Categories
мэдээ улс-төр

АЗХ-ны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболдыг батламжиллаа

АЗХ-ны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболдыг батламжиллааАН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны VIII дугаар Үндэсний чуулган өчигдөр боллоо.

Тус чуулганд 21 аймаг, есөн дүүргийн 400 гаруй залуус болон АН-ын дарга С.Эрдэнэ, нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга, АЗХ-ны анхны Ерөнхийлөгч асан Г.Батхүү нар оролцлоо.

АН-ын дарга С.Эрдэнэ залуучуудад хандан “АЗХ олон жил үргэлжилсэн хэвшмэл байдлыг эвдэж, 90 мянган гишүүнээс Ерөнхийлөгчөө сонгосон нь шинэчлэлийн эхлэл юм. Үүнээс цааш өгсөх шат олон бий. Тиймээс залуучууд мэдлэг, боловсролоо байнга дээшлүүлэх хэрэгтэй. Эзэн Чингис хааны хэлсэнчлэн алд биеэ үл хайхран улс орныхоо сайн, сайхны төлөө хичээн ажиллаарай. АН бүх талаар дэмжинэ” гэдгээ хэлсэн юм.

Энэ үеэр Төлөөлөгчдийн саналаар АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд, нийслэлийн АЗХ-ны тэргүүн Э.Өлзийбаяр нарыг албан ёсоор батламжилж, батламжийг С.Эрдэнэ, Д.Баттулга нар гардуулжээ. Мөн 21 аймаг, есөн дүүргийн АЗХ-ны тэргүүнд батламж гардуулсан юм.

АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд “АЗХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль 90 мянган гишүүний төлөөлөл болсон 7000 залуугийн дунд явагдлаа. Энэ бол яах аргагүй шинэчлэлийн давалгаа мөн. Залуусын дуу хоолой, итгэл үнэмшил шинээр түрэн орж ирж байна. Тиймээс ахмад, дунд, залуу үеийн холбоог гагнаж ажиллана. Би ямагт төвийн тоглогч байж, асуудлыг залуустайгаа хэлэлцэн шийдвэрлэнэ. Залуус биеэ оторлох ёсгүй” гэлээ.

Чуулганаар Үндсэн хууль ба засаглал, эдийн засаг ба уул уурхай, залуучууд ба оролцоо гэсэн гурван салбар хуралдаан зохион байгуулж, цаашдын бодлого, үйл ажиллагааны чиглэлийг баталжээ. Үүнээс гадна залуучуудын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлж, нийгмийн хөгжлийн төлөө бодит оролцоог дэмжих дэд хөтөлбөр бүхий “Андууд” санаачилгыг албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ. Ирэх он дуустал “Андууд-Нэг гэр бүл”, “Андууд-Илгээлтийн эзэн”, “Андууд- Сургалт, хөгжлийн хөтөлбөр”, “Андууд-Шинэ соёл” зэрэг дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *