Categories
мэдээ цаг-үе

Б.Батдэлгэр: Манай компани “Сант” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгыг чанарын өндөр түвшинд, стандартын дагуу барьж өгсөн

“Бүрэн цутгамал” ХХК”Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг 85 хувьтай барьжээ. Өөрөөр хэлбэл, сургуулийн өргөтгөлийн барилга барих ажил дуусч байсан гэж хэлж болно. Паркетан шал шахах, хаалгасуулгах, плита наах гээд дотоод засал чимэглэлийн маш бага ажил үлдсэн байжээ. Гэтэл “Сант” сургуулийн удирдлагууд гэнэт хамтран ажиллах гэрээгээ цуцалж, бүр ажлын хөлс болон барилгын материалын санхүүжилтийн 500 орчим сая төгрөгийг өгөөгүй байна. Тэд хийсэн ажлын хөлс болох үлдэгдэл мөнгөө авах гэхээр “Та нар шүүхдээд ав. Тэр мөнгийг чинь өгөхгүй” гэх болжээ. Энэ талаар “Бүрэн цутгамал” компанийн захирал, Монгол Улсын Тэргүүний барилгачин Б.Батдэлгэртэй ярилцлаа.

-“Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг барих гэрээ байгуулсан тухайгаас яриагаа эхлэх үү?

-2013 оны зургадугаар сарын 6-ны өдөр манай “Бүрэн цутгамал” компани “Сант” сургуультай өргөтгөлийн байр, спорт заал барих гэрээ байгуулсан. Ингэхдээ бүрэн төсөвтэйгээр буюу өргөтгөлийн барилгын бүх гүйцэтгэлийг манай компани хариуцан хийж, хүлээлгэж өгөхөөр гэрээндээ тусгасан. Улмаар 2013 оны 6-р сарын 8-ны өдрөөс бид барилгын ажлыг эхлүүлсэн. “Сант” сургуультай хийсэн гэрээний ажилэхлэхдээ л хэл амтай байсан.

Биднийг ажлаа эхлүүлэхэд өргөтгөл барих газрын маргаан намжаагүй, оршин суугчдын хэл ам, гомдол тасраагүй байсан. Хэдийгээр газрын зөвшөөрлөө авчихсан байсан ч биднийг оршин суугчид үг хэлээр доромжилж, чулуу зэрэг элдэв юм шидэх зэргээр эсэргүүцлээ үзүүлж байсан. Гэсэн ч бид газар шорооны ажлаа эхлүүлсэн. Үүнээс гадна тус сургуулийн талбайн зохион байгуулалт барилгын ажил хийхэд бэрхшээлтэй байсан. Өргөтгөл барих эзэмшлийн нийт талбай 600 гаруйкв.метр байсны 500 гаруйд нь өргөтгөл бариулсан. Тэнд ажилчдын хөдөлмөр аюулгүй байдал, тоног төхөөрөмжөө байрлуулах боломжгүй гээд асуудал нэлээд байсан. Гэсэн ч бид ажлаа үргэлжлүүлж, зоорийн давхрууд болон нэгдүгээр давхраа маш богино хугацаанд цутгасан. Энэ хооронд “Сант” сургуулийн удирдлагууд бидэнд мэдэгдэлгүйгээр өргөтгөлийн сантехникийн ажлыг өөр компаниар хийлгэхээр гэрээ хийчихсэн байсан. Бид гэрээний заалтаа бариад, “Яагаад гэрээгээ зөрччихөв өө, бид бүх ажлыг хийхээр гэрээ хийсэн шүү дээ” гэхэд асуудлыг хүлээж аваагүй. Тухайн үед бид нэгэнт ийм юм болчихсон юм чинь хийх ажлаа үргэлжлүүлье гээд ажилдаа орсон. Ингэж байтал долдугаар сарын 23-ны өдөр намайг “Сант” сургуулийн удирдлагууд дуудаж “Манайх спорт заал буюу 4-5 дугаар давхраа бариулахаа болилоо. Гурван давхраас дээш давхартайг барих гэхээр “Жигүүр гранд”-аас хэл ам гаргаад байна. Баривал “Жигүүр гранд”-ын офиссын байрны цонхыг хаах юм байна. Тэгвэл “Жигүүр гранд”-ын удирдлагаас биднийг шүүхэдөгөөд барилгын ажлыг бүр мөсөн зогсооно гэж байна. Тиймээс ядаж эхний удаа гурван давхар өргөтгөлтэй үлдэе. Хэсэг хугацааны дараа бид нэмж давхар барина”гэсэн. Тэгэхээр нь бид ч асуудлыг нь ойлгож, албан бичгээ өгөөрэй гэсэн. Анхнаасаа бүх юм төлөвлөгдсөн, зураг төсөл нь гарчихсан зүйлийг хугаслана, болино гэдэг өөрөө их асуудал. Шийдвэрлэх, дахиж төлөвлөж, тооцоолох асуудал зөндөө гарч ирдэг. Жишээ нь спорт заалтай төлөвлөгдөхдөө сэндвичэн дээвэртэй байхаар зурагдсан бол гурван давхар болгохоор хавтгай дээвэртэй болох гээд асуудал их байсан. Иймээс зураг төслийг дахин боловсруулж гаргах ажил ундрах тул эдгээрийг шийдэж өгнө үү гэсэн албан бичгийг бид “Сант” сургуулийн удирдлагуудад өгсөн. Гэтэл бидний албан бичгийг авч хэлэлцээгүй. Харин “Ажлаа яаралтай үргэлжлүүлээд гурван давхар болгоод өг” гэсэн. Бид дахин хуралдаад уг сарын 30-ны өдөр дээрх асуудлуудыг шийдэж өгөөч гэсэн албан бичиг дахин өгсөн. Мөн манай компанид олгох санхүүжилтийг шийдэж өгөхийг хүссэн. Эдгээр асуудлыг даруй шийдвэрлэхгүй бол бид долдугаар сарын 31-нээс ажлаа зогсооно гэсэн. Анхнаасаа санхүүжилтүүдийг дандаа дутуу өгч байсан. Бид өгсөн санхүүжилтэд тааруулан шаардлагатай материалаа авч, ажлаа урагшлуулж байсан. Үүнийг бид асуудал болготол Сант сургуулийн удирдлагуудын зүгээс “Та нар шаардлагатай бараа материалаа эхлээд авчирч тавиад юмаа хий. Тэр үед бид үе шатны санхүүжилтийн 50 хувийг өгнө. Үе шатны ажил дууссаны дараа үлдэгдэл төлбөрийг өгнө” гэсэн. Гэрээнд ийм зүйл байгаагүй ч бид ажлаа үргэлжлүүлэхийн тулд барилгын материалыг компаниудаас зээлээр авсан.

-Та бүхний өгсөн албан бичигт ямар хариу өгсөн бэ?

-Бидэнд ямар ч хариу ирүүлээгүй.Тэгээд бид наймдугаар сарын 5-наас ажлаа эхлүүлсэн. Ингээд 12-ны өдөр гуравдугаар давхрын цутгалт эхэлсэн. Ингээд байж байтал Сант сургууль дахиад л гэрээгээ зөрчсөн. Салхивчны компани авчирч, салхивчуудыг хийлгэхээр болсон байсан. Уг нь бол гэрээгээр манай компани хариуцах ёстой. Бид ахиад л “Та нар гэрээгээ зөрчиж байна, бид салхивчийг өөрсдийн туслан гүйцэтгэгчээр хийлгэнэ” гэхэд Сантынхан “Тэгвэл гэрээгээ цуцал, явцгаа” гэсэн. Бид нэгэнт эхлүүлсэн учраас ажлаа үргэлжлүүлсэн. Тэгээд барилгын давхар өөрчлөгдсөнтэй холбоотой гэрээнд өөрчлөлт оруулж, 11-р сарын 15-нд өргөтгөлийн бүх ажлаа дуусгаж улсын комисст хүлээлгэн өгнө гэсэн гэрээ байгуулъя гэсэн ч Сант сургуулийн зүгээс хариу өгөөгүй.

-Энэ хооронд санхүүжилтээ авч байсан уу?

-Есдүгээр сарын 20-ноос хойш санхүүжилтийн мөнгө бүр өгөхөө байсан. Угсралтын ажлын санхүүжилт болон ханган нийлүүлэгч байгууллагуудаас зээлээр бараа материал авч ажлаа үргэлжлүүлж байсан юм. Ингээд бид санхүүжилтээ авах тухай албан бичиг дахин хүргүүлсэн ч албан ёсоор хариу өгөөгүй. Харин “Ажлаа үргэлжлүүл, хугацаандаа дуусга” гэсэн. Ингэж байтал 10-р сарын 15-ны өдөр хотын мээр Э.Бат-Үүлийн барилгын заслын ажлыг гүйцэтгэсэн гэх хүмүүс орж ирээд, манай ажилчдыг “Ажлаа боль, бид гүйцээнэ” гэсэн.

-Танайд мэдэгдэлгүй гүйцэтгэгч компаниа сольчихож байгаа юм уу?

-Тийм. Бидэнд огт мэдэгдэлгүй, гэнэт л хүмүүс ороод ирсэн. Юу болоод байгааг лавлахаар Буяндэлгэр захиралтай уулзтал “Манайх танайтай байгуулсан гэрээгээ цуцална” гэсэн. Ингээд биднийг барилгын талбай дээрээс хөөчихөж байгаа юм. Тиймээс бид тэр өдөртөө “Сант” сургуулийн удирдлагуудад “Бидний ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа,санал болгосон хугацаандаа буюу 2013 оны арваннэгдүгээр сарын 5-нд ажлаа дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Гэтэл танай зүгээс гаднын компаниудыг дур мэдэн авчирлаа. Энэ асуудлыг шийдэж өгнө үү” гэсэн утгатай албан бичиг өгсөн. Гэтэл бас л хариу өгөөгүй. Тэгэхээр нь гэрээ зөрчсөн талаар албан бичиг хүргүүлсэн.

-Хариу нь ирсэн үү?

-Ер нь албан ёсны хариу урьд нь ч, энэ удаа ч ирүүлээгүй. Харин аравдугаар сарын 24-ний өдөр “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжин бидэн рүү утасдаж, “Манайх танай компанитай хийсэн гэрээгээ цуцаллаа. Та нар маргааш ирж юмнуудаа ав. Маргаашнаас хойш танай компанийн нэг ч хүнийг барилгын талбай руу оруулахгүй. Харуул хамгаалалтаа бид чангаруулсан” гэсэн. Уг нь бол манай компанийн гэрээт харуул хамгаалалтын баг тэнд ажиллаж байсан юм. Ингээд бид багаж, тоног төхөөрөмжүүдээ тэндээс авсан. Ер нь бол Сант сургуулийн зүгээс энэ хугацаанд бидэнд нэг ч албан бичиг өгөөгүй,бүгдийг амаар хийж байсан.

-Та нарыг явахад барилга хэдэн хувийн гүйцэтгэлтэй байсан бэ?

-Бидний үнэлгээгээр бол 85 хувийн гүйцэтгэлтэй байсан. Жаахан шавар, будаг, хаалга угсрах зэрэг ажил үлдээд байсан. Сант сургуулийн удирдлага гэрээгээ удаа дараа зөрчихөөс гадна манай компанийн ИТА болон ажилчид, гэрээт туслан гүйцэтгэгчдийг барилгын талбайгаас хөөх, ажиллуулахгүй байх зэрэг компанийн дотоод хэрэгт байнга оролцдог байсан. Мөн санхүүжилтээ бүрэн өгөхгүй мөртлөө ажлаа хий гэж шаарддаг байсан нь манай компанийнхныг дарамтанд оруулж, өөрсдийг нь явуулах эсвэл хөөх шалтаг гаргах зорилготой байсан юм болов уу гэж одоо л бодох юм даа.

-Санхүүжилтийн үлдэгдлийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа гэсэн. Нийт хэдэн төгрөгийн өртөгтэй ажил байсан бэ. Хэдийг нь авч чадаагүй байгаа вэ?

-Манай компани “Сант” сургуулиас нийтдээ 1.2 тэрбум төгрөг ажлын санхүүжилтэд авсан байсан. Харин манайхаас гарсан зардал бол 1.6 тэрбум гаруй төгрөг, иймээс 400 гаруй сая төгрөгийн зөрүүг “Сант” сургуулиас нэхэмжилж, Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн.

-Шүүхэд өгөхөөсөө өмнө уг мөнгийг тус сургуулийн удирдлагуудаас нэхэмжилсэн байсан уу?

-Бид удаа дараа санхүүжилтийн талаар хэлж, ярилцахыг оролдсон ч авч хэлэлцээгүй. Бүр “Та нар явдаг газраараа яв. Шүүх, цагдаа яаж ч чадахгүй. Бидтанил тал ихтэй шүү” гэсэн. Ингээд Сүхбаатар дүүргийн шүүхэд тус сургуулийн захирал Д.Зургаанжинг өгсөн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *