Categories
мэдээ цаг-үе

Б.Баасандорж: Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хувь хүн, аж ахуйн нэгжид гарсан санхүүгийн алдагдлыг шууд нөхөх, олговор олгох хуулийн заалт одоогоор байхгүй

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хуульч Б.Баасандоржтой ярилцлаа.


-Хөл хорионы энэ үед түрээслэгчдийн хувьд түрээсээ төлөх боломжгүй боллоо, иргэд банкны зээл, лизингээ төлөхөд хүндрэлтэй байна. Үүнийг төр засаг зохицуулж өгнө үү гэсэн хүсэлт их гарах боллоо. Ийм хуулийн зохицуулалт байдаг уу?

-Цахим орчинд зээлийг царцааж өгнө үү, түрээсийг бууруулж өгнө үү гэсэн шаардлага, хандлага нэлээд ажиглагдаж байна. Цаашлаад зээлийн хүүг бууруулах, зээлийн төлөлтийг хойшлуулах, түрээсийн төлбөрийг хойшлуулах, зээлийн төлөлт болон түрээсийн төлбөрөөс чөлөөлүүлэх, зээлийн хүүг тэглэх гэх зэрэг олон янзын шаардлагуудыг иргэд, аж ахуйн нэгжийн зүгээс тавьж байх шиг байна. Ер нь зээл, түрээс гэж голлон ярьж байгаа боловч бодит байдал дээр бизнесийн олон салбар хүрээнд энэ коронавирусийн хорио цээрийн улмаас үүссэн эрсдэл нөлөөлж байгаа нь мэдрэгдэж эхэлж байна. Үйлчилгээний тодорхой салбаруудад нэлээд хүчтэй нөлөөлж байна. Олон улсын болон гадаадын нислэгүүд цуцлагдсан, хөл хорио тогтоосонтой холбоотой олон олон үйлчилгээний салбарын бизнесүүдэд сул зогсолт хийх шаардлага үүслээ. Борлуулалт байхгүй энэ асуудалтай уялдаатайгаар зээлийн эргэн төлөлт, түрээсийн төлбөр болон ажилчдын цалин хөлсийг төлөхтэй холбоотой бэлэн мөнгөний асуудал тулгараад байгаа нь ийнхүү нийгэмд илрээд байна. Миний хувьд энэ асуудлаар буюу эдийн засгаа дэмжих асуудлаар төр засгийн зохицуулалт зайлшгүй бөгөөд хуулиар зохицуулалт хийх боломжийг Засгийн газарт олгосон гэж үзэж байна.

Үндсэн хуулиар Засгийн газрын нийтлэг чиг үүргийг төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах гэж тодорхойлсон учир засаг, төрийн зүгээс эдгээр хүсэлтийг анхааран эдийн засагт ирж буй сөрөг нөлөөг багасгах зорилгоор зохицуулалт хийхийг дэмжинэ. Гэхдээ тухайн зохицуулалт нь нэгдүгээрт, одоо байгаа хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд нийцсэн, түүнийг дэмжсэн, хоёрдугаарт, эрсдэлийн нөхцөл байдалдаа таарсан, эдийн засгаа сэргээхэд төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдийг ялгаагүй дэмжсэн, оновчтой байх нь чухал. Яагаад ингэж хэлж байна вэ, бизнесийн буюу арилжааны эрх зүйн орчны хувьд зээлийн эргэн төлөлт, хүү, хугацаа мөн түрээсийн хугацаа, төлбөрийн хэмжээ зэрэг санхүүгийн эрсдэл учруулж байгаа асуудлууд нь гэрээ, хэлцлээр нэгэнт урьдчилан тохиролцсон асуудлууд байгааг мартаж болохгүй. Нэгэнт банк, ББСБ, түрээслүүлэгчтэй харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл байгуулсан учир аль ч талаас хамаараагүй асуудлаар гэрээний нөгөө талуудын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хохироох байдлаар төр засгаас тусламж хүсэх нь ялгаагүй эрсдэлийг өөр газарт, өөр этгээдэд бий болгож байна.

Түрээсийн төлбөрийг бууруулна, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулна гэдэг тухайн төрлийн бизнес эрхлэгчдийн орлогыг давхар бууруулж ялгаагүй дарамт үүсгэх бөгөөд эрсдэл, хохирлыг нэгээс нөгөөд дамжуулахаас хэтрэхгүй байх талтай болов уу. Одоо тулгараад байгаа асуудал нь нэг улсын эдийн засгийн системд учирсан эрсдэлийг бууруулах, дэмжих асуудал учир аль аль талдаа ашигтай байхаар зохицуулагдана гэж бодож байна. Өнөөгийн байгаа хууль, эрх зүйн орчноо дэмжсэн, түүнд нийцсэн гэдэг санааны хувьд гэрээний талууд сайн дурын үндсэн дээр асуудлаа шийдвэрлэхэд тусалсан, талуудыг хамтран ажиллах нөхцөл, сэдлийг бүрдүүлсэн арга хэмжээг авахыг ойлгож байгаа юм. Тухайлбал, Засгийн газраас үйл ажиллагаа нь доголдоод байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд нийгмийн даатгалын болон татварын асуудлаар хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүлэх болсон талаараа мэдэгдсэн. Эдгээр төлөвлөж байгаа зохицуулалтуудыг дэмжиж байна.

Өнгөрсөн долоо хоногуудад Засгийн газрын зүгээс нийтэд өгсөн мэдээллээс харахад Засгийн газрын хуралдаанаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг хуралдуулах чиглэл өгч түрээс, хүүгийн дарамтаас гарах гарц шийдэл, цаашлаад валютын ханштай холбоотой цаг үеийн асуудлуудаар үүрэг даалгавар өгсөн гэж ойлгогдож байна.

-Уг зөвлөл нь ямар чиг үүрэгтэй юм бол?

-Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл нь Төв банкны тухай хуулиар улсын санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахтай холбоотойгоор тогтолцооны шинжтэй эрсдэлийг илрүүлэх, хянах, бууруулах талаар хэлэлцэх, санхүүгийн тогтолцооны тогтвортой, тэнцвэрт байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлтэй, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд хамтарсан дүн, шинжилгээ хийх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох чиг үүрэгтэй бүтэц юм. Иймээс төр, засгийн зохицуулалт оролцох нь тодорхой бөгөөд цаашид хугацаа явах тусам илүү тодорхой, оновчтой болж ирэх болов уу.

-Ер нь онцгой байдал зарласан, хөл хорио тогтоосон үед банк-харилцагч, түрээслэгч-түрээслүүлэгчийн хоорондох асуудлыг шийдэх ямар нэг гарц байдаг уу?

-Одоо байгаа хуулийн хүрээнд хийж болох гарцуудыг асууж байна уу. Өмнөх асуултын хүрээнд гэрээний талаар дурдаж орхисноо дэлгэрүүлмээр байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд нэн тэргүүнд банк болон түрээслүүлэгчтэй байгуулсан зээлийн болон түрээсийн гэрээ, хэлцлүүдээ шалгаж үзэх нь зүйтэй. Гэрээ, хэлцлээс үүдэн энэ асуудал үүсээд байгаа учир зээлийн төлөлтөө хийж чадахгүй байх, түрээсийн төлбөрөө төлөхгүй байх нь алданги, торгууль зэргээр нэмэлт санхүүгийн ачаалал үүсгэж байгаа энэ нөхцөлд нэн тэргүүнд урьдаар байгуулсан гэрээний зүйл, заалтаа сайтар нягтлах нь зөв.

Миний байгуулсан, надад эрх, үүрэг үүсгэж байгаа гэрээ, хэлцэл дээр энэ асуудлыг зохицуулсан зүйл, заалт байна уу гэдгээ харах нь зүйтэй. Энэ асуудлын хүрээнд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлын баталгаа, тодорхойлолтыг онцолмоор байна. Аливаа гэрээ, хэлцэл нь харилцан тохиролцож үүрэг хүлээсэн баримт бичиг тул тухайн гэрээ, хэлцэлд хэрэв гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүссэн нөхцөлд эрсдэлийг хэрхэн хуваарилах талаар зохицуулалт байгаа нөхцөлд тухайн боломжоо ашиглахыг оролдох нь зөв. Өөрөөр хэлбэл, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс улбаатай эрсдэл учрах, үүнээс үүдэн гэрээний талууд бие биеийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлд хариуцлагаас чөлөөлөгдөхөөр гэрээ, хэлцлээрээ тохиролцсон талуудын хувьд тухайн гэрээнд заасан журам, нөхцөлийн дагуу эрсдэлээ удирдаад явах боломж олдох нэг гарц байна. Энэ нөхцөлд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлын баталгааг гаргуулан авч нөгөө талдаа нотлох замаар хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой харагдаж байна.

-Хэрвээ гэрээндээ ийм зүйл, заалт оруулаагүй бол яах вэ?

-Тийм нөхцөлд үүсэх хууль эрх зүйн орчны зохицуулалт жаахан ондоо, ашиггүй харагдаж байна. Одоо мөрдөгдөж байгаа Иргэний хуулийн зарчмаараа бол үүргээ гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал буюу түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй, зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа төлөөгүй нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй буюу түрээслэгч, зээлдэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж үздэг. Энэ нь хугацаа хэтрүүлснээс үүсэх алданги, торгууль гэх мэт үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу санхүүгийн нэмэлт хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болж өгдөг. Энэ нөхцөлд хуулийн энэ заалт, зарчмыг баримтлахын өмнө түрээслэгч, зээлдэгч нь өөрийн гэм буруу байхгүй буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд орсон гэдгээ гэрчлүүлэх нь зайлшгүй болохыг анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна эрсдэлд орсон тал гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шалтгааны улмаас зээлийн төлбөр төлөх хуваарьт өөрчлөлт оруулах, хүүгийн хэмжээг өөрчлөх зэрэг хүсэлтийг гэрээний нөгөө талд буюу зээлдүүлэгч, түрээслүүлэгчид хэдийд ч гаргах боломжтой. Харин нөгөө тал нь гэрээгээ өөрчлөгдсөн энэ нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй байдлаар хуулиар зохицуулалт хийж өгсөн. Гэвч бодит амьдрал дээр зээлийн гэрээ, түрээсийн гэрээнээс татгалзах, цуцлах байдлаар гэрээний үйлчлэлийг зогсоох нь байнгын үйл ажиллагаа эрхэлж байгаа бизнесүүд тийм ч оновчтой сонголт байж чадахгүй. Нөгөө талаасаа зээлдүүлэгч, түрээслүүлэгчид нь бодит байдалдаа нийцэж ажиллахгүй бол цаашлаад зээлийн ангилал чанар буурах, чанаргүй зээл ихсэх, зээл эргэн төлүүлэхтэй холбоотой зардал ихсэх, түрээслүүлэгчийн хувьд түрээслэгчээ алдах, ингээд шүүхийн маргаан үүсэх, цаг хугацааны хувьд илүү алдагдсан боломжийн зардлууд үүсгэх учир хамтдаа давхар хохирох бодит байдал үүсч байна. Иймээс зээлдүүлэгч, түрээслүүлэгчид нь хөнгөлөлттэй нөхцөлийг түрээслэгч, зээлдэгчдэд тогтоож өгөх, талуудын харилцан тохиролцох нөхцөлийг урамшуулсан, дэмжлэг үзүүлсэн эдийн засгийн орчин, хөнгөлөлт, урамшууллыг эдийн засгийн орчинд үүсгэж бий болгох нь л эцсийн зорилго болов уу. Тухайлбал, Засгийн газрын зүгээс орлогын албан татвараас гадна үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хөнгөлөлтийг бодитоор үзүүлэхээс хамааран аж ахуйн зориулалттай түрээсийн төлбөрийг хойшлуулах, бууруулах нөхцөлийг удирдах боломжтой гэж харж байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчид мөн төр, засгаас бүхнийг зохицуулна гэж харалтгүй өөрийн байгуулсан гэрээ, хэлцлийн харилцаанд ач холбогдол өгч, хүсэлтээ нөгөө талдаа албан ёсоор бичгээр гаргах, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд орсон болохоо гэрчлүүлж, баталгаажуулж авах зэргээр өөрөөс хамаарах зүйлээ хийх нь хуулиар баталгаажуулсан гэрээний эрх чөлөөний зарчимдаа нийцнэ гэж үзэж байна.

Нэгэнт дурдагдсан учир давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд өртсөн гэдгээ хэрхэн нотлох, гэрчлэх асуудлыг товч дурдах нь зөв байх. Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим нь Монгол Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх үүрэг хүлээсэн. Тус үүргийнхээ хүрээнд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлын баталгаажуулалтын тодорхойлолтыг иргэд, аж ахуйн нэгжид гарган өгч байна. Баталгаа болон тодорхойлолт гэсэн энэ баримт бичгүүд нь ялгаатайг дурдах нь зүйтэй. Товчдоо гэрээ хэлцэлдээ гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн асуудлаар аливаа зүйл, заалт тусгасан бизнес эрхлэгчид баталгаа гаргуулан авах замаар өөрийн гэм буруугүйг нотлох, гэрчлүүлэх бол ийм төрлийн заалтыг гэрээндээ тусгаагүй бизнес эрхлэгч тодорхойлолт гаргуулах зохицуулалттай юм.

-Улсын онцгой комиссын зүгээс хоорондоо зохиц, түрээслэгч-түрээслүүлэгч, төр-хувийн хэвшил нь хоорондоо уян хатан байх талаас нь ярилц гэсэн зөвлөмж гаргажээ?

-Гэрээ, хэлцлээрээ хариуцлагаас чөлөөлөх талаар тохиролцсон бол тухайн хүрээндээ шийдэх нь зөв. Гэрээ, хэлцэлдээ энэ төрлийн зүйл заалтыг хангалттай оруулаагүй, тооцоолоогүй бол гэрээгээ өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах, үүргээ гүйцэтгэх хугацааг хойшлуулах зэрэг өөрт тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдвэл боломжтой байгаад байгаа талаараа хүсэлтээ албан ёсоор гаргах нь зөв байх. Төр, засгийн зүгээс түрээслүүлэгч, зээлдүүлэгч нь эдгээр хүсэлтүүдийг хүлээн авснаар эдлэх татварын болон бусад эдийн засгийн хөнгөлөлт, чөлөөлтийг хуулиар бий болгох нь зүйтэй. Ингэж суурийг нь бэлдээгүй нөхцөл байдалд харилцан зөвшилц, энэ зөвлөмжтэй санал нийлэхэд бэрх харагдаж байна. Талуудын байгуулсан гэрээ, хэлцэлд шууд нөлөөлөх замаар нөлөөлөх асуудлын хувьд дэмждэггүй, учир нь одоо байгаа сонгож авсан хууль, эрх зүйн тогтолцоондоо харшлах болов уу.

-Ийм онцгой дэглэмийн хувьд хувь хүн болоод компани, аж ахуйн нэгжид гарсан санхүүгийн алдагдлыг нөхөх, олговор олгох тийм хуулийн заалт бий юү?

-Одоогоор ийм хуулийн заалт байхгүй гэж харж байна. Гамшиг гэсэн ойлголтын хүрээнд халдварт өвчин тархсанаас хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг хуулиар тодорхойлж өгсөн. Өөрөөр хэлбэл, хохирол үзүүлж байгаа хүчин зүйлийг гамшиг гэж тодорхойлоод байна. Өнөөдрийн байдлаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдсан. Тус хуульд санхүүгийн алдагдлыг шууд нөхөх, олговор олгохтой холбоотой шууд зохицуулалт байхгүй. Харин гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг хуулийн этгээдэд нөхөн олгохыг бол зөвшөөрсөн байдаг.

-Азийн зарим орон коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор хөл хорионд орсон иргэдээ санхүүгийн хувьд дэмжиж, нийтэд нь тэтгэмж олгож байгаа гэж дууллаа?

-Ухань хот бол миний өөрийн нэлээдгүй хугацаанд амьдарч байсан газар юм. Ийм учраас Хятадын зүгээс эдийн засагтаа авч байгаа арга хэмжээг сонирхож, санаа тавьж ажиглаж байна. Миний ойлгож байгаагаар Хятад улс бүс бүсээрээ ялгаатай бодлого хэрэгжүүлэх замаар эдийн засгийг дэмжиж ажиллаж байна. Бээжин, Шанхай бусад мужууд өөр өөрийн тулгамдсан асуудлаа шийдэж байна. Нийтлэг байдлаар ажиглавал үйлдвэр, үйлчилгээ зогссон учир ажилчдын цалин хөлсний асуудал ургаж гарч ирлээ. Энэ асуудлын хүрээнд ажил олгогчийн зүгээс ажилгүйдлийн даатгалын санд төвлөрүүлсэн шимтгэлийн мөнгөн хөрөнгийн өмнөх оны тодорхой хувийг эргүүлэн олгох, нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хойшлуулах зэрэг бодитой алхам хийгдэж байгаа мэдээлэл байна. Шанхай хот гэхэд тус хэмжээг 50 хувь тогтоож өгсөн бөгөөд нийт 14 мянган аж ахуйн нэгж нийт 2.6 тэрбум юанийг Ажилгүйдлийн даатгалын сангаас сул зогсолтын үеийн олговорт зориулан буцааж авах талаар мэдээлэл гарсан байна. Мөн Шанхай хотын Сайн дурын даатгуулагчид нөхцөл байдал арилсны дараа сайн дурын даатгалын шимтгэлийг аливаа торгуульгүйгээр нөхөж төлөх боломжийг олгосон байна. Түрээсийн төлбөрийн хувьд төрийн өмчлөлийн эд хөрөнгийг түрээсэлж байгаа нөхцөлд тодорхой хөнгөлөлтийг эдлүүлэхээр шийдвэр гаргасан байна. Харин хувийн хэвшлийн түрээслүүлэгчдийн хувьд уриалга хүргүүлж татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх чиглэлтэй байх шиг байна.

Зээлийн эргэн төлөлтийн хувьд улс орнууд фонд үүсгэх, тус фондоос бага хүүтэй зээлийг зээлийн эргэн төлөлтийн тасалдлын эрсдэлийг хаах үүднээс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгох зэрэг арга хэмжээг авч байгаа талаар нийтэд тавигдсан мэдээллүүд олон харагдаж байна.

Тухайлбал, Хонконгийн хувьд бага хүүтэй Засгийн газрын баталгаатай зээлийг жижиг, дунд бизнесүүдэд зээлийн тасалдлаас сэргийлж олгосон байна. Түүнчлэн 20 мянган америк долларын орлого хүртэл татвар ногдох орлоготой бизнесийг ашгийн татвараас 100 хувь чөлөөлж 18 наснаас дээших байнгын оршин суугчдадаа 10,000 долларыг бэлнээр тэтгэмж хэлбэрээр олгосон байна.

Манай улсын хувьд ч хэд хэдэн арга хэмжээг авч байна гэж ойлгож байна. Цааш нь нөхцөл байдлаас хамааруулан нэмэлт арга хэмжээ авах байх. Түрээслүүлэгчдийн хувьд түрээсийн төлбөрийн хөнгөлөлт, хойшлуулалтыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй нэг удаа уяж өгөх нь түрээсийн төлбөрийг хойшлуулах, бууруулах үндэслэл байх болов уу. Өмнө хэлсэнчлэн бусад орон зээлийн фонд үүсгэх түүнээс бага хүүтэй зээлийг зээлийн эргэн төлөлтийн эрсдэлийг даван туулахад туслах зорилгоор олгож байна. Үүнтэй адил арга хэрэглэж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ зээл өгөх мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн яаж бүрдүүлэх нь өөрөө эдийн засагтаа ямар нөлөө үзүүлэхийг анхаарах нь чухал учир эдгээр тогтсон суурь нөхцөлүүдийг анхаарч байж сая хуулиар зохицуулалт хийхгүй бол хүндээ үйлчилсэн, хэрэгцээтэй, эдийн засагтаа үйлчилсэн амьд хууль байж чадахгүй болов уу гэсэн бодол байдаг юм.

-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид гэлтгүй олон иргэн, аж ахуйн нэгж дампуурчихлаа гэж халаглаж байна. Хэрвээ энэ үеэр тэдгээр аж ахуйн нэгж дампуурвал, банкны өрөнд орвол хохирлоо хэнээр барагдуулах вэ. Ийм нөхцөлд үйлчлэх хуулийн заалт бий юү?

-Хохирлыг барагдуулах эзэн бие хуульд тодорхойлсноор байхгүй болов уу. Буруутай этгээд л хохирлыг барагдуулах нь зарчим шүү дээ. Иймд хохирол, алдагдал хаанаас үүсэв, хэн хэнд үүсэв гэдэг асуудал хөндөгдөх болов уу гэж харж байна. Үүсээд байгаа өвчнийг цар тахал, гамшиг гэж үзэж байгаа нь хэн нэгнээс шалтгаалсан гэж үзэхээс илүүтэй гэнэтийн давагдашгүй нөхцөлөөс улбаатай гэж ойлгож болно. Иймд аль аль талдаа бурууг өгөхөөс илүүтэй хамтын оролцооны зарчмаар эрсдэлээ даван туулах нь зүйтэй. Түрээслүүлэгч, зээлдүүлэгчдээс нэгэнт үүсээгүй учир дан ганц зээлдэгч, түрээслэгч хохироод байна гэж харж болохгүй байх. Бүх л түвшиндээ эрсдэл амсаж байна. Тухайлбал, зээлийн эргэн төлөлтийг төлөхгүй байснаар банк, санхүүгийн байгууллагын хэвийн ажиллагаанд сөрөг нөлөө үүснэ. Санхүүгийн байгууллага бол миний ойлгож байгаагаар зуучлалын үйл ажиллагаа хийж байна. Хадгаламж эзэмшигчийн мөнгийг зээл болгож гаргахад зуучлалын үйл ажиллагааны олон техник ажиллагааны зардлыг шингээхээс өөр аргагүй. Зээл хэвийн ангиллаас уруудах, чанаргүй ангилалд орох нь банкны өөрийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж цаашлаад дамжаад бусад сөрөг нөлөөллийг үзүүлэхийг үгүйсгэхгүй. Энэ нөхцөлд жишээлбэл банкинд заавал байх нөөц хөрөнгийн хэмжээг бууруулахгүйгээр зах зээлийн хүүгээ буулга, эргэн төлөлтийг хойшлуул гэж хэлэх нь эрсдэлийг арилгаж чадах уу гэдгийг нөгөө талаасаа бодолцох нь зөв байх. Түрээсийн төлбөрөөс чөлөөлөх асуудлын цаана бизнесийн зээлтэй түрээслүүлэгч бий эсэхийг тодруулах зэргээр асуудлаа давхар харах, улмаар хууль эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй болов уу.

Эцэстээ бизнесийн тогтворгүй байдал нь жижиг, дунд бизнес, банк, санхүүгийн байгууллагын хоорондын тогтворгүй байдлаас улбаалан төсөвт ирэх татвар багасгаж төр, хувийн хэвшил, олон нийт улсаараа аль аль нь хохирох болов уу. Нэг улсын хувьд эдийн засгийн үзүүлэлтийг ярьж байгаа гэж харж зээлдэгч-зээлдүүлэгч, түрээслүүлэгч-түрээслэгч гэсэн асуудлаас өргөн хүрээнд эдийн засагтаа үүсээд байгаа асуудлыг цогцоор нь харах, зээлдүүлэгч, түрээслүүлэгчдэд ирэх нөлөөлөл, тэдгээрийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг адил тэнцүү хамгаалж бүгд хожих, богино хугацаанд хүндрэлийг туулах талаасаа харах, эдийн засгийн өөрийн хууль дүрмийг дэмжсэн шийдлийг тодорхойлж түүндээ хууль, эрх зүйн орчноо нийцүүлж ажиллах нь зөв болов уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *