СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор Бат-Өлзийн Баатархүүтэй уулзаж хөөрөлдлөө.
-Тагнын Тува, Алтайн Урианхай гээд яриад байдаг. Тувачууд гэж ер нь монгол угсааны үндэстэн байна уу, түрэг гаралтай хүмүүс үү?
-Монгол угсаатныг бүрдүүлж буй олон угсаатны нэг нь түрэг хэлт Алтайн тувачууд юм. Эдүгээ тувачууд хэмээх ард түмэн түүхэн хувь заяаны эрхээр Монгол Улс болон ОХУ, БНХАУ гэсэн гурван улсад харьяалагдаж байна. Өнөө бид тува гэж нэрлэх болсон эл ард түмнийг Манжийн эрхшээлийн үед Урианхай гэдэг байсан. Урианхай гэдэг нэрийн дор Тагнын урианхай, Алтайн урианхай, Алтан нуурын урианхай, Хөвсгөлийн урианхай, Хөвсгөлийн урианхай нь гэхэд Ариг урианхай, Үүрийн урианхай, Якут руу болохоор Саха урианхай гээд олон урианхайд хуваагддаг байсан. Урианхай нэрийг зүүсэн ард түмэн өргөн хүрээтэй аж төрж байж. Энэ урианхайд бол нэг угсаатан биш, дотроо монгол, түрэг гарлын хоёр удам угсаатай улс. Одоогийн Тува гэгдэх угсаатныг Тагнын урианхай, Алтайн урианхай гэдэг. Тагнын урианхай бол одоогийн ОХУ-ын Тува, Алтайн урианхайн долоон хошууны гурав нь тува урианхай хошуу, дөрвөн монгол урианхай хошуунаас бүрдэж байж. Алтайн урианхайг дан монгол урианхай байсан гэж ойлгож болохгүй. Албан ёсны нэршил нь урианхай юм. Алтайн урианхай нь Алтайн нурууг хөндлөн гулд сундалдан нутаглаж байгаад өнөөгийн манай улсын хил тогтоход Алтайн урианхайн тэн хагас нь газар нутагтайгаа хилийн цаана үлдсэн. БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Ил хасагийн өөртөө засах зуугийн Алтай аймгийн Хава сиян, Бууржин сиян, Алтай хот, Буурал тохой сиянд харьяалагдан аж төрж байна.
-Манай улсын тувачууд одоо аль аймаг сумдад голчлон аж төрж байгаа бол?
-Тувачууд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд бөөнөөрөө, Ховд аймгийн Буянт сум, Төв аймгийн Заамар сум, Дарханы Орхон, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Улаанбаатар хотод хэсэг бүлгээрээ тархан суурьшиж байна. Тагнын урианхай, Алтайн урианхай гэж хоёр том хэсэгт яагаад хуваагдах болов гэдэг дээр судлаачид янз бүрийн байр суурьтай байдаг. Манай чиглэлийн эрдэмтэд Манжийн эрхшээлд орохоос өмнө Тагнаас нэг хэсэг иргэнийг Алтайд суулгасан гэж үздэг. Орос, Тувагийн эрдэмтэд болохоор Енисейн эхнээс Ховд гол хүртэлх өргөн уудам нутагт тувачууд оршин амьдарч байсны дундуур дөрвөдүүдийг нутаглуулснаар хоёр хуваагдсан гэх хандлагатай байдаг. Миний хувьд “Монгол Улсын тувачууд” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Монгол дахь тувачуудын дунд зургаан жилийн турш 120 хоног угсаатны судалгаа хийсэн юм. Үүндээ Тагнын тувагаас Алтайн тувачууд салсан явдлыг арай өөр өнцгөөс тайлбарласан.
Чингэс хаан урианхай нарт сумтай нуман тамгыг адуундаа дарж хэрэглэхийг зарлигаар олгосон аж
-Тува урианхайн тухай мэдээ занги хэдийнээс түүхэнд бичигдэж дурдагдаж ирсэн байдаг бол?
-Тувачууд бол “Сүй улсын судар”, “Тан улсын хуучин судар”-т Тэлэгийн нэгэн аймаг хэмээн тэмдэглэсэн Дубо аймгийнхны үр хойчис юм. Энэ талаар Карл Х.Менгес хэмээх эрдэмтэн “Тэд Енисейн эхээр, орчин үеийн Тагна-Тува, хуучнаар Тагнын Урианхайд нутаглаж байсан. Тангийн өмнөх үеийн сурвалжид тэднийг Дубо, Туба хэмээн нэрлэж байв” гэсэн байдаг. Мөн Оросын эрдэмтэн В.Радлов “Энэ ард түмний ерөнхий нэр нь тува бөгөөд Сибирийн хил, Ховдын эх орчмоос Хэмчиг хүртэл, Улуг-Хэм буюу Енисей мөрний саваас Хөвсгөл нутагт амьдарч байгаа, нутаг дэвсгэр нь уулархаг, өөрсдөө түрэг хэлтэй мөртлөө хөрш монголчуудын соёлын нөлөө тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж болно” гэж үзсэн. “Сүй шу”, “Тан улсын хуучин судар”, “Танхуйяо” зэрэг сурвалжаас үзвэл VI-VII зуунд Тэлэгийн 29 аймгийн бүрэлдэхүүнд туба аймаг багтаж байж. Түүхэнд дубо, тубо, тупо гэхчлэн тэмдэглэгдсэн байдаг.
-Тэр хуучны судар номуудад тувачуудын тухай юу гэж дурдсан байх юм?
-Сурвалжид дубо аймгийн талаар “Дубо аймгийн нутаг хойд талаараа жижиг тэнгист, баруун талаараа хакастай, өмнө талдаа уйгартай зах нийлнэ. Гурван аймагт хуваагддаг. Тус бүртээ ахлагчтай. Тэд цаг тоолол мэдэхгүй. Өвсөн эмбүүлд сууна. Адуу малгүй. Газар тариалан эрхэлдэггүй. Маш их сараана бий, түүний үндсийг малтан цуглуулж агшаамал бэлдэнэ. Загасчилж, шувуучилж, ан агнаж хүнсэндээ хэрэглэнэ. Булган эмжээртэй бугын арьсан дээлтэй. Харин ядуу нь шувууны өдөөр хувцас хийдэг. Хуримын сүйд баячууд адуу, харин ядуу нь бугын арьс, сараанын үндэс авчирч өгдөг. Нас барагсдыг авсанд хийж ууланд тавих юм уу, шарилыг модноос дүүжилж орхино. Эцсийн замд нь үдэхдээ дулга нар шиг уйлна” гэж тэмдэглэсэн байдаг.
-Дулга гэдэг нь ямар үндэстнийг хэлж байна?
-Түрэг гэсэн үг л дээ. Эндээс Дубо аймгийнхны баян, ядуу, орон байр, хоол унд, бэлэг сэлт гээд нийгмийн байдлыг тодорхой мэдэж болохоор байна.
-Цаачин иргэд үхэгсдээ тэгж оршуулдаг зан үйлтэй байсан биз дээ. “Содура” кинонд ч тэгж гарч байдаг?
-Цаатан, Тож нарын дотор саяхныг хүртэл үхэгсдийг авсанд хийж модонд өлгөх буюу ууланд тавьдаг ёс байж. Түүнээс гадна Дубо аймагт олон сайхан морьтой байсан нь мал аж ахуй эрхэлдэг байсныг нотолж байгаа юм.
-Эртний хятад сурвалжаас өөр ямар түүх сударт тувачуудын тухай өгүүлсэн байдаг бол?
-Зүүн Соён, Тагнын тайгад амьдарч байсан ойн урианхайн тухай Рашид-Ад-Диний “Судрын чуулган”-д “Эд нар ой тайгад амьдарч байснаар ийнхүү нэрлэгдэж, гэр орон гэж мэддэггүй, амьтны арьсан дээлтэй, хонь ба үхрийн оронд уулын үхэр өсгөж, сүүг нь ууж, махыг нь идэж ашиглана. Хонь хариулахыг тэд гутамшигт хэрэгт тооцно. Тэр ч байтугай эцэг, эх нь охиноо загнахдаа “Чамайг хонь хариулдаг хүний эхнэр болгож өгнө” гэхэд охин нь гоморхон гашуудахдаа өөрийгөө боомилон үхдэг ч байжээ. Уулын үхэрт нуруу ачин нүүж, буусан газартаа модны холтсоор орон барьж, үүгээр хэрэгцээ нь хангагдана. Тэд нар ийм амьдралаас сайхан амьдрал хаа ч байхгүй гэж үздэг” гэж бичсэн байдаг. Ойн урианханы аж ахуй, хэв заншлын тухай эл тодорхойлолт манай улсын цаатан иргэдийн дотор, Тувагийн Тож хошууныханд саяхныг хүртэл уламжлагдаж байсан.
-“Монголын нууц товчоо”-нд “Зүчи, Сүбээдэй баруун этгээдийг дайлаар мордож ойн иргэдийг хураан авчрав” гэж гардаг. Тэр ойн иргэд тува, урианхай нар мөн үү?
-“Монголын нууц товчоо”-нд гардаг “Тубас” хэмээх нэр нь даруй Тува хэмээх нэр мөн хэмээн судлаачид санал нэгтэй тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, С.Козин “Тубас гэдгийн с нь монгол хэлний олон тооны дагавар ба туба гэдэг нь Саян Алтайн ойн иргэдийг нэрлэсэн нэр. Монголын захиргаанд 1207 онд орсон” хэмээн үзсэн. Монголын түүхийн хосгүй чухал сурвалж болох “Монголын нууц товчоо”-ны 239 дүгээр зүйлд “Туулай жил Зүчийг баруун гарын цэргүүдээр ойн иргэнд морилуулав. Буха газарчилж одов. Ойрадын Хутуга бэхи түмэн ойрадын урьд элсэн орж ирэв. Ирж Зүчийг удирдаж, түмэн ойраддаа газарчилж Сигсид (Шигшид)-эд оруулаад түмэн Хиргисүүдэд хүрвээс хиргисүүдийн ноён Иэди Инал, Алдийэр Өрэ бэг тигин хиргисүүдийн ноёд элсэн орж цагаанууд шонход, цагаанууд агтас, харнууд булгад аваад ирж Зүчид уулзав. Шибир Хэсэдийэн, Баяд, Тухас, Тэнлиг, Төгэлэс, Тас, Бажигидаас нааш ойн иргэдийг Зүчи оруулж, Хиргисүүдийн түмэдийн мянгадын ноёдыг ойн иргэдийн ноёдыг аваад ирж Чингис хаанд цагаанууд шонходоор, цагаанууд агтасаар, харнууд булгадаар уулзуулав…” хэмээн өгүүлсэн байдаг. Эрдэмтэн Б.Р.Зориктуев 1207 оны үйл явдлыг тусгайлан судалсны эцэст “Монголчуудын довтолгоон чухамхүү Енисейг чиглэж, тэд Соён-Алтайн ард түмнүүдийг өөртөө нэгтгэхийг зорьсон. Энэ нь тэдний монгол нутгийн чинадад хийсэн анхны аян дайн байсан хэмээн эдүгээ баттай хэлж байна” гэсэн байдаг.
Алтайн тувачууд. 1938 он. Гэрэл зургийг М.Гомбожав
-Манай угсаатны зүй, түүхийн чиглэлийн нэртэй эрдэмтэд урианхай нарыг юу гэсэн байх юм?
-Их эрдэмтэн Бямбын Ринчен бүтээлдээ тувачуудыг Диваа хэмээн тэмдэглэсэн байгаа. Бид 2012 онд Тува улсын зүүн өмнөд хэсэг буюу Эрзин хошуутай хил залгаа Завхан аймгийн Баянтэс, Тэс, Увс аймгийн сумдад угсаатны зүйн судалгаа явуулахад манай монголчууд хөрш тувачуудыг урианкай, диваа хэмээн нэрлэж байхыг тэмдэглэж авсан. Урианхай нь ер анхандаа монгол аймгийн нэр байсан бололтой. Хожим аажмаар түрэг угсааны зарим аймгийг бас урианхай гэдэг болж. Энэ талаар нэрт эрдэмтэн Ж.Цэвээн “Урианхай хэмээх ястан болбоос чухамхүү монгол үндэсний нэгэн аймаг мөн болох бөгөөд нэр нь Соёд хэмээх буюу Соён аймагт хадагдсан” гэсэн байдаг.
-Урианхайн хязгаар гэдэгт одооны Тува, манай баруун аймгууд, Уйгар-Шинжааны урианхайд бүгд багтах уу?
-Урианхайчуудын угсаа түүхийн талаар дагнан судалгаа хийсэн доктор Ц.Гантулга “Хөвсгөл, Увсын хязгаарыг Урианхайн хязгаар хэмээх болсон болсон XVII зууны эхэн үетэй холбогдоно. Энэ томъёолол хэвшин тогтох болсон явдалд Хотгойд, Урианхайг нэгтгэн захирч тухайн үеийн түүхнээ нэр алдар нь үлэмж өсөн улмаар Тагна, Соёны нуруу, баруун өмнөд Сибирь, Енисей, Обь мөрний эхний өргөн уудам нутагт оршин сууж байсан Тува, Тэлэ, Тэлэнгэд зэрэг олон аймгийг эрхэндээ оруулан захирах болсон Шолой Убаши хунтайжийн үйл ажиллагаа зүй ёсоор холбогдоно. Шолой Убаши хунтайж эдгээр нутгийг өөрийн итгэлт түшиг, шадар хүчин болж байсан Урианхайн сурвалжит ноёд Саму Буймагийн удмынхны мэдэлд гол төлөв нэгтгэн захируулжээ. Энэ үйл хэрэгт идэвхийлэн зүтгэж түүхэнд нэрээ дуурсгасан хүний нэг бол Урианхайн Сайн Мажиг. Сурвалжид ойрадыг дайлаар мордсон найман түмэн их цэргийн дөрвөн түм нь, түүний доторх түм таван мянган уулгач цэрэг нь Сайн Мажигийн их цэрэг байсан гэснээс үзэхэд тэрбээр Убаши хунтайжтай эн тэнцүү хүч чадалтай байсан бололтой. Тийм ч учраас тэр үед Убаши хунтайж болон Сайн Мажигийн захиргаанд багтаж орсон бусад овог аймгийнханд тэдний үндсэн ноёрхох аймаг Урианхайн нэр хадагдсан байж мэдэх юм” гэсэн байдаг.
-Урианхай нарын дунд Чингис хаантай холбогдох түүх домог олон л байгаа даа?
-Алтайн Урианхай долоон хошууныхан л зөвхөн нуман тамга хэрэглэж ирсэн байдаг. Баруун монголчууд тийм ч олон тамга хэрэглэдэггүй. Өөлдүүд гал тамга, баядууд олмон, захчингууд зөвхөн дэгрээ тамга хэрэглэдэг. Урианхайгаас бусад ястан нуман тамга хэрэглэдэггүй. Урианхайчууд аян дайнд хошуучлан тэргүүлэгч цэрэг байсан учраас Чингис хаан нуман тамгыг адуундаа дарж хэрэглэхийг зарлигласан гэсэн домог байдаг. Алтайн урианхайн хөх мончоого буюу баруун гарын тамгыг морины баруун гуянд дардаг байсан нь одоо ч хэвээрээ байгаа. Ховдын тувачууд бол Шинжааны хасаг, Хятадын дайнаас зугтаж орж ирсэн дүрвэгсэд. Тэд ч гэсэн бас л энэ нуман тамгаа ашигладаг.
-Урианхай сурын харваа гэж байдаг. Тэр урианхай нартай яаж холбогдож байна?
-Алтайн урианхайчуудын дунд л урианхай сурын харваа байдаг. Өөр газарт байдаггүй. Чингис хаан баруун зүгт дайлаар мордож ирэхдээ Эрчис мөрөнд зуны дэлгэр цагт их цэргээ амсхийлгэсэн. Тэгэхдээ цэргүүдийн найр наадамд зориулж урианхай сурын харвааг бий болгосон гэж үздэг. Урианхай сур харваа бол чөдөр, сур, ногтны цулбуураа зангидаж харвадаг үйл. Урианхайн нуман тамга, урианхай харваа Алтайн урианхайд л үлдсэн нь учиртай. Тагнын тувачуудаас Алтайн урианхайчуудын дээл хувцас ондоо байдаг. Урианхайчуудын хувцас баруун монголчуудынхтай адил цагаан захтай байдаг бол Тагнын урианхайчуудын эхнэр дээл хувцас гэхэд буриад, дархад басгадынхтай адил доголтой энгэртэй байгаа.
Үргэлжлэл бий