Categories
мэдээ цаг-үе

Б.Ариунболд: Иргэдээ мөнгөжүүлмээр байна

“COVID-19” халдварын тархалттай холбоотойгоор манай орны эдийн засаг, тухайлбал бизнесийн хэвшлийн байгууллагууд ихээхэн хүндрэл, сорилттой тулгарч байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор АН-ны ГУУГТ-ны бодлогын зөвлөлийн гишүүн Б.Ариунболдтой ярилцлаа.


-Коронавирусийн тархалттай уялдан дэлхий нийт өмнө нь болж байгаагүй цоо шинэ нөхцөл байдалтай учирлаа. Засгийн газар, ард иргэд бүгд л шинэ төрлийн халдварын эсрэг тэмцэж байна. Энэ талаарх сэтгэгдэлээ хуваалцана уу?

-Манай эрүүл мэндийн байгууллагууд, олон түмнийхээ дэмжлэгтэйгээр халдварыг нэмж тархаахгүй байх чиглэлд ДЭМБ-ын заавар зөвлөгөөний дагуу ажиллаж байна. Иргэдийн маань эрүүл мэнд, амь нас хамгийн чухалд эрэмбэлэгдэх хэдий ч дүйвээнээр нь тэдний амь зуулга, олдог хэдээс нь бүр салгамааргүй байна. Ер нь сүүлийн 3,4 сар бизнесийн итгэлийн индекс суларч, иргэдийн худалдан авалт ихээр муудлаа. Шилжилт хөдөлгөөний хорио тавигдаж, ихэнх бизнесийн байгууллагууд ажиллаж эхэлсэн хэдий ч иргэдийн бараа бүтээгдэхүүн худалдан авах идэвх эрс суларч, зөвхөн нэн шаардлагатай хүнс барааны худалдан авалт хэвийн үргэлжилж, бусад нь царцаж эхэллээ. Нэг зүйл тодорхой нь хэрэв халдвар эмнэлгээс гадагш алдагдлаа гэж үзвэл бүх байгууллага, компаниудын үйл ажиллагааг зогсоож, гэрийн хорионд иргэдээ оруулах нь зайлшгүй. Өөрөөр хэлбэл, манай аж ахуйн нэгж, байгууллагууд ирээдүйгээ удирдах төлөвлөх боломжгүй, хэзээ ч хаагдаж магад нөгөө тулалдааны өмнөх нам гүм гэдэг шиг орчинд амьдарч, вирус тархалт нь хурдан зогсоосой гэж залбираад л байж байна. Цар тахал хэрхэн бусад улс орнуудад тархаж байгаагаа бид өдөр бүр харж байна. Хүн бүр бусад улс орнуудад өрнөж байгаа үйл явц манай улсад ямар нөлөө үзүүлэх болгэдгийг тооцоолж байгаа байх. Энэ цаг үед Засгийн газраас хэрэгжүүлэхээр танилцуулагдсан эдийн засгаа хамгаалах, идэвхижүүлэх бодлогод үнэндээ сэтгэл дундуур байна.

-Тэгээд таны бодлоор яаж ажиллах ёстой гэж?

-Юуны түрүүн нөхцөл байдал маш хурдтай өөрчлөгдөж байна. Дэлхийн ертөнц маш том хямралтай туллаа гэдэгтэй бүхий л томоохон эрдэмтэд, судалгааны байгууллагууд санал нэгдэж байна. Мах, талхаа өөрсдөө хийдэг юм чинь бид алзахгүй ээ гээд зурагтаа хараад л суугаад байх уу. Харамсалтай нь манай эдийн засаг томрохын хэрээр бид энэ глобалчлал, энэ өртгийн гинжин хэлхээний нэг хэсэг нь болчихоод байна. Ганц экспортын орлогын эх үүсвэр болж төсөвт валют оруулж ирдэг уул уурхайн салбарын маань бүтээгдэхүүнүүдийн үнэ байнга уруудаж байгааг бид харж байна. Хэдийгээр Хятадын үйлдвэрлэл сэргэж байгаа гэж байгаа боловч зэс, гангаар хийсэн бүтээгдэхүүний үндсэн хэрэглэгчид болох өндөр хөгжилтэй орнуудын үйлдвэрлэл үндсэндээ тэг зогсолт хийчихээр хэн худалдаж авах билээ дээ. Өөрөөр хэлбэл, эцсийн бүтээгдэхүүний эрэлт тал үндсэндээ байхгүй болохоор эрдэс түүхий эдийн эрэлт дагаад л буурах нь зайлшгүй. Тэгэхээр бодит үнэнтэй нийцэхгүй, өөдрөг төсөөллөөр хийсэн төсөвийн орлоготой 2020 төсөвөөр улс орныг авч явах нь зохимжгүй. Хувьсан өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалтай уялдан төсөвт тодотгол хийх зайлшгүй шаадлагатай байна.

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвт тодотгол хийхгүй, хэрэв зардлаа танавал эдийн засаг борцлогдоно гээд байгаа шүү дээ?

-Харин тэгж хэлээд, бүх тендерээ 5 сараас өмнө, тодруулж хэлбэл сонгуулиас өмнө зарлаад, тодруулах гээд л яваад байна. Би үүнийг сонгуулийн зардлаа босгох гээд, өөрийн намын гишүүддээ амжиж тендерээ өгөх гээд улайраад байна гэж хардаж байна. Одоо жаахан улсаа бодмоор байна. Манай улс багахан зүйлс өөрсдөө үйлдвэрлэж, ихэнхийг нь гаднаас оруулж ирдэг импортын хэт хамааралтай орон шүү дээ. Гаднаас орж ирдэг валютын орлого эрс муудлаа. Орлогогүй төсвийн зарлага хэвээр үргэлжлэхээр бүх мөнгө маань доллар болоод л гадагш гарна шүү дээ. Та бүхэн төгрөгтэй харьцах ам.долларын ханшийг ажиглавал зугуйхан байнгын өсөлттэй байгааг харж л байгаа. Одоо тендерийн ам долларын худалдан авалт эхлээгүй байна. Уг нь эдийн засгийн хуулиараа ам долларын эрэлт бага үед ханш өсөх учиргүй. Энд өөр хүчин зүйл үйлчилж байна. Төгрөг маань доллар болж хувираад байна. Одоо баахан тендерийн ам долларын худалдан авалт эхэлнэ. Монголбанк ямар ч байсан сонгууль дуустал ханшийг барихын тулд зах зээл рүү байгаа доллараа оруулна. Сонгууль болдогоороо болно. Тэгээд яах вэ? Америк долларын ханшийн зөрүүнээс үүдэлтэй инфляци гаарч төгрөгийн худалдан авах чадварыг сулруулж, иргэдийн амьжиргаанд том цохилт бий болох вий гэдгээс ихээхэн санаа зовинож байна.

Миний хувьд бизнесийн салбарт олон жил ажиллаж байна. Төрийн өмчит компанид ч удирдах албан тушаалд ажиллаж байлаа. Миний эргэн тойронд байгаа, бизнесийн салбарт хүчээ сорьж байгаа найз нөхөд хэрхэн энэ ирж байгаа хямралд бизнесээ авч үлдэх, амьд үлдэх талаар санаа зовинож, санал бодлоо солилцож байна. Ялангуяа өнгөрсөн хугацаанд өөрсдийн бэлтгэсэн ажилчдаа цомхотгохгүйгээр тэсч үлдэх вэ гэдэгт толгойгоо гашилгаж байна. Том зургаар харвал компаниуд ажилчдаа ажилгүйчүүдийн эгнээнд нэгдүүлэх эсэхээ шийдэж ядан, зарим нь ч аргагүйн эрхэнд ажилчдаа амраах, цомхотгох зэргээр зардлаа багасгах алхамуудыг хийж байна. Засгийн газраас нийгмийн даатгалын шимтгэлээс хөнгөлөх, зээлийн хүүг тодорхой хугацаанд хойшлуулах гэх мэт арга хэмжээ авч эхэлж байгаа боловч орлого байхгүй бол хэдий хүсэл байвч яаж ч чадахгүй шүү дээ.

-Хүнээ дээдэлдэг төртэй байна гээд л их ярьдаг. Ажилгүйдэл нэмэгдвэл их л олон сөрөг үр дагавар нийгэмд учрах нь зайлшгүй. Тэгэхээр өрхийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх асуудал яригдах байх?

-Хямралын үед улс орнуудын авч хэрэгжүүлсэн туршлагаас харахад нийт иргэдээ мөнгөжүүлэх, орлоготой байлгах талаар төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг, эргээд хэрэглэгчид нь бизнес эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч цикл үүсгэдэг зүй тогтолтой. Энэ үед Засгийн газар хөдөлмөр зарцуулалт ихтэй эдийн засгийн салбаруудыг сангийн бодлогоор дэмжин аль болох олон ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулж орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг. Бид яаж ажиллах вэ? Жишээ нь, замын салбар байна. Дарханы зам гээд баригдаж дуусдаггүй зам байна. Одоо яаралтай нийт Монголын замын компаниудыг цуглуулж хэсэгчилж өгөөд хяналт, шаардлагыг нь тавиад ажиллуулж эхлүүлмээр байна. Өнгөрсөн хугацаанд тендерт шалгарсан компаниуд нь замаа хугацаанд нь барьж чадахгүй юм байна гэдэг нь тодорхой боллоо шүү дээ. Нөгөө талаар улс орон даяар “Ойжуулах аян”ч гэж нэрлэнэ үү, бүх нийтийн мод тарих хөдөлгөөн өрнүүлмээр байна. Одоо дөрөвдүгээр сарын 15-наас мод тарих улирал эхэлнэ. Манай Хан-Уул дүүрэг гэхэд л Богд уулын хормой, Туул голын ай сав газар, хороолол, замуудын хооронд гээд мод тарьж ногооруулах боломжтой үй олон талбай байна. Гэр хорооллын айл өрхүүдэд мод тарих хөдөлгөөн өрнүүлэх шаардлагатай байна. Энэ хямралын үед өндөр хөгжилтэй зарим орнууд худалдан авалтыг дэмжих зорилгоор бэлэн мөнгө тараахаар төлөвлөж байна. Тэдэнтэй адил бэлэн мөнгө тараа гэж байгаа юм биш, хотоо, хүрээлэн буй орчиндоо ногоон байгууламж байгуулж, гоё сайхан болгосныхоо төлөө иргэдээ урамшуулж, орлоготой болгомоор байна. Гэр хорооллын иргэдэд хашаандаа мод, бут тарьсны төлөө өнгө төдий урамшуулал өгөх бус, бодитой сэжим түлхэц болохуйц урамшууллыг өгч чадвал иргэд ч идэвхтэй оролцоно, хот маань ногоон, эрүүл болно. Энэ мөнгийг төсөвтөө тодотгол хийж, тэвчиж болох зардлуудаа бууруулснаар гарах хэмнэлтээр санхүүжүүлж болно. Энэ мэт ядуурлыг бууруулах, айл өрхийг ажил орлоготой болгоход дэмжлэг өгөх ажлуудыг төрөөс санаачлан зохион байгуулмаар байна. Гэтэл яг эсрэгээр талбайн урд талын цэцэрлэгийг нурааж, усан оргилуур барина гэж ч байх шиг. Үүнийхээ оронд Богд уулын “Дугуй цагаан” луу иргэд олноороо алхдаг урд амралтын газрын жимийг менежмэнтээр засч сайжруулж хамгаалалттай жим гаргаж, тэмдэг тэмдэглэгээ хийж, хогийн сав зэргийг байршуулж амралтын цогцолбор барих боломжтой л харагдаж байна.

-Цар тахал маш эрчимтэй тархаж байна. Энэ хэвээрээ үргэлжилбэл манай оронд үзүүлэх нөлөөлөл илүү хор хөнөөлтэй болох байх. Таны бодол?

-Бид манай улс энэ халдварт өвчнийг тогтоон бариад бусад улс орны халдварын тархалт энэ хэвээр үргэлж байгаа нөхцөлд гэсэн кэйс дээр ярьж байна. Хэрэв цар тахал хүн амд тархвал ойлгомжтой бид иргэдээ хэрхэн амин чухал хоол хүнсээр хангах вэ гэдэг асуудал л ярих байх. Бусад нь цаашаа болох биз. Ийм юм болохгүй гэж найдаж байна.

Цар тахлын эсрэг вакцин гарч байж энэ уршигт өвчин зогсох байх. Вакцин гараад, хэрэглээнд очтол хамгийн багадаа нэг жил болно гээд байгаа. Улс орнуудын үйлдвэрлэл эргэн сэргэж 2019 оны түвшиндээ очтол дор хаяж 6 сар болох болов уу. Ингээд үзэхээр 2022 оноос дэлхий нийтийн эдийн засаг, бизнес хэвийн үйл ажиллагаандаа шилжих дүр зураг харагдаж байна. Тэгэлээр Засгийн газар сонгууль болтол биш бүр 2022 он хүртэл эдийн засагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө боловсруулан үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллах шаадлагатай байна. Макро түвшиндээ төсвийн болон мөнгөний бодлогоороо дамжуулан эдийн засаг, бизнест үүсэх эрсдэлийг бууруулах бүрэн боломжтой. Сэргийлэх гэж хэлээгүй шүү, ядахдаа уналтыг зөөлрүүлэх гэдэг талаас нь ярьж байна.

-Өнөөдөр Ардчилсан намын 30 жилийн ой болж байна. Та Монголд ардчилсан хувьсгалд анхнаас нь оролцож байсан хүний хувьд өнөөгийн ардчиллын талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

-Юуны өмнө ардчилсан хувьсгал, түүний үр дүнгээр бий болсон Ардчилсан намын 30 жилийн түүхийг хамтдаа бүтээлцсэн журмын нөхдөдөө ойн баярын мэнд хүргэж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өнгөрсөн хугацаанд бид бүхэн ардчиллыг шинээр бүтээх үйл хэрэгт олон сорилт, хүндрэлтэй тулгарч, алдаа оноотой даван туулсаар өнөөг хүрлээ. Гэсэн хэдий ч монголчууд хэзээ ч ардчиллаас ухралгүй, ардчиллыг үнэт зүйлсийг өөрсдийн итгэл үнэмшил болгон төлөвшүүлж чадсаныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй байх. Ардчилал бол нийт иргэн бүрийн үнэт зүйлс юм. Хүн бүр хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломжийг дэмжсэн эрх чөлөөтэй, түүнийгээ дагасан хариуцлагатай нийгмийн төлөөх ардчилал маань сүүлийн жилүүдэд бүдгэрч хатуу диктатуртай нийгмийг хүсэмжлэх, зах зээлд төрийн оролцоог нэмэгдүүлэх, тэгш эрхийн зарчим алдагдах зэрэг сөрөг үр дагавартай нүүр тулах боллоо. Өнөөдөр ардчиллын ололтыг улам батжуулан бэхжүүлж, урагш ахиулахын тулд эрс шинэчлэлийг хийх нийгмийн шаардлага бий болж байна. Үүнийг ардчиллын үнэт зүйлс, эрх чөлөөг эрхэмлэгч олон түмнийхээ хүсэл зорилго, чармайлтын хамтаар гүйцэтгэж чадна гэдэгт итгэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *