Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Асылбек: Хөг аялгуу амархан зохицдог

Морин хуур, домбор хоршсон тоглолт тун удахгүй тавигдахаар болжээ. Энэ талаар Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын дарга Б.Асылбектэй ярилцлаа.


-Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын онцлогоос яриагаа эхлэх үү?

-Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театр казах үндэстний оркестр юм. Домборын чуулга оркестр гэж хэлж болно.

-Танай театрын түүхээс сонирхвол сонин байх?

-Манай оркестрын 60 жилийн ой энэ онд тохиож байгаа. Театр маань 63 жилийн түүхтэй. 1959 онд казах үндэстний оркестр байгуулагдаж 60 жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан. Монголынхоо соёл урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн гэж би хувьдаа боддог.

-Ойгоо тохиолдуулаад домбор, морин хуур хосолсон тоглолтыг тавихаар зорьжээ дээ?

-Монгол Улсад монгол, казах гэсэн хоёр л үндэстэн амьдардаг шүү дээ. Энэ хоёр үндэстний хөгжим түүхэндээ нийлж үзээгүй юм байна. Тэгэхээр үүнийг нийлүүлэх нь соёлын биет бус өвийг олон нийтэд таниулах томоохон ач холбогдолтой. Хоёр үндэстний эв эеийг дуулахад хөгжим гэдэг хэл шаардахгүй сайхан урлаг. Тиймээс би энэ хоёр оркестрыг нийлүүлье гэдэг санаагаа хэрэгжүүлээд ажил хэрэг болгохоор зорьж явна.

-Яагаад домбор, морин хуурыг хослуулан тоглолт тавихаар болов?

-Манай урын санд монгол болон дэлхийн сонгодог бүтээлүүд цөм бий. Бид дан үндэсний ая хөгжмөө тоглоод байхгүй шүү дээ. Дэлхийн бүхий л чиг урсгалын хөгжмийг тоглоно. Түүнийгээ олон түмэнд хүргэх хэрэгтэй. Морин хуур маань хоёр чавхдастай. Түүнтэй ижил домбор бас хоёр чавхдастай. Хоёулаа нүүдэлчин эсгий туургатан ард түмэн. Чингис хаанаасаа эхлээд Хэрэйдийн Тоорил ван гээд өвөг дээдэс маань хамт амьдраад ирсэн түүхтэй. Энэ түүхийн эв нэгдлийг харуулах гол зүйл нь бидний үндэсний хөгжмийн нэгдэл.

-Тоглолт хэзээ, хаана болох вэ?

-Энэ сарын 25-26-нд Монгол Улсын филармонид 19:00 цагт тоглогдоно. Одоо маркетинг мэдээлэл, борлуулалтын ажлуудаа хийж байна. Тасалбарыг Тicket.mn сайтаас захиалан үнэгүй хүргүүлэн авах боломжтой.

-Хоёр хөгжмийн нийлэмж хэр вэ?

-Нийлэхгүй хөгжим гэж байдаггүй. Бид Турк үндэсний хөгжмийг авч ирээд морин хууртайгаа нийлүүлж тоглож болно. Яагаад гэвэл хөгжим долоон нотонд багтдаг. Тэр хөгөн дээрээ бүгд нийлэх боломжтой. Би 2014 онд энэ хоёр хөгжмийг хэр нийлэмжтэй сонсогдох эсэхийг туршиж үзсэн юм. Ана туралы жыр гэдэг казахын ээжийн тухай дууг морин хуураар тоглуулсан. Энэ дууг монголчууд сайн мэддэг. “Жалам хар”-ыг домбороор тоглуулсан. Тэгэхэд нийлэмжтэй, маш сайхан тохирсон. Түүнийгээ клипжүүлээд, Youtube.com-д байршуулсан.

-Мэдээж анхных гэдэг утгаараа хүмүүст сонин санагдаж байгаа байх. Сөрөг мессэжүүд хэр ирж байна?

-Анхных болохоор алдаа дутагдал гарах л байх. Гэхдээ би залуу хүн. Бид хийхээр зорьсон. Тийм болохоор ямар ч байсан ард нь гарна. Мэдээж бас сөрөг зүйлүүд ирж байна. Морин хуурандаа дарагдахгүй юу, энэ хоёр нийлэхээр заваан сонсогдохгүй юу, муухай гэх мэтээр янз бүрээр л хүлээж авч байна. Гэхдээ мянга сонсохоор нэг үз гэж үг байдаг даа. Тиймээс ирээд л үз. Хүн нийлэхээс илүү хөг аялгуу амархан зохицдог юм шүү.

-Клип хийснээс хойш хэд хэдэн газар тоглолт хийжээ. Хүмүүс хэр хүлээж авч байв?

-Эхний клип гарснаас хойш маш олон Элчин сайдын яаманд урилгаар очиж тоглосон. Хоёр хөгжимчин маань гадаад, дотоодын олон орны арга хэмжээнд тоглолтоор явсан. Сонсож үзсэн хүмүүс бол сэтгэгдэл өндөр л байдаг.

-Тоглолтын хөтөлбөрийн талаар ярихгүй юу. Дан ая байх уу?

-Дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүдийг тоглоно. Дан ая гэхээр үзэгчид уйдна. Тиймээс дуу, бүжиг гээд үзүүлбэрүүд байгаа. Дан морин хуур, домбор гэхгүй бас казахын цоор, шаазан хуур зэрэг хөгжмийг тоглоно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *