Categories
мэдээ цаг-үе

Б.Алтанхуяг: “Тунгалаг тамир” Монголын анхны мэргэжлийн түвшинд бүтээгдсэн мюзикл

Анирстудийн захирал, хөгжмийн зохиолч Б.Алтанхуягтай ярилцлаа.

-“Тунгалаг тамирзохиолыг хүмүүс сайн мэднэ. Хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдорж агсан та хоёр хамтарч мюзикл болгосон гэсэн. Яаж мюзикл болгосон юм бол, хүмүүс сонирхох байх?

-Бид хоёр олон жилийн өмнөөс бие биенээ мэднэ. Би 2001 онд хойноос сургууль төгсч ирээд ажиллаж байх явцдаа багштай танилцаад, хамтарч уран бүтээл хийдэг байлаа. Багш “Хоёулаа томоохон бүтээл дээр ажиллая” гэдэг байсан. Өмнө нь өөрийнх нь концертуудыг бичиж аваад, ганц нэг дууны найруулга хийгээд явлаа. “Нутгийн чулуу”-г өөр маягаар хиймээр байна гэнэ. Дандаа шинийг санаачилж явдаг. Байгаа юмыг байгаагаар нь байлгахгүй шүү дээ. Заавал нэг юмтай холино. Би яагаад энэ хүнийг багшаа гэж хүндэтгэж явдаг гэхээр оюутан нь байгаагүй, гэхдээ багшаа гэж хүндэтгэхээс аргагүй. Надад маш их юм өгсөн хүн. Чиний алдаа энэ байна, оноо энэ байна гээд хэлдэг.

Ц.Нацагдорж агсан хөгжмийн зохиолчоос гадна маш олон хөгжмийн зохиолч бэлтгэсэн багш юм билээ?

-Маш олон хөгжмийн зохиолч бэлтгэж, бүтээлч болгож төлөвшүүлсэн хүн.Өөрөө симфони оркестроос авахуулаад хөгжмийн найруулга зүйг мэддэг, монгол маягаар сайн дуугаргадаг хүн л дээ. 2009 онд “Тунгалаг тамир”-аар мюзикл хийе гэсэн. Мюзикл гэдэг Монголд одоо орж ирж байгаа шинэ төрөл. Хүмүүс мюзикл гээд хийдэг л юм. Хэдэн дуу холбочихоод дундуур нь зохиолорхуу юм гүйлгэсэн мюзикл ч байдаг. Ийм биш ээ. Мюзикл жинхэнэ дуулаачийн уран чадвар шаардсан, шоу хэлбэртэй, хөгжимт драмаас эрс ялгаатай бүтээл байх ёстой гэж үзээд энэ мюзиклийг барьж авсан. Багш “Үүлэнзаяа”, “Өгөөдэй хаан”, “Гэсэр хаан”, “Гүн гэрийн гүнж” гээд олон дуурь бичсэн хүн шүү дээ. “Би энийг хийх ёстой. Надаас өөр хийх хүн байхгүй юм шиг байна” гэсэн. Мэргэжлийн хувьд анхны бүрэн хэмжээний мюзикл байгаа юм. Сэдвээ харж байгаад “Тунгалаг тамир”-ыг сонгож авсан юм. Яагаад гэсэн чинь “Чи бод доо, “Учиртай гурван толгой” гэдэг шиг Монголын анхны мюзикл “Тунгалаг тамир”. Яагаад болохгүй гэж. Зууны манлай роман, мундаг зохиол гээд санал нэгдлээ. Шууруулдаг хүн байна лээ. Харамсалтай нь гуравны хоёр хавьцаа хийгээд дуусгаж чадалгүй бурхан болчихсон. Бид ч харамсаад өнгөрлөө. 2010 онд өөд болсон шүү дээ. 2011 онд жаран насных нь ойгоор энэ мюзиклийг тавихаар шийдсэн юм. Яаж тавих вэ гэж ярьж байгаад Д.Төрбат цомнолыг нь бичсэн, эхнэртэй нь ярилцаад Д.Ганхуяг гэж гавьяат жүжигчин, найруулагчтай хамтрахаар болсон юм. “Сэлэм гялс толгой бөндгөс” гэдэг шүү дээ. Д.Ганхуяг өөрөө “Тунгалаг тамир”-т хүүхэд байхдаа тоглосон хүн. “Тунгалаг тамир бол миний ширээний ном, Библи гэдэг шиг миний байнга үздэг, ухаарал авдаг зохиол “ гэж Д.Ганхуяг ярьсан юм. Энэ хүн ерөнхий найруулагчаар нь ажилласан. Дуусгах болоход бүх юм миний толгойн дээр бууна шүү дээ. Ганцаараа дуусгачихъя гэж бодсонгүй. Шавь нараас нь оролцуулъя гээд Т.Сэр-Одоор нэг хэсгийг, Г.Түвшинтөрөөр нэг хэсгийг, Цэн.Эрдэнэбат гэж хөгжмийн зохиолчоор нэг хэсгийг нь, өөрөө гол гол хэсгүүдээ бариад, үлдэгдэл гуравны нэгийг нь гаргасан. Гэхдээ энд хөгжмийн зохиолч гэж нэрээ оролцуулсангүй, бүгд нэрээ татаад авчихсан. Дуурийн театрын найрал дууны ангийнхан эхлээд тоглосон. Мөнгө төгрөг муутай байлаа. Дуурийн театрт Б.Сэргэлэн дарга байсан. Н.Дашбямба гэж манай хоормейстер удирдаад сайхан тоглосон, болсон. Тэгээд л өнгөрсөн. Сая багшийн 65 насны ойгоор СУИС-ийн мюзик холлын ангийн оюутнууд тоглосон. Энэ удаа Ц.Батнайрамдал гээд СУИС-ийн багшийн найруулгаар хийсэн түүхтэй.

СУИСийн тавилт танд ямар санагдав?

-Би чадварын тухай ярихгүй. Оюутан бол чадлаараа л хичээсэн байгаа. Түрүүний удаа мэргэжлийн хүмүүс тоглосон. Аль болох олон хүн тоглож л байх хэрэгтэй. Найруулагчийн тавил хоёр өөр янз байсан. Эхний тавилтын үед Нацагаа багш хэлсэн. Би “Тунгалаг тамир” гэмээргүй байна. Тунгалаг тамирын Итгэлт баян гэж нэрлэмээр байна гэсэн юм. Эрдэнэ гол дүр биш Итгэлт гол дүр. Итгэлт гэдэг хүн өнөөдрийн нийгэмд ямар байх вэ. Энэ сэтгэлгээг гаргаж өгөх гэсэн юм. Би Итгэлтийн талд байдаг гэж өөрөө хэлсэн юм. Тэгээд Д.Ганхуяг найруулагч бол Итгэлтээ барьж хийсэн. Итгэлтдээ Д.Ганхуяг найруулагч өөрөө дуулж байсан шүү дээ. Мундаг тоглосон. Энэ удаа Ц.Батнайрамдал гүн ухааны маяг оруулж ирсэн. Эхлэхдээ хоёр хүн тооно үүрч гарч ирсэн, тэр тооноор амьдралыг илэрхийлж байгаа юм. Хамгийн сүүлд “Үнэн үү” гэхэд Долгор “Үнэн” гэхэд тооно доошоо унадаг. Иймэрхүү сонин болсон байгаа юм.

Энэ мюзикл тайзан дээр урт наслах болов уу, эхний үзэгчдийн сэтгэгдэл ямар байв?

-Их сонирхолтой байх шиг байна лээ. Мюзикл гэдэг чинь 1905 онд АНУ-д хийгдсэн юм билээ,анх. Түүнээс хойш янз бүрээр тавигдсан. Манайхан хөрөнгөтний урлаг гээд нэг хэсэг тоогоогүй. Мюзикл гэхээр бас кабаре бродвей ороод ирэхээр шалиг завхай гэдэг ч юм уу янз бүрээр ойлгоод, урлаг талаас нь олж харахгүй байлаа. Ерээд оноос хойш л хүмүүс ганц нэг мюзикл тавих гээд хичээгээд байна. Жанраа барьж явах хэцүү. Хийгээд явж байтал хувираад өөр чиглэл рүү орчихдог. Эргээд харахаар “Өө наадах чинь рок драм болчихсон байна шүү дээ” гэдэг. Хошин шогийнхон хүртэл мюзикл хийгээд байсан. Бид харин мэргэжлийн түвшинд мюзикл хийхээр зорьсон.

Кино нь бол олон ангитай. Цаг гучин минутын мюзиклд хэрхэн багтаасан нь сонин байх л даа?

-Эхлэхдээ Эрдэнэ, Долгор хоёр нутгаасаа хөөгдсөн цагаач тооноо үүрч гарч ирээд л дуусахдаа “Үнэн үү”, “үнэн” гээд дуусч байгаа. Долгорын том дуулаачийн хэсэг байдаг. Гэр бүл нь нураад унаж байгааг харуулдаг. Яг л зохиолынхоо дагуу. Хүмүүс мэддэг. Дуурийг манайхан мэдэх нь мэднэ, мэдэхгүй нь мэдэхгүй. Харин дуурь мэддэггүй хүмүүст их ойрхон байх шиг. Шууд зохиол харагдана. Дээр нь дуулаач нь маш их энгийн дуулдаг. Дуу биш ари энэ тэр гээд том хэлбэрээр бас биш. Өгүүлэмжтэй, драмтай, яриатай, бүжигтэй, ерөөсөө хүнийг уйдаахгүй. Мэддэг зохиол, хажууд нь Галсан салбаганаж гүйгээд, зогисуулаад “Манай ах шиг баян хүн халх дөрөв, шавь тавд байхгүй” гэж орилоод. Итгэлт болохоороо “Ува дамшиг” гээд “алж” өгнө шүү дээ.

Анир студи хуучных. Энэ хооронд та олон дуу гаргасан байх даа?

-Би бол дандаа хөгжмийн найруулга хийсэн. Өөрийн бүтээлүүд бий. Дан хөгжмийн бүтээл, ганц нэг киноны хөгжимтэй. 10000 орчим дуу хийсэн. Өнгөрсөн жил Увс аймгийн 90 жилд зориулсан бүжгэн жүжиг хийсэн. “Увертюра” хамтлаг Милл кино компанийнхантай “Надад үлдсэн найз” мюзикл хийсэн. Гэгээн Музад дэвшчихсэн явж байгаа.

Ц.Нацагдорж гуай ямархуу хүн байв. Та удаан хамт ажиллаж байсан хүний хувьд сонин дурсамж байгаа болов уу?

-Хүн чанар бол мундаг. Их номтой. Өөртэйгээ их тэмцдэг хүн байсан юм болов уу гэж боддог. Бүх юмаа уран бүтээлийн төлөө зориулсан. Хямдхан аргаар мөнгө олчихъё гэсэн бодол ерөөсөө байхгүй. Жишээ нь “Энэ дууг хийгээд өгвөл танд тийм мөнгө өгье“ гэхэд “Тэр яах вэ, амьдрал нурж уначихгүй л бол энэ нэг бүтээлийг л дуусгачихмаар байна” гээд явдаг. Тэр бүтээл нь хэнд хэрэгтэй гэхээр хойч үе, мань мэтэд гарын авлага болохоор “Багш ингэж хийж байжээ” гээд үлдэхээр, хөгжим судлалд, багш оюутнуудад хэрэг болохуйц юмнууд хийж байсан. Түүгээрээ гайхамшигтай. Морин хуурын нэг аяздаа латин америкийн салса маягийн ритмийг морин хуурын татлагатай холбочихсон байгаа юм шүү дээ.

Яагаад ч боломжгүй юм шиг санагдах юмны сэжүүрийг бариад авчихсан байх жишээтэй. Уртын дууг задлаад үзэхээр том форм байна гэнэ ээ. Бид бол олж харж чадахгүй. Манай хүн болохоор нэвтэрхий сайн мэдэж байсан учраас олж харж байна. Дундговийн хүн шүү дээ, өөрөө. “Уяхан замбуутивийн наран” дуугаа задлаж хэлбэрийг нь бодож байгаад тавдугаар симфонио хийсэн шиг байгаа юм. Энэ симфони нь их алдартай. Япончууд одоо хүртэл гуйдаг гээд бод доо. Тийм форм ховор. Манайхан мэргэжлийн хөгжим бичихдээ форм их харж хийдэг юм л даа. Хэлбэртээ баригдаж хийдэг. Маш их ном эмхэтгэсэн. Шооч, тусархуу. Юм зааж байгаа бол ой тойнд ортол хэлнэ. Нэг үг хэлэхэд одоо хүртэл мартагддаггүй. Шавь олонтой хүн байсан л даа. Бүх амьдралаа мэргэжлийн хөгжмийн төлөө зориулсан хүн. Төрийн шагнал авахдаа “Хөдөөгийн сайхан” симфони чуулбар, “Үүлэн заяа” дууриараа авч байсан. “Гийнгоо” гэж нэг хөөрхөн дуу нь байдаг юм. Багадаа л сонсч байсан. Багш мундаг юмнууд хийж байсан. Их л даруухан хүн байсан даа. Хөөрхөн юм ярина аа. Нэг өдөр архи уучихсан ороод ирлээ. Өө багш яаж байгаа юм бэ гэсэн чинь “ Мэргэжил нэгт хүнээсээ үнэлгээ авна гэдэг том шагнал шиг байдаг гэнэ”, өөрт нь. Би уг нь гэртээ зүгээр байж байсан гэнэ. Шинэ бүтээл хийгээд хаана ч гэлээ тоглуулсан юм байна. Түүнийг нь төрийн соёрхолт Б.Шарав найз нь сонсоод гэнэт ярьсан юм байна. “Үгүй ээ, Нацгаа минь чи энийг алж өгч ээ” гэжээ. “Аа тийм үү” гээд их томоотой хүлээж авч гэнээ. Гэртээ жаахан сууснаа “Ерөөсөө явъя тэсэхгүй юм байна” гээд тэгээд л уучихлаа гээд явж байх жишээний. Тийм л хүн байж дээ.

Цогзолын Нацагдоржийн 65 насны ойгоор СУИСийнхан, шавь нар нь бүтэн долоо хоногийн турш бүтээлүүдийг нь толилуулж байна. Энэ өдрүүдийн тухай сонирхуулна уу?

-Шавь нар, СУИС-ийн Хөгжим, урлагийн сургуультай хамтарч зохион байгуулсан. Гол нь энэ хүний хийсэн бүтээснийг мартагдуулахгүй юмсан гэж хичээсэн юм, бид. Энэ хүн үнэхээр их юм хийсэн хүн юм билээ. Бидэнд уран бүтээл нь өдөр тутам нөлөөлж байдаг. Ямар ч байсан 2-ноос 9-нийг хүртэл үргэлжилсэн. Концерт болгон өөр өөрийн онцлогтой. “Тунгалаг тамир” мюзиклээр эхэлсэн. “Нүүдэл” бүжгэн жүжгийг нь тоглуулсан. “Аялгуу мандал” гээд шавь нар нь өөрсдийн бүтээлээр тоглолт хийсэн. “Мэргэжлийн хөгжим шинэ зуунд” гээд эрдэм шинжилгээний хурал боллоо. “Нутгийн чулуу” гээд дан хөгжмийн бүтээлээр нь тоглолт хийлээ. “Гүн гэрийн гүнж” дуурь нь тоглогдсон. Өөрөө үүнийгээ үзэж чадаагүй. Энэ дуурийг долооны өдөр тоглосон. Ая зохиогчдын уралдаан, “Хувь тавилангийн симфони”, хүндэтгэлийн гала концерт болсон.

Энэ олон юм яагаад хийгээд байгаа гэхээр энэ хүн бүх төрлөөр ажилласан. Хөгжмийн бүх л жанр төрлөөр хийсэн. Тэгэхээр аль нэгийг нь орхигдуулж болохгүй байна л даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *