Categories
мэдээ спорт

Азийн наадмын ЗБХ-ны ерөнхийлөгч Ким Ён-Сү Монголд иржээ

Инчёон-2014” Азийн XVII наадмын Зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ким Ён-Сү тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 20-24-ний өдөр Улаанбаатар хотод зочилж, МҮОХ-ны удирдах албаны хүмүүстэй хамтын ажиллагааны асуудал хэлэлцэнэ.

Ноён Ким Ён Сү нь 72 настай, хуульч мэргэжилтэй, тус улсын спортын сайд бөгөөд парламентын гишүүний албыг хашиж байсан олны танил нийгэм, улс төрийн  зүтгэлтэн юм. Азийн зуны спортын XVII наадам ирэх намар есдүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-нд БНСУ-ын гурав дахь том хот Инчёонд болно.                                                                           

Энэ удаагийн наадамд 38 спортын төрлөөр тивийн 45 орны тамирчин өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа базааж байна. Өмнө нь БНСУ-ын Сөүл (1986), Бусан (2002) хотынхон Ази тивийн олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсан түүхтэй юм.

Монголын баг тамирчдын хувьд 1974 оноос хойш нийт есөн удаа Азийн наадамд оролцож байсан уламжлал ёсоор энэ удаа спортын 25 төрлөөр 340 тамирчны урьдчилсан мэдүүлгийг БНСУ-ын Азийн наадмын Зохион байгуулах хороонд илгээгээд байна.