Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бат-Эрдэнэ: Асгарсан гурил, будааг хог шороотой нь хамаад явж буй хүүхэд, эмэгтэйчүүдийг харахад нүд халтирдаг байлаа

Өнөөдөр Олон улсын энхийг сахиулагчдын баярын өдөр.Энэ өдрийг тохиолдуулан баярын хурал, хүндэтгэлийн концерт өчигдөр болсон юм. Дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт манай улс идэвхтэй оролцож, 2002 оноос хойш давхардсан тоогоор 17 000 орчим цэнхэр дуулгатныг энхийг дэмжих ажиллагаанд илгээгээд байна. Тус ажиллагаанд хэдэнтээ оролцсон ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Танд “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийн баярын мэнд хүргэе?

-Баярлалаа. “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” болгож тэмдэглэх тогтоолыг 2002 оны арванхоёрдугаар сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан байдаг.1945 онд Араб, Израилын зөрчилдөөнийг зохицуулах зорилгоор НҮБ-ын анхны энхийг дэмжих ажиллагааг эхлүүлсэн өдөр нь өнөөдөр юм.Энэ өдрийг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн мянга, мянган цэнхэр дуулгатны алдраар бахархаж, амь насаа алдсан дайчдынхаа дурсгалыг хүндэтгэж, тэмдэглэж ирсэн түүхтэй. Харин манай улсын хувьд 2002 онд Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, 2005 оноос баярын өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2012 онд Засгийн газрын тогтоолоор нийтээр тэмдэглэх баярын жагсаалтад оруулсан байдаг.

-Та энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан тухайгаа яривал?

-Энхийг сахиулах ажиллагаанд би нийтдээ таван удаа оролцсон. 2004 онд Афганистан улсад зохион байгуулагдсан АНУ-ын тэргүүлсэн “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд Артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн орчуулагчаар, 2006 онд “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд цэргийн багийн ажиллагааны офицерын туслахаар ажилласан. Мөн Чад-Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд мотобуудлагын батальоны ажиллагааны ахлах офицер, Бүгд найрамдах Судан улсын Дарфур муж дахь Африкийн холбоо НҮБ-ын хамтарсан Энхийг сахиулах ажиллагаанд НҮБ-ын Цэргийн хүчний штабын ажиллагааны ахлах офицероор 2016 онд Бүгд найрамдах Өмнөд Судан улсын зохион байгуулж байгаа НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд батальоны захирагчаар тус, тус үүрэг гүйцэтгэсэн.

-Арвин их туршлагатай байх нь ээ.Энхийг сахиулах ажиллагаанд цэнхэр дуулгатнууд ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ?

-Тухайн улс үндэстний улс төр, эдийн засгийн байдал, гадаад орчин нөхцөлөөс шалтгаалж ажиллагааны нөхцөл бүгд өөр, өөр.Мэдээж дайн байлдаан, мөргөлдөөн болчихсон газар нутагт гол золиос нь энгийн хүмүүсийн амьдрал байдаг. Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байсан тухайгаа ярья. Тэнд хүмүүс дайн байлдаанаас болоод нутгаасаа дүрвэж НҮБ-ын энгийн иргэдийг хамгаалах байранд амьдарч байгаа юм. Тус байр нь 1.8 км урттай, 1.4 км өргөнтэй талбайтай хашаа.Тэнд 120 000 хүн амьдардаг.

-Тийм бага талбайд тэр олон хүн амьдардаг гэж үү?

-Манайхаар бол Булган, Орхон аймгийн хүн амыг нийлүүлээд тийм талбайд байрлуулж байна гэсэн үг. Тэнд хэрэглээний цэвэр ус, сургууль соёл, эмнэлгийн үйлчилгээ, тусламж гээд наад захын хэрэгцээг хангах нөхцөл байхгүй. Тэдний ажлын тухай бол ярилтгүй, 70 гаруй хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд амьдардаг.

НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллагууд тэднийг хоол ундаар хангадаг юм. Ер нь тэнд борооны улирал, хуурай улиралтай. Борооны улиралд автомашин, техник хэрэгсэл явах боломжгүй. Тиймээс 1500 орчим метрийн өндрөөс шуудайтай гурил, будаа болох хүнсний зүйлсийг тарааж өгдөг.

Нэг ёсондоо нутгийн иргэд онгоцноос хоол хүнсээ хүлээж авах үед нь бид хамгаалалтад гардаг гэсэн үг. Биднийг тойроод хүүхэд, эмэгтэйчүүд олноороо хүлээнэ. Тэд онгоцноос тараах ачаанаас хаягдаж, үлдсэн хэсгийг авах гэж цугларч байгаа нь тэр юм. Биднийг буцаад явахад тэр газар асгарсан гурил, будааг хог шороотой нь хамаад явж буй нутгийн иргэдийг харахад үнэхээр нүд халтирдаг. Жирэмсэн эмэгтэй нэг, хоёр настай хүүхэд хөтлөөд гүйж ирээд асгарсан будааг хормойндоо хийгээд явах жишээтэй. Монгол эрчүүдийг хатуу, чанга л гэдэг. Гэвч манай хүчирхэг чанга эрчүүд маань гэрээ санаж уйлдаггүй атлаа тэнд хэцүүхэн амьдардаг хүүхэд, эмэгтэйчүүдийг хараад нүдэнд нь өөрийн эрхгүй нулимс цийлэгнэж байхыг олонтаа харсан.

-Тэдэнд энх тайван, эрх чөлөөт амьдралын талаарх ойлголт зөвхөн мөрөөдөл гэсэн үг үү?

-Энэ асуултаас аз жаргал гэж юу юм бэ гэдэг ойлголт гарч ирнэ. Би гэхэд одоо амралтын өдрөөрөө гэр бүлээрээ хотоос гараад, эсвэл төв талбай руу, Зайсан руу яваад амарч чадна. Гэвч тэнд тийм боломж байхгүй нь хэцүү. Тухайлбал, Монголд ажил олдохгүй байна л гэдэг. Гэвч хайвал байж л байгаа. Харин Суданд бол хайгаад ч байхгүй. Дүрвэгсэд хамгаалалтын байрнаас гарахад л тэднийг аюул отдог.

Эмэгтэйчүүд нь 15-20 км газар алхаж очиж түлээний модоо бэлтгэдэг. Толгой дээрээ том багцалсан мод, гишүү тавьчихсан эмэгтэйчүүдийн зураг, бичлэг байдгийг мэднэ биз дээ. Тэр ачаа нь ойролцоогоор 40-50 кг байдаг.Тийм хэмжээний ачааг толгой дээрээ тавиад 15-20 км явахдаа тэд дунд нь дээрэлхүүлнэ, дээрэмдүүлнэ, хүчирхийлэлд өртөнө. Тэдний хувьд оройд түлэх модтой, хүүхдүүддээ буцалгаж өгөх будаатай байхыг л бодно.Түүний цаана тав, арван жилийн дараа ямар байх ёстой талаар ямар ч төсөөлөл байхгүй. Тэнд бас 15, 16 настай хүүхдийг цэрэгт элсүүлэх гэж хулгайлахыг завдах тохиолдол олон.Тэр бүхнээс хамгаалах үүргийг манай энхийг сахиулагчид гүйцэтгэдэг.Манай зургадугаар батальон үүрэг гүйцэтгэж байхад ийм хэд, хэдэн тохиолдол гарч байсан.

-Монгол цэргүүдийн ур чадвар энхийг сахиулагчид дундаа өндөр гэж үнэлэгддэг юм билээ.Тийм тохиолдол таныг үүрэг гүйцэтгэж байхад хэр гарч байсан бэ?

-Нэг удаа босогчид өсвөр насны хөвгүүдийг хулгайлахыг завдсан. Дээр хэлснээр тэднийг цэрэгт элсүүлэх гэж тэр. Буутай хүмүүс ирээд тоглож байсан хүүхдүүдээс хоёрыг бариад авлаа гэсэн мэдээлэл ирсэн. Манай цэргүүд ч явж очсон. Буутай нөхөр ирчихсэн “Би тэднийг авч явна, энэ миний нутаг дэвсгэр. Би эзэн нь байна.Эсэргүүцвэл буудна” гээд цэргүүд рүү буугаа чиглүүлсэн байгаа юм.Хариуд нь манай цэрэг “Чи өөрийнхөө хувьцсыг хар. Бидний хувцсыг хар.Би цээжиндээ, толгойндоо хамгаалалттай.Чамд хамгаалалт байхгүй. Миний бууг хар, цэвэрлэчихсэн.Чиний буу зэвэрсэн байна.Миний бууны сум түрүүлж гарах уу, чинийх гарах уу. Чи буудвал бид нар ч буудна. Харин хэн нь түрүүлж үхэх вэ” гэхэд нөгөө нөхөр бодож бодож хүүхдийг орхиод яваад өгсөн. Тэр бол Монгол цэргийн зориг, үүргээ биелүүлэхийн төлөөх зүтгэл юм. Тэр үед цэргүүдээрээ бахархаж байсан.

Бас нэг удаа НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллагын ажилчдыг тосгонд хүргэх ажиллагаанд бид хамгаалалтаар явахаар болсон юм. Гэтэл хүмүүнлэгийн ажилтан “Би Монгол цэргүүдээр хамгаалауулахгүй” гэж байна. Учрыг нь лавлавал “Монгол цэргүүд эвгүйтвэл хэзээд буудалцахад бэлэн хүмүүс. Хэрэв буудалцаад эхэлбэл миний амь нас эрсэднэ.Харин түүний оронд нөгөө улсын (улсын нэрийг нууцлав) цэрэгтэй явбал тэд нар буцаад л явдаг, эрсдэл багатай”гэж байна. Уг нь хүмүүнлэгийн байгууллагын ажилтны үүрэг нь тэр тосгонд хүмүүнлэгийн тусламж хүрч, аюулгүй байдал нь хангагдвал дүрвэгсдийн хуаранд амьдарч буй иргэдийн тосгондоо буцах итгэл нэмэгдэнэ .

-Манай цэргүүдийн сахилга бат, ур чадварыг харуулсан явдал болж дээ?

-Ер нь монгол цэргийн сахилга бат, мэргэжлийн ур чадвар, дээрээс нь монгол хүнд байдаг дайчин чанар ялгарч харагддаг.Мэдээж тэнд үргэлж буугаа бариад хамгаалалтад гараад байхгүй.Цэргийн албан хаагчид, гэрээсээ хол, удаан хугацаагаар яваа хүмүүс учраас амралт чөлөөт цагаар уралдаан тэмцээн, урлагийн арга хэмжээг зохиодог.Уралдаан тэмцээнээс харахад манайханд хүний дор орж ялагдахгүй юмсан, улсынхаа нэрийг авч гарна гэсэн сэтгэл зүй харагддаг.

-Тийм цөвүүн нөхцөл байдлыг харж, энхийг сахиулж явсан хүмүүс эх орныхоо тухай бодоход, эх орондоо ирэхэд сэтгэл уужирдаг болов уу.Таны хувьд энх тайван байдал, эх орон гэж юу вэ?

-Өмнө нь энхийг дэмжих ажиллагаануудад яваад ирэхдээ нэг их зүйл боддоггүй байлаа. Гэрээ санасан хүн л ирнэ. Харин сүүлд 2016 онд 850 хүнтэй Монгол Улсын зургадугаар батальоныг ахалж яваад эх орондоо ирэхэд нэг л өөр байсан.Монголдоо буухад дотроос нэг хүнд юм гаргаад л хаячих шиг болсон.

Ажиллагааны газраас онгоцоор нисэхдээ нисэгч нарт “Монголын хилээр орж ирэнгүүт хэлээрэй” гээд захьчихдаг юм. Онгоцон дотор цэргүүдийн зарим нь унтаад, зарим нь нислэгийн турш догдолж ирнэ. Тэднийг удирдаж яваа учраас Монголын хил рүү нэвтрэнгүүт цэргүүд рүүгээ харсан. Тэдний харц, нүүрний баясгаланг үгээр илэрхийлэшгүй байсан.Ийм сайхан газарт, ийм сайхан орондоо, жинхэнэ аз жаргал руугаа буцаж ирж байна даа гэсэн баяртай хэрнээ цаанаа л нэг юм эргэцүүлсэн харцыг олж харсан. Эх орондоо буухад агаар ямар сайхан гээч.Афганистан, Өмнөд Судан, Иракт онгоц газардаад хаалга онгойход л халуун бүгчим агаар угтдаг. Яг хүлэгдчихсэн юм шиг болчихдог.Харин Монголдоо буугаад хаалга онгойход ямар ч хүн гүнзгий амьсгаа авдаг байх.

-Уг нь манайх энх тайван улс шүү дээ.Харамсалтай нь сүүлийн үед нийгмийн байдалдаа бухимдсан иргэд бослого, мөргөлдөөнд уриалсан, өдөөн хатгасан байр суурийг илэрхийлэх болж?

-Энхийг сахиулагчдад ямар ч нөхцөл байдал тулгардаг. Тэр олон мянган хүнийг хамгаалах, эсвэл хүмүүнлэгийн бараа таваар тээвэрлэлтийг хамгаалах явцад гэнэтийн дайралт, тулгаралт олон гарна. Хүнс, бараа тээвэрлээд явж байгаа хүмүүсийг, жолоочийг нь буудаж хөнөөгөөд ачааг нь аваад явчихна. Тийм нөхцөл байдал дээр энхийг сахиулагчид л очиж арга хэмжээ авна. Гэр орноосоо дүрвэж үй олноор хэцүү нөхцөлд өдөр хоногийг өнгөрөөж байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийг харахад л дайн байлдаан, бослого, мөргөлдөөн гэдэг үнэхээр хүсэх зүйл биш.

-Гэхдээ энх тайван эх оронд амьдарч байгаа бид эх оронч сэтгэлгээнээсээ алсраад байна уу даа?

-Тусгаар тогтносон бүрэх эрхтэй манай улсад өчнөөн боломж байна.Тэр боломжоо ашиглаад сурч боловсорч, мэдсэн сурснаа эх орноо хөгжүүлэхэд зарцуулах ёстой.Ийм сайхан энх тайван оронд төрж, амьдарч байгаа нь юутай ч зүйрлэшгүй аз завшаан.Тиймээс би хүн бүрийг эх оронч гэж боддог. Ямар ч монгол хүний зүрх сэтгэлд эх орны төлөөх чин хүсэл байж л байдаг.

Энэ дашрамд, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн албан хаагч нартаа, тэр дундаа надтай цуг цэргийн багийг удирдаж явж байсан, мөн миний удирдлагад үүрэг гүйцэтгэж байсан энхийг сахиулагчдаараа үргэлж бахархаж явдаг.Та нартаа баярын мэнд хүргэе.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *