Categories
мэдээ цаг-үе

Б.Анхзул: Балетыг бүх бие, сэтгэхүй, тархиараа бүжиглэдэг

Энэ сарын 20-22-ны өдрүүдөд Токио хотноо болж өнгөрсөн “The World Ballet Trial” олон улсын балетын уралдаанд амжилттай оролцож хүрэл медалийн эзэн болсон 11 настай Б.Анхзул охинтой уулзаж ярилцлаа. Түүнийг Монголын сонгодог урлагийн төлөөлөл болох авьяастан хэмээн мэргэжилтнүүд өндрөөр үнэлж байна.


-Олон улсын нэр хүндтэй балетын уралдаан болох “The World Ballet Trial” (To­kyo stage-2)” уралдаанд амжилттай оролцсон байна, баяр хүргэе. Сайн яваад ирсэн үү?

-Баярлалаа. Энэ сарын 21-23-ны өдрүүдэд Токио хотноо зохион байгуулагдсан Олон улсын балетын уралдаан “The World Ballet Trial” тэмцээний 10-13 насны ангилалд амжилттай оролцоод эх орондоо ирлээ. Хамгийн түрүүнд намайг энэхүү амжилтанд хүрэхэд маш их хичээл зүтгэл гаргаж бэлтгэж, зааж зөвлөсөн МУУГЗ Н.Энхтуяа болон “Монголын Үндэсний Балетын сургууль”-ийн багш МУГЖ Д.Алтанхуяг, Б.Батболд, Ц.Жаргалан, С.Ганбат багш нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мундаг гайхалтай багш нарынхаа үргэлжлэл хойч үе нь болж байгаадаа их баяртай байна.

-Уралдааны хамгийн хүчтэй өрсөлдөгчид ямар улсын балетчид байв. Хэдэн хүүхэдтэй өрсөлдөж, хүрэл медалийн эзэн болов?

-Хятад, Сингапур, Япон, БНСУ-ын нийт 120 гаруй хүүхэд оролцсон. Би бага насны хүүхдийн ангилалд 36 хүүхэдтэй өрсөлдөөд хүрэл медалийн эзэн болсон. Мөн дээр нь Бүгд Найрамдах Солонгос Улсад суралцах эрхийн бичгээр шагнуулсан. Ийм өндөр амжилт гаргаж чадсандаа үнэхээр их баяртай байна. Энэ тэмцээнд “Нойрсож буй гүнж”-ийн хөх шувууны гурван акт бүжгээр бусад хүүхдүүдтэй өрсөлдсөн.

-Олон улсын тэмцээнд ямар шалгуураар тэнцэж оролцсон бэ?

-Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны ивээл дор МУГЖ Д. Алтанхуягийн нэрэмжит балетын анхдугаар их наадам “Монголын үндэсний балет”-улсын уралдааны 9-11 насны (junior) ангилалд тэргүүн байр эзэлсэн. Ингээд “The World Ballet Trial” олон улсын балетын уралдаанд оролцох эрхийн бичиг авсан юм.

-Олон улсын ийм томоохон тэмцээнд оролцоход хэцүү байв уу. Хөл нь өвдсөн үү?

-Хэлний хувьд сайн ойлголцож чадахгүй бэрхшээлтэй байлаа. Монголын үндэсний балетын сургуулийн Японд суудаг Б.Батболд багш их туслалцаа дэмжлэг үзүүлсэн. Миний бэлтгэл хийх заалыг бэлдэж өгч, яаж бүжиглэх талаар зааж зөвлөж, бүхий л зүйл дээр гүн туслалцаа үзүүлсэн багшдаа маш их баярласан. Тэмцээнд орохын өмнөх өдөр нь бэлтгэл хийгээд хөл цэврүүтэж бүжиглэхэд хөл өвдөөд их сандарсан. Маргааш нь тэмцээн дээрээ юу ч болоогүй юм шиг бүжиглэж чадсан. Яагаад гэхээр Н.Энхтуяа багшийнхаа хэлсэн “Маш их зоригтой итгэлтэй байгаарай, алдсан ч алдаагүй юм шиг маш тайван байх хэрэгтэй шүү” гэсэн зөвлөгөөг бодоод бүжиглэсэн дээ.

-Шагнал гардаж авч байсан үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Гүнзгий амьсгалаад аймаар догдлоод л нүднээс нулимс гараад л ээж аав багш нар маань нүдэнд харагдаад л их гайхаж, сандарч, баярласан. Дашрамд хэлэхэд энэ амжилтыг гаргахад маш олон зүйл надад нөлөөлсөн. Нэгдүгээрт, олон мундаг авьяастай багш нар бүхий л үед намайг дэмжиж өгдөг. Монголын үндэсний балетын сургуулийн найзуудын маань намайг явахад хэлж байсан урам зориг оруулах олон сургамжит үг маш их хүч өгсөн. Хоёрдугаарт, миний бүхий л хүсэл сонирхлыг дэмждэг, намайг өсгөж хүмүүжүүлж өдий зэрэгтэй өсгөсөн аав, ээжийн ач гэж бодож байна. Та нартаа маш их хайртай шүү.

Хэзээнээс балетаар хичээллэж эхэлсэн бэ?

-Анх зургаан настайдаа сонирхогчийн үүднээс “Шелкунчик” балетын сургуульд сурч эхэлсэн. Балетын урлагийн үндэс суурийг Номин-Эрдэнэ багш тавьж өгсөн. Багшийнхаа удирдлага дор гурван жил суралцсан. Балетын урлагийг үндэслэгч П.И.Чайковскийн “Цөмөөхэй” бүжгэн жүжиг анх удаа 2014 онд Монголд тоглогдож байна. “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин МУГЖ Д.Алтанхуягийн найруулан тавьсан энэ алдарт бүжгэн жүжигт мэргэжлийн сургуулийн бус 300 гаруй хүүхдээс шалгарч гол дүрд тоглосон. Амжилттай тоглоод МУГЖ Алтанхуяг багшийн нэрэмжит Монголын Үндэсний Балетын сургуульд үнэгүй суралцах эрхээр шагнуулсан. Одоо тэндээ суралцаж байгаа.

-Балетын урлагт хөл тавихад нөлөөлсөн хүчин зүйл юу байсан бэ?

-Би багын бүжиг бүжиглэх дуртай байв. “Шелкунчик” төгөлдөр хуурын сургуульд сурдаг байхад хажуу ангид балетын анги хичээлдэг байсан юм. Бүжигчин охидыг харж балетаар хичээллэх хүсэлтэй болсон. Гэр бүлийнхэн маань намайг энэ урлагт оруулсан. Мөн балетын урлагаар хичээллэхэд намайг маш сайн дэмжиж өгдөг.

-Балетаар хичээллэхэд ямар шалгуурууд байдаг вэ?

-Би мэргэжлийн балетчин биш суралцагч. Гэхдээ балетчин болохын тулд сонсгол, нуруу, царай, биеийн галбир, сунгалт, бүжгийн эвсэл зэрэг маш олон шалгууртай. Энэ шалгуурт тэнцэхээс гадна балетын урлагт чин сэтгэлээсээ хайртай, зөвхөн энэ урлагийн төлөө амьсгалж, зүрх нь цохилж зүтгэдэг байх ёстой. Балетын урлаг бол цэл залуу насны урлаг юм. Балетыг бүх бие, сэтгэхүй, тархиараа бүжиглэдэг. Хөл цэврүүтэж өвдөх үе гарна, энэ бүхэнд асар их сэтгэлийн бэлтгэлтэй, хаттай байх шаардлагатай гэж боддог.

-Балетаар хичээллэдэг учраас зав багатай байдаг уу. Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Дугуй унах дуртай. Би ерөнхий боловсролын “Шинэ үе” дунд сургуулийн зургадугаар ангид суралцдаг. Өглөө хичээлдээ явчихаад хичээлээ тараад, үргэлжлүүлээд балетын хичээлдээ явдаг. Иймээс надад зав чөлөө маш бага. Заримдаа хичээлээсээ хоцрогдох тохиолдол гарна. Гэхдээ энэ бүхнээ амжуулаад амжилттай суралцахын төлөө зүтгэж байна.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Маш олон тэмцээнд оролцож өөрийгөө улам хөгжүүлж алдартай балетчин болно. Дахин өөрийн улс орон болон аав, ээжийнхээ нэрийг сайн сайхнаар гаргахын төлөө хичээж илүү сайн суралцана даа. Том том зорилгууд байгаа.

-Цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Танай сонины хамт олонд болон Монголын үндэсний балетын сургуулийнхандаа өндрөөс өндөр амжилт хүсье.

Н.ГАНЧИМЭГ

Б.ҮРЖИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *