Categories
мэдээ цаг-үе

Б.Батчулуун: Би ёстой эх оронч биш

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Философийн ухааны доктор Б.Батчулуунтай ярилцлаа.


-Болж байгаа үйл явдлуудыг харахаар заримдаа эргэлзээ төрөх юм. Төрийн мөнгө шамшигдуулсан хэрэгт шалгагдаж байгаа нөхөр “Эх орончийг хэлмэгдүүллээ” гэж ярьж байна. Үнэхээр эх орончийг хэлмэгдүүлээд байна уу. Хэн нь хонь, хэн нь чоно юм бол. Философич хүн энэ бүхнийг ямар өнцгөөс хардаг вэ?

-Хэсэг залууст яриа хийж байхад нэг нь надаас ингэж асуулаа. “Та ер нь хэр зэрэг эх оронч хүн бэ” гэж. Би “Ёстой эх оронч биш” л гэж хэлсэн. Өөрийгөө л дөнгөж болгож байгаа хүн. Эх оронч гэдэг аюултай ойлголт. Энэ үгийг муу, сайн юмнуудаа нуух халхавч болгодог. Адгийн шааруудын сүүлчийн хоргодох газар эх оронч үзэл гэж яриад байдаг үнэн. Бусдад гай тарихгүй амьдарч, миний төлөө та нар татвар мөнгөнөөсөө өгдөггүй л байх юм бол би иргэний үүргээ биелүүлж байна гэж үздэг. Эх оронч гэгддэг хүмүүс хэзээ ямагт төлөвлөгөө боловсруулчихсан явдаг. Тэр төлөвлөгөөнд нь жирийн иргэн би ч хамрагдчихсан байдаг. Тэд миний зөвшөөрөлгүйгээр намайг хамгаалах гэж зүтгэнэ. Манай ихэнх эх орончийн сайхан үгсийн ард маш том хувийн төлөвлөгөө явдаг. Манайхан нутаг усаараа их ялгарах юм. Нам харгалзахгүйгээр нэгэндээ туслах гойд дуртай аймгийнхан ч бий. Энэ нь шударга өрсөлдөөн гэдэг юмыг алга болгодог. Сайн талаас нь харах юм бол нутгийнхандаа тусалж байна гэхээр. Ийм тус улс төрд байх ёсгүй. Хуйвалдаан, танил тал, арын хаалгаар бүхнийг цайруулж болохгүй. Буруу замаар будаа тээхэд буцахдаа шороо тээнэ гэдэг дээ.

Төрийн эрх мэдэл гэдэг хэнийг ч эвддэг аймшигтай механизм гэдэг. Аливаа эрх мэдэл хүнийг эвддэг бол хязгааргүй эрх мэдэл хязгааргүй эвддэг гэсэн бас нэг үг бий. Магадгүй зарим нь хүн чанар сайтайгаасаа болж, найз нөхөд, нутгийнхандаа туслах гэж зүтгэсээр улс орондоо их гай болж байна даа. Их халдвартай үзэгдэл шүү дээ. Энэ хүн ингэж болж байна шүү дээ гэж өмнө нь шударга байсан хүн харамсдаг байхгүй юу. Дараагийн хүн нь бас л энэ замаар явдаг.

-Хувийн эрх ашгийг олон нийтийнхээс дээгүүр тавих халдвар тархаад байх шиг. Хаана байна тэр шударга ёс, ёс суртахуун, үнэт зүйл. Сүүлдээ мөнгө идэж уух гэж л төрд гардаг юм даа гээд бараг л нийтээрээ хүлээн зөвшөөрөх шахуу юм болж байна?

-Угаасаа ёс суртахуун гэдэг юм байхгүй байж харлах юм биш байгаа даа. Дээр үед С.Галсан гэж орос хэлний доктор “Совесть гэдэг үгийг монгол хэл дээр орчуулж болдоггүй” гэсэн юм. Угаасаа совесть гэдэг зүйл нь монгол хүнд байдаггүй учраас байхгүй зүйлийг тэмдэглэсэн үг гэж байдаггүй юм гэсэн л дээ. Ёс суртахуунгүй байдал маань бидний ёс суртахуун болчихсон юм биш биз дээ. Үүнийг хэвийн зүйл гэж үздэг болчихсон ч юм уу. Би үүнийг гайхахгүй байна. Ойлгомжтой болгохын тулд нэг жишээ авъя. Л.Эрдэнэчимэг гишүүн их муухай үйлдэл хийсэн. Гэтэл тэрийг нь дэлгэж тавьсан хүнийг нийгэм асар сөрөг хүлээж авсан. Бараг Л.Эрдэнэчимэгийг нь өрөвдөөд, дэлгэж тавьсан хүнийг нь дургүйцэж хүлээж авч байна. Энэ чинь ёс суртахуун урвуугаараа эргэсний шинж шүү дээ. Буруу зүйлийг зөв, зөв зүйлийг буруу гэж ойлгож байна. Хэр баргийн буруу зүйлийг “Байх л явдал ш дээ” гэдэг. Өрнийн соёл иргэншилд ичих булчирхай гэж бий. Санаа зовох сэтгэл гэдэг чинь ёс суртахууны том шинж шүү дээ. Тэд бол албан тушаалд очоод танил тал, үр хүүхдэдээ юм хуваарилах юм бол ичнэ. Маш их санаа зовно. Манайд бол “Батчулуун хүүхдэдээ тусалж л таарна ш дээ, мэдээж шүү дээ” гэж байна. Ийм байдал хэтэрхий түгээмэл болчихоод байна.

-Гадны албан тушаалтнууд бидний хувьд жижигхэн гэж тооцогдохоор алдаанаас болоод уучлал гуйгаад огцроод байх юм. Манайд болохоор намууд нь “Манай намын гишүүнийг барьсан нь шударга бус юм боллоо, хэлмэгдүүлэлт эхэллээ” гээд мэдэгдэл хийгээд байдаг?

-Үнэндээ хуулийн шалгуураар шалгах юм бол цаадуул чинь бараг зөвдөөд явчихна. Тэрийг бид ёс суртахууны үүднээс л буруутгаж чадна. Ёс суртахуун нь хэтэрхий дор түвшинд байна. Ерөөсөө энэ дээр байгаа хүмүүс чинь бидний тусгал. Бид гаргаж ирсэн улсууд байхгүй юу. Тэдний буруу үйлдлийг бид бараг хүлээн зөвшөөрөөд, жигшдэггүй, гайхдаггүй, сонор сэрэмжгүй байгаа. Монгол хүний ёс суртахуун доогуур нормтой байдаг даа гээд хэлчихээр хүмүүс дургүйцэх л байх. Надад тэгж л бодогддог.

-Ийм нөхцөлд яах вэ. Дараагийн шинэ үе гарч ирэхээр энэ бүхэн халагдана гээд найдаад суух уу. Энэ бүхэн яаж зөв голдрил руугаа орох вэ?

-Энэ тухай зааж зааварлахад хэцүү. Зөв хариулт хэлж мэдэхгүй байна. Ерөнхийдөө жигших ёстой юмыг жигшдэг байх хэрэгтэй. Ёс суртахууны норм гээд бас л философи ярих нь. Ёс суртахуун туйлын шинжтэй зүйл үү. Үе өнгөрөхөд ёс суртахуун гэдэг чинь өөрчлөгдөж байдаг юм уу, нэг л тогтчихсон тэр чигээрээ байдаг зүйл юм уу гэж. Ер нь нийгэм өөрчлөгдөх удаан үйл явц. Хувь хүний ёс суртахууныг өөрчлөх харьцангуй гайгүй байж магадгүй. Намайг хүн олигтойхон жигшээгээд ичээгээд, сонин сэтгүүл дээр “аваад хаячих” юм бол би алдаагаа засаад зайлсхийхийг хичээх болно.

-Гадныхан илүү их ёс суртахуунтай болохоор жижиг алдаандаа хариуцлага хүлээдэг юм болов уу. Эсвэл төрийн өндөр алба хашиж байгаа хүмүүсийг хуулиар “баринтаглаж” ёс суртахуунтай байлгах боломж байх уу?

-Хууль гэдэг чинь суурьшсан хүмүүст үйлчилдэг. Суурьшсан ард түмэн бол нэгнээсээ их санаа зовдог. Хууль гэдэг зүйлийн үндсэн шинж нь бичиг үсэг мэддэг хүмүүст үйлчилдэг. Хууль гэдгийг Янжмаа миний амнаас сонсдоггүй. Баараггүй, хөдөлшгүй томьёолсон бичиг байдаг. Ёс суртахуун ч мөн адил суурьшсан хүмүүст хүчтэй нөлөөлдөг. Тархай байгаа улсууд задгай ёс суртахуунтай. Нэгнээсээ ичих булчирхай нь бага хөгжсөн гэж би хараад байгаа. Япончууд айхавтар ёс суртахуунтай байдгийн хоёр жишээ татъя. Эхнийх нь 1860-аад онд болсон явдал. Газрын эзэн явахдаа зарцдаа хүнсний агуулах, гэрээ даатгаад “Би хоёр сар болоод ирнэ” гэж. Гай таарч гурван сарын дараа ирэхэд зарц нь өлсөөд үхчихсэн байж гэнэ. Хүнсний агуулахын түлхүүр тэр хүнд байсан. Энэ бол айхавтар том ёс суртахуун.

Хэдэн жилийн өмнө цунами болоход атомын цахилгаан станцад нь гэмтэл гарсан газарт өөр газраас цэвэр ус аваачжээ. Ус зөөж аваачсан хүн нь хэлж гэнэ. “Араас машин ирэх байх. Миний авчирсан ус энд цугласан улсуудад хүрэхгүй шүү” гэж л дээ. Оволзоод унах байх гэсэн чинь “Би нялх хүүхэдтэй” гээд зовлон тоочиж байгаа хүн алга. “Настай аавтай” гэж тайлбар хэлсэн хүн байхгүй. Залуу нь хамгийн урд зогсч байсан бол яг тэр дарааллаараа ус авчээ. Түүнийг харсан АНУ-ын сэтгүүлч “Энэ бол мундаг том ёс суртахуун байна” гэж бичсэн. Хэрвээ АНУ-д ийм явдал болсон бол маш олон дэлгүүр тонуулсан байгаа даа гэсэн. АНУ ёс суртахуун, япон ёс суртахуун огт өөр. Манайд бол бүр сүйд болно доо. Ёс суртахуун гэдэг юм тогтоход тухайн ард түмний туулж ирсэн амьдрал, түүх нь нөлөөлдөг шиг байгаа юм. Тухайн ард түмний үндэсний соёлд шашин гол үүрэгтэй байсан уу, төр нь гол үүрэгтэй байсан уу хамаагүй. Манайхан “Ичих булчирхай алга” гээд байдаг. Ичнэ гэдэг чинь ёс суртахуунтай хүний ойлголт шүү дээ.

-Ёс суртахууны үнэлэмж шинэ цаг үед зохицохгүй бол шинээр бий болгох ёстой юу?

-Ер нь хүчээр дээрээс тогтоож байгаа юм хуурамч байдаг. Мөрдөж байгаа дүр үзүүлж байгаад хяналт алга болох юм уу, хууль журам алга болоход мөрдөхөө байчихдаг. Аяндаа тогтсон эмх журам баттай. Үндэстний ёс суртахуун гэдэг юм аль болохоор албан бус байдлаар тавигдах учиртай. Ёс суртахуунтай хүний хандлагыг нийтэд түгээх нь ч өгөөжтэй байж болно.

-Нийгмийн задралын дараахан хүмүүсийн шинэ үнэт зүйл хараахан бүрэлдээгүй үед ёс суртахууны уналт гэхээр зүйлүүд үргэлжлээд байж болох уу?

-Социализмын үед гэр бүлээ тэжээх гэж явсан хүнийг хамт олонч гэж нэрлэдэг байсан юм. Өдөр шөнөгүй ажиллаж байсан цаад шалтгааныг нь сайн маажиж малтаад үзэх юм бол олон хүүхэд, гэр бүлийнхээ төлөө л зүтгэсэн байдаг. Тийм зүйлийг худлаа магтаж, нийгмийн сайн сайхны төлөө өөрийгөө гаргуунд нь гаргаж явсан гээд байдаг. Ийм далд байсан зүйл ерээд оноос хойш хэсэг хугацаанд илэрсэн байж магадгүй. Тэгвэл капиталист гэж байгаа өрнийн соёл иргэншилд чамайг өөрийнхөөрөө байх, амиа бодохыг чинь зөвшөөрчихсөн. Энэ бүхэн аяндаа ёс суртахуун болоод тогтчихдог байна. Тэнд байгаа хүмүүс худлаа дүр үзүүлдэггүй. Янжмаа миний төлөө гүйх ёстой биш гэдгийг Батчулуун ойлгоно. Ингээд бусдад гай учруулахгүйгээр өөрийнхөө төлөө явна гэдэг ийм ёс суртахуун хүлээн зөвшөөрөгдөж байгаа хэрэг.

-Засгийн эрхэнд гарсан нам нь өмнөх УИХ-ын үед баталсан хуулиудыг буцааж өөртөө зохицуулж өөрчлөөд байдаг буруу хандлага бий боллоо?

-Буруугаар зөвийг цохиж унагана гэдэг. Нөгөөдүүл нь дандаа зөв хууль гаргаагүй байж болно. Түүгээр нь далимдуулаад өөрсдөдөө ашигтай өөрчлөлт хийдэг. “Хуулийн дагуух бүх юм зөв байдаггүй” гэж Уильяам Грантын хэлсэн үг бий. Зөв буруугийн тухай ойлголтыг хууль дээр битгий түшиглээсэй. Ёс суртахуунд л түшиглээсэй. Өөртөө зохицуулж хууль гаргачихаад хуулийг яс мөрдөнө гээд байвал муухай шүү дээ.

-Либертариуд аль болох төрийн эрх мэдлийг хязгаарлаж, иргэний эрхийг томруулах тухай ярьцгаадаг. Гэхдээ бодит байдал дээр төрийн зохицуулалттай эдийн засаг байх хэрэгтэй гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрч байгаа юм биш үү?

-Бидний сэжиглэж хүлээж авдаг үгийн тоонд төрийн зохицуулалт, журамлалт, төлөвлөлт гэдэг үгс багтдаг. Үүний цаана хувь хүний амьдралд оролцох, өмдөө хэрхэн товчлох, байцаагаа хэрхэн дарахыг заадаг төр бий болох гээд байдаг аюултай. АНУ-д хүртэл аюултай журамлалт тогтлоо гэцгээж байна. Бараг социалист болоод байна гэнэ. Би нэг байгууллагад цахилгаанчин байлаа гэхэд ширээ эвдэрсэн байхад очоод засч болохгүй. Яагаад гэвэл хүний ажлын байрыг булаасан болно. Мужаан эвдэрсэн баахан ширээгээ засч дуусгаад долоо хоногийн дараа иртэл ширээ эвдэрхий хэвээр л байна. Журамлалт гэдэг ийм аюултай. Хүний бүтээлч байдлыг хязгаарладаг. За, Янжмаа хэдүүлээ амьдардаг вэ гэвэл “Би хөгшин ээжтэйгээ, хоёр хүүхэдтэйгээ, нөхөртэйгөө амьдардаг” гэнэ. За тэгвэл танайх таван ам бүлтэй бол чи хоёр 00-той, гурван өрөөтэй байх ёстой гээд байдаг.

-Нэг хүнд төдөн метр кв ногдох ёстой. Тэгж чадахгүй бол эцэг, эх байх эрхийг чинь хасна гээд байвал хэцүү л дээ?

-Ингээд байгаа юм. Би настай болчихсон. Миний хүүхэд хөдөлмөрлөх насанд хүрээгүй ч биеэр том байж болно. Гэхдээ тэр хүүхэд ажил хийж өвчтэй эцэгтээ тусалж болохгүй. Яагаад гэвэл насанд хүрээгүй хүн ажил хийх нь хөдөлмөрийн хууль зөрчсөн болно гэх жишээтэй.

-Либертари үзэлтнүүдэд няцаалт өгч байгаа бас нэг шүүмжлэл нь “Үнэхээр тэр ардчилал чинь үр дүнтэй юм бол яагаад эдийн засгийн өсөлт гарахгүй байгаа юм бэ” гэдэг?

-Чухамхуу либертари зарчмаар яваагүй учраас эдийн засаг унаад байгаа юм. Төр бизнест хэтэрхий их оролцсон. Төр гаднаас хэт их зээл авсан. Тендерийн шалгаруулалт шударга байж чадаагүй. Өрсөлдөөний зарчмаар хуваарилахгүй, улстөрчид дандаа танил тал, найз нөхөд, нутаг усныхандаа илүү боломж олгож ирсэн. Чухам төрийн оролцооноос болж эдийн засаг унаад байгаа юм. Өрсөлдөөн гэдэг капиталист эдийн засгийн амин сүнс. Өрсөлдөөнд тэсч үлдэх чадваргүй бизнес сүйрч байх учиртай. Гэтэл улсаас татаас өгөөд торгоогоод байна. Төр амжилттай яваагаас нь аваад, амжилтгүй яваад нь өгдөг систем тогтоосон. Тийм ч учраас Шумпетер өрсөлдөөнийг сүйрүүлэн бүтээхүй гэж тодорхойлсон. Харахад сүйрүүлээд байгаа юм шиг мөртлөө нийгэмд үүрэгтэй нь үлддэг. Алга болох ёстой юм нь алга болж байж эдийн засаг хөгжинө.

-Саяхан болсон Далай ламын айлчлал эдийн засаг уу, эрх чөлөө юү гэдэг эргэлзээг олон хүнд төрүүлсэн болов уу. Бид тусгаар улс юм бол хэнийг шүтэж бишрэх, хэнийг урих нь монголчуудын хэрэг. Гэтэл энэ бүхний дараа хятадууд зээл өгөхөө хойшлууллаа гэж айлгасан мэдээлэл яваад байгаа?

-Бид либертари зарчмаас хол, хатуу чанга төртэй хөршүүдтэй. Хажуу талд байгаа улс маань шүтэн бишрэх эрх чөлөө нь энэ улсад байгаа гэж хүлцэн тэвчихгүй байна л даа. Хоёр хүн байлаа гэхэд нэгийгээ өөрөөсөө өөр үзэлтэй байхыг хүлээн зөвшөөрөхгүй, өөрийнхөөрөө байлгах гэж дарамтлах нь бий. Тийм байж болохгүй. Либертари зарчимгүй болохоороо л манайхныг хааж боогдуулах гээд байна гэж харж байна. Манай үндэстний халдашгүй дархан эрх бий. Хэн нэгнийг шүтсэний төлөө хөндлөнгөөс хэн нэгэн янз бүрийн мэдэгдэл хийгээд байж таарахгүй. Бид үүнээс илүү яаж тайлбарлах юм. Хүн дээр яривал бас л нэгнийхээ хүрээ рүү ороод байгаа асуудал шүү дээ. Гэхдээ л ер нь эдийн засгаа бие дааж хөгжүүлсэн нь дээр дээ.

-Би танаас санаа зовоосон сэдвээрээ баахан асуучихлаа. Философич хүний хувьд таны санааг зовоосон асуудал байгаа юу?

-Би ч харьцангуй индувидуалист (хувь хүнийг дээдлэх үзэлтэн) гэх юм уу даа либертари үзэлтэй болохоосоо өмнө 2000 онд бие дааж нэр дэвшсэн. Бараг хамгийн сүүлд орчихоо шахсан. Хараад байхад хүмүүс асар муу сонголт хийж байна. Ийм сонголт хийж байгаа тохиолдолд энэ бүх буруу хандлага мөддөө арилахгүй. Хүмүүс өөрчлөгдөөгүй цагт энэ бүхэн нэг их өөрчлөгдөхгүй байх даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *