Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Б.Алтанжаргал: Залуучуудын сонсож буй хөгжмийн урсгал руу ардын урлагаа хөрвүүлж оруулах хэрэгтэй санагддаг

“Дүүриймаа” зэрэг монгол ардын олон сайхан дууг өвөрмөц тансагаар дуулж сонсогчдын талархлыг хүлээгээд байгаа Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Алтанжаргалтай ярилцлаа. Тэрээр өдгөө “Төгөлдөр зургаан маа”, “Идэр жинчин”, “Дөмөн” зэрэг цомгийг гаргажээ.


-Оюутан байхдаа поп стилиэр дуулдаг хамтлагтай байсан гэж сонссон. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцаач?

-Оюутан байхдаа “Asian shop” хамтлагийг үүсгэн байгуулж байлаа. Хамтлагт байхдаа хоёр жилийн хугацаанд хэд хэдэн дуу гаргаад амжсан ч багш маань ихэд дургүйцэж “Уртын дуучин болох байж поп хамтлагт яагаад дуулж байгаа юм” гэж зэмлүүлснээс уртын дуучнаар сэтгэл шулуудан суралцсан. Би чинь өөрөө уртын дуучин мэргэжилтэй болохоор сургуулиа төгсөөд хэсэг хугацаанд завсарласны дараа 2012 оноос дахин уртын болон ардын дуугаа дуулсан.

-Урлагийн олон төрөл байдаг шүү дээ. Чухам яагаад ардын дууны төрлийг сонгох болов?

-Хүүхэд байхаасаа л дуулж эхэлсэн. Нэг билүү хоёрдугаар ангид байхад Хишигбаяр гэдэг дуу хөгжмийн багш маань анх “Хөөрхөн халиун” уртын бэсрэг дууг зааж, уралдаан тэмцээнд оролцуулж байсан юм. Түүнээс хойш уртын дуу дуулах арга барилд суралцаад өнөөг хүртэл дуугаа дуулаад явж байна даа.

-Удахгүй “Тэнгэрийн салхи” тоглолт тань болно гэсэн. Тоглолтод ямар хамтлаг, дуучид ирж ая дуугаа өргөх вэ?

-Өмнө нь морин хуурын чуулгатай хамтран тоглож байсан бол одоо “Жонон” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцоно.Мөн төгөлдөр хуурч Лигдэн, Монголын Филармонийн симфони найрал хөгжмийн хөгжимчин Б.Батцэцэг, уртын дуучин Л.Баяржавхлан, найруулагчаар н.Батнайрамдал нар ажиллана. Найруулагч Батнайрамдал ахтай гурав дахь уран бүтээл дээр хамтарч байна. Дуулсан дуунуудыг маань тодорхой он цаг хугацаанаас түүчээлж тайзны болон дэлгэцийн бүтээлийн найруулга утга зүйн холбогдолтой болгож гаргадаг чадварлаг хүн байгаа юм.Энэ удаад би ерөөсөө тайзнаас буухгүй, 1цаг 40 минутын турш үзэгчдийнхээ сонорыг мялаана.

-2020 он тэр чигтээ “Ковид-19” цар тахлын үе байлаа шүү дээ. Ялангуяа урлагийнхны хувьд уран бүтээлээ цэгнэх, нөгөөтэйгүүр бэлтгэлээ базаах үе байсан байх. Таны хувьд энэ хугацаанд юу амжуулав?

– Энэ ондоо багтааж өөрийн нэгэн уртын дууны цомог гаргахаар эхлүүлчихсэн байгаа. Мөн пянз, CD гээд нэлээдгүй ажлууд байсан ч өнгөрсөн найм, есөн сард хорио цээр гэхээсээ илүүтэй амралтын байдалтай өнгөрүүллээ. Энэ хугацаанд зүгээр суулгүй ардын богино хоёр дууныхаа клипийг хийлээ. Мөн хоёр ч шинэ дууны найруулгыг хийгээд амжсан. Одоо бол өмнөх богино ардын дуунаасаа илүү томоохон дуунууд мөн бэсрэг уртын дууг сонгон бүтээл туурвиж, мэргэжлийн талаас нь хандаж байна. Цар тахалгүй сайхан цаг үе ирэх байх гэж найдаж байгаа.

-Ер нь залуучууд ардын дууг тийм ч их таашаахгүй байх шиг. Өнөө цагт уртын болон ардын дууг дуулахад хэр тохиромжтой гэж бодож байна вэ?

-Манай үндэсний ардын дуунууд бүх цаг үед тохиромжтой. Дэлхий нийтийн хөгжмийн чиг хандлага богино хугацаанд өөрчлөгдөж байна. Мэдээж залуучууд тэр урсгалын хөгжмөө сонсох ёстой болно. Ардын урлагаа сонсохгүй байна гэж дургүйцэж байгаа зүйл огт биш юм. Тэр тал дээр тодорхой хэмжээний ойлголттой л байх хэрэгтэй санагддаг.Ардын болон уртын дуугаар чөлөөт уран бүтээл хийж буй хүмүүс аль аль талаа гээхгүй авч явах хэрэгтэй. Бидний хувьд ардын урлагийн өв тээгч, тиймээс язгуур хэв шинжээр нь авч үлдэнэ гэдэг нэг номерын асуудал, нөгөөтэйгүүр дундад насныханд зориулж уран бүтээл хийнэ гэдэг бас нэг асуудал байгаа юм. Тиймээс залуучуудын сонсож байгаа хөгжмийн урлаг хаашаа чиглэж байна, тэр чиг рүү ардын урлагаа сэлбэж оруулах нь зөв гэж боддог. Тэгэхээр тодорхой хэмжээний хөрвүүлэлттэй байвал зүгээр байх.

-Хүн ер нь нас тогтоод ирэхээрээ ардын дууг сонсдог юм болов уу?

-Дууг сонсох цар хүрээ гэдэг зүйл чухал байгаа юм.Ардын богино дуу нь үндэсний хөгжимтэйгөө төгс зохицдог хэлбэр юм. Ардын дууг цөөхүүл хөгжимгүйгээр төсөөлөх аргагүй. Харин уртын дууг морин хуур, лимбэ хоёргүйгээр төсөөлөх аргагүй шүү дээ. Үүнтэй л адил. Бид гадаад дотооддоо энэ талын хөгжмийг сонирхуулахын тулд орчин үеийн хөгжмийг ашиглаад байгаа юм. Хөгжмийн арга барилыг нь л өөрчилж байгаа болохоос дууг нь өөрчлөөгүй шүү дээ. Тэгэхээр айхавтар зөрчилдөөд байгаа зүйлгүй.

-Сүүлийн үед уртын дуу, ардын дууны ая дан өөрчлөгдсөн үү?

-Ер нь бол Монголын үндэсний урлаг болох уртын дуу XIX, XX зууны үед төгс оргил үе дээрээ байсан. Тэгэхээр бид тодорхой хэмжээнд их азтай хүмүүс. Тэр өндөр оргилыг залгаад авч байгаа учраас унагаахгүй юмсан гэж бодож байна. Орчин үед дууны урлаг илүү их баялаг болсон гэж бодож байгаа.

-Та дуулах дуугаа хэр их судалж байна?

– Ном зохиол дээр хэрхэн бичсэн байдаг, судлаачид юу гэж тайлбарлав, ямар утга санааг гаргах гэж байсан, хичнээн дуучид дуулсан гээд бүгдийг нь судална. Заримдаа оноод ч байх шиг, онохгүй ч байх шиг санагддаг. Одоо Б.Алтанжаргалынх гэсэн өнгө аяс гарсан үгүйг би мэдэхгүй, сонсогчид маань л шүүх байх. Миний хувьд өөрийгөө үүсгэсэн уран бүтээлч гэхэд эрт байна. Ардын дууг нийтийн урлаг гэж хэлж болно. Гэхдээ нөгөөтэйгүүр амнаас ам дамжин он жилийг туулаад ирчихсэн зүйл. Хамгийн багадаа л гэхэд 100 жилийн түүхтэй, 400-700 жилийн түүхтэй дуу ч байна. Бид ойрын 50-60 жилийн дуутай хольж хутгаад байдаг. Ардын урлагаа арай өөр түвшинд хүндэлж чухалчилдаг байгаасай л гэж боддог. Айхавтар домог түүх нь байхгүй дууг логикоор хайна.Тухайн дуугаа ойлгуулж хүргэнэ гэдэг цаг хугацаа шаардана. Тодорхой цаг хугацаандаа ч тэр бүр дуулагдаад байдаггүй дууг сонгож дуулдаг. “Дүүриймаа” дууны хувьд баруун сүмбэр, зүүн сүмбэр гэж дуулагддаг. Зүүн сүмбэрийг Чойрын Богд хайрхан гэж үзвэл баруун сүмбэр нь Батсүмбэрийн хайрханыг хэлдэг. Тэгэхээр уг дуунд өгүүлээд байгаа зүйл Төв аймгийн газар нутагт болж өнгөрсөн байна гэдгийг тогтоож болно. Аймаг сум болгонд ижил нэртэй хайрхан байдаг. Тэгвэл дуун дээр өгүүлэгдэж байгаа хайрханыг олохын тулд тэнд ямар гол урсдаг, байгалийн сайхныг яаж тодотгож байгаа талаар давхар хөөж олдог. Хамгийн анх “Дүүриймаа” дууг сонгож байлаа.

-Таныг их дотортой дуулдаг гэлцдэг. Дуундаа орж сэтгэлээсээ дуулна гэдэг дуугаа амилуулдаг байх. Та зарим уртын болон ардын дууны талаар тайлбарлавал?

-Сургамжит хэллэгтэй ардын дуунууд их бий. Тухайлбал,Сандуйтай мод дууг эш татъя:

“Сандуйтай юу мод нь болбол сар нарны чимэг

Сайн явдал саруул ухаан энэ биений чимэг

Сайхан чиг төрсөн залуухан тэр минь ээ

Санаж явсан миний биений зүрхний минь чимэг” гэх дууны санаа нь залуу явахдаа эрдэм ном сур, аливаа зүйлд сайн санаж явна гэдэг ажил үйлс нь үргэлж бүтэж явдаг, мөн зөв хүнтэй нөхөрлөнө гэдгийг философи, гүн ухаанаар тайлбарласан байгаа юм. Харин үүнийгээ л үеийн үед дуугаар дамжуулан тэр ард түмэн захиж, хэлж байгаа хэрэг л дээ. Гол нь аянд нь хууртаж болохгүй. Ямар нэгэн дууг зүрх сэтгэлээсээ сонсоод дуулбал бүгдийг ойлгодог. Хүн даган дуурайж болохгүй гэдэг л их чухал шүү.

-Та Багануурын уурхайд эксковаторын жолоочоор ажиллаж байсан юм билээ. Хүнд атлаа хариуцлагатай салбарт байна гэдэг амьдралд их туршлага болдог байх даа?

-Дуулна гэдэг маань миний өөрийн хүсэл тэмүүлэл байсан. Юм гэдэг санаснаар болдоггүй. Тухайн цаг үедээ дуулахаас өөр ажил хийх ёстой байсан юм болов уу л гэж боддог. Циркт циркчин хийгээд, уул уурхайн салбарт ажиллана гэдэг туулах ёстой зам мөр минь л байж. Одоо бол уурхайн ажлаа орхиод жил гаруй болж байна. Би чинь тун хариуцлагатай салбарт ажиллаж байсан. Уул уурхайн салбар гэдэг хийсэн мөрөө байнга нягталж, төлөвлөж маш нягт няхуур ажилладаг. Тийм ч учраас чөлөөт уран бүтээлч болсон ч яаж эрч хүчтэй явах вэ, яавал эрч хүчээ алдахгүй байх,хэрхэн зарчимтай ажиллах гээд тэр бүгд энэ ажилтай маань холбоотой байдаг. Чөлөөт уран бүтээлч хүн өнөөдөр амжихгүй ажлаа маргааш гээд хойшлуулж болдог. Гэхдээ миний хувьд төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө дагуу л бүх зүйлээ хийдэг. Аливаа зүйлийг хурдтай, цаг хугацаанд нь багтааж хийх л миний баримталдаг зарчим.

-Та дуулахаас өөр ямар хоббитой вэ?

-Чөлөөт цаг гарвал спортоор хичээллэхийг боддог. Ойрын үед тоглолтын бэлтгэл ажил гээд өөртөө ч бүү хэл гэрийнхэндээ ч цаг гаргаж чадахгүй л явна. Гэрээсээ өглөө гараад ороход хүүхдүүд “хэн бэ” гэх нь холгүй л байна даа(инээв).

-Та нийтдээ хичнээн цомог гаргав?

-“Төгөлдөр зургаан маа”, “Идэр жинчин”, “Дөмөн” гээд гурван цомог гаргасан байна. Ер нь дуугаа дуулахдаа зөвхөн төв халхаар дуулахыг хүсдэггүй, бүгдийг л хамруулж дуулахыг боддог. Манай Төв нутагт “Баянбараат”, “Боржигон” аялгуу гэсэн уртын дууны хоёр том төлөөлөл байдаг. Боржигон аялгууг багтаасан цомгоо удахгүй гаргана. Анх Баянцагаан сумын харьяат уртын дууч Ц.Төмөр гэж хүний дуулсан “Дөмөн” дууг нутгийн хүний хувьд үргэлжүүлэн дуулна. Дэлхийд хамгийн анх баянбараатын аялгуугаар уртын дууг сонсгосон хүн шүү дээ. Энэ удаагийн тоглолтонд маань энэхүү дуу боржигон аялгуугаар дуулагдана. Өмнөх тоглолтод баянбараат аялгуугаар дуулсан. Ер нь боржигон аялгуу тэр бүр дуулагдаад байдаггүй учраас сэргээн дуулахыг хүсдэг. Энэ чинь л уртын дууг түгээгч хүний ажил шүү дээ.

-Боржигон аялгуугаар тэр бүр дуулдаггүй гэлээ. Тэгвэл баянбараат аялгуугаар дуулдаг хичнээн дуучид байдаг юм бэ?

-Энэ чинь их том хүрээг хамардаг. Дундговь, Өмнөговь, Өвөрхангайн наад хэсэг, боржигонд Дундговь аймгийн тал, Төв аймгийн тал, Хэнтий аймгийн наад хэсэг гээд нутаг нутгийн үг хэллэг, аялга, ахуйн соёлоос хамаарч нэг дуу гэхэд А, В, С гэх мэт олон хувилбартай байдаг. Баянбараат аялгуугаар сайхан дуулдаг хүн гэвэл миний багш л байлаа даа. Багшийн маань гарын 11 шавь гавьяат цол хүртжээ. Манай багш чинь энэ урлагт яахын аргагүй өөрийн зүрх сэтгэлээ зориулж байсан. Дундговь аймгийн харьяат Монгол Улсын гавьяат багш Ц.Дэлгэр гээд их сайхан дуулдаг хүн байлаа. Ардын урлагаар уран бүтээл хийх сонирхолтой, цаашид дуулах хүсэлтэй хүмүүст хэнд нь ч татгалзахгүй өөрийн мэдлэгээсээ хуваалцдаг тийм л мундаг хүн.

-Цаашид ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?

-Энэ сарын 12,13-нд болох тоглолтынхоо үеэрТөрийн шагналт Н.Жанцанноров гуайн “Сэвтээ нь үгүй сэтгэл” дууг дуулна. Мөн Алдарт уртын дууч МУУГЗ С.Цоодол гуайн нэрэмжит тэмцээн оны дараа Өвөрхангай аймагт болно. Тоглолт дээрээ түүнд хүндэтгэл үзүүлэн түүний дуулж байсан “Хүү минь хаана дуулж яваа бол” гэдэг дууг дуулахаар бэлтгэлээ базаагаад л байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *