Categories
мэдээ цаг-үе

Б.Бат-Энэрэл хүүгээр С.Батсүх гавьяат, ар гэрийнхэн нь бизнес хийж байгаа юу

“Өдрийн сонин”-ы 2017.06.15-ны Пүрэв гаригийн №134 (5701) дугаараас авч нийтлэв.

-ХҮҮГ БЭЭЖИНГИЙН ЭМЧ НАР ХАРАА ОРОХ БОЛОМЖТОЙ ГЭЖЭЭ-

Б.Бат-Энэрэл гэх бяцхан хүү өхөөрдөм хөөрхөн дуулж монголчуудад танигдсан билээ. Төрөлхийн харааны бэрхшээлтэй энэ хүү насандаа баймгүй хүчтэй хоолой, баргийн хүнд заяагаад байхгүй дуулах ур чадвартай. Мөн том хүн шиг хэрсүү яриа, цовоо зан нь олон хүний хайрыг татаад байгаа. Б.Бат-Энэрэл зургаан нас хүрч байгаа ч бие нь хоёр настай хүүхдийнх шиг. Хоёр настайдаа өмсч байсан хувцас, гутлаа одоо ч өмсч байгаа гэхээр өсөлт нь зогссон гэсэн үг. Ар гэрийнхэн нь, ээж нь хүүгээ харааны бэрхшээлтэй гэдгийг мэдсэнээсээ хойш эмчлүүлж, эрүүл болгох гэж Монголын сайн гэсэн бүх л эмнэлэг, эмч нар дээр очиж үзүүлж, оношлуулж сүүлдээ аргаа бараад лам, бөөгөөр хүртэл явсан тухай Б.Бат-Энэрэлийн нагац эгч Г.Барамсаймаа нь телевизийн нэвтрүүлгээр орох үедээ ярьсан. Б.Бат-Энэрэлийн ээж нь БНСУ-д гурван сарын гэрээтэйгээр ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд хүү энд төрсөн эгчийнхээ хамт нагац эгчийнхээ халамжинд байдаг аж. Хүү хоёр наснаасаа эхэлж дуулж эхэлсэн бөгөөд Завханы хэмээн алдаршсан, Монгол Улсын гавьяат жүжиг-чин С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай” дууг дуулсан бичлэг нь цахим ертөнцөд түгснээр олонд танигдсан гэж болно. Хүү С.Батсүх гавьяатын дууг багаасаа шимтэн сонсч дагаж дуулсаар иржээ. Хүүгийн энэ авьяасыг ар гэрийнхэн нь анзаарч, нутгийн гавьяатдаа аваачиж шавиар оруулж. Ийм авьяаслаг мундаг хүүг монголчууд дэмжиж, хараа ороход нь туслахын тулд хандивын аяныг орон даяар эхлүүлээд байгаа. Уг аяныг Өмнөд Монголчууд ч дэмжиж нийт 49550 юань буюу монгол төгрөгөөр 18 сая орчим төгрөгийн хандив өргөөд буй. Б.Бат-Энэрэлд зориулсан “Бат-Энэрэлтэй орчлон” хандивын тоглолт өнгөрсөн сарын 20-нд амжилттай болж хүү Бээжин рүү оношилгоо хийлгэхээр явсан юм.

Б.Бат-Энэрэлийг төрөлхийн харааны асуудалтай учир Бээжингийн тал эмчлэх боломжгүй гэсэн хариу өгсөөр байтал хүүгийн нагац эгч Г.Барамсаймаа, гавьяат жүжигчин С.Батсүх нар хандивын тоглолт дахин зохион байгуулсаар явна уу даа. Энэ хүмүүс хүүхдээр бизнес хийж байгаа бололтой. Эх нь хол байгаа хүүхдийг албан ёсны асран халамжлагчийнх нь зөвшөөрөлгүйгээр хандив гуйлгаж, өдөр болгон тоглолт хийлгэж дуулуулж байна гэж дуулдах юм. Харааны бэрхшээлтэй, өсөлтийн асуудалтай, бие сул хүүхдийг ингэж гүрээнийх нь судсыг нь тасрахын наагуур орилуулж, тайзан дээр гаргаж байгаа нь хүүхдийн эрхийг зөрчсөн ноцтой асуудал гэж хуулийнхан үзэж зарим үндэслэлүүдийг хэлж байна. Тиймээс үүнд цагдаа, хяналтын байгууллага, хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд анхаарал хандуулах ёстой гэсэн байр суурийг олон нийтийн зүгээс гаргаад байгаа юм. Дуучин Э.Төрмандах нэгэн ярилцлагадаа “Би “Булдруу” буюу А.Өсөх-Ирээдүй хүүтэй дахиж хамтран дуулахгүй. Нялх хүүхдийн хоолой эвдэрчихэж мэднэ” гэж ярьсныг үзэгчид ихэд анхаарч “Э.Төрмандах ингэж ярьж байхад С.Батсүх гавьяат яагаад үүнийг анзаарсангүй вэ” гэж шүүмжилж байна.

Монголын хүүхдийн урдаа барьдаг эмч нар, нүдний гэх тодотголтой чадвартай эмч нараас Б.Бат-Энэрэл хүүгийн талаар тодруулахад “Хүүхдийн бие организм бүрэн өсч торниогүй үедээ буюу 2-5 насандаа эмзэг байдаг. Дуулахад хүнээс маш их энерги гардаг. Төвөнх, хоолой, уушиг орчимд ачаалал ирдэг. Б.Бат-Энэрэл их чанга дуулдаг учир дуулахдаа хүч их зарцуулдаг гэсэн үг. Ингэж энерги их гаргах нь бэрхшээлтэй байгаа хараанд нь улам муугаар нөлөөлөх магадлалтай” гэсэн нийтлэг хариулт өгсөн юм. С.Батсүх гавьяат ч хүүгийн эрүүл мэндэд санаа тавьж манай мундаг гэх эмч нарт ханджээ. Манай эмч нар хүүг төрөлхийн харааны гажигтай учир хараа орох боломжгүй гэсэн хариултыг өгсөн юм байна. “Б.Бат-Энэрэлийн хувьд төрөлхийн харааны асуудалтай учир эргээд сайжирна гэсэн магадлал бараг байхгүй. Эмчилгээгүй гэсэн ийм оношийг дотоодын эмч нар тавьсаар байхад ар гэрийнхэн нь, мөн гавьяат жүжигчин С.Батсүх нар яагаад хүлээн зөвшөөрөхгүй элдэв хандив, тоглолт зохион байгуулаад гадаад дотоодоор яваад байгааг ойлгохгүй байна. Гайхаад л сууж байна” гэцгээсэн юм. Хэрвээ тухайн өвчтөний өвчин нь эдгэх боломжгүй, найдваргүй гэвэл Эрүүл мэндийн яамны Салбар зөвлөлөөр энэ асуудлыг хэлэл-цэж баталдаг юм байна. Гэтэл Монголын эмч нар, эмнэлгүүд хүүгийн нүд бүрэн эдгэж, хараатай болох боломж бараг үгүй гэсээр байхад уг Салбар зөвлөлд хандахаас татгалзаж хандив зохион байгуулж яваа нь цаанаа ямар зорилготойг мэдэхгүй байна гэж эмч нар ярьсан юм. Энэ талаар хуульчаас тодруулахад “Энэ асуудлыг маш сайн нягталж үзэх хэрэгтэй. Өнгөц харвал хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдлүүд байх шиг байна. Гэхдээ үндэслэлүүдийг нь сайн гаргаж ирэх хэрэгтэй. Хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байгаа гэж ч харах өнцөг гарч ирж болно” гэлээ.

Зарим хүмүүс “Энэтхэгт эцэг, эхчүүд, асран хамгаалагчид нь хүүхдээр мөнгө олдог муу аргатай. Эрүүл саруул хүүхдээ хүмүүсээр өрөвдүүлж мөнгө олохын тулд зэрэмдэглэдэг гэсэн. Б.Бат-Энэрэл гэх энэ хүүхдийг зурагт телевизээр нүдийг нь эргэлдүүлээд л дуулуулаад орилуулаад байх юм. Энд ч тэнд ч тоглолт, тийм төгрөгийн хандив өгчээ гэх юм. Гэтэл эмчлэгдэхгүй гэсээр байхад яагаад энэ хүүхдийн үйлийг үзээд байдаг юм” гэж хатуухан шүүмжилж ч байна.

Харин энэ бүх асуултуудад Б.Бат-Энэрэлийн нагац эгч дараахь хариултыг өглөө.Тэрээр хандивын аян эхэлж, хүү телевизүүдийн ярилцлагад орох үеэс л иймэрхүү хэл аманд өртөж элдэв шүүмжлэл сонсохдоо ихэд шаналж, эмзэглэж “Ийм аян хэрэггүй эхлүүлэв үү, мөрөөрөө л байж байдаг байж” гэж бүр шантарсан гэнэ. Гэтэл хүмүүс түүнд “Нэгэнт эхлүүлсэн ажлынхаа ард гарах хэрэгтэй, битгий шантар” гэж урам хайрлажээ. Өнгөрсөн сарын 25-нд Бээжингээс сайхан мэдээтэй ирцгээжээ. Хятадын эмч нар Б.Бат-Энэрэлийг эдгэнэ, хараа орох боломжтой гэсэн нааштай хариу хэлж Энэтхэгт хагалгаанд орох хэрэгтэй гэж зөвлөжээ. Харин хүүгийн өсөлт нь зогсчихоод байгаа. Үүнийг дааврын эмчилгээ хийлгэхэд үр дүн гарна. Тайваны эмнэлэгт очиж эмчлүүлээрэй гэж зөвлөсөн байна. Нүдний хялрыг нь Монголд эмчлэх боломжтой ч гадаадад эмчлүүлбэл илүү үр дүнтэй гэж үзэж байгаа аж. Ийм нааштай сайхан хариу сонссон тэд Монголд ирээд энэ сарын 10-нд үзэгчдийн хүсэлтээр хандивын тоглолтоо “UB palace”-т амжилттай зохион байгуулаад үргэлжлүүлээд Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Зүүн хараад тоглолтоор явж байгаа юм байна. Өнөөдөр Улаанбаатар хотод ирэх бөгөөд нөгөөдрөөс хэвлэлийн хурал зарлаж хандивын аянаар цугласан хандивын хэмжээг танилцуулж санхүүгийн тайлангаа нийтэд дэлгэх гэнэ. Мөн гадуур гараад байгаа янз бүрийн ярианд тайлбар, няцаалт өгөхөөр төлөвлөжээ. Хүүгийн ээж өнөөдөр Солонгосоос ирж байгаа юм байна. Г.Барамсаймаа “С.Батсүх гавьяат энэ хандивын аян эхлэхээс өмнө “Намайг мөнгө төгрөгтэйгээ битгий хутгаарай. Би тэр бүхнээс чинь хол байя. Хүмүүсийн хэл ам хэцүү. Би өөр бусдаар тусалдгаар тусална” гэж хэлсэн. Аяны хугацаанд янз бүрийн хардлага, сэрдлэг гарч байгаад харамсч байна. Гэхдээ хэвлэлийн хурлын үеэр бүх баримт бичиг, тооцоогоо ил гаргаж тавих болно” гэсэн юм. Энэ бүхнээс харахаар Монголын эмч нар ур чадваргүй болохоор худал онош тавиад байна уу эсвэл хараа орох боломжгүй байсаар байтал өвчнийг нь далимдуулаад Б.Бат-Энэрэлийн ар гэрийнхэн нь хандивын аян, тоглолтоор бизнес хийгээд байна уу гэсэн эргэлзээ, хардлага төрж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *