Categories
гадаад мэдээ

Азийн наадамд манай улс 222 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцоно

 “Инчон-2014” Азийн зуны спортын XVII наадам
эхлэхэд 11 хоног үлджээ. 17 дахь удаагийн Азийн спортын
наадам есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд БНСУ-д болно. Мөн
Азийн Паралимпийн II дахь удаагийн “Инчон-2014” наадам аравдугаар сарын
18-24-ний хооронд болох билээ.

17
дахь удаагийн Азийн зуны спортын наадамд Азийн олимпийн зөвлөлд багтдаг 45 орны
баг тамирчид 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөх юм байна. Энэ удаагийн наадамд манай улсаас спортын 28 төрөлд 222 хүний
бүрэлдэхүүнтэй баг оролцох гэнэ.
Тодруулбал, жүдо, чөлөөт бөх, буудлага, хүндийг өргөлт, бокс, ширээний теннис,
талбайн теннис, софт теннис, усанд сэлэлт, байт харваа, хөнгөн атлетик,
бадминтон, бэйсбол, сагсан бөмбөг, дугуй, гимнастик, боулинг, туялзуур сэлэм,
үшү, гольф, триатлон, гандбол, морин уралдаан зэрэг төрөл багтаж байгаа юм. Энэ
нь манай улсын түүхэнд шинэ амжилт болж байгаа гэнэ. Учир нь туялзуур
сэлэм, гольф гэх мэт төрөлд Монголын тамирчид анх удаа Азийн наадмын талбарт
хүч сорих гэж байгаа аж. Манай улсын шигшээгийн түрүүч энэ сарын 18-нд Инчон хотыг
зорино.

Дашрамд хэлэхэд, Азийн
орнуудын анхдугаар наадам 1951 онд Энэтхэгт зохиогдож эхэлсэн бөгөөд өдгөө
дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагдаж байна. Азийн олимпийн зөвлөлөөс зохион
байгуулдаг тус наадмыг БНСУ дөрөв дэх удаагаа зохион байгуулах эрхийг авч,
хамгийн олон удаа Азийн олимпийг зохион байгуулж буй улсаар тодроод байна.
Харин Тайланд улс гурав, БНХАУ, Япон тус бүр хоёр, Энэтхэг, Филиппин, Индонези,
Иран болон Катар улсууд тус тус нэг удаа зохион байгуулжээ. 

Монголын
баг тамирчид 1974 онд Ираны нийслэл Тегеран хотноо болсон VII наадмаас эхлэн
оролцож эхэлсэн бөгөөд анхны наадмаас хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль
хүртэж байжээ. Өдгөө 14 алт, 22 мөнгө, 63 хүрэл медаль, нийт 100 гаруй медаль
хүртээд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *