Categories
мэдээ цаг-үе

Азийн наадамд аваргалсан пара жүдочдын эмэгтэй баг

Инчон хотноо Азийн пара наадам үргэлжилж байна. Тэгвэл тус наадмын жүдо бөхийн багийн төрөлд манай эмэгтэй жүдочид ал­тан медаль хүртлээ. Харин эрэгтэй жүдочдын баг хүрэл медаль хүртсэн юм. Монголын паралимпийн тамирчид үнэхээр бэлтгэл сайтай байгаа нь харагдаж байна. Ялангуяа жүдогийн тамирчид Азийн дэвжээнд илүүрхэж байна. Эмэгтэй багийн хувьд эхний тойрогтоо Тайландын багийг 2:1 оноогоор буулган авсан бол хоёрдугаар тойрогт БНХАУ-ын жүдочдыг 3:0 онооны харьцаагаар хожиж, алтан медалийн төлөө Энэт­хэгийн багтай өрсөлдөх эрхээ авсан юм. Ингээд шийд­вэрлэх барилдаанд Энэтхэгийн багийг 3:0-оор ялж Инчоны тэнгэрт эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүллээ. Энэ­хүү амжилтын эзэд бол Г.Оюун, Н.Алтанцэцэг, Б.Болортунгалаг гэсэн эмэгтэй жүдочид. Н.Алтанцэцэгийн хувьд тус тэмцээний -78 кг-ын ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэж монгол түмнээ баярлуулаад байсан юм. Харин Азийн аварга маань багийн төрөлд дахин алтан медаль хүртсэн амжилт үзүүллээ. Үнэндээ паралимпийн жү­до­чид дундаа түүнийг шил­дэг тамирчин хэмээн үнэлдэг байна. Монголын энэхүү эмэгтэй шилдэг ба­гийн дасгалжуулагчаар Ч.Базарсүрэн, Б.Нарантуяа нар ажиллаж байгаа аж. Дээрх дасгалжуулагчид бол манай урдаа барьдаг сайн дасгалжуулагчдын нэг юм. Харин Азийн наа­дамд аваргалсан багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя. Эдгээр эмэгтэй жүдочдын хувьд харааны бэрхшээлтэй хэдий ч хүн болгоны хүрээд байдаггүй амжилтад хүрч хөгж­лийн бэрхшээлтэй болоод зорилгогүй суугаа өнөөгийн залууст жинхэнэ үлгэр дуурайлал болж байна. Н.Алтанцэцэг 1979 онд Увс аймгийн Тариалан суманд төржээ. Тэрээр 2009 онд болсон Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, 2012 онд Монголын Бүх Ард Түмний XIII их наадамд мөнгөн медаль хүртэж бай­сан аж. Харин энэ удаа Инчоны наадмаас хоёр алтан медалиар энгэрээ мялаалаа. Харин Б.Болортунгалагийн хувьд спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 1994 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төржээ. Түүний хувьд 2002-2009 харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийг төгсч, 2009-2011 онд Сэргээн засах Үндэсний төвийг массажист мэргэжлээр төгссөн юм байна. Ингээд 2009 оноос жүдо бөх сонирхох болжээ. Хэдий бага хугацаанд хичээллэж байгаа ч амжилттай яваа бөх гэдгийг багш нар нь онцолж байлаа. Тэрээр 2012 онд Монголын бүх ард түмний XIII их наадмаас хүрэл медаль хүртсэн байна. Харин энэ удаагийн наадамд 48 кг-ын жинд мөн хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлээд байна. Г.Ононгийн хувьд мөн л өсч буй залуу тамирчин гэнэ. Түүнчлэн паралимпид оролцож байгаа бас нэг сайн бөх бол 70 кг-д хүрэл медаль хүртсэн Б.Хашцэцэг юм. Б.Хашцэцэг нь 1978 онд Дорноговь аймагт төрсөн байна. 1992 онд 29-р тусгай дунд сургуулийг төгсчээ. Хашцэцэгийн хувьд 2006 оноос хойш жүдо бөхөөр хичээллэж байгаа туршлагатай тамирчдын нэг аж. Түүний амжилтыг дурдвал 2007 онд болсон Дэлхийн аваргын тэмцээнд шагналт VII байр, Бээжингийн 13-р паралимпаас шагналт байранд орж байсан бөгөөд 2009 онд жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер цол, Паралимпийн хорооны 2006, 2007 оны шилдэг тамирчин эмэгтэй шагналыг тус тус хүртэж байсан юм байна. Эмэгтэй жүдочдоос гадна багаараа мөнгөн медаль хүрт­сэн эрэгтэй багийнхан мөн л эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа сайн тамирчид гэдгийг дасгалжуулагчид он­цолж байлаа. Азийн наадамд манайхаас 60 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд одоогоор жүдогийн тамирчид хоёр алтан медаль эх орондоо авчраад байгаа юм. Нийт 10 гаруй медаль хүртээд байна.

Д.СҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *