хурдасгах, үнэн номоор нь явуулах хэрэгтэй. Төр засгийн зүгээс хааж боолгүй ажлыг үргэлжлүүлэх, газрыг урьдынх шигээ байраар ямар ч өргүй солих шаардлагатай. Түрүүчийн дөрвөн жил нь амжилттай явж байсан ажлыг гацаагаад байгаа нь хэний эрх ашгийн үүднээс вэ? Энэ ажил эхлээд өчнөөн айл орон сууцанд орсон байдаг. Гэвч одоогийн Засаг гарч ирээд унагаасан. Өмнөх Засгийн үед жижиг газартай айл 1-2 өрөө байраар газраа солиод шууд орсон. Арай томхон стандарт газартай хүмүүс бол 5-6 өрөө байр болгон сольдог байв. Гэтэл одоо газрыг маань 30-хан хувийн урьдчилгаанд тооцно гэх юм. Би өмнө нь сольсон бол зургаан өрөө байр болох байсан. Гэтэл өнөөдөр миний газрыг хоёрхон өрөө байрны урьдчилгаанд авна гэнэ. Үлдсэн дөрвөн өрөө байраа 15-20 жилийн хугацаатай лизинд хамруулна гэх. Ингээд нөгөө утгаараа биднийг байранд биш өрөнд оруулж буй хэрэг. Байранд орлоо гэхэд гэр хорооллын илүү орлогогүй бид гурван сар байрны мөнгөө төлнө. Цааш төлж чадахгүй. Тэгээд түрээсээ төлж чадаагүй тул барьсан компани нь хөөнө. Компанийн зөв. Эцэст нь бид байр ч үгүй, байшин ч үгүй, гэргүй хоцорно. Ингээд гудамжинд гарна. Үүнийг манай гэр хорооллын иргэд ойлгох хэрэгтэй байна” гэв.

Уг жагсаал цааш Улаанбаатар хотын захирагчийг огцрохыг шаардсан суулт болон үргэлжлэв. 50-иад улаан өнгийн майханг хотын төв цэг дээр барилаа. Майхан бүрд 1-2 иргэн орж суув. Тэдний суулт хугацаагүй. Хотын захирагчийг огцрох хүртэл суусаар байхаа мэдэгдсэн. Хоосон майхан бүрд гэр хорооллын иргэд дэмжин ирж сууж болохыг хэлэв. Мөн тэднийг дэмжсэн иргэд өөрсдийн майхнаа босгож, суулт зарлаж болохыг хэллээ.

БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмааг огцруулах шаардлага тавьж байна

Энэ үеэр Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо ирж цуг суулт зарлахаа мэдэгдлээ. Үүний талаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, түүх нийгмийн багш Д.Мөнхбаатар “Өнөөдөр бид “Боловсролоо сэхээнээс аваръя, багш нараа ядуурлаас аваръя” гэсэн уриан дор цуглаан хийж байна. Монголын багш нар өнгөрсөн оны найман сараас эхлээд Төр засагт шаардлагууд хүргүүлсэн. Гэвч дорвитой ахиц гарсангүй. Боловсрол тэргүүлэх салбар юм бол тэнд ажиллаж байгаа багш, ажилчид тэргүүлэх салбарын мэргэжлийн ажилтан байх ёстой. Төрийн албаны 192 мянган ажилтныг салбар салбараар нь задлан цалинг нэмэх боломж байна гэж харж байгаа. Энэ нь эдийн засагт ч дарамт багатай. Хоёрдугаарт өнгөрсөн оны арван сараас хойш БСШУСЯ-ны сайдаар ажилласан Ц.Цогзолмааг огцруулах шаардлага тавьж байгаа. Энэ хүн Засгийн газар болон Улсын их хурлын гишүүн. Давхар дээл гэх тодотголтой. Боловсрол соёл, шинжлэх ухааны салбар нь харьцангуй том. Энэ салбарын ажлын ачаалал их. Тиймээс давхар дээлтэй байж болохгүй хэмээн үзэж байна. Хоёрдугаарт гурван талт гэрээ байдаг. Энэ гэрээний ихэнх заалт ер хэрэгжээгүй. Дараагийнх нь боловсролын салбарт хууль бус халаа сэлгээг хийхийг зогсоох ёстой. Боловсролын яамаар дүүрэн үүрэг гүйцэтгэгч байх боллоо. Бид энэ шаардлагын хариуг өгөхөд 48 цагийн хугацаа өгч байгаа. Хэрэв нааштайгаар шийдэхгүй бол бидний тэмцэл үргэлжилнэ. Улс төрийн суулт бүр цаашлаад ажил хаях хүртэл арга хэмжээг зохион байгуулна” гэв.

С.ОТГОНБАЯР





Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *