Categories
мэдээ нийгэм

АЗХ-г хараат бус залуучуудын байгууллага болгоно

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийг сонгох сунгаа Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Чингис хотоос эхэллээ. Нэр дэвшигчид 21 аймаг, есөн дүүргийн гишүүдтэйгээ уулзаж, нууц санал хураалтаар ялагчаа тодруулах юм. Сунгааг нээж Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэлэхдээ “Намын шинэчлэлийн түүчээг амжилттай үргэлжлүүлж байгаа залуучууддаа талархал илэрхийлье. Мөн нэр дэвшиж байгаа хоёр залуудаа амжилт хүсье. Та бүхэн цэвэр бодлогоор өрсөлдөж, шударга бус өрсөлдөөнөөс татгалзана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Мөн АЗХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийн комиссын дарга Н.Ганибал нэр дэвшигчдэд амжилт хүсээд “Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээс хойш намдаа шинэчлэлт хийж, бодлогын нам болж олон асуудлыг ардчилсан системээр шийдэж байна. Тэр дундаа бүх гишүүдийнхээ саналаар намын дарга болон ерөнхийлөгчид нэр дэвшигчээ сонгосон байдаг. Энэ удаад мөн адил АЗХ-ыхоо ерөнхийлөгчийг нууц санал хураалтаар тодруулахаар болсон нь нам бүхэлдээ шинэчлэгдэж байгааг харууллаа” гэсэн юм.

Дараа нь нэр дэвшигч Б.Болор-Эрдэнэ, С.Эрдэнэболд нар мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Нэр дэвшигчид хандив, дэмжлэг өгсөнд нь үйлчлэх биш хараат бус Ардчилсан залуучуудын холбоог бий болгохын төлөө зүтгэнэ гэсэн зарчим дээр санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн нь АЗХ-ны гишүүдийн талархлыг хүлээсэн юм. Мөн энэ үеэр Хэнтий аймгийн АЗХ-ны даргаар Баатарсүрэнгийн Төрболдыг сонголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *