Categories
мэдээ нийгэм

Б.Бат-Эрдэнэ: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ядуурлыг бууруулахад ахиц гарна

Ази, номхон далайн бүс нутгийн орнуудын ойн комиссын “Ой ба ногоон сэргэлт” нэртэй 29-р хурал эхэллээ. Хоёрдугаар сарын 22-25 хүртэл үргэлжлэх тус хурлыг БОАЖЯ удирдан зохион байгуулж буй юм.

Хурлаар:

  • Дэлхий дахины ойн салбарын үйл ажиллагаан дахь цар тахлын нөлөөг тодорхойлох,
  • Бүс нутгийн түвшинд илүү хүртээмжтэй, бүтээмжтэй ногоон эдийн засгийг сэргээх,
  • Ойн аж ахуй хөгжүүлэх дунд, урт хугацааны оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар ойн болон ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн тодорхойлов.

Мөн цар тахлын дараах ойн салбарыг үр дүнтэйгээр сэргээхэд тухайн орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоо, засаглалын зохицуулалт, хууль эрх зүйн таатай орчин, технологи, санхүүжилт болон урамшууллын механизм хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Өнөөдрийн хуралд дотоод болон гадаадын 100 гаруй төлөөлөгч цахимаар оролцов.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Ой ба ногоон сэргэлт” хурлын нээлтийн үгэндээ дараах зүйлсийг тодотгон хэллээ.

  • Дэлхий нийтээр ялгаруулж буй нийт хүлэмжийн хийн 0.1 хувийг манай улс ялгаруулдаг хэдий ч уур амьсгалын өөрчлөлтөд илүү их өртөж байна.
  • Сүүлийн 170 жилд дэлхийн гадарга дээрх температур 1.09 хувиар өссөн байхад Монгол Улсад сүүлийн 80 жилийн хугацаанд 2.2 хувиар өссөн нь дэлхийн дунджаас хоёр дахин их болж, нийт нутаг дэвсгэрийн 76,9 хувь нь цөлжилтөд нэрвэгдэж, 45 хувь нь хүчтэй болон нэн хүчтэй хэлбэрээр цөлжсөн байна.
  • Хэдийгээр Монгол Улс нийт газар нутагт эзлэх ойн талбайн хэмжээ бага боловч , 1 хүнд ногдох ойн талбай 4.09 га/хүн байгаа нь дэлхийн дундаж 0.54 га/хүн үзүүлэлтээс хавьгүй өндөр байна.
  • Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулж, шинэ технологи, инновац эрчимтэй нэвтрүүлж, ногоон санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлснээр цаашид 27.2 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлээд байна.
  • Түүнчлэн манай улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн.
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд эдийн засгийн зөв хөшүүрэг, арга хэрэгслийг ашиглан ажлын байр нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх замаар ядуурлыг бууруулахад тодорхой ахиц гарна. Мэдээж улсын төсөв, хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, донор орнууд, олон улсын байгууллагууд та бүхний мэдлэг туршлага, үнэтэй зөвлөмж, санхүүгийн дэмжлэг онцгой үүрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *